| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0938/З |
| Дугаар | 221/МА2022/0398 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0398
| 2022 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2022/0398 | Улаанбаатар хот |
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У болон түүний өмгөөлөгч Н.Ж нар
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: СЯ-ны ХААУБ Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын СЯ-ны ХААУБ Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №УБ/23 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”;
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин
Хэргийн индекс: 128/2021/0938/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас СЯ-ны ХААУБ Б.С-д холбогдуулан “Монгол Улсын СЯ-ны ХААУБ Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №УБ/23 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0234 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 521 дүгээр зүйлийн 521.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан СЯ-ны ХААУБ Б.С-д холбогдуулан гаргасан “Монгол Улсын СЯ-ны ХААУБ Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №УБ/23 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У болон түүний өмгөөлөгч Н.Ж нараас давж заалдах гомдолдоо:
3.1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭЛ хэсэгт Тендерт оролцогч нь өөрийн илгээсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг өөрийн дангаар хүлээхээр хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар хууль журамд зохицуулсан байх тул нэхэмжлэгч дээрх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй... гэж анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж тайлбар хийсэн байна гэж үзэхээр байна.
3.2. Учир нь: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч маргаан бүхий тодорхойлолтыг нүдээр хараад хуурамчаар үйлдэгдсэн, уг тодорхойлолтод зурагдсан гарын үсэг нь КБ ны Дорноговь аймаг дахь салбарын захирал А.Б-ийн гарын үсэг биш гэж дүгнэх боломжгүй юм. Дээрх тодорхойлолтыг "хуурамчаар үйлдсэн” гэх нь гэмт хэргийн шинжтэй ойлголт бөгөөд цагдаагийн байгууллага тусгай мэдлэг, мэргэжил бүхий шинжээч шинжилгээний үр дунд тогтоох боломжтой өргөн хүрээний ойлголт юм. (илт худал мэдээл бүхий тендер гэж дүгнэж байгаа маргаан бүхий КБ ны тодорхойлолтод дарагдсан тамга, тэмдэг, гарын үсэг нь хуурамч эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулахаар хүсэлтийг (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасны дагуу) шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон, тогтоох боломжтой, харин хуурамч бичиг баримт гэж үзвэл эрх бүхий байгууллага хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох боломжтой юм.
3.3. Тус хуульд заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг гэсэн заалтыг тухайн нөхцөл байдалд холбогдуулан үзвэл Улсын байцаагч дүгнэлт гаргах хяналт шалгалтын хүрээнд хийсэн сонсох ажиллагаанд шалгуулагч Т ХХК-ийг төлөөлж захирал У нь Бид 2021 оны 01-р сард тодорхой тендерт оролцохоор төлөвлөн ажиллаж байсан бөгөөд компанийн санхүүгийн чадавхыг (давуу талыг) харуулах зорилгоор КБ наас зээл олгох боломжтой эсэх талаарх лавлагааг авахыг хүссэн" гэжээ.
3.4. Тендерт болон хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн баримтуудаар манай компани тендерт оролцох санхүүгийн бүрэн чадавхтай болох нь нотлогдож байгаа. Хавтас хэрэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хуулийн гэх/ 15 дугаар зүйлийн (санхүүгийн чадавхыг нотлох) 15.3.2, 15.3.3, 15.3.4-т заасан баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн "санхүүгийн чадавхгүй байж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэж үзэх баримт 1 ширхэг ч байхгүй. Ийм тохиолдолд улсын байцаагч илт худал мэдээлэл бүхий тендер" ирүүлсэн гэж " дүгнэх эрхгүй гэж үзэж байна. Хуулийн 5-р зүйлийн 5.1.5-т "тендерийн баримт бичиг" гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг; ... ойлгоно гэж зааснаар банкны тодорхойлолт дангаараа тендерийн бичиг баримт болохгүй юм.
3.5. Хуулийн 15 дугаар зүйлийн зорилго нь "оролцогчийн санхүүгийн чадавхыг үнэлэх асуудал. Энэ нь зөвхөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т "харилцагч банкны мэдэгдэл” гэж зааснаар хязгаарлагдахгүй. Оролцогч хуулийн 15 дугаар зүйлд заасан "санхүүгийн чадавхыг үнэлэх" бүх бичиг баримтыг үнэн зөвөөр бүрдүүлсэн, санхүүгийн чадавхтай болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад улсын байцаагч дүгнэлт бичих боломжтой юм.
3.6. Гэтэл компанийн санхүүгийн чадавхтай бөгөөд тендерийн бичиг баримтыг бодитойгоор, үнэнээр бүрдүүлж хүргүүлсэн байхад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэж буруутгасан улмаар хуулийн 521.2.1.-д "энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" гэж зааснаар дүгнэсэн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй, тендерт оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
3.7. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч Г.Г нь илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж мэдүүлгийн зөрүүг гаргалгүйгээр гэрчийн илт зөрүүтэй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.
3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй атал Улсын байцаагчийн "илт худал мэдээлэл бүхий тендер" гэж үзэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарлаж байгаа КБ ны 2021 оны 01 сарын 18-ны өдрийн №87 тоот дугаартай тодорхойлолтод дарагдсан тэмдэг(тамга), гарын үсэг нь хуурамч эсэхийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь (шүүх хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийг бичгээр гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасныг зөрчсөн) хуулийг зөрчиж үүргээ хэрэгжүүлээгүй үзэж байна.
3.9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 0234 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Э.У болон түүний өмгөөлөгч Н.Ж нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэл тогтоогдсонгүй. Үүнд:
4.1. Монгол Улсын СЯ-ны ХААГ-ын ерөнхий байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 удирдамжаар төсвийн ерөнхийлөн захирагчид болон захиалагчаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн дагуу тендер шалгаруулалтад оролцогчид, гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллага нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Т” ХХК багтжээ.
4.2. Дээрх удирдамжийн дагуу СЯ-ны ХААГ-ын УБ Б.С хяналт шалгалтыг явуулж “Т” ХХК нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан ДУГАОНӨГ/202101030 дугаартай “Сумдын албан хэрэгцээнд бохир сорогч автомашин нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохдоо “илт худал мэдээлэл ирүүлсэн” гэх үндэслэлээр , 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хяналт шалгалтын тухай” УБ/23 дугаар худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг үйлджээ.
4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” тохиолдолд тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэхээр заасан.
4.4. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан ДУГАОНӨГ/202101030 дугаартай “Сумдын албан хэрэгцээнд бохир сорогч автомашин нийлүүлэх” тендер шалгаруулалтад “Т” ХХК оролцохдоо илт худал мэдээлэл бүхий КБ ны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №87 тоот тодорхойлолтыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан “КБ” ХХК-ийн Дорноговь аймгийн салбарын захирал Л.Болормаагийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дүгээр албан бичиг, шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Б, Г.Г нарын мэдүүлэг, Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.
4.5. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
4.6. “Т” ХХК Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан дээрх тендерт оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл ирүүлсэн ..” нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтны нэхэмжлэгчийг “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн” маргаан бүхий дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.7. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын СС-ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендер оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан.
4.8. Үүнээс үзвэл тендерт оролцохдоо нэхэмжлэгчээс “КБ” ХХК-ийн Дорноговь салбарт хандаж албан бичгээр бус утсаар Г.Г гэгчтэй холбогдож тодорхойлолт авч тендерт “илт худал мэдээлэл ирүүлсэн” нь тогтоогдсон тул хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.
4.9. Хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх“ гэж заасан зарчимд нийцсэн байна.
4.10.Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА