Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/173

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Энхзул,

Улсын яллагч: Б.Энхмэнд,

Шүүгдэгч: Б.О, Д.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.О, Д.Н нарт холбогдох 2029002500156 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Бага булгийн 1510 тоотод өөрийн эхнэр Н.Бархассүрэнг хардаж толгой нүүрс хэсэг рүү нь гараа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, 2 нүдний доод зовхи, зүүн мөрний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Нийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Бага булгийн 1510 тоотод охин Н.Бархассүрэнг зодлоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хүргэн Б.Оыг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Хоорондоо маргалдаж байгаад манай аав ээжийг үл хүндэтгэсэн байдал гаргаад байхаар нь хоорондоо муудсан, миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “... Миний хувьд хүн, амьтан үр зулзагаа өмөөрдөг шиг гэрт нь ороод очиход охиныг минь цустай нь холисон байхаар нь тэсэлгүй нэг цохиж авсан” гэв.

Хохирогч Н.Бархассүрэнгийн өгсөн: “...Миний араас О баруун гараа атгаж байгаад толгойн ар хэсэг рүү 3 удаа хүчтэй цохиход би орлуу унаад босож ирээд чи яаж байна гэсэн чинь миний зүүн хөмсөгний хажуу хэсэгт гараараа цохиход би ор луу унаад босоод ирсэн чинь миний нүүрнээс их хэмжээний цус гарахаар нь уйлаад ...аав уурлаад Оын шанаа хэсэгт нь гараараа нэг цохиход өшиглөөд авах шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27-р хуудас/

Хохирогч Б.Оын өгсөн:“...аав, ээж нарыг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд байхаар нь би гар хүрээд боль гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь ээжийг нь утсаар буюу мессенжэрээр залгаж дуудсан чинь удалгүй аав Нэргүй гэрийн гадаа ирээд хаалга нүдэхээр нь би хаалга онгойлгох гээд явж байсан чинь хадам аав Нэргүй хаалганы түгжээ мулт татаад орж ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж авахаар нь би эргүүлээд зууралдаж байгаад гэрээс гаргаад би ээж рүү залгаад ээжийг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/

Гэрч Д.Нийн өгсөн:“...хаалгыг нь дугтарсан чинь түгжээ нь тавигдаад цаанаас нь О хаалганы бариулаас бариатай цуг татагдаад онгойхоор нь ороол хартал миний охин Бархассүрэн орны наад талд дэвсгэр дээр цусан нь гоожсон, нүүр ам нь нил цус болсон газар сөхрөөд суусан байхаар нь охиноо хараад Од хандаж чи яаж байгаа юм бэ гэж хэлээд баруун гараараа зүүн шанаанд цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч Н.Батзоригийн өгсөн:“...аав Нэргүй хүргэн ах Оыг өшиглөөд нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан чинь О зөрүүлээд аав руу түлхээд заамдаад барилцаад авахаар нь би очиж салгаад цааш Оюунбатыг холдуулсан, ...О гал тогооны шүүгээ татаад хутга авах гэж оролдоод гартаа нэг барьсан байсан түүнийг аав гарыг нь дарж мушгиж байгаад салгаж авсан, хутгаар гарыг нь зүссэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-40-р хуудас/

Шинжээч С.Шүрцэцэгийн:“...зүүн гарын 1-р хурууны эсгэгдсэн шарх гэмтэл нь өнгөц эсгэгдсэн учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 588 дугаартай:“...Оын биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гарын 1-р хурууны эсгэгдсэн шарх гэмтэл үүсчээ.” гэх шинжээний дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 586 дугаартай:“...Н.Бархассүрэнгийн биед тархины доргилт, духны язарсан шарх, 2 нүдний доод зовхи, зүүн мөрний цус хуралт гэмтэл үүсчээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,

Яллагдагч Б.Оын өгсөн:“...би Н.Бархассүрэнгийн биед тархины доргилт, духны язарсан шарх, 2 нүдний доод зовхи, зүүн мөрний цус хуралт гэмтлийг учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Яллагдагч Д.Нийн өгсөн:“...би Б.Оюунбатын биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

Шүүгдэгч Б.Оын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/,

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа,  /хх-ийн 85-94-р хуудас/,

Шүүгдэгч Д.Нийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Д.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-р хуудас/,

Шүүгдэгч Д.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 97-100-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч Н.Бархассүрэнгийн биед гэмтэл учруулсан шүүгдэгч Б.О хохирогч Б.Оын биед гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Бархассүрэн нь прокурорт гаргасан: “...О бид 2 харилцан тохиролцож хохирлын талаар ямар нэг маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 151-р хуудас/,

Хохирогч Б.О нь прокурорт гаргасан: “...хохирлын талаар ямар нэгэн маргаангүй.” /хх-ийн 152-р хуудас/ гэх хүсэлтүүдээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна  гэж үзэв.

-улсын яллагчаас шүүгдэгч Б.О, Д.Н нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.О, Д.Н нарт ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд  шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөнхөр овгийн Бүрэнтогтохын О, Цогт овгийн Дарийн Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Д.Н нарт 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА