Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.О-д холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар баг, “Ж” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулж, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........., Ч.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын .. дугаар баг “АО” задгай тоотод иргэн Ц.Ө-н зүүн хөлийн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед Ц.Ө орж ирсэн. Намайг орж ирсэний дараахан ирчихээд миний толгой руу өшиглөчихөөд яваад өгсөн. Дараа нь орж ирэхэд нь би “чи аавынхаа үгэнд орохгүй байгаа юу аавыгаа 2 жилийн өмнө зодсон байна” гэж хэлээд хоёр удаа нүүр рүү нь алгадсан. Дараа нь гарч яваад хоёр найзтайгаа ирээд миний шилэн хүзүү рүү цохихоор нь би уурандаа хутга барьсан гэв.

 

 Шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би 0,5 литрийн Х нэртэй архи ганцаараа уугаад өөрийн төрсөн ээж Б-н гэрийн гадаа сууж байтал Ц.Ө ирэхээр нь би “чи аавынхаа үгэнд орохгүй гадаар хэсээд арай дэндүү байна шүү” гэж хэлэхэд чамд хамаагүй гээд миний толгойн дагз руу нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн ба удалгүй нэг найзтайгаа ирж байгаа харагдсан бөгөөд намайг гэрийн зүүн ор руу түлхэж унагаагаад гэрээс гараад явчихаар нь би гэрээс алаг иштэй хутга аваад гэрээс гарахад Ц.Ө нь найз болох нэг хүнтэй намайг дарж унагаагаад Ц.Ө нь гараараа миний нүд рүү цохисон мөн У гэх найз нь гараараа миний шилэн хүзүү рүү цохисоныг санаж байна. Тэгээд би дийлэхгүй болохоор нь барьж байсан хутгаараа Ц.Ө-н зүүн гуя руу дүрсэн ба Ц.Ө нь та намайг хутгалчихлаа гэж хэлээд түргэн дуудсан. Харин би ээжийнх рүү орсон юм. Мөн тухайн үед Ө нь 2 петоноор хоёр удаа толгой руу цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 31/

 

- Хохирогч Ц.Ө-н: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр сумын наадмыг үзэх гэж сумын төвд эмээгийндээ ирсэн. Тэгээд наадмын хоёр дахь өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны 10 цагт эмээгийн гэрээр ороод гаръя гээд очиход манай авга ах Ч.О эмээгийнд согтуу байж байсан. Надаас тамхи нэхээд хэл амаар доромжилоод байхаар нь би эмээгийн гэрийн зүүн талын ор руу түлхэж унагаад гартал араас хутга бариад иртэл манай хоёр найз, дүү нар хутгийг нь авах гээд газар унагаад дараад авч чадахгүй байхаар нь би дүү нарыг хутгалж магадгүй гээд эргэж очоод та нар холд гээд би хутгатай гар руу нь хөлөөрөө хий өшиглөөд оноогүй. Тэгтэл өндийгөөд миний зүүн гуяны ард хэсэгт хутгалсан. Тэгээд би цус алдаад толгой эргээд газар хэвтсэн. Ч.О ах гараад алга болсон. Би цагдаа, түргэн дуудаж эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 8/,

 

- Гэрч А.Г: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед наадам үзэхээр талбай явах замдаа Ц.Ө ахыг дамжаад авах гээд эмээгийнд нь очиход Ц.Ө ах Ч.О гэх өөрийн аавын дүүтэй муудаж байсан. Тэгээд Ц.Ө гэрийн зүүн ор руу түлхэж унагаагаад гараад гэрийн сүүдэрт сууж байхад О ах гэрийн зүүн талд байсан том сандал дороос хутга аваад Ц.Ө-г ална гээд гарсан. Ө бид хоёр Ч.О ахыг дарж унагаагаад хутгийг нь авах гээд авч чадаагүй. Тэгсэн Ц.Ө ах та нар холдож бай гэхээр нь бид хоёр холдсон. Тэгсэн Ц.Ө хутгатай гар руу нь өшиглөх гэж байгаад хий өшиглөсөн. Тэгтэл зүүн гуянд нь хутгалсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудсан... ” гэх мэдүүлэг   /хх-ийн 13/,

 

- Гэрч А.У: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед наадам үзэхээр А.ГЭ бид хоёр талбай явах замдаа Ц.Ө ахаас шилээ авах гээд эмээгийнд нь очиход Ц.Ө ах Ч.О гэх өөрийн аавын дүүтэй муудаж байсан. Тэгээд би Ц.Ө-г согтуу хүнтэй муудаж хэрэггүй гаръя гэж хэлсэн чинь Ц.Ө гэрийн зүүн ор руу О ахыг түлхэж унагаагаад гараад гэрийн гадаа хашаанд хамт зогсож байхад Ц.Ө-н дүү Ц.Ө “ ахаа хутга аваад гарч байна шүү зугтаарай” гэсэн. Тэгээд бид хоёр зугтсан чинь дүү нар О ахыг дарж унагаагаад хутгийг нь авах гээд авч чадаагүй. Тэгсэн Ц.Ө буцаж очоод та нар холдож бай гээд хутгатай гар руу нь өшиглөх гэж байгаад хий өшиглөсөн. Тэгтэл зүүн гуянд нь хутгалсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудсан... ” гэх мэдүүлэг   /хх-ийн 14/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 366 дугаартай: 1. Ц.Ө-н биед “зүүн гуянд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-17/,

 

  • Хохирогч Ц.Ө-т үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-16/

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17-18/

 

- Шүүгдэгч Ч.О-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 32/

 

- Шүүгдэгч Ч.О-н байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/

 

- Шүүгдэгч Ч.О-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 34/

 

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, торгууль төлсөн баримт  /хх-ийн 51/

 

- Шүүгдэгч Ч.О-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 44/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 08 дүгээр сарын 03-ны өдрийн 5/67 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 46 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 85 дугаартай санал /хх-47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар

 

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар баг “АО” задгай тоотод иргэн Ц.Ө-н зүүн хөлийн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий”  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Намайг орж ирсэний дараахан Ө ирчихээд миний толгой руу өшиглөчихөөд яваад өгсөн. Дараа нь орж ирэхэд нь би “чи аавынхаа үгэнд орохгүй байгаа юу аавыгаа 2 жилийн өмнө зодсон байна” гэж хэлээд хоёр удаа нүүр рүү нь алгадсан. Дараа нь гарч яваад хоёр найзтайгаа ирээд миний шилэн хүзүү рүү цохихоор нь би уурандаа хутга барьсан...” гэх,

 

хохирогч Ц.Ө-н “...2020 оны 07 дугаар сарын 12-ны 10 цагт эмээгийн гэрээр ороод гаръя гээд очиход манай авга ах Ч.О эмээгийнд согтуу байж байсан. Надаас тамхи нэхээд хэл амаар доромжилоод байхаар нь би эмээгийн гэрийн зүүн талын ор руу түлхэж унагаад гартал араас хутга бариад иртэл манай хоёр найз, дүү нар хутгийг нь авах гээд газар унагаад дараад авч чадахгүй байхаар нь би дүү нарыг хутгалж магадгүй гээд эргэж очоод та нар холд гээд би хутгатай гар руу нь хөлөөрөө хий өшиглөөд оноогүй. Тэгтэл өндийгөөд миний зүүн гуяны ард хэсэгт хутгалсан. Тэгээд би цус алдаад толгой эргээд газар хэвтсэн. Ч.О ах гараад алга болсон. Би цагдаа, түргэн дуудаж эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан... гэх,

 

гэрч А.ГЭ-н: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед наадам үзэхээр талбай явах замдаа Ц.Ө ахыг дамжаад авах гээд эмээгийнд нь очиход Ц.Ө ах Ч.О гэх өөрийн аавын дүүтэй муудаж байсан. Тэгээд Ц.Ө гэрийн зүүн ор руу түлхэж унагаагаад гараад гэрийн сүүдэрт сууж байхад О ах гэрийн зүүн талд байсан том сандал дороос хутга аваад Ц.Ө-г ална гээд гарсан. Ө бид хоёр Ч.О ахыг дарж унагаагаад хутгийг нь авах гээд авч чадаагүй. Тэгсэн Ц.Ө ах та нар холдож бай гэхээр нь бид хоёр холдсон. Тэгсэн Ц.Ө хутгатай гар руу нь өшиглөх гэж байгаад хий өшиглөсөн. Тэгтэл зүүн гуянд нь хутгалсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудсан гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 366 дугаартай: 1. Ц.Ө-н биед “зүүн гуянд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ө-тай маргалдаж түүний зүүн хөлийн гуянд хутгалж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Ч.О-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Ө-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Ө нь “миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.   

Иймд шүүгдэгч Ч.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Ч.О-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5  дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              

Шүүх шүүгдэгч Ч.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдлыг харгалзан  үзэж  шүүгдэгч Ч.О-д  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Ч.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  Ч.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ч.О энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР