Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга Н.***,

     Улсын яллагч  Т.***, 

     Хохирогч Ч.***

     Шүүгдэгч Э.Э-р  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Цахар овогт Энхтуяагийн *******т холбогдох  ***тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн ***оны **дүгээр сарын ***-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт **аймгийн **сумын ** дугаар багийн нутаг фермийн хороололд оршин суух,  урьд ял шийтгүүлж байгаагүй **овогт  Э-н Э-р,  /РД:MB000000/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э-р нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр **аймгийн **сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг “***” гэх газарт Ч.***маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруун дах зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э-р нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр **аймгийн **сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг “**” гэх газарт Ч.**маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруун дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч Ч.**мөрдөн байцаалтын явцад өгсөн:  “...2020 оны 10 дугаар сарын 27-ны 18 цагийн үед **аймгийн **сумын И**багийн нутаг **-5 гэх газарт тариалангийн талбайд 200-300 тооны адуу орсон байсныг туугаад талбайгаас гаргаад явж байхад Тоёота Приус-20 маркийн саарал өнгийн машинтай 1 залуу машины урдуур орж зогсоод машинаасаа бууж ирээд “битгий давраад байгаарай” гээд шууд миний нүүрэн тус газар луу гараараа 3-аас 4 удаа цохисон. Тэгэхэд нь би “та нар адуугаа оруулахаа болиоч дээ” гэж хэлээд зугтаад явсан. Ийм асуудал болсон. Намайг цохисон залууг танихгүй нэг удаа таарч байсан. Нэрийг нь мэдэхгүй. Манай талбай хашаагүй. 200-300 тооны адуу байсан хэний эзэмшлийнх гэдгийг нь мэдэхгүй намайг зодсон залуугийн адуу тал нь байх. Миний хамар мурийсан, толгой өвдөнө. Би зүрхний хагалгаанд орсон уурлаж бухимдаж болдоггүй юм. Адуу хөөлөө гэх шалтгаанаар зодсон. Хээлтэй адуу хөөхөөр хээл хаядаг юм гэж надад хэлсэн. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ..., ...Би **аймгийн **сумын **5 гэх газарт ногоон тэжээл тарьсан юм. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний ногоон тэжээлийн талбайд адуу ороод ирэхээр нь би машинтай туугаад гаргасан чинь адууны нь эзэн гэх танихгүй залуу саарал өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд машинаасаа бууж ирээд адуу хөөлөө гээд надад уурлаад намайг машиндаа сууж байхад цонхоор гараа оруулж ирээд миний нүүр лүү 3-4 удаа цохисон. Тэгэхэд хамар их хүчтэй өвдөж хамраас цус гарсан юм. Тэгээд би шууд машинтайгаа зугтаасан юм. Тэр намайг зоддог залуугийн мал байнгын манай тариалангийн талбай руу орж ирдэг юм. Миний хамар хугарсан. Тухайн үедээ миний толгой хүчтэй өвдөж байсан. Тухайн үед хажууд ямар ч хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 19-20 хуудас/

2.Хохирогч Ч.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Ерөнхийдөө тэр хавийн айлын адуу мал, энэ залуугийн адуу мал өдөр шөнөгүй манай талбай руу ордог. Тэгээд би хурдан өвсөө перслээд авчихъя гээд хэдэн малчдаас нь гуйсан. 2, 3 хоног тэвчээд өгөөч гэж хэлсэн. Надад хохирол гэвэл өчнөөн гарах байх. Боочихсон өвсийг задалж байна. Хураасан өвснөөс идэж байна. Бусад компани, байгууллагуудын талбай руу орсон адуунуудыг хашаад нэг бодийг нь 80.000 төгрөгөөр бодож авдаг юм байна лээ. Тэгэхгүйгээр хүний нутагт ирж газар тариалан эрхэлж байгаа хүний хувьд торгоод яах вэ?, бага зэрэг идэж л байг гэсэн байдлаар ханддаг. Би тариагаа хураах биш өдөржингөө тэр хавийн айлуудын, энэ залуугийн малыг нь хөөсөөр байгаад таардаг. Тэр хавийн айлууд өглөө нь гаргаад урд тариан талбай руу тавьчихдаг. Адуу нь шөнө болгон орж ирдэг. Хамгийн гол нь адуу, малыг нь хөөхөөр тэр хавийн хүмүүс ирээд надтай хэрүүл маргаан хийдэг. Сүүлд нь энэ залууд хамраа цохиулсан. Тэгээд сүүлдээ хөөхөө больсон, тариан талбайгаас болж хүнд алуулаад яах вэ? гэж бодоод хаясан. Хугарсан хамраа бороолуулаад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгэхэд миний хамрын рентген зургийг үзчихээд хагалгааны хувьд 1.500.000 төгрөг, наркозод 300.000 төгрөгөөр орно гэж хэлсэн. Цагдаа нар надаас энэ талаар мэдүүлэг аваагүй. Би хагалгааны мөнгийг нэхэмжилнэ.  Нийт  2.504.212 төгрөг болж байна гэсэн мэдүүлэг .

3.Гэрч П.**мөрдөн байцаалтад өгсөн “...Манай урд талын тариалангийн талбайн өвсийг хурааж байгаа хүнийг танина. Манайд ирээд явж байсан нэрийг нь мэдэхгүй. Манай энэ урд талын тариалангийн талбайн өвсийг худалдаж авч хурааж авч байгаа юм. Малд ширүүн, талбайгаасаа мал тууж гаргахдаа зөөлөн туугаад гаргачихгүй ширүүн хөөж тууж гаргадаг. Мал туугаад гэрийн гадаа ирээд “малаа харахад яадаг юм малуудыг чинь алаад хаячна шүү энэ сэгнүүдээ аваарай” гээд хэл амаар . доромжилдог. Хүнтэй харьцаа муутай залуу байдаг. Бид нарын мал орсон буруу. Тэгэхдээ бид нартай аятайхан ярилцаад учраа олчихгүй харьцаа муутай хүн байсан. Залуу манайд ирээд “би танай эндхийн залууд зодуулчихлаа” гэж ярьж байсан. **тэр залууг зодсон гэж сонсоогүй мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/

4.Гэрч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...**танина. Хуурай ах дүүсийн холбоотой. 1994 оноос хойш танина. **хүн зодсон талаар мэдээгүй байсан. Дараа нь цагдаа нар ирээд **уулзаад явсаны дараа **“урд шөнө тариалангийн талбайгаас адуу хөөгөөд гаргаж байхад нь таарсан гэсэн тэгээд адуу мал ширүүн хөөлөө гэж хэлсэн чинь би өвсөө авмаар гээд хэрэлдээд ёворсон юмаа” гэж хэлсэн. Өөр нарын ширийн зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

5.Гэрч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**буюу **ахыг танина. Нэг дор саахалт айл байгаа. ******* ах адуунд явж байхад хүн адууг нь хөөж байхад нь таарсан гэсэн. Тэгээд адуу хөөхөө боль гэхэд нөгөө хүн уурлаж янз бүрээр хэлсэн гэсэн тэгэхээр нь ******* цохисон юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

6. Д** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 898 дугаартай

 1.*******гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруун дах зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх Гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ч.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Ч.**биед илэрсэн гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

5.Ч.**биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 6-7 хуудас/

 

7 Шүүгдэгч Э.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би орой гэртээ байж байгаад гарсан. Гэтэл энэ хүн/Ч.**/ тариан талбайгаасаа адууг машинаараа хөөж гаргаж байсан. Энэ нь нэг удаагийн хэрэг биш. Олон удаа хөөдөг байсан. Тариан талбайд нь адууг ордог уу? гэвэл ордог. Тухайн үед өвсөө боочихсон байсан. Тэгэхээр нь би очоод адууг ширүүн хөөхөөр хээл хаяад байдаг гэж хэлсэн. Тэгсэн энэ хүн/Ч.**/ миний урдаас уурласан. Харанхуй шөнө байсан. Бид хоёр хоёулаа байсан. Тэгээд би цонхоор нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Энэ хүн өөрөө намайг хараагаад өвсөө хадмаар байна гээд уурласан. Тэр үед нь уур хүрээд ийм зүйл болсон.

Хохирогчид учруулсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрнө  Би өнөөдөр энэ хүнтэй/Ч.**/ 11 цагийн орчим ярьсан. Тэгээд хохирлыг чинь барагдуулъя. Дансаа өгөөч гэсэн чинь над руу дансаа явуулаагүй. Нэмээд эмчилгээний мөнгө нэхэмжилнэ гэж хэлсэн  гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй,  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримтад эрхзүйн дүгнэлт хийхэд:

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч    Э.Эн Ч.Ай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Э.**хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос Э.**хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь  хуулийн шаардлагад нийцсэн гэж  үзлээ.

Шүүгдэгч Э.Э-р гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч Ч.**гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээтэй холбоотой замын зардалд мөрдөн байцаалтын шатанд 704.217 төгрөг нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр  1800.000 төгрөг нэмж  нийт   2.504.212 төгрөг  нэхэмжилж байна.

Хохирогч нь **аймгийн **сумаас ** аймаг руу  хамрын мурийлтаа засуулах гэж эмнэлэг явсан  гэж байгаа тул хавтас хэргийн 23-29-р талд авагдсан нотлох баримтаас хүнсний зүйл авсан 18270 төгрөг, /хх-ийн 23-рт авагдсан/ Хархориноос газ авсан 36590 төгрөг, хоол авсан 30.000 төгрөг /хх-ийн 25-рт/ тосол авсан 15600 төгрөг,  юуных нь мэдэхгүй 23000төгрөг, 68000 төгрөг /хх-ийн 26-рт/ хоол авсан 10.000 төгрөг/хх-ийн 27-рт/, Лүнгээс газ авсан 45230 төгрөг, арц авсан 19700төгрөг /хх-ийн 28-рт/  ундаа жүүс, рестран болон юунд зарцуулсан нь тодорхойгүй 88890 төгрөг нийт 355280 төгрөгт холбогдох хэсгийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож ,

Хуулийн шаардлага хангасан нотлох баримттай 2020 оны 11-р сарын 02-ны өдөр  “**” эмнэлэгт хамар үзүүлсэн 20.000 төгрөг, замын зардалд 328937 төгрөг   нийт 348.937 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.****олгохоор шийдвэрлэлээ. /хх-ийн 24,25,26,27 дугаар хуудас/, /40100₮+23316₮+30000₮+61600₮+19690₮+68890₮+20000₮+62090₮+23251₮=328937₮+20000=348.937₮/

Хохирогч Ч.**хамрын мурийлт засуулахтай холбоотой  ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул 1800.000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.  Иймд  нотлох баримтыг бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Э.Э-р  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Э.**Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ял  оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Шүүгдэгч Э.Э-р нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг  өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Цахар овогт  Э-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.**450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд торгуулийг төлөөгүй тохиолдолд хорих ялаар солигдохыг  Э.Э-т мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э. **гэм хорын хохиролд 348.937 төгрөг гаргуулан  Ч.**олгож нэхэмжлэлийн шаардлагаас 355280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Хохирогч  Ч.**хамрын мурийлт засуулахтай холбоотой зардлаа нотлох баримт  бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА