| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0178/э/ |
| Дугаар | 117 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир ,
Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-д холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл .., эхнэр, ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, Б-Д гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай РД:/.........../ Г.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.А нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Б-Д” гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр А.А-н биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хэвлий, зүүн гарын буглага, шуу, 2 хөлийн гуянд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б-Д гэх газар байх манай гэрт ийм зүйл болсон гэв.
Хохирогч А.А-н: “...2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Б-Д” гэх газарт байх гэрийнхээ хажуу талын гэрт цагаан идээгээ боловсруулж байхад нөхөр Г.А нь баруун гэрээс утсаар яриад орж ирэхдээ намайг хэл амаар доромжилж хүү ЛО нь аймгийн төвд байх гэрээ цоожлоогүй байна гээд уурлаад байхаар нь чи надад хэлээд яахав дээ наад үгээ өөрт нь хэлэлдээ гэхэд чи юу гээд хүүхдэдээ өмөөрөөд байгаа юм бэ гэхээр нь чи хүүхдээ байхгүйд нь байнга үглэх юм өөрсдөд нь хэл гэхэд намайг чи дандаа хүүхдээ өмөөрдөг гээд модон сандлаар бие рүү цохихоор нь зүүн гэрээс баруун гэр рүү зугтаад ороход араас орж ирээд нүүр рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд толгой руу нь цохиход ямар их толгой руу цохидог юм бэ гээд орны хөлд өлгөөтэй байсан шилбүүрийн уяагаар биеийн бүх хэсэг рүү олон удаа цохихоор нь зугтааж гараад машинаа унаад хөдөө гэрээсээ аймгийн төвд ирсэн. Намайг цохиж зодож байхдаа ална гэж хэлээд зодоод байхаар нь арай нэг юм зугтаад явсан. Тухайн үед нөхөр бид хоёроос өөр хүн байхгүй байсан ...Гэр бүлийн хооронд маргаан болоод миний буруу үйлдлээс болж намайг зодсон бол надад гаргах гомдол санал байхгүй. Харин хөндлөнгийн хүний үгэнд ороод гэр бүлийн хүнээ зодож байгаад гомдож байна. Нөхөр Г.Ад зодуулсны улмаас баруун хацар хавдаж хөхөрсөн, зүүн гарын булчингаас шуу хүртэл хөхөрсөн, гэдэс хөхөрсөн, нурууны ард хэсэг хөхөрч урагдаж зулгарсан, 2 гуя хөхөрсөн гэх гэмтлүүдийг авсан. Толгой өвдөнө шилбүүрийн мяндсан уяагаар гуядуулж /шавхуурдуулсан/ цохиулсан болохоор цохиулсан газруудад өвдөж байна. Манай нөхөр хадам ээжтэй утсаар ярьж орж ирээд намайг зодсон. Би бодохдоо хүү ЛО-г гэрээ цоожлож яваагүй гэх шалтгаанаас болж намайг зодох хүн биш, өөр ямар нэг шалтаг шалтгаанаас болж уурлаж зодсон байх гэж бодож байна. Г.А-тай нэг гэр бүл болоод анх удаа биедээ хөнгөн гэмтэл учиртал зодуулсан болохоор тухайн үед их гомдож, уурлаж бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй учраас буруу мэдүүлэг өгсөн байна. Манай нөхөр надаас уучлалт гуйгаад дахин ийм алдаа дутагдал гаргахгүй талаар олон удаа амлалт өгөхөөр нь би нөхөр Г.А-г уучилсан” гэх мэдүүлэг /хх-5-13 дугаар хуудас/,
Гэрч А.ЛО-н “...2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын.. дугаар сарын Дэнжийн ....... тоотод байх гэртээ ороод усны сав хайж байгаад гэрээ цоожлоогүй явсан. Энэ талаар эмээ А нь аав Г.А-нд хэлсэн байсан. Аав ээж хоёр ямар шалтгаанаас болж маргалдаж муудсан талаар мэдэхгүй ...Манай аав Г.А нь ажилсаг хөдөлмөрч хичээнгүй төлөв даруу зантай үг дуу цөөнтэй, гэр бүлдээ халамжтай. Хорт муу зуршилгүй хүн” гэх мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/,
Яллагдагч Г.А-н “...ээж А-тай утсаар яриад биеийг нь асуугаад утсаа таслах гэтэл ээж танай дунд хүү ЛО нь байшингаар ирээд явахдаа гэрийнхээ хаалгыг цоожлохгүй явсан талаар хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар эхнэр А.А-д хэлэхэд яахав дээ хүүдээ хэл гэхээр нь чи юу гээд хүүхдээ өмөөрөөд байгаа юм бэ гэхэд чи хүүхдээ байхгүйд нь байнга үглэх юм өөрсдөд нь хэл гэхээр нь уур хүрээд төмөр сандлаар толгой руу нь цохиход зүүн гэрээс гараад баруун гэр рүү зугтаагаад орохоор нь араас нь дагаад орсон. Тэгээд гэрийн баруун талд гараад настай ээжээр минь битгий оролдоорой анх тусдаа гарахдаа л ээжийнхээ малыг хардаг байсан шүү гэж хэлээд толгой руу нь цохиход зөрүүлээд миний толгой руу цохихоор нь чи миний тэргүүнд хүрдэг болчихсон юм уу гээд улам уур хүрээд гэрийн баруун орны хөлд байсан шилбүүрийн уяагаар олон удаа гуядаж ороолгосон, ороолгохдоо биеийн бүх хэсэг рүү ороолгосон. Хэдэн удаа гуядаж ороолгосон талаар мэдэхгүй. Хамгийн сүүлд хөл рүү шилбүүрийн уяагаар ороолгоход гэрээс зугтаж гараад машинаа унаад яваад өгсөн. Тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Эхнэр бид хоёр жижигхэн асуудлаас болоод маргалдаж муудаад ийм асуудалд хүрсэн ...би эхнэрээ зодож цохисондоо гэмшиж байна. Би А.А-н биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. А.А гэх хүнд цохиулсны улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-14-16, 38-41 дүгээр хуудас/,
Шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 437 дугаартай “А.А-н биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хэвлий, зүүн гарын буглага, шуу, 2 хөлийн гуянд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-19-24 дүгээр хуудас/,
Шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийнн 443 дугаартай “Г.А-ы биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-25-28 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-3 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-4 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.А-н оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43/
Шүүгдэгч Г.А-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/
Шүүгдэгч Г.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 44/
Хохирогч А.А-н гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийнн 5/74 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 54 /
Хохирогч Х.Адъяагаас гаргаж өгсөн 07 секундын дуу дүрсний бичлэгтэй цагаан өнгийн компакт диск
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 92 дугаартай санал /хх-55/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Б-Д” гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр А.А-н биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хэвлий, зүүн гарын буглага, шуу, 2 хөлийн гуянд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “... ээж А-тай утсаар яриад биеийг нь асуугаад утсаа таслах гэтэл ээж танай дунд хүү ЛО нь байшингаар ирээд явахдаа гэрийнхээ хаалгыг цоожлохгүй явсан талаар хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар эхнэр А.А-д хэлэхэд яахав дээ хүүдээ хэл гэхээр нь чи юу гээд хүүхдээ өмөөрөөд байгаа юм бэ гэхэд чи хүүхдээ байхгүйд нь байнга үглэх юм өөрсдөд нь хэл гэхээр нь уур хүрээд төмөр сандлаар толгой руу нь цохиход зүүн гэрээс гараад баруун гэр рүү зугтаагаад орохоор нь араас нь дагаад орсон. Тэгээд гэрийн баруун талд гараад настай ээжээр минь битгий оролдоорой анх тусдаа гарахдаа л ээжийнхээ малыг хардаг байсан шүү гэж хэлээд толгой руу нь цохиход зөрүүлээд миний толгой руу цохихоор нь чи миний тэргүүнд хүрдэг болчихсон юм уу гээд улам уур хүрээд гэрийн баруун орны хөлд байсан шилбүүрийн уяагаар олон удаа гуядаж ороолгосон, ороолгохдоо биеийн бүх хэсэг рүү ороолгосон. Хэдэн удаа гуядаж ороолгосон талаар мэдэхгүй. Хамгийн сүүлд хөл рүү шилбүүрийн уяагаар ороолгоход гэрээс зугтаж гараад машинаа унаад яваад өгсөн ...” гэх,
хохирогч А.А-н “...2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Б-Д” гэх газарт байх гэрийнхээ хажуу талын гэрт цагаан идээгээ боловсруулж байхад нөхөр Г.А нь баруун гэрээс утсаар яриад орж ирэхдээ намайг хэл амаар доромжилж хүү ЛО нь аймгийн төвд байх гэрээ цоожлоогүй байна гээд уурлаад байхаар нь чи надад хэлээд яахав дээ наад үгээ өөрт нь хэлэлдээ гэхэд чи юу гээд хүүхдэдээ өмөөрөөд байгаа юм бэ гэхээр нь чи хүүхдээ байхгүйд нь байнга үглэх юм өөрсдөд нь хэл гэхэд намайг чи дандаа хүүхдээ өмөөрдөг гээд модон сандлаар бие рүү цохихоор нь зүүн гэрээс баруун гэр рүү зугтаад ороход араас орж ирээд нүүр рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд толгой руу нь цохиход ямар их толгой руу цохидог юм бэ гээд орны хөлд өлгөөтэй байсан шилбүүрийн уяагаар биеийн бүх хэсэг рүү олон удаа цохихоор нь зугтааж гараад машинаа унаад хөдөө гэрээсээ аймгийн төвд ирсэн. Намайг цохиж зодож байхдаа ална гэж хэлээд зодоод байхаар нь арай нэг юм зугтаад явсан...” гэх,
гэрч А.ЛО-н “...“...2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар сарын Дэнжийн .... тоотод байх гэртээ ороод усны сав хайж байгаад гэрээ цоожлоогүй явсан. Энэ талаар эмээ А нь аав Г.А-нд хэлсэн байсан. Аав ээж хоёр ямар шалтгаанаас болж маргалдаж муудсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлгүүд,
Шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 437 дугаартай “А.А-н биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хэвлий, зүүн гарын буглага, шуу, 2 хөлийн гуянд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр А.А-тай маргалдаж түүнийг зодож гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч Г.А-н, эхнэр А.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Г.Аг-н үйлдлийн улмаас хохирогч А.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.А нь “Манай нөхөр надаас уучлалт гуйгаад дахин ийм алдаа дутагдал гаргахгүй талаар олон удаа амлалт өгөхөөр нь би нөхөр Г.А-г уучилсан” гэх хүсэлтийг прокурорын газарт гаргасан байна. Иймд шүүгдэгч Г.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.А-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Г.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР