Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2017/03703/И |
Дугаар | 001/ХТ2018/01563 |
Огноо | 2018-11-02 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/01563
Ш ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00831 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1314 дүгээр магадлалтай,
Т , Г нарт холбогдох
Д.Лхамжав, Р.Ганбат нарын эзэмшлийн дансанд байрлах мөнгийг авсан үйлдлийг тогтоолгох, уг данс дахь мөнгийг хууль ёсны өв залгамжлалын дагуу хуваарилан шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г , хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017 оны эхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг болон зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл талийгаачийн эзэмшлийн Голомт банкны дансанд байршсан мөнгө, эд хөрөнгийн талаарх шүүхийн шатанд шийдвэрлээгүй болно. Учир нь шийдвэрлэж байх хугацаанд энэхүү дансны талаарх мэдээлэл огт дурдагдаагүй бөгөөд хариуцагч Г хурал дээр энэ байрнаас гадна өөр мөнгө хөрөнгө байгаа бол түүнийг хуваан авна гэж байсан хэдий ч Голомт банкны дансанд байршсан мөнгийг дурдаагүй, нуун дарагдуулсан үйлдэл нь чухам их хэмжээний мөнгө байх боломжтой байсныг илтгэж байна. Миний бие Голомт банкны мэргэжилтнүүдтэй эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж үзэхэд “талийгаач нарын нэр дээр данс байна, гэхдээ танд уг дансны талаарх мэдээллийг өгөх боломжгүй, учир нь хувийн мэдээлэлтэй холбоотой тул өгөхгүй та шүүхийн журмаар энэхүү дансны мэдээллийг ав, гэхдээ Г гэх хүн дансан дах мөнгийг авсан...” гэдгийг хэлсэн. Угтаан бол талийгаач нарын дундын өмчлөлийн буюу хамтран данс нээсэн атал түүнийг зөвхөн Г авсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Иймд миний бие уг дансыг шалгуулж Г.Бат-Эрдэнийн авсан гэх мөнгөн дүнг тогтоолгох, өв залгамжлалын дагуу уг мөнгөнөөс хуваарилан авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэ хоёр хөгшин манай эмээгийнд залуу байхдаа амьдарч байсан юм. Би 15 настай оюутан болоод энэ хоёр хөгшнийд амьдрахаар болж нөхөрт гартлаа хамт амьдарсан. Талийгаач нарыг миний бие сүүлийн хоёр жил асарсан. Биднийг хамт амьдарч байх хугацаанд дүү Ш а, хүү Г нарын хэн ч ирдэггүй, харагддаггүй байсан. Д./Лхамжав/ эгч 2016 оны 01 сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд ажил явдлыг би гардан зохион байгуулсан. Удалгүй 2016 оны 01 сарын 29-ний өдөр Р./Ганбат/ ах маань мөн адил нас барсан. Нас барснаас хойш Ш а гуай талийгаачийн утасны кодыг Мобикомоос авч хүү гэх Г рүү утасдаж хэлсэн. Г , Ш а нар талийгаачид амьд сэрүүн байхад эргэж тойрохгүй аяга цай хоол хийж өгдөггүй байсан атлаа нас барсан хойно эд хөрөнгийг нь булаацалдаж байгаад харамсаж байна. Хоёр хөгшнийг өвчтэй эмнэлэгт хэвтэж байх үед энэ хоёр хүний хэн ч ирээгүй. Харин Ш ын охин 3 удаа хоол зөөгөөд хүүхэд өвдлөө гээд дахиж ирээгүй, би л үлдэж арын бүх ажлыг амжуулж байсан. Ах, эгчийг нас барснаас хойш 2016 оны 01 сарын 09-ний өдөр циркийн хажууд байдаг Голомт банкны салбараас 10,000 ам.доллар буюу 19,983,200 төгрөгийг авч буяны ажилд зарцуулсан. Дараа нь 2016 оны 01 сарын 23-ны өдөр 54,000 ам.долларыг авч, 50,000 ам.долларыг буцааж 6 сарын хугацаатай өөрийнхөө нэрээр хадгалуулсан. Үлдэгдэл 4000 ам.доллар тухайн үеийн ханшаар 8,000,000 төгрөг болж надад машин авч өгсөн байдаг. Надад 8 ширхэг хадгаламжийн дэвтрүүд, 1 ширхэг орон сууцны гэрчилгээ хадгалагдаж байгаа. Үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй байхад намайг хариуцагч болгож шүүхэд дахин дахин өгч байгаад гомдолтой байна гэжээ.
Хариуцагч Г.Бат-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний төрсөн аав Р./Ганбат/, өндөр ээж Д./Лхамжав/ нар хамтын амьдралтай байсан. Тэдний дундаас үр хүүхэд төрөөгүй. Миний бие 1986 онд ээж Р.Эрдэнэчимэг аав Р./Ганбат/ хоёрын дундаас төрснөөр энэ 3 хөгшний ганц элэг дэвтээх хүүхэд, удам залгах үр нь болж амьдарч байсан. Нэхэмжлэгч Ш а намайг эцгээ өнгөрснөөс хойш гэнэт гарч ирсэн, сүүлд овоглосон, бутач хүүхэд гэх мэтээр янз бүрээр доромжилж байгаад гомдолтой байна. Өндөр ээж /Д.Лхамжав/ маань 2016 оны 01 сарын 06-ны өдөр өвчний улмаас эмнэлэгт нас барсан. Түүнээс 20-иод хоног буюу 2016 оны 01 сарын 29-ний өдөр аав маань өөд болсон. Хөгшчүүлийг өөд болсноос хойш би гэнэт их хамаатан садангуудтай болж өв булаацалдах болсон. Ш ын хувьд бид 2017 оны 3 дугаар сард харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа. Би дээрх өгсөн тайлбартаа дахин дахин дурдаж байгаа. Үнэндээ би энэ 3 хөгшний газар дээрх ганц үр удам. Гэр бүлийн тухай хуулиар төрсөн болон үрчилсэн, дагавар хүүхэд бүгд гэр бүлийн гишүүн бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар 1 дүгээр ээлжийн өвлөгч юм. 1 дүгээр ээлжийн өвлөгч байхгүй үед 2 дугаар ээлжийн өвлөгч буюу дүү гэх Ш а нар өвөөс хүртэх эсэх асуудал яригдах ёстой. Би хүн чанар гаргаж, Монгол хүний өв соёл жудгаараа эцэг, эх өнгөрөөд жил ч болоогүй байхад өндөлзүүлээд яахав гээд дээрх эвлэрлийн гэрээг хийж хамаг байдгаа шавхаж Ш ад өгч байсан. Миний бие 1 дүгээр зэргийн өв залгамжлагчийнхаа эрхийн дагуу аав /Р.Ганбат/ын Голомт банк дахь хадгаламжийн дансыг өвлөх хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хадгаламжийн данс дахь мөнгийг өвлөж авсан. Надад Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж надтай өв булаацалдаж шүүхэд дахин дахин зарга үүсгэж байгаад гомдолтой байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00831 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.2-т заасныг баримтлан Г эс 1,105,017.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ад олгож, хариуцагч Т т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г эс 31,070 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 39,130 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1314 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00831 дүгээр шийдвэр, 2018 оны 1314 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрээр Голомт банкны дансанд байрлах мөнгөн дүн болон Г авсан үйлдлийг тогтоолгох дансан дахь мөнгийг хууль ёсны өв залгамжлалын дагуу Ш ад хуваарилан шилжүүлэх шаардлага бүхий хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Р.Ганбатын Голомт банкны 1605112498 тоот данс нь талийгаач Р.Ганбатын дангаар эзэмшдэг данс байсан учраас тухайн дансан дахь хөрөнгийг түүний цор ганц өвлөгч болох Г ганцаар өвлөнө. Талийгаач Р.Ганбат, Д.Лхамжав нарын Голомт банкны хамтын 1605107078 тоот данснаас 2,210,035 төгрөгийг Г авсан хууль бус дундын дансанд байрлах хөрөнгийн 50 хувь болох 1,105,017 төгрөгийг Ш ад гаргуулж шийдвэрлэсэн. Шийдвэр үндэслэл бүхий гарч чадаагүй учир нь шүүхийн дундын данс гэж үзсэн 1605107078 тоот данс нь банкнаас ирсэн лавлагаагаар хамтрангаар бүртгэлтэй гэж ирсэн боловч мөн Р.Ганбатын дангаар эзэмших дансанд мөн энэ тоот данс ирдэг. Өөрөөр хэлбэл, Р.Ганбат нь хамтран дансаа өөрийн дангаар дансруу шилжүүлсэн, хүү Г дангаар данснаас мөнгийг өв залгамжлалын гэрчилгээгээр гаргуулан авсан байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль буруу хэрэглэсэн дараагийн үндэслэл нь хх-ийн 5-7 хуудсанд 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00716 дугаартай “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг болон зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ш а нь 2016 оны 7 сард талийгаач Д.Лхамжавын төрсөн дүү гэдгээ эгчийгээ өнгөрснөөс хойш тогтоолгоод, талийгаач Д.Лхамжав, Р.Ганбат нарын хууль ёсны өв залгамжлагч мөн болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаад, өвлөвөл зохих эд хөрөнгө гэж 20 сая төгрөгт дүйцэх хэмжээний эд хөрөнгийг хүлээн авсан байдаг. Ш а эвлэрч хэргээсээ татгалзахаасаа өмнө нотариатын танхимд гаргах хүсэлтээ талийгаач нарын орон гэр, байр, банкны хадгаламж гэх мэт бүх зүйлийн өвлөгчөөр тогтоолгохыг хүсээд, өөрийн хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан хэргийг хаалгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудал дээр иргэний хэрэг үүсгээд, эцэслэсэн шийдвэрлэж, хамтын биш дангаар эзэмших дансан дахь мөнгийг хуваарилан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж шийдвэр гаргасан.
Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Ш ыг өвлөгч эсэх нь эргэлзээтэй, өвийн асуудлыг шийдвэрлэж байж өвлөгчийг тогтоосон байдал нотлогдохгүй байна гээд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш а өмнө энэ асуудлаар шүүхэд хандаад өөрт оногдох хэсгээ хүлээн аваад, өвлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, эвлэрэн хэлэлцсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж огт анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч Ш ын зүгээс талийгаач /Д.Лхамжав/-ыг нас барснаас хойш 7 сарын дараа шүүхээр төрөл садангаа тогтоолгоод, талийгаач нарыг нас барсны дараа 1 портер эд зүйл гэрээс ачсан, Г тэй эвлэрч хэргээ хаагаад талийгаач нарын эдэлж хэрэглэж байсан бүх тавилга эд хогшлыг авсан хэрнээ одоо бурхны ном, талийгаач /Ганбат/-ын бичсэн ном зохиолоос авахаар шуналдаж байгаа нэгэн. Талийгаач нарын ганц хүү Г эцгийнхээ оюуны өмчийг өв залгамжлах эрхтэй, мөн бурхан шашин гал голомтоо сахин авч үлдэх нь түүний үүрэг. Энэ хүний шуналтай увайгүй үйлдэл нь хэрээс хэтэрч байна. Ах, дүү хамаатан садан байна, бид настай хүмүүс хэрүүл тэмцлээ дуусгая, эвлэрье, 20 сая төгрөгийн эд зүйл өгөхөд болно гээд өдөр шөнөгүй ярьж байсан хүмүүс өнөөдөр дахиад амандаа багтсан тоо, эд хогшил нэхээд явж байна. Энэ хүний юу дуртайгаа ярьж, нэхэж байгаа энэ үйлдлийг шат шатны шүүх зохих ёсны дүгнэлтийг өгч, хүчин төгөлдөр шийдвэртэй байдлыг тодорхой хэлж ойлгуулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ш а нь хариуцагч Т , Г нарт холбогдуулан талийгаач Д.Лхамжав, Р.Ганбат нарын эзэмшлийн дансанд байрлах мөнгийг авсан үйлдлийг тогтоолгох, уг дансанд байгаа мөнгийг хууль ёсны өв залгамжлалын дагуу Ш ад хуваарилан шилжүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Монголын Нотариатчдын Танхимын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 703 тоот албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцсэн гэж үзнэ.
Түүнчлэн талийгаач Д.Лхамжав, Р.Ганбат нарын нас барсны бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгч Ш а нь талийгаач Д.Лхамжавын хууль ёсны өв залгамжлагч болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байхад өв залгамжлалын маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1314 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,071.00 /гучин нэгэн мянга далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН