Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х
Хариуцагч: Улсын байцаагч Х.О, Н.Б нар
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагч Х.О, Н.Б нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярмаа нар оролцов.
                                                ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А албанаас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл манай сургуулийн санхүүгийн тайланд шалгалт хийж илүү олгосон нэмэгдлийг төсөвт төлүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193, 24/03-194 дугаартай актуудаар багш нарыг сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг л олгоно, бусад нэмэгдлийг олгох нь буруу гэж үзэж нэмэгдлийг буцаан төлүүлэхээр акт тогтоосныг Ерөнхий боловсролын сургуульд мөрдөж байгаа журмуудыг зөрчсөн хууль бус актууд байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаартай актын тухайд: Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн норм, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох” журмын 16 дугаар зүйлийн 25-д заасныг зөрчиж багш нарт нэмэгдэл олгосон байна гэж үзэж нийт 22 багш нарт 2016-2017 онуудад олгосон 4,805,477 төгрөгийн 2,288,004 төгрөгийг захирал Н.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.А нараар, 2,517,473 төгрөгийг захирал Н.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Х нараар тус тус адил тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэтэл тухайн багш нар нь ур чадварын нэмэгдэл авахдаа хагас жилд хийсэн ажлаа дүгнүүлж, авсан үнэлгээгээрээ дараа сараас нь эхлэн сар бүр ур чадварын нэмэгдэл авахаар захирлын тушаал гардаг ба захирал тушаалаа сургуулийн менежерүүд, нийгмийн ажилтан, эмч нараас гаргаж өгсөн үнэлгээг үндэслэн гаргадаг. Өөрөөр хэлбэл багш нар 1-6 сарын хооронд хэрхэн, яаж ажилласан, ур чадварын нэмэгдэл авах болзлыг хангасан эсэхийг дүгнэсэн байдлыг харгалзан ур чадварын нэмэгдлийг 9-12, 01, 02 дугаар саруудад,  харин 9-12, 01-02 дугаар саруудын нэмэгдлийг 3-6 саруудад олгодог. Иймээс багш нар нь хийсэн ажлынхаа үр шимийг дараа нь хүртэж байна гэсэн үг юм.
 Мөн шалгуур үзүүлэлтийг хангасан багшид “Заах аргач” мэргэжлийн зэргийг захирлын дэргэдэх хурлаар хэлэлцэн захирлын тушаалаар, “Тэргүүлэх” мэргэжлийн зэргийг Боловсрол, соёлын төвөөс, “Зөвлөх” мэргэжлийн зэргийг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар олгодог. Үүний хүрээнд багш нар хийсэн ажлынхаа төлөө мэргэжлийн зэргийн нэмэгдлийг дараагийн 5 жилийн хугацаанд авдаг. Мөн багш нар нь сурагчийн амралтаар ч ажиллаж байдаг тул уг хугацааны нэмэгдлийг хасах нь буруу юм.
Үүнийг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар буруу ойлгож төлбөр тогтоож байна гэж үзэж байна.
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дугаартай актын тухайд: Энэхүү актаар сурагчийн амралтаар багш нарт хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл олгосныг үндэслэлгүй гэж үзсэн. Уг нэмэгдэл нь хуучнаар говийн нэмэгдэлд хамаарч байгаа бөгөөд сурагчийн амралтаар багш нар нь амрах ёсгүй байдаг. Харин ээлжийн амралт болох 7, 8 саруудад албан ёсоор амардаг. Энэ хугацаанд бол энэ нэмэгдлийг авдаггүй. Иймд улирлын амралтаар хөдөө, орон нутагт ажиллаж байгаа болохоор энэхүү нэмэгдлийг авах ёстой гэж үзэж байна. Улсын байцаагчийн төлбөр тогтоосон актаар нийт 34 багшийн 3,003,871 төгрөгийн төлбөрийн 979,679 төгрөгийг Г.Т, Г.Б нараар, 277,072 төгрөгийг Г.Т, Х.А нараар, 1,385,269 төгрөгийг Н.О, Д.Х нараар адил тэнцүү гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус байна гэж үзэж байна.
Багш нарт ур чадварын болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдлийг олгохдоо хамтын гэрээг үндэслэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгох бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хамтын гэрээг сумын Засаг даргаараа батлуулсан учраас хуулийн 15.4 дэх хэсэгт зааснаар хүчинтэй гэж үзэж байна. Учир нь эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзах ёстой. Гэтэл татгалзаагүй баталсан учраас хууль зөрчөөгүй гэдгийг нотлох гол баримт байна.
Мөн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/293 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад улирлын мөнгөн урамшууллын хэмжээг тухайн жилийн төсвийн урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан үндсэн цалингаас тогтоон олгоно. Нэмэгдлийг улирал бүр тооцож олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн зэрэг, ур чадвараа өмнөх сард нь тогтоолгож авч байгаа учраас энэ ур чадвар, мэргэжлийн зэргийг хасч байгаа нь тухайн хүний хийсэн ажлыг үнэлэхгүй, эрхэд нь халдсан гэж үзэхээр байна.
Сургуулийн захиргаанаас 3 сайдын хамтарсан тушаалыг хэрэгжүүлж сурагчийн амралттай байх хугацаанд багш нарт ур чадварын болон мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгохгүй байсан. Гэтэл жилийн эцэст цалингийн санд мөнгө үлдсэн тул тухайн жилийнхээ төсөвтөө багтааж, хамтын гэрээг үндэслэн дээрх нэмэгдлүүдийг нөхөж олгосон. 3 сайдын хамтарсан тушаалд ур чадварын нэмэгдлийг тухайн байгууллагын цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр олгоно гэж заасны дагуу цалингийн сандаа багтаачихсан тул холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иймд А албаны улсын байцаагч Х.О, Н.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193, 24/02-194 дүгээр актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Х.О, Н.Б нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, А албаны даргын баталсан 2017 оны 09 дүгээр удирдамжийн дагуу Б сургуулийн 2016, 2017 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино”, 3.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, хяналт шалгалт, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтална”, 5.1.1-д “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналтын хүрээнд хийнэ", 5.2.1-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу тус байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг гүйцэтгэсэн ба шалгалтаар 2016, 2017 оны хичээлийн жилд сурагчийн амралттай байх хугацаанд багш нарт Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын нэмэгдэлд 3,003,871 төгрөгийг, мөн ур чадварын болон зэргийн нэмэгдэлд 4,805,477 төгрөгийг тус тус илүү тооцож олгосон зөрчил илрүүлж орон нутгийн төсвийн орлогод төлүүлэхээр улсын байцаагчийн 24/02-193, 24/02-194 дүгээр төлбөрийн актуудыг тогтоосон болно.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ба А албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн актыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно”, 16-д “Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ", 18-д “Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу ерөнхий боловсролын багшид нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан байна.
Албан тушаалын цалин гэж юуг хэлж байна вэ гэхээр 2002 онд батлагдсан Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг төрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны төв байгууллагын саналыг харгалзан Засгийн газар тогтооно. Мөн хуулийн 28.4 дэх хэсэгт цалин хөлс нь төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэжлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ гээд тодорхойлоод заагаад өгчихсөн. Үүний дагуу Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан 2007 оны 354 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоосон байна.
Харин МУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/376/217/366 дугаар “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаал-ын 1-д “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дахь заалтыг “Сурагчийн улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч багш үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд багшид албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил олгоно” гэж өөрчлөн найруулж, уг тушаалын хэрэгжилтийг 2018 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт үүрэг болгосон байгаа нь улсын байцаагчийн тогтоосон актын үндэслэл дэх журмын холбогдох заалт нь хүчин төгөлдөр хэрэгжих үндэслэлтэй байна.
2.    Мөн энэ асуудлаар Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гаргасан гомдлын хариуд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Санхүү, Эдийн засгийн газраас “Сурагчийн улирлын амралттай байх хугацаанд зөвхөн албан тушаалын үндсэн цалинг олгох нь зүйтэй” гэсэн хариуг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9/1670 тоот албан бичиг хүргүүлснийг аймгуудын Боловсрол соёлын газруудад хүргүүлсэн.
3.    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2-т “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална”, 14.1-д “Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө батлахаас өмнө байгуулна”, 15.4-т “Энэ хуульд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 15.5-д "Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй”, 18.2-т “Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно” гэж тус тус тодорхой заажээ. Гэтэл Б сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны сургуулийн захиргаатай байгуулсан хамтын гэрээний 6.5 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8.1.2, 18.2 дахь заалтуудыг зөрчсөн. Мөн хамтын гэрээг боловсруулсан болон баталсан ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс хууль журамд нийцээгүй боловсруулагдаж, батлагдсан хамтын гэрээг үйл ажиллагаандаа мөрдөн төсвийн хөрөнгийг захиран зарцуулснаас санхүүгийн зөрчил гарах үндэс болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймгийн Засаг даргаас 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан А албаны 2018 оны Санхүүгийн хяналт болон дотоод аудитын чиглэлээр шалгалтад хамрагдах байгууллагын нэрс , А албаны даргын баталсан Хяналт шалгалтын удирдамжийн  дагуу тус албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.О, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Б нар нь Б сургуулийн 2016-2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба уг хяналт шалгалтаар 2016, 2017 оны хичээлийн жилд сурагчийн амралттай байх хугацаанд багш нарт мэргэжлийн зэрэг, ур чадвар болон Засгийн газрын 90 дүгээр тогтоолын цалингийн нэмэгдлийг илүү тооцож олгосон зөрчлийг илрүүлж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар,  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр  улсын байцаагчийн актаар тус тус төлбөр тогтоож, харгалзах хугацаануудад ажиллаж байсан сургуулийн захирал, нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
 Нэхэмжлэгч Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар,  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэмэгдлүүдийг хуульд зааснаар бүртгүүлсэн хамтын гэрээний заалтыг үндэслэн сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд батлагдсан төсөвт багтаан олгосон нь хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчөөгүй, захирал, нягтлан бодогч нараар төлүүлэхээр акт тогтоосон ч эцэст нь багш нар буцаан төлөх үр дагавар үүсэх тул хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар тайлбарладаг ба,
харин хариуцагч нарын зүгээс “...сурагчийн улирлын амралттай байх хугацаанд багшид зөвхөн албан тушаалын цалин олгох ёстой байтал, хуульд нийцээгүй хамтын гэрээг үндэслэн багш нарт ур чадварын болон мэргэжлийн зэргийн, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын цалингийн нэмэгдлүүдийг олгож төсвийн хөрөнгийг үндэслэлгүйгээр захиран зарцуулсан” гэх тайлбарыг гарган нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.  
1.    2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар актын тухайд:
Сургуулийн 2016, 2017 оны хичээлийн жилийн сурагчийн улирлын амралттай байх хугацаанд мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийн 4.805.477 төгрөгийг нэр бүхий багш нарт илүү тооцон олгосон болох нь тус сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/54,  мөн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/55  дугаар тушаалууд, цалингийн картууд  зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байх ба маргаан бүхий актаар тогтоосон 4.805.477 төгрөгийн төлбөрөөс 2.288.004 төгрөгийг захирал Н.О,  нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.А ,  2.517.473 төгрөгийг Н.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Х  нараар тус тус хувь адил нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 28 дугаар зүйлийн 28.2.4-т “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг ...Засгийн газар тогтооно” гэж заасан ба Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох” журмын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно” гэж нэмэгдлийг ямар хугацаанд олгох талаар хоёрдмол утгагүйгээр, тодорхой заасан байхад сурагчийн улирлын амралттай байх хугацааны мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлүүдийг нэр бүхий багш нарт илүү тооцож олгосон нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...нэмэгдлийг тушаалын дагуу хасаж явж байсан ба жилийн эцэст санхүүжилт үлдэхээр нь төсөвтөө багтааж, хамтын гэрээний дагуу зөрүү мөнгийг олгосон нь хуулийг зөрчөөгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл төсвийн шууд захирагч болох сургуулийн захирлуудын зүгээс салбарын хэмжээнд мөрдөж байгаа Засгийн газрын тогтоол, холбогдох журмын зохицуулалтыг зориудаар зөрчин, “...төсөвт мөнгө үлдсэн” гэх шалтгаанаар төсвийг үр ашиггүй хэмнэлтгүй захиран зарцуулж мэргэжлийн зэргийн болон ур чадварын нэмэгдлүүдийг багш нарт илүү тооцож олгосныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.  
2.    2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр актын тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны   04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Аймаг сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдэл”-ийг баталсан ба Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох” журмын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын цалин олгоно” гэж дээрх цалингийн нэмэгдлийг ямар хугацаанд олгох талаар тодорхой заажээ.
Гэтэл Б сургуулийн эрх бүхий  албан тушаалтнууд буюу нэхэмжлэгч нар нь дээрх Засгийн газрын тогтоол, холбогдох журмын заалтуудыг болон Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “... санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.5 “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.2-т “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчин сургуулийн 2016, 2017 оны хичээлийн жилийн сурагчийн улирлын амралттай байх хугацаанд Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдлийн 3.003.871 төгрөгийг нэр бүхий багш нарт илүү тооцож олгосон болох нь цалингийн картууд,  хариуцагч улсын байцаагчийн үйлдсэн тооцоолол  зэрэг баримтаар тус тус тогтоогдож байх ба 3.003.871 төгрөгийн төлбөрөөс 979,679 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Г.Т , нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б  нараар, 277,072 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Г.Т, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.А нараар, 1,385,269 төгрөгийг захирал Н.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Х нараар хувь адил нөхөн төлүүлж тус тус төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...хамтын гэрээний заалтыг баримталж нэмэгдлүүдийг олгосон нь зөв, хамтын гэрээг хуульд зааснаар Сумын засаг даргад бүртгүүлсэн учраас хамтын гэрээ илүү хүчинтэй” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч “Дорноговь аймгийн Б сургуулийн захиргаа, хамт олны төлөөлөлтэй байгуулсан хамтын гэрээ”-ний  6 дугаар зүйлийн 6.5 дахь “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид үндсэн цалингаас гадна мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг бүрэн олгоно” гэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Хамтын гэрээ хэлэлцээр байгуулахад хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг баримтална” гэж заасантай нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Сум, дүүргийн түвшинд байгуулсан хэлэлцээрийг сум, дүүргийн Засаг дарга нь түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 15 хоногийн дотор ...бүртгүүлэхээр хүргэнэ”, 15.4-д “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана” гэж заасан байгаа хэдий ч Сумын засаг даргаас дээрх хамтын гэрээг бүртгэсэн нь уг гэрээний холбогдох заалтыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй ба мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...мэргэжлийн зэргийн болон ур чадварын нэмэгдлийг багш нарын өмнө нь хийсэн ажлыг дараа нь дүгнэж олгосон” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан захирлын тушаалууд  болон тус сургуулийн багш нарын цалингийн карт -аар мэргэжлийн зэргийн болон ур чадварын нэмэгдлийг сурагчийн улирлын амралттайгаас бусад бүх хугацаанд олгож байсан нь тогтоогдож байх тул ийнхүү маргасан нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...захирал, нягтлан бодогч нараар төлүүлэхээр акт тогтоосон ч эцэст нь багш нар буцаан төлөх үр дагавар үүсэх тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг ч, маргаан бүхий акт болох 2018  оны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар,  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр улсын байцаагчийн актуудаар тогтоосон төлбөрийг багш нараар биш харин Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах замаар санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллаагүй албан тушаалтнууд болох тус сургуулийн захирал Н.О, захирлаар ажиллаж байсан Г.Т, нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б, Х.А, Д.Х нараар хариуцуулан төлүүлэхээр тогтоосныг дурдах нь зүйтэй.
Дээрхийг бүхэлд нь дүгнэхэд А албаны дарга, санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.О, санхүүгийн хяналтын улсын байцаагч Н.Б нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193, 24/02-194 дүгээр актууд нь хуульд нийцсэн бөгөөд, актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.О, Г.Т, Г.Б, Х.А, Д.Х нарын маргаан бүхий улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-193 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/02-194 дүгээр актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй зарим баримтуудыг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон