| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0154/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/172 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Энхзул,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Э.А, Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.А, Г.М нарт холбогдох 2029000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг. Төгөл халуун усны газарт Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож толгойн үснээс нь зулгааж доош дарж хана мөргүүлэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Төгөл халуун усны газарт Э.Атай үл ялих шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “...Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Э.Аын өгсөн: “...чи наад хэрээ гэртээ очиж угаа гэж хэлээд намайг халуун уснаасаа хөөсөн хүүхдийн нурууруу бас цохисон. Тэгэхээр нь мөр лүү нь цохисон. Буцаагаад намайг алгадахаар нь би үснээс нь зулгаагаад доошоо дарсан тэгсэн тэр эмэгтэй миний зүүн хөлний гуяны ар талаас чимхээд базаад хараагаад байсан тэгэхэд тэнд байсан хүмүүс бид 2-г салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/
Хохирогч Г.Мийн өгсөн:“...би бүр өрөөгөө цэвэрлэж дуусчихаад оруулах гэж байхад тэр эмэгтэй хэл амаар доромжлоод загнаад байхаар нь би бүх өрөө сул байна одоо орууллаа гэж хэлэхэд тэр хүн миний мөр лүү цохисон тэгээд үснээс зулгаагаад хана мөргүүлсэн мөн миний хүзүүг маажсан тэр үед хүмүүс бид 2 салгасан. Толгойн баруун хэсэгт хавдсан, зүүн шанаанд майжуулсан, чих хүзүү зэрэг газар маажсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/
Гэрч Ц.Цогбадрахын өгсөн:“...халуун ус руу ороход А, М нар нь маргаад муудчихсан байсан. А нь Мягмарсүрэнг үснээс нь зуураад доош нь дарчихсан байж байсан. Тэгээд толгойг нь хананд цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Гэрч Т.Бадамцэцэгийн өгсөн:“...хэрүүл хийгээд байсан эмэгтэй Мг доороо хийчихсэн үсдээд дарсан байсан тэгээд манай нөхөр гаднаас орж ирээд тэр 2 салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/
Гэрч Г.Гантулгын өгсөн:“...нэг харахад үл таних эмэгтэй Мг үсдээд дөрвөн хөллүүлээд суулгачихсан толгойг нь хананд цохих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ө.Бүрэнжаргалын өгсөн:“...халуун усны эгч аниаг /А/ цохиод тэгээд аниа цохихоор нь үснээс нь доош дараад авсан. Тэгээд хүмүүс орж ирээд тэр 2 салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №625 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Г.Мийн биед тархи доргилт, дух, зүүн шанаа, баруун чамархайн зулгаралт, баруун зулай, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №619 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Э.Аын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний зулгаралт, 2 талын гуя дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/
Яллагдагч Э.Аын мэдүүлэг /хх-ийн 83-86-р хуудас/,
Яллагдагч Г.Мийн мэдүүлэг /хх-ийн 78-81-р хуудас/,
Шүүгдэгч Э.Аын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-р хуудас/,
Шүүгдэгч Э.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч Г.Мийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгч Г.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-55-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Хохирогч, шүүгдэгч Э.А Г.М нарын харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Э.А нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...миний бие Г.Мтэй эвлэрсэн. Гомдол, хохирол байхгүй тул түргэвчилсэн аргаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” /хх-ийн 98-р хуудас/,
Хохирогч Г.М нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...Одоо бид хоёрт гомдол, санал байхгүй эвлэрсэн тул хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү.” /хх-ийн 99-р хуудас/ зэргээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж үзэв.
-улсын яллагчаас шүүгдэгч Э.А, Г.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Э.А, Г.М нарт ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овгийн Энхтөрийн А, Тойн овгийн Ганбаатарын М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Г.М нарт 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА