Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/166

 

 

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: В.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон В.Тт холбогдох 2029002260136 6дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч В.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв “Гранде Кастле” баарны гадаа талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Анхмөнхийн нүүрэн тус газар нь цохиж 4 шүдийг унаган эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Анхмөнхийн өгсөн: “...намайг нэг шар цайвар үстэй залуу ирээд цохиод авсан.  Тэгж цохиулаад миний шүд унасан, уруул язарсан. Миний ард нэг залуу ирээд зогсчихсон байсан юм тэгсэн намайг тэр хүмүүстэй цуг явж байгаа гэж ойлгоод цохисон. Миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Мөн шанаа руу цохисон. Уруул руу цохисоны дараа миний үүдэн 2 шүд унасан дараа нь үзэхэд миний хоёр шүд мөн хөдөлсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

Гэрч Д.Ганцоожийн өгсөн:“...Би Анхмөнхийн машинд суух гэж байхад намайг хөөж байсан залуу Анхмөнхийг цохисон. Тэгээд тэр цохисон залууг араас нь найз нь ирж авч явсан... гараараа намайг хөөж байсан залуу Анхмөнхийг цохисон. Үсээ шараар будсан өндөр шар царайтай хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

Гэрч Б.Төгөлдөрийн өгсөн:“...Түвшинбаяр нэг найзыг нь түлхээд нэгийг нь цохисоноос болж маргалдаж зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Х.Лхагвагийн өгсөн:“...манай найзууд архи хэрэглэсэн байсан Төгөлдөр архи уудаггүй юм мөн нөгөө зодолддог залуучууд бүгд архи хэрэглэсэн байсан тэр дунд нэг хүн хэрэглээгүй байсан тэр хүн шүдрүүгээ цохиулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч Б.Хаш-Эрдэнийн өгсөн:“...Тэр үед Анхмөнхийн шүд нь унасан байсан өөр хэн нэгэн бэртэж гэмтсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Б.Анхмөнхийн биед тархины доргилт, баруун завжны язарсан шарх, дөрвөн шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Тархины доргилт, завжны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, дөрвөн шүд унасан гэмтэл нь 4.11.52 заалтаар хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/

Яллагдагч В.Тын өгсөн:“...Би нэг залууг нь татаад нэг удаа шанаа хавьцаа нь цохьсон тэгсэн нөгөө залуу чинь шүд уначихлаа цагдаа дууд гээд өөрөө цагдаа руу явсан. Шүд нь унасан Анхмөнх ганцаараа эрүүл байсан бусад нь согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52-р хуудас/

Шүүгдэгч В.Тын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч В.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,

Шүүгдэгч В.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа,  /хх-ийн 56-61-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч Б.Анхмөнхийн биед гэмтэл учруулсан В.Тын  үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогч Б.Анхмөнхийн биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.  

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Анхмөнх нь хохирлын талаарх баримтыг ирүүлээгүй ба нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй  үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Б.Анхмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч В.Тт ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд  шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч В.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Охин овгийн Вангагийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тыг 250 /хоёр зуун тавин/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч В.Т нь энэ шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хохирогч Б.Анхмөнх нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА