| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0149/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/167 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: О.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон О.Бд холбогдох 2029000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд фэйсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 710 000 төгрөгийн бооцоо цуглуулан 640 000 төгрөгийг буцаан өгч 70 000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэрч М.Эрдэнэбаатарын өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой эхнэрийн дүү Билэгсайхан надад мобайл банк байхгүй та банктай бол утсаа түр ашиглуулаач гэсэн тэгэхээр нь утсаа өгсөн. Хаан банкны 5603093803 гэсэн миний нэр дээрх дансыг ашигласан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Г.Эрхэмбаатарын өгсөн:“...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн орчим фейсбүүк үзээж байж байхад манай сумын нэгдсэн зарын групп дээр О.Билэгсайхан гэх хаягтай хүн Лайв хийгээд мөрийтэй покер тоглуулж байсан. Тэгэхээр нь би тоглох гээд хаан банкны данс руу Эрхэмбаатар 2 гэх утгатай 5000 төгрөг шилжүүлсэн тэгээд 1 тоглоод мөнгөө алдсан. Нэг тоглолтод 6 хүн ороод хүн тус бүр 5000 төгрөг хийгээд покерийн дүрмээр хэн том хөзрийн модтой хүн нь 25000 төгрөг авна. Тухайн лаяв хийж байгаа хүнд үлдсэн 5000 төгрөгийг авдаг дүрэмтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Мөнхсайхан овогтой Эрдэнэбаатарын Хаан банкны 5603093803 дугаартай дансны хуулга /хх-ийн 42-48-р хуудас/
Яллагдагч О.Бы өгсөн:“...Би нэг тоглолт бүрээс 5000 төгрөгийг дансандаа үлдээж байсан. Тэгээд 710 000 төгрөгийн бооцоо цуглуулан 640 000 төгрөгийг буцаан өгч 70 000 төгрөгний ашиг олсон. 2 тоглолтын дараа 1 тоглолт үнэгүй тоглуулж байсан ба бооцоо авсан тоглолт нь 14 удаа тоглуулсан байсан. Уг мөнгөө хүргэн ах Эрдэнэбаатарын эзэмшлийн 5603093803 тоот дансыг ашигласан ба ашиг болох 70 000 төгрөг одоо уг дансандаа байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Шүүгдэгч О.Бы хувийн байдлын талаар:
Шүүгдэгч О.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-р хуудас/,
Шүүгдэгч О.Бы арилжааны банкуудын мэдээлэл /хх-ийн 22-31-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар, талархалын бичиг, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34-40-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд фэйсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 710 000 төгрөгийн бооцоо цуглуулан 640 000 төгрөгийг буцаан өгч 70 000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж үзэв.
-улсын яллагчаас О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутайд тооцуулж, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Бд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонингынхон овгийн Отгончойживын Быг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 000 төгрөгийн AF4040273, AH4804630, AH8335807 серийн дугаар бүхий 3 ширхэг мөнгөн дэвсгэрт, 10 000 төгрөгийн AK5747241 серийн дугаар бүхий 1 ширхэг дэвсгэрт зэргийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА