| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0158/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/176 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Энхзул,
Улсын яллагч: Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Б.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Өт холбогдох 2029002630148 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Од” зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Батсүрэнгийн уруул, нуруу, мөр хэсэг рүү нь өшиглөх, хазах зэргээр зодож биед нь тархины доргилт, уруулын язарч сэтэрсэн шарх, 2 шүдний доргилт, зүүн бугалганы хазагдсан шарх, цус хуралт, зүүн ташааны цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө мэдүүлэхдээ: “...Одоо 40 нас хүрээд шүүхийн өмнө зогсож байгаа даа өөрөөсөө ичиж байна” гэв.
Хохирогч Б.Батсүрэнгийн өгсөн: “...би Өлтэй маргалдаад дээр доороо ороод зодолдож байснаа санаж байна тэгсэн Ө миний уруул руу өшиглөж байсан тэгээд ахиад ноцолдож байгаад миний зүүн гарын мөрний доод хэсгээс хазсан, нурууны ард хэсэгт өшиглөсөн яг юунаас болж муудсанаа санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
Д.Өийн гэрчээр өгсөн:“...Цэрэнхүү, Батсүрэн бид 3 архи уугаад сууж байтал Батсүрэн миний шанаа руу цохисон тэгээд би Батсүрэнтэй дээр доороо орж ноцолдсон..., Зодолдож байх үед шүд рүү өвдөглөгдсөн байх бас хазсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
Гэрч И.Энхтүвшингийн өгсөн:“...Батсүрэнгийн уруулын дээд тал сэтрээд цус гоожчихсон байж байсан тэгээд би юу болсон талаар асуухад Цэрэнхүү Батсүрэн Ө хоёр муудалцаад Батсүрэн эхлээд Өийг цохисон тэгтэл Өлзийдэлгэр буцаж цохиод ноцолдоод ийм болчихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Гэрч Г.Цэрэнхүүгийн өгсөн:“...Батсүрэн, Энхтүвшин 2 хоорондоо тоглоод байгаа ч юм шиг маргалдаад байгаа ч юм шиг нэг нэгэндээ үг хаяад Батсүрэн нь өөрийгөө зодооны багш би чамайг нэг цохилтоор унагаан гэж хэлж байсан тэгсэн Ө нь урдаас нь чи намайг нэг цохилтоор унагааж чадахгүй гээд тэр хоёр сууж байснаа Батсүрэн гэнэт Өийг цохиод авсан хаана нь цохисныг хараагүй тэгсэн Ө урдаас нь босож ирээд барьцалдаж аваад миний хажуугаар унасан тэгээд би тэр хоёрыг салгаад боль боль цаашаа гээд түлхсэн тэгээд тэр хоёр ахиж цаад талын орон дээр тэврэлдээд ноцолдоод унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №578 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Б.Батсүрэнгийн биед тархины доргилт, уруулын язарч сэтэрсэн шарх, 2 шүдний доргилт, зүүн бугалганы хазагдсан шарх, цус хуралт, зүүн шанааны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/
Шүүгдэгч Д.Өийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Өийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч Д.Өийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-26-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Хохирогч Б.Батсүрэнгийн биед гэмтэл учруулсан Д.Өийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогч Б.Батсүрэнгийн биед хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Батсүрэн нь прокурорт гаргасан: “...миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” /хх-ийн 65-р хуудас/ хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж үзэв.
-улсын яллагчаас Д.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 700 нэгж буюу 700 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Өт ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаагийхан овгийн Даваадоржийн Өийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өийг 700 /долоон зуу/-н нэгж буюу 700 000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА