Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 273

 

                                                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Э, А.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч А.Э, А.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.МЯГМАРЖАВ

                                                                                                                                                                                                                 

                                                                    

 

 

 

 

 

 

 

           А.Энхтайван, А.Батмөнх нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Хэрлэнчимэг,

Шүүгдэгч А.Батмөнх,

Шүүгдэгч А.Энхтайван, А.Батмөнх нарын өмгөөлөгч А.Ганзориг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Энхтайван, А.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Энхтайван, А.Батмөнх нарт холбогдох эрүүгийн 201725011247 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овогт Алтанцэцэгийн Энхтайван, 1987 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 50-26 тоотод оршин суудаг,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сар 27 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, /РД: ЦЖ87060417/,

         

            Хан хөгшин овогт Адъяацэрэнгийн Батмөнх, 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12-347 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЙЮ82052512/,

            

            А.Энхтайван нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49 дүгээр гудамжны 729 тоотод байх иргэн Д.Батбаярын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн ЛСД зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэг,

            2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 42 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг,

            Г.Түмэнбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хажуугийн ТҮЦ-нд худалдааны үйл ажиллагаа явуулж байсан иргэн Т.Сугарыг айлган сүрдүүлж, “Скай” загварын 2 ширхэг гар утас, “Эл ди” тамхи, хот дог /гурилан бүтээгдэхүүн/ зэргийн дээрэмдсэн гэмт хэрэг,

            2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт иргэн Н.Амарзаяаг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг,

            - А.Батмөнхтэй бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягийг хүч хэрэглэн дээрэмсэн гэмт хэрэгт,

 

            А.Батмөнх нь А.Энхтайвантай бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.Энхтайванд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Батмөнхөд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос А.Энхтайванд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, А.Энхтайваныг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг, будсын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус, А.Батмөнхийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Энхтайванаас эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Энхтайванаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Энхтайванд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Энхтайванд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Батмөнхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Энхтайванд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Энхтайван оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн А.Энхтайваны нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Энхтайванд оногдуулсан хорих ялыг хаалттай, А.Батмөнхөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Энхтайваны урьд цагдан хоригдсон 376 хоногийг, А.Батмөнхийн урьд цагдан хоригдсон 256 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасан, А.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Энхтайванаас 2.018.530 /хоёр сая арван найман мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Амарзаяад, А.Энхтайванаас 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярт тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Одмаа нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ...гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Батмөнх, А.Энхтайван нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Энхтайван шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Давж заалдах шалтгаан нь: 1. А.Энхтайван миний бие нь 2004 онд хүнд сүхдүүлж 11 хоног ухаангүй байж байх хугацаандаа тархины хүнд хагалгаанд орсон. Үүнээс хойш 2007 оны 7 дугаар сард тархины гэмтлээсээ болж тархины зүүн тал руу минь бага зэргийн харвалт өгсөн. 2013 оноос эхлэн өвчин хүндэрч, унаж татаж, ухаан алддаг өвчинтэй болсон. Үүнээс хойш унаж татахын эсрэг эм бэлдмэл байнга хэрэглэх болсон. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хоригдсон. Би хоригдож байх хугацаандаа 7 хоногт 1-2 удаа ухаан алдаж унадаг байсан. Хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт 4-5 удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн.

Миний ар гэрийн хувьд ээж Алтанцэцэгтэйгээ хоёулхнаа хамт амьдардаг. Ээж минь ажилгүй. Группийн 150.000 төгрөгөөр амьжиргаа буюу түлээ нүүрс, хоол хүнс гэх мэт зүйлд зарцуулдаг. Намайг хоригдсоноос хойш ээж минь асран халамжлах хүн байхгүйн улмаас айлд болон Есүс христийн сүмээр хоног төөрүүлж байгаа гэж хэлсэн. Эрүүл мэндийн болон ар гэрийн байдал минь хүнд тул та бүхэн группэд байдаг эхийг минь биеийн байдлыг харгалзан үзнэ үү. Би хорих ангид очоод ажил хийж хохирогчийн эрүүл мэндийн зардал болох 2.018.530 төгрөг болон 70.000 төгрөгийн хохирлыг бүрэн гүйцэд төлж гомдол саналгүй болгомоор байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ухаарч ойлгож байна. Яг одоо надад хохирлоо төлөх боломж байхгүй байна. Энэ байдлыг минь харгалзан үзэж ялаас минь хөнгөлж өгнө үү. Мөн хатуу дэглэмийг минь зөөлрүүлж өгч тусална уу...” гэжээ.

 

Шүүгдэгч А.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Энхтайван болон түүний ах Жижгээ хоёртой Өгөөмөр зах орж толь авна гээд явж байхад хажуугаар явж байсан хүнээс аяга хэд вэ гэж асуухад нөгөө хүн та нарт ямар хамаатай юм бэ архичидаа гэсэн. Би за за явкя гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн араас дуудаад Энхтайван яваад очсон. Ярьж зогсож байгаад түлхээд унагаасан. Тэгээд Энхтайван цааш явсан. Би араас нь очиход нэг мөнгөн аяга хэвтэж байхаар нь аваад явсан. Би тэр үедээ тэр унасан хүний аяга гэж мэдээгүй. Тэгээд цааш явж байгаад Энхтайванд үзүүлсэн чинь яах гэж авч байгаа юм бэ, одоо яах вэ дээ гэсэн. Тэгээд би одоо өнгөрсөн дэлгүүрт нэг шил архинд тавьчихъя гэсэн. Дэлгүүрт ороод нэг шил архиар солиод гурвуулаа хуваагаад уусан. Болсон хэрэг бол энэ. Би Энхтайвантай үгсэн тохиролцож бүлэглэн хүн дээрэмдье гэсэн бодол санаа ерөөсөө байгаагүй. Би хохирогч болох Амарзаяад гар хүрсэн зүйл байхгүй. Хохирогчийн унагасан байсан аягыг авч явсанаа хүлээн зөвшөөрч байна. Амарзаяад учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөлцөх болно. Миний хувьд дээрмийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд зүйл ангийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна...” гэв.

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах нөхцөл байдал байна гэж үзлээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байхад дээрх хуулийн заалтуудыг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, хуулийн ямар үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч А.Энхтайван нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хажуугийн ТҮЦ-нд худалдааны үйл ажиллагаа явуулж байсан иргэн Т.Сугарыг айлган сүрдүүлж, “Скай” загварын 2 ширхэг гар утас, “Эл ди” тамхи, хот дог /гурилан бүтээгдэхүүн/ зэргийг дээрэмдсэн, мөн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт яллагдагч А.Батмөнхтэй бүлэглэн хохирогч Н.Амарзаяагийн зарж байсан хуурамч мөнгөн аягыг хүч хэрэглэн дээрэмдэн тус тус 2015, 2017 онд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж 2 удаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх 2 удаагийн дээрмийн гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж улмаар дээрмийн нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтаараа шүүгдэгч А.Энхтайванд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг гүйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж тус тус заасан байна. Түүнчлэн тус хэрэгт эд мөрийн баримтаар пүүзэн гутлыг хураан авч, шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэж заасан нь ойлгомжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч А.Энхтайван, А.Батмөнх нарын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор яллах дүгнэлтдээ 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, дараагийн Батмөнхтэй бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн. Анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож нэгтгээд нэг болгосон. Прокурор тус тусад гэж яриад байх шиг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээрмийн хэргийг нэгтгээд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг гэм буруугийн асуудлын талаар А.Энхтайваны хулгайн үйлдэл, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн булаалтын үйлдлийг зүйлчлэлтэй маргах зүйлгүй. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн иргэн Н.Амарзаяагийн биед учруулсан гэмтлийн хувьд зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл түлхсэн. Хэрэгт авагдсан баримт болоод А.Энхтайван, А.Батмөнх нарын мэдүүлгүүдээр удаа дараа батлагддаг. Ийм учраас анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Үүнтэй уялдуулаад А.Батмөнхтэй бүлэглэн иргэн Н.Амарзаяагийн мөнгөн аягыг дээрэмдэх үйлдэл нь үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл үүнийг түлхэхэд унасан. Мөнгөн аяга нь унахад А.Батмөнх авч явсан. А.Батмөнх Н.Амарзаяагийн бие эрх чөлөөнд халдсан довтолсон зүйл байхгүй. Тэгэхээр үүнийг булаалтын шинжтэй байна гэж үзсэн. А.Батмөнхийн үйлдлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримт болон өөрийн мэдүүлгүүдээр дээрэм хийгээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл А.Батмөнх нь Н.Амарзаяатай харьцан хүч хэрэглэж, заналхийлсэн асуудал байхгүй. Харин газар унасан байсан мөнгөн аягыг бусдад өгсөн асуудал хангалттай нотлогдсон. Иймд А.Батмөнхийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул харгалзан үзнэ үү.   Анхан шатны шүүхээс А.Энхтайванд оногдуулсан хорих ялын дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр хорих ялын дэглэмийг нээлттэй болгон хөнгөрүүлэх саналтай байна” гэв.

 

                                                      ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэлүүд тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг баримтлаагүйгээс гадна Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Мөн шүүгдэгч А.Энхтайваны холбогдсон 2015 оны 11 сарын 5-ны өдрийн болон 2017 оны 4 сарын 13-ны өдрийн “дээрэмдэх” гэмт хэргүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж зүйлчлэлийг өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлүүдийг тус тус хэрэглэх болсон үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс нөхөн үнэлэлт-дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, А.Энхтайван, А.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч А.Энхтайван, А.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Энхтайван, А.Батмөнх нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч А.Энхтайван, А.Батмөнх нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.МЯГМАРЖАВ