Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.***, Улсын яллагч Т.***, Шүүгдэгч Ч.***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***овогт ****холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөтөлд Дашваанжил газд түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт **аймгийн **сум, 1-р баг, 00-00 тоотод оршин суух, **овогт ****РД/МП7-/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.**нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр **аймгийн **сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.**гээгдүүлсэн Самсунг маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин Ц.***450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.***нь 2020 оны 09 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.***Самсунг маркийн гар утсыг гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ч.***өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эхнэртэйгээ хамт **явсан. *3*наашаа ирж байтал 18 цагийн үед ажлаас залгасан. Би замдаа ажил дээрээ буусан. Би эрхлэгчийнхээ ажлыг давхар хавсран гүйцэтгэж байгаа юм. Тэгээд намайг нягтлантайгаа ярьж байтал эхнэр залгасан. Би эхнэртэйгээ утсаар ярьтал “эхнэр намайг хурдан ир, ажил руугаа явахаар боллоо” гэж дуудсан. Би алхах гэж байтал такси таарчихсан. Би таксинд суусан. Таксины хойд талын суудал дээр гар утас байсан. Би утасны талаар жолоочид хэлсэн боловч жолооч хараагүй, сонсоогүй. Би Төв ороод таксины зогсоол дээр буусан. Гэрт гал дээр хоол тавьсан байсан учир би таксинаас буугаад шууд гүйсэн. Гэрт хоолоо салгачхаад байж байтал нөгөө утас руу аав гэсэн дуудлага ирсэн. Би утсыг салгачихсан. Утас руу дахиад мессеж ирсэн. Би утасны сеймийг гаргаж харсан. Хоёр мобикомын сейм байсан. Би сеймийг буцаагаад хийсэн. Эхнэр ирсэн. Би утас олсон талаар эхнэртээ хэлсэн. Утсыг эхнэртээ үзүүлсэн. Цагдаагаас хүрээд ир гэсэн. Би цагдаа дээр очтол нэг хүүхэн сууж байсан. Нөгөө хүүхэн миний утсыг гэж хэлсэн. Би утсыг энгэрийнхээ карманаас гаргаж өгсөн. ...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогч Ц.**өгсөн “...2020 оны 09 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа 19 цаг болж байхад би тараад такси бариад гэртээ харьсан тэгээд утсаа шалгаад үзтэл миний утас байхгүй байсан тэгээд **гэх ахдаа би таксинд утсаа мартсан байна гэж хэлээд бид 2 төв рүү орсон чинь миний сууж явсан такси ирээгүй байсан тэгээд сууж явсан такси маань ирэхээр нь би ард суудал дээр нь үзтэл миний утас байхгүй байсан тэгээд таксины жолооч эгч нэг ах руу заагаад тэр залуу миний машинд сууж ирсэн өөр хүн ирээгүй гэж хэлсэн тэгээд тэр залуугийн араас нь гүйсэн чинь зугтаагаад тэгээд би гүйцээгүй болохоор цагдаад мэдэгдсэн тэгээд **ах би цагдаа бид 3 ******* аймаг ******* суманд байрлах **нэртэй колонк дээр очоод таксинд сууж явсан гэх залуугийн утасны дугаарыг олж аваад цагдаа дээр дуудаад уулзахад тэр залуугаас миний утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, 2.Гэрч Х.**өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим би Ц.**ажлаасаа ирэх болж байгаа байх гэж бодоод утас руу нь залгасан чинь авахгүй салгаад байсан юм. Тэгээд удаагүй байж байтал Ц***өөрөө гэрт ороод ирэхээр нь би чи яагаад утсаа авахгүй салгаад байгаа юм бэ гээд асуусан чинь Ц.**та над руу залгасан юм уу гээд цүнхээ ухаж үзсэнээ утас байхгүй алга болчихсон байна гэхээр нь би дахиад **утас руу залгаад үзсэн чинь утас нь дуудаад байсан юм. Тэгсэн Ц.**би сая яг сууж явсан таксиндаа унагаачихсан юм шиг байна явж утсаа олж ирнэ гээд миний утсыг аваад гарсан юм. Тэгээд тэрнээс хойш ойролцоогоор 2 цагийн дараа л байх Золжаргал утсаа олоод ирсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 23 /, 3.Гэрч Т.**өгсөн“...Тэгээд би ажилдаа очоод удалгүй гэртээ ирсэн чинь манай нөхөр Төгсбат гэртээ ирчихсэн надад нэг утас үзүүлээд ийм утас таксинаас оллоо гэж хэлээд яг байж байтал цагдаагаас манай нөхөр лүү залгаад дуудсан юм. Тэгээд манай нөхөр цагдаа руу яваад нөгөө олсон утсаа буцаагаад өгсөн юм ...”гэх мэдүүлэг/хх-ийн 25 /, 4.Гэрч Ч.**өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлчилгээний төв дээрээс нэг эмэгтэй хүн суугаад **хороололд хүргүүлсэн юм тэгээд би тэр охиныг хүргэж өгчхөөд буцаад үйлчилгээний төв явах замаараа Дашваанжил клонк дээр очоод газ хийсэн юм. Тэр үед газаа хийчхээд хөдлөх гэж байхад тэр клонкод ажилладаг залуу төв орох юм уу суугаад явчихъя гэхээр нь би суулгаад үйлчилгээний төв хүргэж өгсөн юм. Үйлчилгээний төв дээр тэр тэр залууг суулгаад очиход тэр залуугаас өмнө нь миний машинд сууж явсан нөгөө эмэгтэй үйлчилгээний төв дээр ирчихсэн байж байсан тэгээд миний машиныг хараад хүрч ирээд эгчээ би танай машинд утсаа хаячихсан байна гэхээр нь би өө тийм үү үз үз би сая хорооллоос ирэхдээ ганц хүн л суулгаж ирсэн өөр хүн суулгаагүй арын суудал хэсгээр сайн үзээрэй уначихсан байж магадгүй гэсэн чинь нөгөө охин байхгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед миний машинд сууж ирсэн **газад ажилладаг залуу тэр охиныг ирэхээс өмнө машинаас буугаад яваад өгчихсөн байсан юм. Дараа нь өөр хоёр гурван хүн үйлдвэр хүргүүлнэ гээд суусан юм тэр үед би тэр хүмүүсийг наана чинь утас уначихсан байж магадгүй сайн үзээрэй гэж бас хэлээд суулгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, 5.Ц.**гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 04-05/ 6.**ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 39/, 7.Шүүгдэгч Ч.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-43,44/, 8.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх прокурорын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн санал /хх-ийн 161/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүгдэгч Ч.**үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: ** ХХКомпанийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны байдлаар 450.000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөг байна ” гэх хэсэг /хх-ийн 08/, гар утсаа буцаан авсан талаарх хохирогч Ц.********** аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтийн “...Миний бие цагдаад өргөдөл гаргасны дагуу цагдаагийн байгууллага Ч.**авсан байна гэдгийг тогтоож, улмаар өөрийн утсыг ямар нэг гэмтэлгүй бүрэн бүтэн буцаан авсан. Миний зүгээс цаашид Ч.**гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...“ гэх хэсэг зэргээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Ч.**Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.**450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна гэв. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдоогүй байна. /хх-ийн 43 /. Шүүгдэгч Ч.***эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна. Дээрх байдлуудыг дүгнээд шүүгдэгч Ч.**нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ч.**нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.13, 37.1, 38.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **овогт Чо** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь 450.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн гар утсыг хохирогч Ц.**буцаан өгсөн болохыг дурдсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА