Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-т холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ... -ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ТЗ ТӨК-д замчин ажилтай,  ам бүл ...,   эцэг эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар баг Чулуутын ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ................., Б.А .  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн ... тоот хашаанд байсан иргэн Н.Б-н эзэмшлийн Тоёота платз маркийн ...... УНЦ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч Н.Б-н“....Т, А хоёртой уг архийг уугаад би нэлээд согтсон. Тэр үед А нь хөдөө явах уу гээд байсан. Тэгэхэд нь би яах юм бэ эндээ байж байгаад унтъя гэж хэлсэн. Тэгээд л би уусан архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. Тэгээд орой 18 цаг өнгөрөөж сэрэхэд А, Т нар намайг гаднаас цоожлоод миний машиныг аваад явчихсан байсан. Мөн үүдний таамбарт байсан 2 шуудай цемент байхгүй байсан юм. А нь Онгон сумаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны орой ирэхэд нь би өөрийн Тоёотай платз маркийн .... УНЦ улсын дугаартай автомашинаа авсан. Тэгэхэд миний машины багаажинд байсан 2018 онд 22.000 төгрөгөөр худалдан авч байсан машины аккумулятор холбогч цахилгааны утас, 2018 онд 15.000 төгрөгөөр худалдан авч байсан аккумулятор холбож асаадаг 12 вольтоор ажилладаг сүүн гэрэл, 2018 онд 3000 төгрөгөөр худалдан авч байсан торцовны иш, 2018 онд 20.000 төгрөгөөр худалдан авч байсан Орос дугуйны насос, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 120.000 төгрөгөөр худалдан авч байсан моторын шүүлтүүр тайлагч, 2019 онд 15.000 төгрөгөөр худалдан авч байсан дуу сонсдог МП3, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан Самсунг галакси эс 8 плас маркийн евро загварын 1 симтэй , Юнителийн ........... дугаартай шинэвтэр гар утас байхгүй болсон байна. Мөн миний машины босоо тэнцүүлэгч дуу орсон байсан. Өөр машинаас эвдэрсэн зүйл мэдэгдээгүй юм. Би Ааас өөрийнхөө автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан.

...Би А-с торцовны иш, Орос дугуйны насос, моторын шүүлтүүр тайлагч, Самсунг галакси С8 плас маркийн Евро загварын 1 симтэй гар утас зэргээ бүрэн бүтэн хүлээн авсан. Харин аккумулятор холбогч цахилгааны утас, аккумулятор холбож асаадаг 12 вольтоор ажилладаг сүүн гэрэл, дуу сонсдог МП3, 2 ширхэг цементийн төлбөр болох нийт 63.900 төгрөг бэлнээр авсан юм. Б.А нь миний хохирлыг бүрэн барагдуулсан учир одоо надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.Н гэдэг хүн нь манай төрсөн эцэг юм. Аав маань надад 2020  оны 02 дугаар сард надад дээрх өөрийн эзэмшлийн Тоуоta Platz  маркийн .... УНЦ улсын дугаартай автомашиныг бэлгэнд өгсөн юм. Тэгээд би уг автомашины шилжүүлгийг хийлгэж амжаагүй байсан юм. гэх мэдүүлэг  /хх-ийн  16-19/,

 

Гэрч Б.З-н“... А-ыг гэрээс нь очиж аваад шууд Б-н гэрт ирээд М бид хоёрыг гэртээ үлдээгээд Т, Б, А нар дэлгүүр рүү нийт 2 удаа явж 2 шил том архи авчирж тэр гурав хувааж ууцгаасан. Тэгэхэд М бид хоёр тэр архинаас нь уугаагүй зүгээр л юм яриад хамт байсан. Архи дуусах үед Б согтуу дэлгүүр орно гээд байхаар нь М машиныг нь бариад Т, Б, А нарыг арын суудалд суулгаад би жолоочийн хажууд суугаад тэд нарын орно гэсэн дэлгүүр рүү нь хүргэж өгч байсан. Тэгээд л дэлгүүрээс тэд нар ямар нэгэн архи дарс аваагүй болохоор Б-н гэрт очиж тэд нарыг буулгачхаад согтуу машин барьж магадгүй гээд М Б-н машиных нь түлхүүрийг цааш нь нуучхаад М бид хоёр гараад явсан юм. М бид хоёрыг тэднийхээс гараад Онцгой байдлын хойд талд замын дэргэд явж байхад А нь Б-н машиныг жолоодчихсон хажуугаар явж харагдсан. Тэгэхэд машин дотор Б, Т нар явж байсан эсэхийг хараагүй. Тэгээд л тэр өдөр дахиж бид нар уулзаагүй юм. М бид хоёрыг явахад Б нэлээн согтсон байдал унт гэхэд унтахгүй байсан. Харин А, Т нар арай гайгүй согтолттой байсан. Тэгэхдээ л тэр гурав уусан архиндаа согтоод гуйвж дайваад, ярьж байгаа үг нь олширсон байсан. Б нь шаргал өнгийн суудлын жижиг автомашинтай байсан. Улсын дугаар, маркийг нь бол мэдэхгүй байна. Тэр машинтайгаа ажил руугаа байнга явдаг юм. Намайг байхад А нь бүгдээрээ ойрхон хөдөө манай ахынх руу явж цагаан идээ авъя гэж ярьж байсан. Тэр үед Б хэлэхдээ М эгч бид хоёрыг архи уугаагүй эрүүл байгаа юм чинь машинаа бариулаад явбал явъя үгүй бол явахгүй гэж л ярьж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Гэрч Г.М-н “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажлынхаа Б гэдэг залуугийнд З, Т бид гурав хамт хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө босоход З явчихсан байхаар нь би гар утсаар холбогдоод дуудахад удалгүй хүрээд ирсэн. Тэгтэл 12 цагийн үед Т хэдүүлээ А-ынд очиж тэрүүгээр архи авахуулж ууя гэхээр нь бүгдээрээ Б-н машинтай А-ын гэрт очиж түүнийг аваад Б-н гэрт ирсэн. Б-нд байхад Т, А, Б гурав дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи авч уухад З бид хоёр тэр архинаас нь уугаагүй. Тэгээд явах гэхэд бид нар согтуу байна чи машин бариад өгөөч гэхээр нь би машиныг нь бариад бүгдээрээ 2-3 дэлгүүр орохдоо манай ажлын О гэдэг ахын эхнэрээс 25,000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн авч тэр гурав дахиад архи ууна гэхээр нь буцаж Б-н гэрт очоод тэд нарыг согтуу машин бариулахгүйн тулд машиных нь түлхүүрийг хоосон аквариум дотор хийж нуугаад Зтай хамт гэр рүүгээ харихаар гарсан юм. Тэгээд Онцгой байдлын хойд талын Өлзийтэй тойргийн дэргэд алхаад явж байтал А нь Б-н машиныг жолоодчихсон ард нь Б, Т хоёр тасарчихсан явж байсан. Тэгэхэд А нь хамт явъя гэхээр нь З бид хоёр үгүй гэж хэлээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зугтаагаад тэнд 30 орчим минут болоод гэр рүүгээ харьцгаасан юм. Тэгээд л тэр өдөр дахиж уулзаагүй юм. Тэгэхэд хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. З бид хоёрыг байхад Б, Т нар уусан архиндаа тасарсан байсан. А болохоор нэлээн согтсон байсан. Б нь цайвар шаргал өнгийн ......УНЦ гэсэн дугаартай машинтай. Маркийг нь мэдэхгүй байна. А нь ойрхон хөдөө явъя гээд байсан. Тэгэхэд Б хэлэхдээ Мээр машинаа бариулаад явбал явъя. М явахгүй гэвэл бүгдээрээ явахгүй шүү гэж байсан. Тэгээд ямар ч гэсэн намайг байхад бол хөдөө яваагүй юм. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Яллагдагч Б.А-ын “...манай ажлын Б, Т, М, З дөрөв өчигдөр Б-нд архи ууж хоносон гээд манайд ирээд ганц нэг шил архи аваад өгчих гэхээр нь надад мөнгө алга гэхэд ямар ч гэсэн хамт явъя гэхээр нь гараад Б-н машинтай гэрт нь очиход Б нь манайд 2 шуудай цемент байсныг нэгийг нь зараад архи авчихсан гээд нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирэхэд тэр архинаас Б бага зэрэг уугаад би үлдсэнийг нь ганцаараа уусан юм. Тэр үед М, Т, З нар уухгүй гээд уугаагүй. Тэгээд архи дуусахад дахиад нэг шил юм авч ууя гэсэн чинь Б нь одоо нэг шуудай цемент байгаа тэрийг заръя гэхээр нь хамт Б, Т хоёртой хамт Б машинаа жолоодоод машинтай нь гарч яваад тэгээд юу болсныг мэдэхгүй байна ямар ч гэсэн гадуур явж байгаад цементийг нь хамт явж зараад дахиж нэг шил 0.75 литрийн архийг 13-р дэлгүүрээс аваад Б-н гэр рүү явах үед тэрээр би муудаж байна гээд байхаар нь би машиныг нь бариад гэрт нь очиход М, З хоёр гараад явчихсан юм. Тэгээд л авсан архиа Б, Т хоёртой гурвуулаа хуваагаад ууж байхдаа тэр хоёрыг манай Онгон нутгаар хамт явах уу манай эмээ хамаатангууд байдаг юм. Тэнд Хавиргын булгийн ус ууж, нутаг үз гэхэд тэрээр за тэгье гэж байсан. Тэгээд дахиж бид нар гадагшаа гарч нэг шил 0.75 литрийн архи авч уусан. Тэр архийг би хүнээс мөнгө зээлж аваад уусан. Тэгээд л Б нь уусан архиндаа согтоод унтаад өгсөн юм. Тэгэхээр нь би Б-оос машиных нь түлхүүрийг авсан байсан болохоор Б-г унтаж байхад нь хулгай орчих байх гэж бодоод гаднаас нь түгжээд Т-тэй хамт түүний машиныг аваад Онгон сум руу явчихсан байсан. Яаж явж очсоноо санахгүй байна. Ямар ч гэсэн Онгон суманд очоод бид хоёр машин дотроо унтсан. Маргааш өглөө нь Хавиргын булаг орчиход шууд аймгийн төв рүү буцаад Т-г буулгасан юм. Тэгээд би ганцаараа Онгон сум руу очиж Отрядын байранд байдаг Ушу Н гэдэг айлд очиж хоносон. Маргааш, нөгөөдөр нь Наран сум болон Дарьганга сумдаар явж байгаад буцаад Онгон суманд очиж тэнд байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын төлөөлөгчид нь баригдаж саатуулагдсан юм. Н.Б нь Тоёота платз маркийн .....УНЦ улсын дугаартай шаргал өнгөтэй суудлын автомашин байсан юм. Би уусан архиндаа согтоод Н.Б-н Тоёота платз маркийн .......УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан байна. Би В ангиллын жолооны үнэмлэхтэй юм. Би Н.Б-н гэрээс 2 шуудай цемент авснаа санахгүй байна. Харин Б-той хамт 1 шуудай цементийг нь зарсан. Тэр үед Б, Т хоёр хаана, хэнд зарсан болохыг мэдэхгүй байна. Би уусан архиндаа ухаан санаа орж гараад байсан. Би Б, М, З, Т нартай хамт “ТЗ” ТӨХК-д ажиллаж байсан юм. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж Бид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болохоор энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/,

 

  • Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 05-08/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн засаг даргын Б.А-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35/

 

- Шүүгдэгч Б.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/

 

-Линзийн өгөөж ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-53/

 

- Шүүгдэгч Б.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-57/

 

-Шүүгдэгч Б.А-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 67/

 

-Хохирогч Н.Б-н хохирлын маргаангүй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 68/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/59 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 70 /

 

-  Ялын төрөл хэмжээний талаарх  Прокурорын 77 дугаартай санал /хх-71/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн ....... тоот хашаанд байсан иргэн Н.Б-н эзэмшлийн Тоёота платз маркийн ...... УНЦ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүй авч явсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Н.Б нь Тоёота платз маркийн ....... УНЦ улсын дугаартай шаргал өнгөтэй суудлын автомашин байсан юм. Би уусан архиндаа согтоод Н.Б-нТоёота платз маркийн .... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан байна. Би В ангиллын жолооны үнэмлэхтэй юм. Би Н.Б-н гэрээс 2 шуудай цемент авснаа санахгүй байна. Харин Б-той хамт 1 шуудай цементийг нь зарсан. Тэр үед Б, Т хоёр хаана, хэнд зарсан болохыг мэдэхгүй байна. Би уусан архиндаа ухаан санаа орж гараад байсан. Би Б, М, З, Т нартай хамт “ТЗ” ТӨХК-д ажиллаж байсан юм. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж Бид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх,

 

Хохирогч Н.Б-н “...Тэгээд орой 18 цаг өнгөрөөж сэрэхэд А, Т нар намайг гаднаас цоожлоод миний машиныг аваад явчихсан байсан. Мөн үүдний таамбарт байсан 2 шуудай цемент байхгүй байсан юм. А нь Онгон сумаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны орой ирэхэд нь би өөрийн Тоёотай платз маркийн .... УНЦ улсын дугаартай автомашинаа авсан. Тэгэхэд миний машины багаажинд байсан 2018 онд 22.000 төгрөгөөр худалдан авч байсан машины аккумулятор холбогч цахилгааны утас, 2018 онд 15.000 төгрөгөөр худалдан авч байсан аккумулятор холбож асаадаг 12 вольтоор ажилладаг сүүн гэрэл, 2018 онд 3000 төгрөгөөр худалдан авч байсан торцовны иш, 2018 онд 20.000 төгрөгөөр худалдан авч байсан Орос дугуйны насос, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 120.000 төгрөгөөр худалдан авч байсан моторын шүүлтүүр тайлагч, 2019 онд 15.000 төгрөгөөр худалдан авч байсан дуу сонсдог МП3, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан Самсунг галакси эс 8 плас маркийн евро загварын 1 симтэй , Юнителийн ........... дугаартай шинэвтэр гар утас байхгүй болсон байна. Мөн миний машины босоо тэнцүүлэгч дуу орсон байсан. Өөр машинаас эвдэрсэн зүйл мэдэгдээгүй юм. Би Ааас өөрийнхөө автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Хохирлоо нөхөн төлсөн бид нар эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... гэх,

 

Гэрч Б.З-н“...М бид хоёрыг тэднийхээс гараад Онцгой байдлын хойд талд замын дэргэд явж байхад А нь Б-н машиныг жолоодчихсон хажуугаар явж харагдсан. Тэгэхэд машин дотор Б, Т нар явж байсан эсэхийг хараагүй. Тэгээд л тэр өдөр дахиж бид нар уулзаагүй юм. М бид хоёрыг явахад Б нэлээн согтсон байдал унт гэхэд унтахгүй байсан. Харин А, Т нар арай гайгүй согтолттой байсан. Тэгэхдээ л тэр гурав уусан архиндаа согтоод гуйвж дайваад, ярьж байгаа үг нь олширсон байсан. Б нь шаргал өнгийн суудлын жижиг автомашинтай байсан. Улсын дугаар, маркийг нь бол мэдэхгүй байна. Тэр машинтайгаа ажил руугаа байнга явдаг юм. Намайг байхад А нь бүгдээрээ ойрхон хөдөө манай ахынх руу явж цагаан идээ авъя гэж ярьж байсан...” гэх

   Гэрч Г.М-н “...Тэгээд Онцгой байдлын хойд талын Өлзийтэй тойргийн дэргэд алхаад явж байтал А нь Б-н машиныг жолоодчихсон ард нь Б, Т хоёр тасарчихсан явж байсан. Тэгэхэд А нь хамт явъя гэхээр нь З бид хоёр үгүй гэж хэлээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зугтаагаад тэнд 30 орчим минут болоод гэр рүүгээ харьцгаасан юм. Тэгээд л тэр өдөр дахиж уулзаагүй юм. Тэгэхэд хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. З бид хоёрыг байхад Б, Т нар уусан архиндаа тасарсан байсан. А болохоор нэлээн согтсон байсан. Б нь цайвар шаргал өнгийн .....УНЦ гэсэн дугаартай машинтай. Маркийг нь мэдэхгүй байна. А нь ойрхон хөдөө явъя гээд байсан...” гэх мэдүүлгүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн баримтаар Б.А нь хохирогч Н.Б-н хамт архи ууж байгаад хохирогчийг архиндаа согтоод унтсаны дараа түүний эзэмшлийн Тоёото Платз маркийн ....... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сүхбаатар аймгийн Онгон сум руу явах зорилгоор эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа Онгон сумаар явах зорилгоор бусдын тээврийн хэрэгслийг дур мэдэн 5 хоног авч явж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулжээ.

 

Өөрөөр хэлбэл, Б.А нь уг тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн, завших зорилгогүй, Онгон сум явах зорилгоор авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бид учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу шүүгдэгч Б.А уг Тоёото Платз маркийн .... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч  хохирлын талаар гомдолгүй гэдгээ хэрэгт “ Б.А нь миний хохирлыг нөхөн төлж, бид эвлэрсэн тул  гомдол санал байхгүй “ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Б.А-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал, прокурорын саналыг харгалзан  үзэж  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Б.А-т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.А-г авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР