Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 467

 

Д.Нинагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07 -ны өдрийн 183/ШШ2016/01316 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нинагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Сундуйд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Нина

Хариуцагч: Б.Сундуй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны гадаа 9 сартай хүүхдээ тэврээд салхилуулаад зогсож байтал хариуцагч Б.Сундуйгийн автомашинд мөргүүлсний улмаас миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Авто ослоос хойш миний толгой байнга өвдөж, шилэн хүзүүнээс эхлэн нуруугаар дагаж, ахар сүүл хүртэл өвддөг, хараа муудаж, хоёр чих шуугьж, сууж босож чадахгүй, уушиганд өөрчлөлт орж амьсгаадан, нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход маш хэцүү болоод байна. Тухайн ослоос өмнө миний бие эрүүл саруул, өдий наслахдаа эмнэлэгт ганцхан удаа 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Б.Сундуй намайг дайрсны дараа байрны жижүүр, үйлчлэгч хоёр намайг босгож, миний дээрээс хүүхдийг минь авсан. Б.Сундуй нь осол гарсан газраас 1 метр гаран зайд хөдөлж, дараа нь бүр өөр газар машинаа байрлуулж, замын цагдаагийн газрын байцаагч ирэхэд хэрэг учралын газраас өөр газарт хэмжилт хийлгэсэн. Тэр үед би босож чадахгүй байсан учир тухайн осол гарсан газрыг зааж өгч чадаагүй. Осол гарах үед Б.Сундуйг түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд утсанд нэгж байхгүй гэж хэлчихээд дараа нь утсаар яриад яваад явсан. Манай охин гарч ирээд цагдаа түргэн дуудаж өгсөн. Б.Сундуйг хүн чанаргүй хүн гэж бодож байна. Энэхүү авто ослын улмаас миний бие эмнэлэгт хэвтэж 500 000 төгрөгийн зардлаар эмчилгээ, шинжилгээ хийлгүүлсэн. Б.Сундуй нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа намайг худал хэлсэн гэж гүтгэж, миний гаргасан нотлох баримтыг хуурамч гэж бичсэнд гомдолтой байна. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлэгт хэвтэж, дүрс оношлогооны дүгнэлт гаргуулахад маш миний биеийн онош муу гарсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хэвтэж эмчлүүлэх хугацаанд миний эрүүл мэндийн даатгалаас 300 000 төгрөг гарсан байна. Иймд хариуцагчаас 1 340 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд талын зогсоол дээрээс хойшоо ухрах үйлдэл хийх үед машины ард хүн орилох чимээ гарахаар нь буугаад харсан чинь эмээ хэвтэж байсан. Би тухайн үед гүйж очоод сугадаад өргөх гэсэн чинь намайг урдаас өшиглөж, тийрээд, алгадаад биедээ ойртуулахгүй байсан бөгөөд манаач ах өргөж босгож өгсөн. Тэр үед түргэн дуудах гэсэн боловч миний утасны цэнэг дуусчихсан байсан бөгөөд Д.Нина гуайд тухайн үед би нэгжгүй байна гээд хэлчихсэн юм Тэгээд утсаа цэнэглэж байхад, нэхэмжлэгчийн охин нь гарч ирээд түргэн дуудсан Түргэн ирж үзээд даралт нь ихэссэн байна гэж хэлчихээд түргэний машин яваад өгсөн. Дараа нь замын цагдаа нар ирж эмээгийн заасан газар нь хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Би Д.Нина гуайг машинаараа мөргөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Осол болох үед харсан нэг ах бараг наад эмээ чинь хөлдөө орооцолдоод уначихсан ш дээ гэж хэлсэн. Тэр ахаас та дугаараа өгөөч гэсэн чинь үгүй ах нь ажилтай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод томографикийн зураг авахуулсан чинь 2 цагийн дараа гарна гээд би тухайн үед мөнгө байхгүй байсан учир маргааш хоёулаа зураг авахуулъя гэхэд эмээ тэгье гэж хэлсэн. Маргааш хоёулаа эх нялхаст очиж томографикийн зураг авахуулж, гэмтлийн эмчид очиж уншуулахад та хөнгөн гэмтэлтэй байна, харъяа дүүргийнхээ эмнэлэгт очиж үзүүл гэсэн чинь надад хэвтэх бичиг хийж өг гэхэд бид нар хэвтэх бичиг хийж өгөхгүй та харъяа дүүргийнхээ эмнэлэгт очиж үзүүл гээд явуулсан. Д.Нина нь үзүүлсэн эмч бүрээс надад хэвтэх бичиг хийж өгөөч гэж гуйгаад байсан эмч нар зүгээр байна гээд эм бичиж өгсөн. Дараа нь шүүх эмнэлэг болон дүүргийн эмнэлэгт нүд, чих хамар хоолой, мэдрэл, гэмтэл зэрэг эмч нарт үзүүлсэн. Тухайн үед эмнэлэгт хэвтэнэ гэхээр нь би одоохондоо мөнгөгүй байна гэж хэлсэн. Дараа нь Д.Нина гуай өөрөө эмнэлэгт хэвтчихсэн байсан. Би Д.Нина гуайд 200 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сундуйгаас 346 500 төгрөгийг гаргуулж Д.Нинад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 953 540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 11 045 төгрөг гаргуулж Д.Нинад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо, 24 дүгээр байрны гадаа 9 сартай хүүхдээ салхилуулан зогсож байтал хариуцагч Б.Сундуй автомашинаар дайрч, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Авто ослоос хойш тархи доргилт авч, толгой байнга өвдөж, шилэн хүзүүнээс эхлэн нуруугаа дагаж ахар сүүл хүртэл өвдөж, хараа муудан, чих шуугиж, сууж босож чадахгүй байгаа тул нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ч чадахгүй байгаа. Би алхаж явж чадахгүй амьсгаадаж, ханиалгаж байхад Б.Сундуй намайг баашилж байгаа гэх зэргээр доромжилж, эмчилгээний зардлыг төлөхгүй, утсаа авахгүй, “...тийм хүн байхгүй...” гэсэн. Надад учирсан биеийн байдлыг харгалзан үзэж, бодит хохирол цаашид эмчлүүлэх, эмчид үзүүлэх эм авах 1 000 000 төгрөгийг хуулийн хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч миний гаргасан нотлох баримтыг хуурамч гэж байгаад гомдолтой байна. Б.Сундуй нь хуулийн өмнө ч гэсэн худлаа ярьсаар байна. Үүнд ослын газраас автомашинаа хөдөлгөсөн, нэг ах наад авгай чинь хөлдөө орооцолдоод унасан гэж, утас нэгж байхгүй гээд яаралтай тусламж дуудаагүй, эмч бүхнээс хэвийн бичиг хийж өгөхийг шаардсан. Тухайн үед хашаан дотор нэг ч хүн яваагүй. Өөрийн биеийн байдлаа мэдээд гэмтэл мэс заслын эмч хэвтэн эмчлүүлэх талаар хэлсэн. Б.Сундуйд хэлээгүй. Жолооч дайрч унагасны дараа байрны жижүүр цэвэрлээгүй, тухайн аваарыг хараад намайг босгож, хүүхдийг минь миний дээрээс авсан. Тухайн үед жолооч зогсолгүй 1 метр гаруй байрнаасаа хөдөлж автомашинаа өөр газарт байрлуулсны дараа замын цагдаа ирж буруу газарт хэмжилт хийсэн. Би тухайн үед босож чадахгүй байсан учраас тухайн газраа зааж өгч чадаагүй. Ямар ч машин явахаар чөлөөтэй байсан, зам хааж зогсоогүй. Б.Сундуй “...энэ авгай баашилж байгаа юм...” гэж цагдаагийн ажилтанд хэлж байсан. Би эрүүл саруул биетэй, хөл гар өвддөггүй учир хөлдөө орооцолдож унах хүн биш. Хариуцагч эмнэлгийн төлбөр төлсөн баримтыг шаардлага хангахгүй гэж үзэж байгаа учир дахиж санхүүгийн баримт авч хавсаргасан. Эмнэлэгт төлбөр төлөөд хэвтэж байгаа хүнд итгэхгүй байгаа бол очиж бичиг баримт өвчний түүхтэй танилцаж болно. Хариуцагч мөнгө олох гэсэн сэдлээр хандаж, хүнийг гүтгэсэн. Хүн хүүхдээ тэврээд машинд дайруулах гээд сууж байх уу. Эмнэлэгт хэвтэж байхад надаас уучлал гуйж, биеийн байдал асууж нэг ч удаа асуугаагүй. Эмнэлэгт хэвтэж байх үеийн өдөр тутмын үзлэгээс бусад бүх материалыг шүүхийн хавтаст хэрэгт эх хувиар нь авч хавсаргасан байгаа. Өвчний түүх үзэх бол тус эмнэлэгт очиж шалгаж үзэж болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэргийг дахин хянаж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

 

            Нэхэмжлэгч Д.Нина нь хариуцагч Б.Сундуйд холбогдуулан гэм хорын хохиролд      1 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Б.Сундуй нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхоны 24 дүгээр байрны автомашины зогсоол дээр Д.Нинаг мөргөсөн үйл баримтын талаар маргаангүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Нинад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2554 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

            Эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ 546 500 төгрөг болсон ба хариуцагч Б.Сундуй 200 000 төгрөг өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь дүгнэсэн байна.

 

            Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаар бичгийн баримт хэргийн 30-31 дүгээр талд авагдсан боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тооцохгүй бөгөөд уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу, уг алдааг залруулах боломжтой юм.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлээ ирээдүйд гарах эмчилгээний зардал гэж тодорхойлсон ба Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь хохирол учирсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг өгөөгүй. Иймд холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07 -ны өдрийн 183/ШШ2016/01316 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сундуйгаас 346 500 төгрөгийг гаргуулж Д.Нинад олгож, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 853 500 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/Ш32017/00583 тоот захирамжаар нэхэмжлэгч Д.Нина нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА