Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00167

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/00167

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Урианхай овогтой, Оюуны Цагаанхүүгийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Хабинат 6 дугаар гудамж, 81 тоотод оршин суух, регистрийн дугаар БЕ60021308 /

 

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Цагаанхүү, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Цагаанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өдөлмөрийн дэвтэрт О.Цагаанхүү гэж бичихийг О.Цагаанцэцэг гэж буруу бичсэнийг шүүх залруулсан бөгөөд 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт хувь тэнцүүлж гарах гэтэл ажилласан жилүүд нь ороогүй байна билээ. Тийм учраас хөдөө аж ахуйд ажилласан жилүүдээ нэмэн тооцуулж бүрэн тэтгэвэр тогтоолгох гэсэн юм. Иймд намайг 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Цагаанхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Цагаанхүү “...хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг О.Цагаанхүү гэж бичихийг О.Цагаанцэцэг гэж буруу бичсэнийг шүүх залруулсан... Намайг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд саальчнаар 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/01391 дүгээр шийдвэрээр Оюуны Цагаанцэцэгийн 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Урианхай овогтой, Оюуны Цагаанхүү болохыг тогтоожээ.

 

Урианхай овогтой, Оюуны Цагаанхүү нь 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлийн 3 дугаар бригадад ингэний саальчнаар ажиллаж байсан болох нь 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, 1986 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Сайшаалийн үнэмлэх, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баярын бичиг, гэрч Т.Нямсүрэнгийн “...О.Цагаанхүү бид хоёр 1981 оноос 1990 он хүртэл хамтдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлийн бригадад хамтдаа малчин, саальчнаар О.Цагаанхүү нэгдэл хувьчлагдахад 1990 онд ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бүрлээгийн “...би уг нэгдэлд 1987 оноос малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг ажилд ороход О.Цагаанхүү гуай саальчнаар ажиллаж байсан. Тэрээр нэгдэл хувьчлагдах үед ажиллаасаа 1990 онд гарсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

            Түүнчлэн, Үндэсний төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1043 дугаар тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2017200102 дугаар тодорхойлолтоор “...Оюуны Цагаанхүүтэй холбоотой баримт байхгүй болно” гэжээ.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Урианхай овогтой, Оюуны Цагаанхүү нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлийн 3 дугаар бригадад 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд ингэний саальчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Урианхай овогтой, Оюуны Цагаанхүү нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлийн 3 дугаар бригадад 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд ингэний саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч О.Цагаанхүү нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД