Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 279

 

                                                                                                                                                                                                              

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.Цид холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Мөнхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О,

Цагаатгагдсан Г.Цийн өмгөөлөгч М.Машбат,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Цид холбогдох эрүүгийн 201726030309 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Газарчин овогт Гонгорын Г.Ц, 1964 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 0000 ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000001424/,   

             Г.Ц нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд 44 настай, эрэгтэй Рэнцэнгийн Р.Бг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй унаж тархиндаа амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой байсан боловч тусламж үзүүлээгүй зориуд биелүүлээгүй орхисны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод хэвтэн эмчлэгдэж байгаад 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Цид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Газарчин овогт Гонгорын Г.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Гонгорын Г.Цийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П.Оын 21.061.830 /хорин нэгэн сая жаран нэгэн мянга найман зуун гуч/, Г.Дгийн 557.391.410 /таван зуун тавин долоон мянга гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун арав/ төгрөг тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Kingston” гэсэн бичигтэй DTSE-9GB төмөр флашийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн КТГ-ийн зураг, цээжний рентген зураг, MRI гэсэн гялгар ууттай 8 ширхэг зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оад буцаан олгож, эрүүгийн 201726030309 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагаатгагдсан этгээд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ...цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдолтой байна. Эрүүл саруул ажлаа хийж байсан дүүг маань баярласан талархсанаа илэрхийлж байна гэж, хүүхдийнхээ өвчнөөр далимдуулж, хүүхдээрээ хаацайлж, өдөржингөө утасдаж байгаад авч гарсан. Дуудсаар байгаад авч гарч байгаа бол бүрэн хариуцна. Хоолонд оръё гэж уруу татахдаа шарсан төмс авч өгсөн. Энэ нь согтолтыг дэмждэг. Миний дүүгийн идсэн зүйл нь зөвхөн шарсан төмс. Ууссан зүйл нь жүүс, коктейль, Evok архи. Тэгээд Г.Ц архины тооцоог өөрөө хийсэн. 2 цагийн дотор эрэгтэй хүн 750 граммын архи уусан гэхэд үнэмшихгүй. Г.Ц өмгөөлөгч авснаас хойш худал ярих нь ихэссэн. Нас барсан шалтгаан, үхэлд хүргэсэн зүйл нь юу вэ, тархинд үүссэн зүйл нь юу вэ гэдэг асуултыг анхнаасаа тавьсан. Гэмтэл авах үедээ үхэлд хүргэх гэмтлийг хаана авсан бэ гэдэг асуултыг хариулаагүй. Архины тухай тойроод яриад байдаг. Дуудсан, уруу татсан хүн нь өнөөдөр яагаад цагаатгагдсан юм бэ. Тэгвэл миний дүүд хэн гэмтэл учруулсан юм бэ. Юунаас болж миний дүү нас барсан юм бэ. 44 настай эрэгтэй хүн нас барсан гэвэл хэн итгэх юм бэ. 750 граммын архийг ганцаараа уусан гэвэл хэн итгэх вэ. Камерын бичлэгт сандлаасаа унасан. Нүдний шил нь сүүлд паарны доороос олдсон. Шилний өрөөсөн тал нь хагарсан байсан. Камерын бичлэгт Г.Ц гар утас, нүдний шилийг нь өөрийнхөө цүнхэнд хийж байсан. Тэгсэн атлаа таксин дотор гар утсаар хэн нэгэнтэй ярихыг сонссон гэж хэлсэн. Гомдолтой байна. Ухаан алдаад, эсхүл согтоод унахад хэний зөвшөөрлөөр яагаад тээвэрлэсэн бэ. Ямар автомашинаар тээвэрлэсэн бэ гэдгийг олоогүй. Тээвэрлэхдээ гэмтэл учруулсан юм уу, эсхүл юмаар цохиод гавал тархийг нь гэмтээсэн юм уу. Хэрвээ халтирч унаад тархи нь цөмөрсөн гэдэг талаар би 30 гаруй жил эмнэлгийн байгууллагад ажиллахдаа сонсоогүй. Шинжээчийн дүгнэлтээр гадны нөлөөтэй, хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр гавал тархинд ийм гэмтэл үүсэх боломжтой гэсэн. Хагалгаа хийсэн 2 эмчийн дүгнэлтийг харгалзан үндэслэлтэй дүгнэлт гаргаж өгнө үү. Хаана яаж гэмтэл учруулсан бэ гэдгийг тогтоож өгнө үү. Үхэлд хүргэсэн гэмтлийг хэзээ, хаана авсан болох, гэмтэл авах үедээ ухаан санаа нь ямар байсан, ямар автомашинаар зөөвөрлөсөн, тээвэрлэсэн бэ гэдгийг шалгах ёстой” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Г.Дгийн цорын ганц хүү Р.Р.Бг 2017 оны 1 дүгээр сарын 22-ны орой Г.Ц олон удаа утсаар залган дуудаж, түүгээр ч барахгүй Р.Р.Бгийн гар утсанд 10.000 төгрөгийн нэгж явуулах зэргээр өдөөн хатгаж улмаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Украйн хоолны газар уулзаж 0.75 литрийн “Евок” нэртэй архи захиалан уулгасан байдаг. Урьд нь халамцуу байсан Р.Р.Бд заавал 0.75 литрийн архи захиалан уулгах хэрэг байсан юм уу. Энэ үед Г.Ц эрүүл саруул байсан байдаг. Г.Ц арай эрүүл саруулаар сэтгэж болоогүй юм уу. Р.Р.Бг хөл дээрээ тогтож чадахгүй шахам согтоож аваад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 95 тоотод байх гэртээ очсоны дараа нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 30 дугаар байрны 2 дугаар орцны үүд хүртэл таксигаар нилээд удаан явсан, орцны гаднаас 6 давхар хүртэл ухаангүй согтуу хүнийг чирч гулдран янз бүрээр авч явсан байдаг энэ үед гадаа орцны үүдэнд савж унасан зэрэг ноцтой байдлууд үүсээд байхад Г.Ц эмнэлгийн тусламж юм уу эсвэл ямар нэгэн таагүй зүйл болохоос сэргийлэн эрүүлжүүлэх дуудаад хүлээлгэн өгч явуулж болоогүй юм бэ, ямар зорилготой 6 давхарт танихгүй айлд дээш нь харуулан хэвтүүлсэн юм бэ, ямар ч хүн ухаангүй согтуу хүнийг дээш нь харуулж унтуулж болохгүй гэдгийг мэдмээр байхсан. Хохирогч Р.Р.Б нь Г.Цийн дуудсан ёсоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Украйн хоолны газар сайн дураараа очоод байгаа нь итгэлцлийн хэлбэр тодхон харагдаж байна. Нэг үгээр хэлбэл Р.Р.Б Г.Цид итгэсний улмаас архи хэтрүүлэн хэрэглэж ухаан алдталаа согтсон, гэтэл нөгөө итгэл хүлээсэн Г.Ц маань 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед Р.Р.Бг 95% үхэлд хүргэсэн байдалтай эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа нь “хохирогчийг амь биед нь аюултай нөхцөл байдал үүсээд байгааг мэдсээр байж эмнэлгийн анхны тусламж дуудалгүй удаагаад байгаа” энэхүү асуудал нь эс үйлдэхүйгээр итгэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орхигдуулснаас Р.Р.Бгийн амь нас хохирсон гэж үзэх нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2 дахь зүйл хэсэгт яв цав тохирох онолын үндэслэл харагдаж байна. 2017 оны 1 дүгээр сарын 22-ны үдээс хойш хохирогч Р.Р.Бг Г.Ц гэдэг хүн утсаар удаа дараа элдвээр өдөөн хатгасаар байгаад авч гараад 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд 95% үхэлд хүргэсэн байдалтай эмнэлэгт хүлээлгэн өгсөн байгаа нь Г.Ц гэдэг хүн ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага хүлээнэ гэж өмгөөлөгчийн хувьд хатуу байр суурьтай байна. Г.Ц Р.Р.Бгийн ар гэрийнхэнд хохирлын зардал болон буяны ажилд хэрэглээрэй гэж нэг ч төгрөг төлөхгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Зүгээр явж байсан хүүхэд маань хүнтэй уулзана гэж гараад маргааш өглөө нь нас барсан гэсэнд гомдолтой байна. Г.Ц 10 цаг гаруй хамт хажууд нь байсан атлаа яагаад зүгээр байгаад байсан юм бэ.  Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үүнийг гэмт хэрэг гэж үзэж байна. Өмсөж байсан цамцны баруун талд цусны толбо байсан. Ямар ч хүн хараад цусны толбо гэж хэлнэ. Гэтэл шинжилгээн дээр тос гэж гарсан. Үүнийг түргэн тусламжийн эмч хуйхны баруун хойд хэсэгт зулгарсан шархтай байна гэж хараад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Халтирч унасан газар нь хавтгай цемент байсан. Үл мэдэг хэмжээтэй брожур байсан нь тэрэнд тархи хэзээ ч цөмөрнө гэж байхгүй. Халтирч унах үед зөөгөөд оруулах гэж байхад хөндлөнгийн гэрч Цогтбаатарын мэдүүлэгт “тэр эмэгтэй хүн куртикийг нь барьсан, гэдэс нь ил гарсан, цамц нь дээшээ шуугдсан байдалтай хэвтэж байсан” гэж хэлдэг. Г.Ц мэдүүлэхдээ “чирээд оруулахад гутал нь сугарсан байсан” гэж хэлдэг. Амь хохирогчийн гутал нь хэдэн метр чирсэн ч, үдээс нь тайлагдсан ч сугарахгүй, нарийнхан боомтой, хагас түрийтэй, арзгар ултай гутал өмссөн байсан. Хүн татаад ч тэр гутлыг тайлахааргүй байсан. Тэгэхээр амь хохирогчийг айлд гэмтээчихээд доош нь буулгаад гадаа хүн оруулахыг хүлээгээд байж байсан гэж бодож байна. Нуруу зулгаралтын талаар 6 давхар луу чирч гарахад хүний ууцны хэсэг илүү шалбарна. Гэтэл дал хэсэг илүү зулгаралтай, мах нь гарсан байсан. Эдгээрийг үндэслээд гэмт хэргийн шинжтэй гэж хэлмээр байна” гэв.

 

Цагаатгагдсан Г.Цийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйл буюу аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэсэн зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэхгүй байх гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар харахаар амь биед нь аюултай байдал үүссэн байх, мэдсэн байх, мэдсээр байж тусламж үзүүлэхгүй байх гэсэн эс үйлдэл буюу санаатай хор уршиг буюу хохирлыг хүсч үйлддэг гэмт хэрэг гэсэн. Хэргээс харахад Г.Цийн үйлдэлд ийм зүйл байдаггүй. Гэмтлийн эмч Батцолмон шүүх хуралдаанд ирж мэдүүлэг өгөхдөө “тухайн гэмтлийг авсан хүнийг энгийн хүн болон мэргэжлийн хүн хараад мэдэх боломжгүй” гэж хэлсэн. Зөвхөн мэргэжлийн туршлагатай эмч мэднэ, эсхүл эмнэлгийн байгуулага мэднэ. Тэгэхээр гэмтэл учирсан байхыг мэдсэн атлаа тусламж үзүүлэхгүй байх гэсэн гэмт хэргийн шинж байхгүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хүний амь гэдэг бол хүнд гарз. Гэхдээ үүнийг шийдвэрлэхэд гэмт хэргийн шинж байна уу гэдгийг харж шийдвэрлэх ёстой. Гэм буруу нь тогтоогдоогүй. Хохирогч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрэгт шалгах ажиллагаа хийгдсэн. Таксины жолоочийг асуухаас бусад мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн амь нас хохирсон байна гээд шүүхээр хэлэлцүүлээд, шүүхийн шатанд хохирогч тухайн үед өөрөө тархиндаа гэмтэлтэй байсан. Үүний дараа маргааш өглөө нь эмнэлэгт хүргэгдэн очиж 2 удаа хагалгаа хийгдээд нийт 45 хоног эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Амь биед аюултай үед эмнэлгийн тусламж үзүүлээгүй орхиж явсны улмаас нас барсан байна гэдгээр зүйлчилсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй энэ 3 субъект бэртэл, гэмтэлтэй байх ёстой. Өвчний улмаас бусад туслалцаа үзүүлэх, асрамж шаардлагатай хүний амь насан эрүүл мэндэд учирсан байх ёстой гэсэн. Улсын яллагчийн зүгээс эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдалд орхиж явсан. Эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал гэхээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Г.Цийн хүргэж өгсөн айлд орохдоо таксинаас буугаад Г.Цийг хаалга онгойлгоход буугаад явж байхдаа цементэн дээр арагшаа савж унасан байдалтай байсан. Мөн П.Оын хэлснээр гэрч Цогтбаатарын мэдүүлгээр “дээд талын хувцасыг нь Г.Ц барьж байсан. Мөн цамц дээш сөхөгдсөн, гэдэс нь гарсан, нэг гутал нь хол байдалтай байсан. Цогтбаатар хохирогчийг өргөж оруулахад туслаад 1 давхарт үлдээгээд тэр айлын хүүхэд ирж 6 давхар луу өргөж оруулаад хонуулсан. Хонуулахдаа үед нь хохирогч гэмтэл авсан байдаг. Энэ гэмтлийг гэрт оруулж унтуулаад маргааш өглөө нь мэдсэн гэж Г.Ц мэдүүлдэг. Гэтэл 103-н яаралтай түргэн тусламжийн эмч ирээд “энэ хүн чинь яасан бэ” гэхэд, “энэ хүнийг хажуу тийш нь харуулахад амнаас нь хүрэн өнгийн зүйл гарахаар дуудлага өгсөн” гэсэн. Явж байх замдаа эмч хохирогчийн дагз хэсгийг тэмтэрч үзэхэд ихэнх хэсэг нь хавдсан байсан учраас тархиндаа гэмтэл авсан байна гээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэл авсан гэдгийг 103-н яаралтай түргэн тусламжийн эмч хэлдэг. Гэтэл хагалгаа хийсэн эмч Батцолмон ярихдаа “ямар ч мэргэжлийн болон энгийн хүн хараад энэ хүн гэмтэл авсан байна гэдгийг харах боломжгүй” гэсэн. Тэр харах боломжгүй гэдэг нь дотор гентон үүсэх асуудлыг ярьсан. Хэрвээ тухайн үед гэмтэл аваад 5-6 цагийн дараа тусламж үзүүлсэн тохиолдолд хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан гэж үзсэн. Г.Ц, Ариунаа нар хохирогчийг өргөж явахдаа хойшоо савж унаад дагзанд хаван үүссэн гэдгийг мэдэх боломжтой байсан. Тийм учраас улсын яллагчийн зүгээс эрүүл мэнд амь нас нь аюултай байхад нь айлд оруулж унтуулаад маргааш өглөө нь босголгүйгээр ажилдаа очиж ирчихээд босоорой гэхэд нь хохирогчийн амнаас хүрэн өнгийн зүйл гарахад эмнэлгийн тусламж дуудсан. Энэ хугацааны явцад хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан хэлэлцүүлсэн” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.Цийг 2017 оны 1 дүгээр сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд 44 настай, эрэгтэй Рэнцэнгийн Р.Бг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй унаж тархиндаа амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой байсан боловч тусламж үзүүлээгүй зориуд биелүүлээгүй орхисны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод хэвтэн эмчлэгдэж байгаад 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд Г.Ц нь амь хохирогч Р.Р.Бг тархиндаа хүнд гэмтэл авч амь насанд аюул учирсан нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисон болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.    

Анхан шатны шүүх Г.Цид холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

   Хэрэг учрал болсон гэх тухайн үед шүүгдэгч Г.Ц болон амь хохирогч Р.Р.Б нараас өөр хүн тэдэнтэй байнга хамт байгаагүй байх ба гэрч М.Удаммөнх, Д.Цогтбаатар, шүүгдэгч Г.Ц нарын мэдүүлгүүдэд амь хохирогч Р.Р.Б нь хоолны газар 1-2 удаа унасан, орцны үүдэнд мөн хана түшиж зогсож байгаад унасан талаар тодорхой, тогтвортой мэдүүлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас...” гэж заасан байх ба тухайн үед шүүгдэгч, амь хохирогч хоёрын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Г.Ц нь амь хохирогч Р.Р.Бг тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл авсан болохыг мэдсэн атлаа тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрч Б.Батцолмонгийн “...Тухайн гэмтлийг аваад хурхирах, архи уусан үед унтахдаа хурхирах хоёр бол ялгагдахгүй, туршлагатай хүн мэднэ. Тархины цусан хурааг энгийн хүн байтугай мэргэжлийн хүн ч гаднаас хараад мэдэх боломжгүй. Хуйх бага зэрэг хавагнасан байдаг...” гэж, шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Тархины хуйханд шарх үүссэн бол цус гарна, зулгаралт үүссэн бол цус гарахгүй...” гэж тус тус мэдүүлсэн нь Г.Цийн амь хохирогч Р.Р.Бгийн бэртэл гэмтэл авсан болохыг мэдээгүй байсан гэсэн тайлбарыг нотолж байна.        

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ   

                 

                          ШҮҮГЧИД                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                Д.МЯГМАРЖАВ