Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлээр,
 Хариуцагч: А ЗД-д холбогдуулан үүсгэсэн
Нэхэмжлэлийн шаардлага: А ЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64,397,061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай П ХХК  нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт, нэгж талбарын 19431972798314 дугаар бүхий 880 мкв газрыг орон сууцны зориулалтаар мөн Д ЗД-ын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/236 дугаар захирамжаар эзэмшиж байсан.
Дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг дуусгавар болсонд тооцсон Д ЗД-ын  2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 дугаар захирамжийг хууль бус шийдвэр гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлүүдэд зааснаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргаж хандаад байгаа бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн тухай албан ёсны хариу ирээгүй байгаа болно. Уг захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор хүлээж авсан ба Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болох гэж байгаа тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг хүлээхгүйгээр нэхэмжлэл гаргаж байна.
Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор газрыг чөлөөлөхөөр заасан атал Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад гомдол гаргах 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг газрыг албадан чөлөөлж холбогдох хуулиуд болон манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Манай компани 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг сунгуулахаар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар гэрээг дүгнэхгүйгээр шууд хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.
Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 40.2 дахь хэсгийг үндэслэж шийдвэрлэсэн.
Манай компани нь уг газрыг эзэмшсэнээс хойших хугацаанд барилгын зураг төслийг Т ХХК-иар 23,650,000 төгрөгөөр хийлгэж, барилгын суурийн давхрын 20x36 мкв хэмжээний талбайтай, 1.8 м гүнтэй, 16,700,000 төгрөгийн өртөгтэй газар шорооны ажил, уг суурийн давхрын нүхийг 7,300,000 төгрөгөөр хашаажуулж хамгаалж аюулгүй байдлыг хангах, орон нутгийн иргэнийг ажлын байраар ханган сахиулаар ажиллуулан 8,050,000 төгрөгийн цалин хөлс олгож, “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Чандмань Илч” ОНӨХХК, “Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-аас техникийн нөхцөлийн зөвшөөрөл авах, зэргэлдээх 20 айлын орон сууцны өндөр хүчдэлийн цахилгааны шугамыг барилгын талбайгаас 1,150,000 төгрөгийн төлбөр төлж шилжүүлэн шинээр холболт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж нийт 57,342,941 төгрөгийн зардал гаргасан болно.
Тухайн газар дээр 72 айлын орон сууцны барилга барьж, орон нутагт хөрөнгө оруулалт хийж, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахаар зорьж ажиллаж байсан манай үйл ажиллагаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор зогсож, тус компанид хөрөнгө санхүүгийн эрсдэл учруулаад байгаа нөхцөл байдлыг харгалзан газар эзэмших эрхийг хүчингүй болгож манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Д ЗД-ын  2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ үү.
Мөн тус шүүхээр хэлэлцэгдэж байгаа П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д ЗД  Т.Эд холбогдох захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. 2018 оны 10 сарын 04-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг Д ЗД-ын  А/727 дугаар захирамжаар хүчингүй болгож барилгын ажил цагтаа эхэлж чадахгүй хөрөнгө оруулалтын гэрээ хойшлогдож манай компанид хохирол учирч байна.
Үүнд: Газрын төлбөр 2014-2018 онуудын 88,320 төгрөг, Газрын үнэ 1,900,800 төгрөг, БЗӨБЦТС ТӨХК-ий Цахилгаан эрчим хүчээр хангах Техникийн нөхцөл № 10/2016 165,000 төгрөг, “Чандмань-Илч” ХХК-ийн Техникийн нөхцөл № 83 350,000 төгрөг, Барилгын зураг төслийн ажил 23,650,000 төгрөг, Барилга хамгаалалтын хашаа 6,000,000 төгрөг, ажлын хөлс 1,300,000 төгрөг, 20 айлын орон сууцны өндөр хүчдэлийн цахилгааны шугамыг барилгын талбайгаас зайлуулж шинээр холболт хийсэн ажил 1,150,000 төгрөг, Барилгын орон сууцны суурийн газар шорооны ажил 16,700,000 төгрөг, Манаачийн сарын цалин 350,000 төгрөг, өнөөдрийг хүртэл нийт 36 сарын цалин 12,600,000 төгрөг, сар бүрийн цахилгаан эрчим хүчний тооцоо өнөөдрийг хүртэл нийт 492,941 төгрөг, нийт 64,397,061 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас хохирлыг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Манай компани Сайншанд сумын 2-р багт 19431972798314 гэсэн дугаар бүхий 880 м.кв газрыг орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар  2014 онд эзэмшихээр авсан. Энэ газар дээрээ 72 айлын орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэхээр өөрийн компанийн зүгээс Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн газартай 3 тэрбум төгрөгийн захиалагчийн гэрээ байгуулж ажиллахаар болчихсон, мөн хөрөнгө оруулалтын асуудал гэрээний түвшинд оччихсон байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Д ЗД-ын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаас болоод дээрх ажил байхгүй болсон. Орон сууцанд борлуулалтын асуудал хамгийн чухал байдаг. Борлуулалтын асуудлаа шийдчихсэн байсан учраас хөрөнгө оруулагчаа татах бололцоо бүрэн нээгдчихээд, гэрээгээ байгуулах боломжтой болоход дээрх захирамжаар хүчингүй болгосон. Дараа нь 2017 онд дахин газар эзэмших эрхийг сэргээсэн. Энэ үед манай компанийн зүгээс хөрөнгө оруулагчаа хайх шаардлагатай болоод шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж байтал 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д ЗД-ын захирамжаар газар эзэмших эрхийг мөн хүчингүй болгосон.
Үүнээс болоод манай компани Нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гэрээний дагуу 1 тэрбум 300 сая төгрөгний цэвэр ашиг олох байснаа алдсан. Нэгдүгээрт манай П ХХК  захиалагчийн гэрээ байгуулсан нь Нэгдсэн эмнэлэг манай газартай ойрхон байдаг учраас эмч, эмнэлгийн ажилчид хамгийн ойрхон байрлах орон сууцанд орох сонирхол өндөр байсан. Үүний дагуу 2 удаа эмнэлгийн байгууллагын ажилчдын шуурхайд оролцож үнэ хөлс, урамшууллаа тохирчихсон байсан. Ингээд 2019 оны хавар ажлаа эхлүүлэх гээд тохирчихсон байсан.
Сүүлийн захирамж гарснаар манай бүх ажил нураад дууссан. Засаг нам солигдоод янз бүрийн асуудлаар ганцхан манайхыг ч биш олон аж ахуйн нэгжийн газрыг хүчингүй болгоод байгаа нь улс төрийн ч юм уу эсвэл намын харилцаанаас хамаараад ийм асуудал үүссэн гэж үзэж байгаа. Цаашдаа барилга барихад миний урам маш ихээр хугарсан. Хоёр удаа зөвхөн зориулалтын бус ашигласан гэдэг үндэслэлээр манай газрыг хүчингүй болгож байгаа нь компанид их хэмжээний гарз, хохирол учруулаад байна. Манайх зориулалтын бус ашиглаагүй гэсний эсрэг нотлох баримт гаргаж өгөх,  хоёрдугаарт манай компанид хохирол гарчихсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаагаа нарийвчилсан тайлбартайгаар гаргаж өгч байна.
Одоо газар дээр анх авснаас хойш гарсан бүх зардлуудын тооцоог үнийн дүнтэйгээр нэхэмжилж байгаа. Үүнд төсөл сонгон шалгаруулалтаар анх авсан газрын үнэ 1,900,800 төгрөг,  2014 - 2018 оны хооронд манайх 880 м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалт бүхий газрын төлбөрт төлсөн нийт төлбөр  88,320 төгрөгийг эзэмшиж байх хугацаандаа төлөөд, газрын харилцааны албанаас ямар нэгэн газартай холбоотой өр төлбөрийн өглөг, авлага байхгүй гэсэн албан бичигтэй, төлсөн баримттайгаа байна.
Чандмань-Илч ХХК-наас 350,000 төгрөгийн үнэтэй техникийн нөхцөл авсан байгаа, Эрчим хүчнээс авсан техникийн нөхцөл 165,000 төгрөгийн үнэтэй, манай авсан газрын хажууд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны өндөр хүчдэлийн цахилгааны шугам сүлжээг шинээр солиулсан ажлын хөлс, зардалд 1,150,000 төлсөн баримт, барилгын хашаанд гэрэл цахилгаан татсан болон хашаагаа 2015 оны 9 сард авч үүнээс хойших хугацаанд цахилгааны төлбөрт 492,941 төгрөг төлсөн, цахилгааны шугам татсан эрчим хүчний баримт, барилгын хамгаалалтын хашааны нийт урт 160 м.кв талбайтай бөгөөд барилгын хашааны өөрийн материалын зардал 6,000,000 төгрөг, хашаагаа бариулсан ажлын хөлс 1,300,000 төгрөг, манаачийн 2015 оны 09 сарын 20-ны өдрөөс нийт 3 жилийн хугацааны цалин 13,700,000 төгрөг, барилгын суурийн газар шорооны ажил 16,700,000 төгрөг, барилгын зураг төслийн урьдчилгаа 23,650,000 төгрөг үүний дагуу хийгдсэн эскиз зураг сумын архитектур, газрын албаны даргын тамга тэмдэг дарагдсан эх хувиараа байгаа. Эдгээр зардалд нийт 65,000,000 шахам төгрөгийг манай компани өөрсдийн талаас гаргаж үйл ажиллагааг явуулсныг нотлох баримттай гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон түүний үндэслэлийг бусад тайлбараар хангалттай тайлбарласан. Харин хууль зүйн үндэслэлийн дагуу тайлбарлахад хамгийн гол нь маргаан бүхий акт болох 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/727 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжинд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.1.3, 29.3 дахь заалтуудыг үндэслэл болгож баримталсан байдаг боловч хуулийн 29.1.3 дахь хэсэгт “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах” асуудлыг заасан байна, иймд үүнийг нэхэмжлэгчээс хэрхэн зөрчсөнөө мэдэхгүй байгаа, мөн хариуцагч ч энэ хуулийнхаа заалтыг яаж  зөрчсөн гэж үзсэнээ мэдэхгүй байна.
Хуулийн 29.2 дахь заалтыг “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжинд нийцүүлэн захирамж гаргана” гэсний дагуу захирамжаа гаргасан байх гэж бодож байна. 29.3 дахь хэсэг нь хэрэв шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засаг дарга өөрөө, эсхүл шат шатных нь Засаг дарга нь захирамжийг хүчингүй болгохоор заасныг үндэслэн өмнөх захирамжийг хүчингүй болгосонтой холбоотой баримталсан байх шиг байна. Энэ хоёр хуулийн заалтыг Засаг дарга захирамжиндаа баримтлах хуулийн заалт байж болно гэж бодоход хуулийн 29.1.3-т заасныг баримталсныг үнэхээр ойлгохгүй байна, үүнийг өмгөөлөгчийн зүгээс тохироогүй хуулийн заалт баримталсан байгаа нь захирамж хүчинтэй юу, үгүй юу гэдгийг тодорхойлохын тулд тайлбарлаж байгаа юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж байгаа, хариуцагч нь  удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдгийг түрүүнд гэрээ дүгнэх журмыг үндэслэн өгсөн онооны байдлын дагуу ноцтой зөрчсөн гэж үзэх гээд байгаа юм уу гэхээр журамд нь онооны байдлаар дүгнэхээргүй юм шиг ойлгогдоод байгаа. Мөн хэрэгжүүлэхээр заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгээр дүгнэсэн гэдэг. Гэтэл үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй харагдаж байна. Журмаар дүгнэсэн байдлаар ноцтой зөрчил гаргасан байдал тогтоогдохгүй байна.
 Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зүйлийн таслалаас өмнөх заалт нь захирамжийн үндэслэлд хамаарна гэсэн. Энэ нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн байдаг, гэтэл нэхэмжлэгч нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт хийлгэсэн байгаа. Харин тайлангаа гаргаж өгөөгүй, ажил хийгдээгүй нь ганцхан нэхэмжлэгчийн буюу газар эзэмшигчийн буруутай үйлдлээс болоогүй. Хариуцагчийн зүгээс хангалттай саад учруулж байснаар ажил явуулах боломж олгоогүй. Гэхдээ огт ажил хийгдээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг байдал илрэхгүй байгаа.
Зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэсэн асуудал захирамжинд дурдагдаагүй, үүнээс гадна гэрээний 4.8, 4.18, 4.19 гэсэн заалтууд энд бас яригдаж байгаа түрүүнд ч бас яригдсан үүнийг хуулийн хүрээнд тодруулах нь зүйтэй байх. Гэрээний 4.8-д заасан газар эзэмшүүлэгчээс тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй гэсэн нь нотлох баримт болон хариуцагчийн тайлбараас ерөөсөө харагдахгүй байгаа. Үүнийг аль хэсэгт үндэслэж байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Мөн гэрээний 4.18-д гэрээний биелэлт  тооцсон дүгнэлтээр гаргасан зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах хэмжээ аваагүй гэж байгаа нь гэрээний биелэлт тооцсон дүгнэлт гээд түрүүнд бидний шинжлэн судалж тодруулаад байсан тэр журмыг л хэлээд байх шиг байна. Энэ дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийн алиныг нь заасан хугацаанд арилгаагүй гэж үзсэн нь эндээс харагдахгүй байна. Үүнийг яагаад гэрээний заалт зөрчсөн гэж үзээд байгаа юм.
Гэрээний 4.19-д “эзэмшил ашиглалтанд байгаа болон орчны нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн тохижилт арчилгаа хийх” гэдгийг зөрчсөн гэж үзсэн байгаа. Тэр ногоон байгууламж, тохижилт, арчилгаа чинь барилгын ажил явагдсаны дараа л хийгдэх ёстой асуудал. Үүнийг яагаад барилгын ажил хийгдэх боломжийг нь олгохгүй байсан мөртлөө ногоон байгууламж байгуулахыг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Харин ч хоёр жорлонтой, нийтийн бохир усны сувагтай  хогоор дүүрсэн талбайг энэ хүн тэгшилж хогноос нь салгаад,  шороог нь тэгшилж эрүүлжүүлээд байшин барилга барих гэж байсан нь дээрх ажлын эхлэлийг тавьж байсан гэж үзэхээр байна. Гэтэл барилгын ажил эхлүүлэх боломж олгоогүй. Арай гэж хэдэн төгрөг олж зээлээд 1 эскиз зураг хийлгээд, дахиад хөрөнгө оруулагч олох гээд явж байхад нь газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болчихсон байна гээд мэдээлэл нь тарчихдаг. Мэдээлэл тарангуут танай энэ газар асуудалтай юм байна гээд  хөрөнгө оруулагч нь больчихдог. Энэ хүнд одоогийн байдлаар ийм асуудлаас болоод хийсэн ажил ч үгүй, олсон орлого ч үгүй болсноор зээл, тавьсан өрнүүдээ яаж төлөх, гаргасан зардлаа хэрхэн эргэж олж авах вэ гэсэн асуудал үүссэн учраас нэмэгдүүлсэн шаардлага гаргаж хохирлоо нэмж нэхэмжлэх болоод байгаа юм.
 Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол нэгдүгээрт хуулийн үндэслэлтэй, тохирох заалтуудыг бариагүй болохоор Засаг даргын А/727 захирамж нь хууль бус байна. Хоёрдугаарт нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ярихад 2-3 жилийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь нэг хүчингүй болгоод, сэргээгээд, дахиж хүчингүй болгоод яваад байхаар энэ хүн хөрөнгө оруулагч олж, ажил хийх ямар ч боломж алга,  захирамжаар гэрчилгээг хүчингүй болгосноор зарцуулсан хамаг хөрөнгөө алдчихсан. Энэ нь ганцхан энэ хүнээс шалтгаалсан зүйл биш газрын албатай холбогдолтой асуудал учраас газар эзэмшүүлэх гэрээнээс үүдэлтэй хохирлын асуудлыг нэмж нэхэмжилсэн. Үүнийг холбогдох тодорхойлолт, нотлох баримтуудаар гаргасан байгаа. Иймд шүүх шударгаар үнэлж, дүгнэж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэв.

 Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК-иас Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Д ЗД-ын 2018 оны А/727 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Д ЗД-ын  2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар П ХХК -д Сайншанд сумын төвийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, 20 айлын орон сууцны зүүн талд байрлах 880 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 000298250 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр анх олгосон байна.
Аймгийн хэмжээнд 2016 онд газар эзэмшигч, ашиглагчийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалтыг хийхэд П ХХК  нь газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр авснаас хойш хуанлийн 2 жилийн хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй байсан тул Д ЗД-ын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч Д ЗД-ын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/236 дугаар захирамжаар барилгын дулаан, цахилгааны техникийн нөхцөлийг холбогдох байгууллагаас авч, барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан үндэслэлээр тухайн газар эзэмших эрхийг дахин сэргээж, газар эзэмших гэрээг дүгнэж, сунгасан.
Шинэчилсэн гэрээгээр барилгын ажил гүйцэтгэх графикийг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэх, барилгын ажлыг 2018 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх, хэрэв зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2018 оны 5 дугаар сард гэрээнд заасан нөхцөл болзлыг хэрхэн биелүүлж байгаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нотлох баримтыг удаа дараа шаардсан боловч 2017 оны 9 дүгээр сараас хойш дулаан, цэвэр, бохир усаар хангах техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаснаас өөр барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй, магадлалаар батлагдсан барилгын зураг төслийн эх болон хуулбар хувийг ирүүлээгүй байна.
Мөн ухаж орхисон барилгын суурийн нүхэнд борооны ус хуримтлагдаж, харуул хамгаалалт сулаас хашаанд хүүхдүүд орж тоглож байгаа нь зэргэлдээ орших орон сууцанд амьдарч буй оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулах нөхцөлийг үүсгэсэн болно.
Иймд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбогдсон бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагааг 2018 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэхэд П ХХК  нь “2017 оны 9 дүгээр 22-нд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ аваагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлийг бий болгосон гэж дүгнэж Д ЗД-ын  2018 оны А/727 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.
Нэхэмжлэлийг дор дурьдсан нөхцөлийн улмаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
1.    Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 880 м2 газрыг орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, П ХХК  нь оролцон төсөл нь шалгаран уг газрыг 1,900,800 төгрөгөөр худалдан авч Д ЗД-ын 2014 оны А/281 дүгээр захирамжаар тухайн аж ахуйн нэгж нь газар эзэмших эрх үүссэний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмшүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр газрын төлбөрт 2014-2018 онд 88,320 төгрөгийг орон нутагт төвлөрүүлсэн байгаа нь газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээр төлөгдсөн байна.
2.    Монгол Улсын Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн, байгууллагуудтай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тусгана.", 3асгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 3.2.4-т “барилгын байршлын бүдүүвч зураг болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн хот байгуулалтын алба боловсруулж, ерөнхий архитектор зөвшөөрсөн байна", мөн 3.4-т “архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд захиалагч, зураг төсөл зохиогч хамтран зургийн даалгаврыг боловсруулна. Зургийн даалгаврыг хөрөнгө оруулагч захиалагч батална", мөн 3.5-т "Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь шинээр болон шинэчлэлт, өргөтгөл хийх барилга байгууламжийн ашиглалтын хэрэгцээнд шаардагдах инженерийн хангамжийн техникийн нөхцөлийг /”техникийн нөхцөл" гэж Барилгын тухай хуулийн 3.1.7-д заасныг хэлнэ/ хууль тогтоомж, дүрэм, журмыг үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагаас авна." гэж тус тус заасан байдаг.
3.    Гэтэл захиалагч болох П ХХК  нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас архитектур төлөвлөлтийг даалгаврыг гаргуулаагүй, түүнчлэн орон нутгийн мэргэжлийн байгууллагад зургийн даалгавар болон зураг төсөл зохиох гэрээг ирүүлээгүй, 2016 онд зураг төслийн Т ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг боловч 2019 оныг хүртэл ажлын зургийг гүйцэтгэж, улсын экспертизээр батлуулаагүй, зураг төсөл хийлгэхээр мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөлийн хугацаа дууссан зэрэг нь П ХХК - ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан гаргасан зардал юм.
4.    Нэхэмжлэгч П ХХК  нь орон сууцны барилгын суурийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн нь Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 3.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул 16,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.    Нэхэмжлэгчээс гаргасан манаачийн цалин, цахилгаан эрчим хүч хэрэглэсний тооцоо зэрэг зардлууд нь нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гарсан зардал юм. Иймд П ХХК -аас нэхэмжилсэн 64,397,060 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарлахдаа:
    Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах газрыг П ХХК  нь 2014 онд Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын журмаар орон сууцны зориулалтаар 1,900,800 төгрөгөөр худалдан авсан. Үүний дагуу газар эзэмшүүлэх гэрээг манай газрын харилцаа,  барилга хот байгуулалтын газартай байгуулсан. Гэрээнд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой тусгасан байдаг. 2 жил дараалан үйл ажиллагаа явуулах, гэрээгээ жил бүр дүгнүүлэх, газрын төлбөрөө хугацаанд нь төлөх гэсэн заалтууд байдаг. Нэхэмжлэгч П ХХК  гэрээгээ тухай бүрт нь дүгнүүлээд явж байсан, харин гэрээний үүргийн дагуу 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах асуудал хийгдээгүй гэж үзэж байна. Учир нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шаардлагатай ажлуудыг хийсэн бөгөөд харин газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаж байгаа болон холбогдох барилгын зураг төсөл, хийсэн ажлынхаа талаар тайлбар, холбогдох материалаа ирүүлнэ үү гэхэд П ХХК  нь “Т” гэх ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ хийгдсэн гэж байгаа боловч гэрээгээ огт ирүүлдэггүй,  гэрээний урьдчилгаа 23,650,000 төгрөгийг авч зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн болно гэсэн албан бичиг л ирүүлдэг.
    Гэтэл 2016 оноос өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд загвар зураг болох эскиз зургийг П ХХК  нь яриад байдаг, гэтэл Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх дүрэм байдаг ба энэ дүрмийн 3.2-т “байршлын бүдүүвч зураг болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн хот байгуулалтын алба боловсруулж, ерөнхий архитектур зөвшөөрсөн байна” гэсэн байдаг. Гэтэл эднийх барилгын ажлын зураг төсөл гэж зөвхөн төсөл сонгон шалгаруулалтын материалд шаардагддаг эскиз зургийг авч ирээд батлуулсан боловч, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд захиалагч, зураг төсөл зохиогч хамтран зургийн даалгаврыг боловсруулна гэж байдаг. Зургийн даалгаврыг хөрөнгө оруулагч, захиалагч батална. Гэвч хөрөнгө оруулагч буюу захиалагчийн баталсан зураг төслийн даалгаврыг П ХХК -аас огт ирүүлээгүй, тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204-р тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх,  магадлал хийх дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.
    Эднийх Т ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажлын гэрээ хийсэн гэдэг, тухайн үед газарт нэн тэргүүний ээлжинд инженер геологийн ажил хийх ёстой. Гэтэл инженер, геологи хийсэн ямар нэгэн материал ирүүлээгүй. Зураг төсөл хийхэд техникийн нөхцөлүүдийг зураг төслийн компани нэхдэг журамтай. Мэдээлэл холбоо сүлжээ компаниас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3/17, Чандмань-Илч ХХК-иас 2014 оны 06 дугаар сард техникийн нөхцөлүүдийг тус тус авсан байсан боловч тухайн техникийн нөхцөлүүдийн хугацаа 2015 онд дууссан байдаг. Тэгэхээр  зураг төслийг зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна.
    Нэхэмжлэлийн шаардлагын дагуу захиалгын гэрээ хийгдсэн гэж сая дурдагдлаа гэтэл  Барилгын тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.5 дахь зүйлд  “Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг, гэтэл захиалгын гэрээ хийгдсэн нь хөрөнгө төвлөрүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.
    Мөн барилгын суурийн нүх ухах буюу газар шорооны ажилд 16,700,000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан байна. Тухайн үед мөрдөгдөж байсан 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 3.2-т  “Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн ажлыг эхлүүлэхийг хориглоно” гэж зааснаар барилгын суурийн ажлыг эхлүүлэхдээ ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй, батлагдсан зураг төсөлтэй байх ёстой. Гэтэл барилгын зураг төслийг хууль ёсны дагуу хийсэн зүйл байхгүй энэ нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
 2018 оны 08 сард нөхцөл байдлын шинжилгээ хийж эхлэхэд 7 дугаар сард их хэмжээний бороо орсноос хойш нэг сарын хугацаа өнгөрч байхад газарт ухсан нүхний ус шингээгүй байсан. Гэтэл тухайн үед иргэдийн гомдолд хавсарган ирүүлснээр нэмэлт нотлох баримтаар шүүхэд өнөөдөр гарган өгч байгаа зургаас үзэхэд 7 дугаар сард орсон борооны дараагийн өдөр гэхэд үүл нь хүртэл нүүгээгүй байсан байдал харагдаж байна.
Энэ компаниас манайд өгсөн тайлбарт эзэмшиж байгаа газраа зохих журмын дагуу хашаа хамгаалалт, байнгын харуултай байлгасан гэдэг. Гэтэл 3, 4 жилийн хугацаа өнгөрч байхад барилгын суурь ухсан, хашаа нь сармайсан, ухсан нүхэнд хур хог хаягдал дүүрсэн, хур борооны ус тогтсон нүхний хажууд бага насны хүүхдүүд тоглож байгаа зэрэг нь хүн амьдрах орчиндоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Бага насны хүүхдүүд гэнэн байдаг , ямар нэгэн байдлаар их хэмжээний хур бороо орсон усанд живж амь насаа алдсан тохиолдолд хэн хариуцах юм. Хүний амь нас гэдэг юугаар ч сольж болохгүй үнэт зүйл, оршин суугчдын амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байна гэж үзэж байна.  
Ийм учраас газар эзэмших гэрээг зохих журмын дагуу дүгнэж үзэн, нөхцөл байдлыг дүгнээд Д ЗДд хүчингүй болгох хүсэлт буюу албан бичиг явуулсан, энэ дагуу Д ЗДас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн бөгөөд П ХХК -ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27–р зүйлд заасны дагуу мэдэгдэх ажиллагааг явуулсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 403 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нэхэмжлэгчид тухайн үед  мэдэгдсэн. Нэхэмжлэгч талд хариу тайлбарыг ирүүлэх боломжийг хангалттай хугацаагаар хангасан.
Үүнтэй холбоотой нэмж тайлбарлахад нэхэмжлэгч талын эзэмшлийн талбайд бүтээн байгуулалтын ажлын явцын бодит байдлыг  үнэлж, үнэн зөв нотлох баримтад тулгуурлан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний А/36 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан газар дээр очиж ажилласан байдаг. Тухайн ажлын хэсэг бодит байдлын үнэлгээ хийж холбогдох байгууллагуудаас баримт авч баримтжуулсан. Ажлын хэсгийн үзлэг хийсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээрийг үндэслэн ажлын хэсгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзэн, сонсох ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27.4-т заасны дагуу Д ЗД-ын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Цэнд-Аюуш нэхэмжлэгчээс утсаар санал авч, сонсох ажиллагааг хийсэн байдаг.
Сонсох ажиллагааны  явцад тэмдэглэл хөтөлж, баримтжуулж, хяналтын дагалдах хуудсуудыг хувийн хэрэгт хавсаргасан байгаа.  Эдгээр сонсох ажиллагааг Д ЗДас  газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаас өмнө явуулсан.
 Д ЗД-ын захирамжид Газрын хуулийн 40.1.6-д үндэслэсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол хүчингүй болгохоор заасан, нэхэмжлэгч нь тухайн 2 жилийн хугацаанд газартаа барилга байгууламж, зам талбай, нүдэнд харагдах хэмжиж тооцож болох объектыг бий болгоогүй. Зөвхөн хашаа хатгасан, манаач байрлуулсан. Иймд зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.
2014 оноос хойш өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй байж орон нутгаас болсон мэт ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс энэ бол цэвэр танай компанийн зохион байгуулалтын асуудал гэж үзэж байна.  Бүхэл бүтэн барилга барих гэж байгаа атлаа хөрөнгө оруулагчаа хайгаад явж байтал газрын алба газрыг нь хүчингүй болгочихсон, тиймээс ажиллах боломж олдоогүй гэсэн асуудал ярьж болохгүй. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтээр тавигдсан нөхцөл болзлын хүрээнд ногоон байгууламж, хог хаягдал гэх мэт хийхээр заагдсан асуудлуудаа шийдчихсэн, барилгын ажлаа зохих хууль, журмын дагуу хийгээд эхэлчихсэн, тэдгээр нь бүгд дүгнэгдчихсэн байсан бол өөр хэрэг.
Гэтэл өөрөө огт ажлаа хийхгүй нэг хашаа татаж, газар ухчхаад яваад өгөхөөр энэ асуудлууд чинь яаж шийдэгдэх юм бэ. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-д заасан үндэслэлүүд хэрэгт  нотлох баримтаар авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна.
Мөн газар эзэмших гэрээний 4.8, 4.18, 4.19 дүгээр заалтуудыг захирамжийн эрх зүйн үндэслэл болгож баримталсан байгаа. Эдгээрт заасан ажлууд мөн хийгдээгүй, байхгүй байгаа нь хавтаст хэрэг дэх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шийдвэр гаргахдаа оролцогчийн эрхийг хангах зорилгоор тодорхой хугацаанд тайлбар, санал, нотлох баримтыг ирүүлэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан. Мөн нэмж хэлэхэд тайлбарт дурдагдаж байгаа газар чөлөөлөх 90 хоногийн асуудал дээр хуулинд 90 хоногийн дотор гэсэн байгаа ба энэ нь заавал 90 хоногийг дуусахыг хүлээнэ гэсэн заалт биш тул хуулинд заасан хугацааны дотор газрыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй,
 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 64,397.060 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
 ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаан дахь хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Маргааны зүйл болох Д ЗД-ын  2018 оны А/727 дугаар захирамж нь  нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх болон захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч П ХХК -ийн төсөл сонгон шалгаруулалтын журмаар, Д ЗД-ын  2014 оны А/281 дүгээр захирамж /1-р хх-ийн 168, 169-р хуудас/-ийн дагуу эзэмшиж байсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 20 айлын орон сууцны зүүн талд байрлалтай, 880 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг мөн Д ЗД-ын 2016 оны А/612 дугаар захирамж /1-р хх-ийн 177, 178-р хуудас/-аар хүчингүй болгосныг тус Д ЗД-ын 2017 оны А/236 дугаар захирамж, түүний хавсралтын 4 дүгээр /1-р хх-ийн 180, 181-р хуудас/-т зааснаар сэргээсэн боловч Д ЗД-ын  2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамж /1-р хх-ийн 9, 226-р хуудас/-аар нэхэмжлэгчийн дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Энэ дагуу нэхэмжлэгч нь тухайн захиргааны актыг газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж түүнийг хүчингүй болгуулах, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64397061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөг /2-р хх-ийн 64-74, 98-112-р хуудас/-ийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Д ЗД-ын  2014 оны А/281 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 880 м.кв газарт орон сууцны барилга барих зориулалтын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй 3 тэрбум төгрөгийн захиалгын гэрээ байгуулж, улмаар хөрөнгө оруулалтын асуудал гэрээний түвшинд очиж 2016 оны 09-р сард гэрээ байгуулан ажил эхлэх гэж байтал 2016 оны 12 дугаар сарын 20-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалт зогссон,
Гэвч 2017 онд Д ЗД-ын захирамжаар өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээсэн ба энэ үед дахин шинээр хөрөнгө оруулагч хайж олон 2019 оны хавар барилгын ажил эхлэхээр тохирч байтал 2018 оны 10 дугаар сарын 04-нд мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах боломжгүй болсон.
Ийм байдлуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод байгаа нь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэсэн бөгөөд тус компанитай  2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг сунгуулахаар 2018 оны 05 дугаар сард хүсэлт гаргаж байсан боловч 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар гэрээг дүгнэхгүйгээр шууд хүчингүй болгосон нь хууль бус,
 Үүний улмаас газрыг зориулалтын дагуу эзэмшиж байх хугацаанд барилгын газар шорооны ажил болох суурийн нүх ухах, газар тэгшилж засах, хашаа хамгаалалт хийх, зэргэлдээх орон сууцны байрны цахилгааны шугам шилжүүлэх, манаач байрлуулж цалинжуулах, барилгын зураг төслийн ажил, холбогдох техникийн нөхцөл гаргуулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө, санхүүгийн хохирол хүлээгээд байгаа,
Түүнчлэн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт  90 хоногийн дотор газрыг чөлөөлөхөөр заасан байтал Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад гомдол гаргах 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг газрыг албадан чөлөөлсөн нь холбогдох хуулиуд болон тус компанийн эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар,
Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нэхэмжлэгчийн өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээг барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан үндэслэлээр Д ЗД-ын  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/236 дугаар захирамжаар сэргээж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулсан байсан боловч гэрээний хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар багийн нэр бүхий иргэдийн гарын үсэгтэй, тухайн газартай холбогдох гомдлыг хавсарган тус багийн Засаг даргаас албан бичиг ирсний дагуу ажлын хэсэг байгуулагдан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг эхлүүлэн тус газарт нөхцөл байдлыг судалж тогтоох явцад ухаж орхисон барилгын суурийн нүхэнд борооны ус хуримтлагдан дүүрч, харуул хамгаалалт сулаас хашаанд хүүхдүүд орж тоглож байгаа нь зэргэлдээ орших орон сууцанд амьдарч буй оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулах нөхцөлийг үүсгэсэн,
Мөн өмнөх гэрээг дүгнэх үед нэхэмжлэгчид үүрэг болгосон цаашид авах арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй буюу тухайн 2 жилийн хугацаанд газартаа барилга байгууламжаа барьж гүйцэтгээгүй, зам талбай болон нүдэнд харагдах, хэмжиж тооцож болох объектыг бий болгоогүй, зөвхөн хашаа хатгасан, манаач байрлуулсан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй,
Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 22-нд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнээс хойш хугацаанд дулаан, цэвэр, бохир усаар хангах техникийн нөхцлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаснаас өөр барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй ба 2014 оны газар эзэмшүүлэх өмнөх гэрээг дүгнэх үед илэрсэн зөрчлүүдийг цаашид авах арга хэмжээ болгож тодорхойлсон үйл ажиллагаануудыг биелүүлээгүй байснаар 2017 оны гэрээний 4.8-д заасныг болон мөн гэрээний 4.18, 4.19-д заасныг биелүүлэлгүй гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн,
Мөн сонсох ажиллагааны явцад барилгын ажил хийж гүйцэтгэхэд нэн тэргүүнд шаардлагатай барилга байгууламжийн батлагдсан зураг төслийг болон холбогдох тайлбар, саналаа нотлох баримттайгаар ирүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг хэвээр үлдээх тухай хүсэлт тайлбар болон хугацаа нь дууссан өмнөх барилгын техникийн нөхцөлүүд, барилгын зураг төсөл хийлгэсэн гэх тодорхойлолтоос өөр барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул газар эзэмшүүлэх гэрээг сунгах шаардлагагүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгчийн тайлбарын нэг үндэслэл болж буй түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гарсны дараа хариуцагч нь газрыг чөлөөлөхдөө Газрын тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор газрыг чөлөөлөхөөр байтал захиргааны актад гомдол гаргах 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад газрыг албадан чөлөөлсөн нь эрх зөрчсөн гэж буй тайлбарын хувьд тэрээр тухайн газрыг албадан чөлөөлүүлэхээр гаргасан захиргааны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйгээс гадна нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны актаар хүчингүй болсноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасны дагуу түүний газар эзэмших эрх дуусгавар болж, улмаар захиргааны зүгээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаартай газар чөлөөлөх мэдэгдэл /2-р хх-ийн 92-р хуудас/-ийн дагуу газрыг чөлөөлж, холбогдох Засаг даргын мэдэлд шилжүүлсэн үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан 90 хоногийн хугацааны дотор явагдсан байх ба улмаар тухайн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн зүгээс түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт болох Д ЗД-ын  А/727 дугаартай захирамжинд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан журмаар гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхэд саад болоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин маргааны зүйл болж буй захиргааны актын талаар гаргаж буй дээрх тайлбаруудын үндэслэлээс үзвэл талууд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдлыг тус тусын тайлбарын нэг үндэслэл болгон маргаж байх боловч тухайн захиргааны акт болох А/727 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг үзвэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр бус харин мөн хуулийн 40.1.1, 40.1.4 дэх зүйл болон газар эзэмших 04401-2014/50242 тоот гэрээний 4.8, 4.18, 4.19 дэх зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх-ийн 9, 226-р хуудас/-г хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч ... газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн талаар:
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дахь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж буй тайлбарт  нэхэмжлэгчийг өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд нь арилгах арга хэмжээ аваагүйгээр сүүлийн гэрээ болох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээний 4.8-д заасныг болон мөн гэрээний 4.18, 4.19 дэх зүйлд заасныг тус тус биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд заасан гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн үндэслэл болж байгаа талаар /1-р хх-ийн 40, 41, 236, 237-р хуудас/ тайлбарлажээ.
    Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заахдаа тухайн тохиолдол бүрээр, тус тусад нь зүйлчлэн хуульчилсан байгаа бөгөөд үүнээс үзвэл уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд заасан үндэслэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.20-40.1.6 дахь зүйлд зааснаас бусад хэлбэрээр буюу тухайлбал, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалахдаа уг асуудлуудыг зохицуулсан хуульд заасан журмыг зөрчсөн, мөн газрыг анх олгосон зориулалтаас өөр байдлаар ашигласан зэрэг байдлуудаар буюу дээрх зүйл, заалтад зааснаас өөр үндэслэлүүдээр гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгохоор хуульчлагджээ.
Харин нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад ашиглуулсан, шилжүүлсэн, барьцаалсан асуудал байхгүйгээр тэдгээр асуудлыг зохицуулсан холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн, мөн газрыг зориулалт бусаар эзэмшиж, ашиглаж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин тэрээр газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь энэ талаар хойно дүгнэсэн байдлаар тогтоогдож байгаа болно.
    
3.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, ...” /2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаар/ гэх үндэслэлийн талаар:
Дээрх үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараараа А/727 дугаар захирамжинд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт дахь “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, ...” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрт хамаарах заалт болохыг тодруулан тайлбарласан бөгөөд энэ дагуу нэхэмжлэгч нь дээрх хуулийн уг заалтын тухайн хэсгийг зөрчсөн эсэхийг хянаж үзвэл:
    Нэхэмжлэгч П ХХК омпани нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан төсөл сонгон шалгаруулалтын журмаар тухайн газрыг эзэмших болсноор Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “төсөл хэрэгжүүлэгч”-ийн хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй”, мөн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээний 4.11 дэх зүйлд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх” гэж тус тус заасан байгаагаар  /1-р хх-ийн 230, 231-р хуудас/ тэрээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн байна.
    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг” ойлгохоор зааж, уг үнэлгээ нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна” гэсэн байгаагаар мөн зүйлийн 4.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэж заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарахаар тус тус хуульчлагджээ.
    Улмаар “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараахь үнэлгээнээс бүрдэнэ” гэж зааснаар мөн зүйлийн 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.1.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гэсэн хоёр үнэлгээнээс бүрдэхээр байгаа ба үүнээс “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”-г мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ..., аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь ... байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу хийгдэхээр зохицуулагджээ.
     Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч П ХХК -ийн төсөл сонгон шалгаруулалтын журмын дагуу эзэмших эрх авсан Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 880 м.кв хэмжээтэй газарт хэрэгжих орон сууцны барилга барих төсөлд, түүнийг хэрэгжүүлэхээс өмнө Дорноговь аймгийн Байгаль орчны газар /1-р хх-ийн 171-р хуудас дахь баримтанд бичигдсэн нэрээр/-ын байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийгдэж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт” гарсан нь дээр дурдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь зүйлд заасантай нийцэж байна.
    Тус үнэлгээг хийсэн дээрх эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх 6 давхар бүхий 72 айлын орон сууцны барилга барих төслийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т “төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх”-ээр заасныг үндэслэн “нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой” гэж үзэн дүгнэж, тус дүгнэлтээр нийт 10 үзүүлэлт бүхий “Төсөл хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллах шаардлагатай нөхцөл болзол” тавигдсаныг  нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, улмаар түүнийг хэрэгжүүлэх үүрэг /1-р хх-ийн 170, 171-р хуудас/-ийг хүлээсэн байна.
    Дээрх Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт /цаашид ерөнхий үнэлгээний дүгнэлт гэх/-ээр тогтоосон нөхцөл болзлын нэгдүгээрт “Үйл ажиллагаа эхлэхийн өмнө Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан аймгийн Байгаль орчны газраар батлуулж, тайланг жил бүр гарган 11-р сарын 1-ний өдрийн дотор ирүүлж байх” гэж заасан байгаагаар нэхэмжлэгч нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах нөхцөл болзлыг үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх үүргийг хүлээжээ.
    Үүний дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ... журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ... батална” гэж заасныг үндэслэн гарсан Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.4-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд боловсруулж, ...” гэж заасан байгаагаар,
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ”, 9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна”, 9.7-д “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана” гэж тус тус заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны-хяналт шинжилгээний хөтөлбөр буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд болох П ХХК  боловсруулж,
Дээрх журмын 3.2-т “Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэж зааснаар ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага болох Дорноговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраар тухайн менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдохоор зохицуулагджээ.
Гэтэл нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах үүргээ дээрх хууль, журамд заасны дагуу хэрэгжүүлж, биелүүлээгүй, улмаар төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн тодруулснаар нэхэмжлэгч П ХХК  нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, мөн заавал хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тайланг ирүүлээгүй талаар Дорноговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас шүүхэд ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 тоот албан бичиг /2-р хх-ийн 33-р хуудас/, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа тухайн үед захиргааны зүгээс шийдвэр гаргах ажиллагааны явцад Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”-аар заасан эрх, үүргийн хүрээнд нэхэмжлэгчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээр тавигдсан шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаар аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас холбогдох мэдээллийг ирүүлэхээр шаардсаны дагуу тус газраас хүргүүлж байсан П ХХК  нь “...ерөнхий үнэлгээг 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийлгэсэн. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд тусгагдсан хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл ирээгүй ...” тухай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 349 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 213, 214-р хуудас/, түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ерөнхий үнэлгээний дүгнэлтээр тавигдсан нөхцөл болзлын нэгдүгээрт тавигдсан шаардлага болох “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж, батлуулаагүй талаар гаргаж буй тайлбар зэргээр тогтоогдож байна.
Үүний улмаас мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэгжүүлэх ёстой “Төсөл хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллах шаардлагатай нөхцөл болзол”-д тавигдсан бусад шаардлагууд биелэгдээгүй болох нь давхар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр тогтоогдож буй үндэслэл болох нэхэмжлэгч П ХХК -ийн Дорноговь аймгийн Байгаль орчны газар /1-р хх-ийн 171-р хуудас дахь уг баримтанд бичигдсэн нэрээр/-ын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ээр тавигдсан “Төсөл хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллах шаардлагатай нөхцөл болзол”-ыг биелүүлээгүй үйлдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зүйлд заасан “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, ...” гэж үзэх үндэслэл болж байна.
Гэтэл хэдийгээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчтэй шинээр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусаагүй байсан боловч нэхэмжлэгч П ХХК -д дээр дурдсан үндэслэлээр “төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл” олгогдоогүй байх хугацаанд уг газарт бүтээн босголт хийгдэхгүй удаж байгаагаар газрыг тойруулж барьсан шаардлага хангаагүй төмөр хашаа нь салхи, шороонд дуу чимээ ихтэй, зэргэлдээх орон сууцны оршин суугч, иргэдийн чөлөөтэй амарч, салхилах, ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулах, түүнчлэн орон сууцны барилга барих зорилгоор ухсан барилгын суурийн нүхэнд их хэмжээний борооны ус тогтож, улмаар түүнд том хүн болон ялангуяа бага насны хүүхдүүд санамсар, болгоомжгүйгээр унаж, осолдох ноцтой үр дагаварт хүргэх аюултай нөхцөл байдал бий болсон нь дараахь нотлох баримтууд буюу,
Сайншанд сумын 2 дугаар багийн Засаг даргаас уг газрын эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авах талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж байсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/433 тоот албан бичиг, түүнд хавсаргасан тус багийн оршин суугч, иргэдийн гарын үсэг бүхий хүсэлт /1-р хх-ийн 190, 191-р хуудас/,
Тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ”  гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагааны талаар болон холбогдох тайлбар саналаа ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 403 тоот албан бичиг /1-р хх-ийн 193, 2-р хх-ийн 55-р хуудас/,
Мөн захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбар дахь газрын бодит нөхцөл байдлыг тогтоож, үнэлгээ хийх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/236 дугаар тушаал /2-р хх-ийн 57-р хуудас/, тус ажлын хэсгээс тухайн газарт нөхцөл байдлыг судалж тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, түүний хавсралт болох уг газарт буюу нэхэмжлэгчийн ухсан барилгын суурийн нүхэнд борооны ус дүүрч, тогтсон байгааг харуулсан гэрэл зураг /1-р хх-ийн 219-224, 2-р хх-ийн 59-62-р хуудас/-ууд,
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газарт хийсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн үзлэгээр уг газрыг булж тэгшилсэн байдалтай байх боловч тухайн үед нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар болох барилгын суурийн нүх бүхий газар нь түүний эргэн тойрон дахь орон сууцны барилгууд болон сагсны тоглоомын  талбайн гол хэсэгт байрлалтай, тэдгээрээс 12,3-22,2 метрийн ойрхон зайд оршиж байсан нь тогтоогдож байгаа үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 14-16-р хуудас/, мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сайншанд сумын 2 дугаар багийн Засаг даргаас ирүүлсэн албан бичигт хавсарган ирүүлсэн гэж байгаагаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох тухайн үед бороо орсны дараах уг газрын орчны байдал болон борооны усаар дүүрсэн тухайн газрын ойролцоо, хашааны дотор хэсэгт бага насны хүүхдүүд орж ирсэн байгааг харуулсан гэрэл зургууд /2-р хх-ийн 90, 91-р хуудас/, уг гэрэл зургууд нь дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1-р хавтаст хэргийн 223, 224 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургуудтай тохирч байгаа байдал зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэтэл дээрх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй нөхцөл байдал үүссэн хугацаанд буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээснээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр шинэчлэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хугацаанд дээр дурдсанаар нэхэмжлэгч П ХХК -д “төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл” олгогдоогүйгээс гадна Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан “барилга байгууламжийн техникийн нөхцөл” буюу барилга байгууламжийг  цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрүүдэд холбох талаар мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн  22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу гаргасан хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 22.2-т “Инженерийн хангамжийн байгууллага техникийн нөхцөл олгож, баталгаажуулах ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ” гэж  заасны дагуу дахин шинээр олгогдсон техникийн нөхцөлүүд байхгүй болох нь:
 Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө буюу түүнд уг газрыг анх эзэмшүүлсэн шийдвэр гарсны дараа тухайн үед олгож байсан Чандмань-Илч ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай, нэг жилийн хугацаагаар олгосон дулааны техникийн нөхцөл /1-р хх-ийн 203-204-р хуудас/, Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Дорноговь аймаг дахь салбараас мөн нэг жилийн хугацаатай олгож байсан 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №10/2016 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл /1-р хх-ийн 205-207-р хуудас/, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Дорноговь аймгийн Газрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Техникийн нөхцөл гаргах тухай” 45 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 210-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхын хамт,
Хугацаа нь дууссан тэдгээр техникийн нөхцөлүүдийг нэхэмжлэгчийн зүгээс түүний газар эзэмших эрхийг сэргээснээс хойш хугацаанд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын даргад хүргүүлж байсан “694 тоот албан бичгийн хариу” болох 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16/9 дугаартай албан бичиг буюу газар эзэмших гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлт /1-р хх-ийн 202-210-р хуудас/-дээ тус тус хавсарган хүргүүлж байсан байдлуудаар давхар нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэгжүүлэх төслийн дагуу баригдах орон сууцны барилгын зураг төслийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт болох холбогдох этгээдүүдийн гарын үсэг бүхий, “Пан Ази Гем” ХХК-ийн 72 айлын үйлчилгээтэй орон сууцны 2013 онд үйлдэгдсэн эскиз зураг /2-р хх-ийн 107-р хуудас/-ийн нүүр хэсгийг үндэслэн, уг зургийн бусад хэсэг нь хавтас хэрэг /1-р хх-ийн 139-146-р хуудас/-т авагдсан байгаагаар анх төсөл сонгон шалгаруулалтад орох үеийн төлөвлөж байсан байдлаар хийгдсэн эскиз зураг дээр Т ХХК-аар үргэлжлүүлэн хийгдсэн байгаагаар албан ёсны зураг төсөл болох талаар тайлбарлаж байх боловч уг зураг нь тус барилгыг анх төлөвлөж буй байдлаар ерөнхий төлөвлөгөө боловсруулсны дагуу хийгдсэнээр нэхэмжлэгчийн төслийн баримт бичгийн бүрдэл хэсэг болж авагдсан анхны загвар зураг болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд энэ талаар гаргаж буй тайлбар болон мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргаж буй “Татбос ХХК-ний хийсэн надад байгаа зураг төсөл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа зураг төсөл бөгөөд энэ нь 2014 онд анх төсөл сонгон шалгаруулалтанд орохдоо хийлгэсэн зураг төсөл, үүнийг Татбос ХХК-иар үргэлжлүүлж хийлгэсэн” гэж буй тайлбараар тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн уг барилгын зураг төслийн нүүр хэсэг гэх нотлох баримт болон хавтас хэрэгт авагдсан тухайн барилгын бусад хэсгийн зургаас үзэхэд тус зураг нь  “Артпроект” ХХК буюу тус компанийн захирал Б.Ванданноров гэх нэрээр хийгдсэн байх ба харин Т ХХК-аас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргаж байсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115 тоот албан бичиг дэх тодорхойлолтод тухайн барилгын зураг төслийн ажлыг 2016 оны 05 сарын 09-нд байгуулсан 2016/012 гэрээний дагуу гүйцэтгэсэн /1-р хх-ийн 208-р хуудас/ гэж байх боловч тус  Т ХХК-аас зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй байгуулж байсан гэрээ, түүний дагуу хийж гүйцэтгэн, батлуулсан барилгын ажлын зураг төсөл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх байдлаас үндэслэн нэхэмжлэгчийн нотлох баримт болгож буй 72 айлын орон сууцны барилгын эскиз гэх загвар зургийг  Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн байгууллагатай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тусгана” гэж заасан шаардлагыг хангасан болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ”, 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 хоногт багтаан хийнэ” гэж тус тус заасны дагуу баталгаажуулалт болон магадлагаа хийгдсэн барилга байгууламжийн зураг төсөл гэж үзэх боломжгүй байна.
Энэ нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” гэж заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлагад нийцэхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч П ХХК  нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан “барилга байгууламжийг шинээр барих” зөвшөөрлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна” гэж тус тус заасны дагуу авсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг” ойлгохоор заасан байх ба гэтэл нэхэмжлэгчид газрыг сэргээн эзэмшүүлснээс хойш хугацаанд тэрээр холбогдох техникийн нөхцөлүүдийг шинээр аваагүй, барилгын зураг төсөл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн барилгын ажлын зөвшөөрөл авсан нь тогтоогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудаас үндэслэн нэхэмжлэгч П ХХК -ийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”-ээр заасан чиг үүргийг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь тухайн чиг үүргээ хэдийд, хэрхэн биелүүлж үйл ажиллагаагаа хэзээ эхлэх гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдохгүй байх бөгөөд түүний энэхүү тодорхойгүй байгаа үйл ажиллагаа болон “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”-ээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/”байгаль орчин” гэдэгт хүний амьдрал, ... хамаарна” гэж байгаагаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын орчин дахь орон сууцны байрны оршин суугчдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ...” -аар заасан үндсэн эрх зөрчигдөх байдалд хүрч, улмаар тус оршин суугч иргэдийн зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, ...” эрх, үүргийн хүрээнд гаргасан гомдлыг,
 Хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл”-ийг бүрдүүлэх төрийн чиг үүргийн дагуу, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “ ... газар, ... байгаль орчныг хамгаалах талаар” хэрэгжүүлэх Д ЗД-ын нийтлэг бүрэн эрхийн хүрээнд мөн зүйлийн 29.1.3 дахь зүйлийн “г” –д “газар, ... ын тухай хууль тогтоомж, ... ийн биелэлтийг хангах ...”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, ...” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрх шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж буй хариуцагч нь шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь зүйлийг буюу маргаанд хамааралгүй заалтыг баримталсан нь уг захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэл гэж үзэн тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

4. 2017 онд байгуулсан Газар эзэмших гэрээний 4.8, 4.18, 4.19 дэх зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлийн талаар:
 Газар эзэмшүүлэх гэрээний нэг тал болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дүгнэж, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн арга хэмжээнүүдийг тодорхойлсны дотор “газар дээр баригдах барилгын ажлын график гаргаж тус газарт 2017 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэх”, “барилгын ажлыг 2018 оны 2 дугаар улиралд багтаан ирүүлэх” арга хэмжээ /1-р хх-ийн 234-р хуудас/ авахыг нэхэмжлэгчид үүрэг болгосон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт бодит нөхцөл байдлыг судалж тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 220-р хуудас/-ээр өмнөх гэрээг дүгнэж гаргасан цаашид авах арга хэмжээнд заасан дээрх хоёр асуудлыг нэхэмжлэгчээс хугацаанд нь биелүүлээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд, гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тэдгээрийг биелүүлээгүй байдал нь уг газарт барилгын үйл ажиллагаа эхлүүлээгүйтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас 2018 оны 2 дугаар улиралд буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр иргэдээс захиргааны байгууллагад хандан гаргаж байсан гомдол /1-р хх-ийн 190-192-р хуудас/, түүнийг үндэслэн ажлын хэсгээс нөхцөл байдлыг шалгаж тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн дүгнэлт гарах  хүртэл хугацаанд барилгын үйл ажиллагаа эхлээгүй байсан байдал,
Мөн 2014 оны гэрээг дүгнэснээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсантай холбогдуулан барилгын ажлын графикийг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэхийг цаашид хэрэгжүүлэх уг арга хэмжээний нэг болгон заасан боловч нэхэмжлэгч нь ерөнхий инженер болон талбайн инженерийн гарын үсэггүй, хэзээ, хэн үйлдэж гаргасан нь тодорхойгүй “Барилга угсралтын ажлын график” гэх албан ёсны шаардлага хангахгүй баримтыг тухайн хугацаа өнгөрснөөс хойш буюу 2018 оны 05 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 403 дугаартай мэдэгдлийн дагуу тус газарт явуулж байсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14/8, 14/10 дугаартай хариу албан бичгүүддээ хавсарган хүргүүлж байсан байдлуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь дээр дурдсанаар “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийн дагуу гарсан “Төсөл хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллах шаардлагатай нөхцөл болзол” дахь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэхээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүйгээс тухайн нөхцөл болзолд тавигдсан бусад шаардлагын нэг болох эзэмшил газрын 10 хувийг ногоон байгууламж болгон тохижуулж, мод тарих, зүлэгжүүлэх зэргээр гадна орчныг тохижуулах шаардлага биелэгдээгүй байх ба энэ нь нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээний 4.19-д “Эзэмшил ашиглалтанд байгаа болон орчны нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт, арчилгаа хийх”-ээр хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Дээрх байдлуудаар нэхэмжлэгч П ХХК  нь 2017 оны газар эзэмшүүлэх гэрээний 4.8, 4.18, 4.19 дүгээр заалтуудыг зөрчсөнөөр гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул гэрээний нэг тал болох Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь мөн гэрээний 7.4-т “...өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх” гэж заасан үүргээ хэрэгжүүлснээр хариуцагч нь Д ЗД ас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахдаа түүнийг газар эзэмшүүлэх гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үндэслэн шүүхээс дүгнэхэд хариуцагч Д ЗД ас Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу гаргасан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамж нь холбогдох хуулийг зөрчөөгүйгээс гадна, нэхэмжлэгч П ХХК -ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн тухайн захиргааны актыг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64397061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй бусад үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй газрыг эзэмшиж байх хугацаандаа барилгын газар шорооны ажил болох суурийн нүх ухах, газар тэгшилж засах, хамгаалалтын хашаа барих, зэргэлдээх орон сууцны байрны цахилгааны шугам шилжүүлэн байршуулах, манаач ажиллуулж, цалинжуулах, барилгын зураг төсөл, холбогдох техникийн нөхцөл гаргуулах зэрэгт нилээд хэмжээний хөрөнгө зарцуулж байснаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан тул газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй гэж үзэхгүй гэх тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийг уг газрыг эзэмшсэнээс хойш хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулж байсан болохыг үгүйсгэхгүй боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч П ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тайлбарлаж буй дээрх үндэслэлтэй холбоотойгоор бус тухайн газарт нэхэмжлэгчээс орон сууцны барилга барих үйл ажиллагаагаа эхлэхгүй байгаа, хэзээ эхлэх нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас түүний орчин тойрон дахь орон сууцны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх ноцтой үр дагаварт хүргэх нөхцөл бүрдсэн байдлаас үндэслэн уг захиргааны актыг гаргасан нь энэ талаар дээр дүгнэсэн үндэслэлүүдээр тогтоогдож байгаа болно.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс тухайн үед хийж гүйцэтгэж байсан гэх үйл ажиллагаагаа нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан түүний хүсэлтийн дагуу уг газарт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин хийсэн шүүхийн үзлэг /2-р хх-ийн 23-28-р хуудас/, мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр уг  үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэхэд тодорхой хөрөнгө гаргаж хохирол хүлээсэн гэж байгаагаар хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж буй 64397061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2-р хх-ийн 64-74-р хуудас/ болон шүүх хуралдаанд /2-р хх-ийн 94-112-р хуудас/ гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хариуцагчаас тухайн захиргааны актын талаарх Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн үеэс эхлэн уг захиргааны актыг гаргах хүртэл буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд явуулж, улмаар нэхэмжлэгчээс шийдвэр гаргахтай холбогдуулан тайлбар, саналаа ирүүлэхийг болон барилгын зураг төсөл, техникийн нөхцөл, барилгын ажлын график зэрэг шаардлагатай бусад баримтыг гарган ирүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2018 оны 403 тоот албан бичиг /1-р хх-ийн 193, 238-р хуудас/, “Нотлох баримт ирүүлэх тухай” 2018 оны 694 тоот албан бичиг /1-р хх-ийн 201, 245-р хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Оролцогчоос авсан тайлбар, ярилцлагын тэмдэглэл” /1-р хх-ийн 218, 247-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” /1-р хх-ийн 225, 2-р хх-ийн 39, 40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба,
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс  холбогдох хуульд заасан нөхцөл, болзол, шаардлагыг хангаагүй баримтууд болох “Барилга угсралтын ажлын график”, хугацаа нь дууссан техникийн нөхцөлүүд зэргийг хариуцагчид хүргүүлж байсан нь нэхэмжлэгч П ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн “Өргөдөл гаргах тухай” 14/8, 14/10 тоот, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “694 тоот албан бичгийн хариу” гэх 16/9 тоот албан бичгүүд /1-р хх-ийн 196, 199, 202-210, 241, 244-р хуудас/-ээр, мөн тэрээр хариуцагчийн шаардсан барилгын ажлын зураг төслийг түүнд гаргаж өгөөгүй болох нь дээр дурдсан нотлох баримтууд болох сонсох ажиллагааны явцад хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Оролцогчоос авсан тайлбар, ярилцлагын тэмдэглэл”, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” зэргээр тус тус нотлогдож байгаа бөгөөд харин тухайн сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгч нь барилгын үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор өөрөөс үл шалтгаалж буй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх үндэслэл бүхий нотолгоотой тайлбар, саналыг захиргааны байгууллага, албан тушаалтанд тайлбарлан танилцуулж, санал гаргаж байсан асуудал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХКомпанийн Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/727 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас учирсан хохирол нийт 64397061 /жаран дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД