Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир ,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Н-д холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 19... оны .. дугаар сарын ...-нд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “Г” бүрэн бус нөхөрлөлд малын эмч ажилтай, ам бүл .., эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дүгээр баг Амгалангийн ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ................, Г.Н.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Ш гэх газар иргэн Х.А-г зодож эрүүл мэндэд нь  тархи доргилт, зүүн шуу, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч Х.А-н: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Баруун-Урт сумын 8 дугаар баг Ш гэх газар манай гэрт малын эмч Н манай гэрт согтуу орж ирээд манай нөхрөөс архи асуухаар нь байхгүй гэсэн чинь угаасаа та нарт байхгүй л дээ муу гуйлгачид гээд манай нөхөр рүү дайраад Г-г мөргөөд зодох гээд байхаар нь Б салгаж аваад өөр айл руу ганцаараа явсан чинь монгол архи уучхаад 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 03 цагийн үед ирээд та нар намайг гуйлгачин гэж хэллээ өөрсдөө гуйлгачин байж гээд агсам тавиад намайг үсдээд баруун чих рүү гараараа цохисон тэгээд над руу сандал шидээд оноогүй Б салгах гээд дийлэхгүй байсан тэгээд манай зүүн урд талын Д.Б гэдэг айл руу яваад 30-40 минутын дараа буцаж ирэхэд нь би гадаа байх үед ирээд үсдээд хоёр гурван удаа зүүн хацар руу алгадсан, хоёр хөл рүү өшиглөсөн өмнө нь гэрт зодоод байхаар нь дуудлага өгчихсөн байсан болохоор цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-7-10 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Г-н “...2020 оны 07 дугаар сарын 20-ны 21 цагийн үед малын эмч Н манай гэрт согтуу ирсэн ...манай эхнэртэй маргалдаж байхаар нь би таньдаг болохоор тоохгүй хэвтэж байсан чинь над руу ирээд намайг чи муу аймхай эр, эхнэрийнхээ араар нуугдсан гэж хэлээд миний дээрээс дараад авсан. Тэгээд миний хамрыг мөргөөд, миний нүүрийг маажсан. Н бид хоёрыг зууралдаж байхад манай хажуу айлын хүү Б орж ирээд салгасан. Б Н-г гэрээс авч гараад Н машинаа асаагаад хөдлөөд явсан.Тэгээд бид нар унтаж байсан чинь 03 цаг өнгөрч байхад Н манай баруун хойно байдаг Б гэдэг ахтай манай гэрт ирээд бингоны саванд хийсэн монгол архи гаргаж ирээд ууж байснаа хоорондоо муудаад гадаа гараад дахин маргалдаж муудаад байсан. Тэгээд Н манай гэрт орж ирээд намайг ална гээд байхаар нь би хувцсаа өмсөөд гараад адуундаа явсан юм. Тэгээд би адуугаа хураагаад гэртээ ирэхэд Н-г цагдаа нар аваад явсан байсан. Н миний хамрыг мөргөж цусалсан. Бас миний нүүрийг маажаад, миний толгойн ард нэг удаа гараараа цохисон. Намайг мордоод явсны дараа манай эхнэрийг үснээс нь зулгаагаад өшиглөсөн байсан. Бас үсдээд толгой тархи руу нь цохисон одоо манай эхнэрийн толгой нь өвдөөд байгаа. Н архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-11-12 дугаар хуудас/,

 

Гэрч С.Б-ы “...Г ахын гэрт ороход Н манай хажуу айлд согтуу ирээд Г ах, А эгч нартай маргалдаж байхаар нь би Н-г авч гараад машинд нь суулгасан. Н машиндаа суугаад манай баруун хойно байдаг айлд унтана гэж хэлээд машинаа асаагаад явсан. Тэгээд би гэртээ ороод унтаж байсан чинь шөнө 03 цагийн үед хүн бархираад байхаар нь босоод гарсан чинь гэрийн гадаа Н манай нутгийн Б гэдэг ахыг дагуулаад ирсэн, Б ах хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу зогсож байхаар нь Б ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би Б ахыг гэрт нь хүргэж өгчхөөд ирсэн чинь Н А эгчтэй маргалдаад А эгчийг үснээс нь татаад, өшиглөөд байсан. Г ахыг зодож цохисон талаар нь би хараагүй. Шөнө 03 цагийн үед ...Н А эгчийн үснээс нь татаж унагаагаад толгой руу цохиод, хөл гар руу нь өшиглөөд байхаар нь би салгаад Н-г аваад явсан. Г ах болон А эгч Н-г зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх-13-дугаар хуудас/,

 

Г.Н-н “...Би 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г гэх айл руу очсон чинь унтаж байхаар нь хаалгыг нь цохиж нээлгэж ороод Г-с нэг шил архи байна уу гэсэн чинь байхгүй гэхээр нь эхнэр А-тай нь та намайг 6 сард танайд архи уучихаад ирэхэд гуйлгачин гэж хэлсэн тэгж болохгүй шүү, та нар манай худагт малаа усалж байгаа шүү гэж хэлсэн ...тэгээд нөхөр Г-тэй нь муудсан тэр үед Г бид хоёрыг зууралдаад байж байхад хажуу айлын залуу Б орж ирээд намайг авч гарсан. Тэгээд Б намайг машинд суулгахаар нь би машиндаа суугаад Б гэдэг айлд очсон. Б ахынд очоод Б ахтай 2 литр монгол архи хувааж уугаад би Б ахыг дагуулаад Г гэдэг айлд очоод Г, Б ах бид гурав 1 литр монгол архи хувааж уучхаад, Г-н гэрээс 1 литр монгол архи аваад Б ахтай Г-н хажуу талд байдаг Б-ы гэрт нь очсон. Б-ы гадаа би 1 литр монгол архиа ууж байсан чинь Б мотоциклоо унаад Б ахыг хүргэж өгөхөөр явсан. Би тэр үлдсэн архиа уугаад сууж байсан. Их уусан болохоор цаашид болсон явдлын талаар санахгүй байна. Нэг сэргэсэн чинь Б-тай хамт муссо гээд миний машинтай Б унаад явж байсан тэр үед Б чи болохгүй шүү А эгчийг үсдэж зодоод байх юм чамайг аваад явж байна гэхээр нь би гэр лүүгээ явахгүй гээд буцаад Г-н гадаа ирсэн чинь цагдаа ирчихсэн суу гэхээр нь суугаад цагдаа дээр ирсэн. 2020 оны 06 дугаар сард Г-н эхнэр А нь намайг согтуу гарт нь хэвтэж байхад гуйлгачин гэж хэлсэн болохоор нь хэдэн үг хэлэх гэж очсон. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-14-16, 33-34 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаартай “Х.А-н биед тархи доргилт, зүүн шуу, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-18-22 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Г.Н-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35/

 

Шүүгдэгч Г.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 37/

 

Шүүгдэгч Г.Н-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 40/

 

Хохирогч Х.А-н гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49/

 

Шүүгдэгч Г.Н-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 50/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/72 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 51 /

 

            Хохирогч Х.А-гаас гаргаж өгсөн 07 секундын дуу дүрсний бичлэгтэй цагаан өнгийн компакт диск

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 90 дугаартай санал /хх-52/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Ш гэх газар иргэн Х.А-г зодож эрүүл мэндэд нь  тархи доргилт, зүүн шуу, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “... би Б-ы гадаа 1 литр монгол архиа ууж байсан чинь Б мотоциклоо унаад Б ахыг хүргэж өгөхөөр явсан. Би тэр үлдсэн архиа уугаад сууж байсан. Их уусан болохоор цаашид болсон явдлын талаар санахгүй байна. Нэг сэргэсэн чинь Бтай хамт муссо гээд миний машинтай Б унаад явж байсан тэр үед Б чи болохгүй шүү А эгчийг үсдэж зодоод байх юм чамайг аваад явж байна гэхээр нь би гэр лүүгээ явахгүй гээд буцаад Г-н гадаа ирсэн чинь цагдаа ирчихсэн суу гэхээр нь суугаад цагдаа дээр ирсэн. 2020 оны 06 дугаар сард Г-н эхнэр А нь намайг согтуу гэрт нь хэвтэж байхад гуйлгачин гэж хэлсэн болохоор нь хэдэн үг хэлэх гэж очсон. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” ”гэх,

 

хохирогч Х.А-н “...2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 03 цагийн үед ирээд та нар намайг гуйлгачин гэж хэллээ өөрсдөө гуйлгачин байж гээд агсам тавиад намайг үсдээд баруун чих рүү гараараа цохисон тэгээд над руу сандал шидээд оноогүй Б салгах гээд дийлэхгүй байсан тэгээд манай зүүн урд талын Д.Б гэдэг айл руу яваад 30-40 минутын дараа буцаж ирэхэд нь би гадаа байх үед ирээд үсдээд хоёр гурван удаа зүүн хацар руу алгадсан, хоёр хөл рүү өшиглөсөн өмнө нь гэрт зодоод байхаар нь дуудлага өгчихсөн байсан болохоор цагдаа ирээд аваад явсан...” гэх,

 

гэрч Г.Г-н “...Намайг мордоод явсны дараа манай эхнэрийг үснээс нь зулгаагаад өшиглөсөн байсан. Бас үсдээд толгой тархи руу нь цохисон одоо манай эхнэрийн толгой нь өвдөөд байгаа. Н архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлгүүд,

 

гэрч С.Б-ы: “...Тэгээд би Б ахыг гэрт нь хүргэж өгчхөөд ирсэн чинь Н А эгчтэй маргалдаад А эгчийг үснээс нь татаад, өшиглөөд байсан. Г ахыг зодож цохисон талаар нь би хараагүй. Шөнө 03 цагийн үед ...Н А эгчийн үснээс нь татаж унагаагаад толгой руу цохиод, хөл гар руу нь өшиглөөд байхаар нь би салгаад Нг аваад явсан. Г ах болон А эгч Н-г зодож цохиогүй...” гэх

 

Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаартай “Х.А-н биед тархи доргилт, зүүн шуу, 2 хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, хохирогч Х.А-с гаргаж өгсөн 07 секундын дуу дүрсний бичлэгтэй цагаан өнгийн компакт диск  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.А-тай маргалдаж түүнийг зодож гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүгдэгч Г.Н-н, хохирогч Х.А-г үснээс зулгааж өшиглөж, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Г.Н-н үйлдлийн улмаас хохирогч Х.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.А нь “миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг прокурорын газарт гаргасан байна. Иймд шүүгдэгч Г.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Г.Н-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5  дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      

Шүүх шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдал, прокурорын саналыг  харгалзан  үзэж   Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Г.Н нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Н энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан өнгийн СиДи-г” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР