Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир ,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Х.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.И-д холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс  халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ..., аавын хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ... дугаар баг, Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй РД:/.........../ Х.И.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.И нь Сүхбаатар аймаг Дарьганга сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “БХ” гэх газар 2007 оноос хойш итгэмжлэн хариуцаж байсан  өөрийн аавын ах болох иргэн С.Ч-н эзэмшлийн 1 тооны шүдлэн эр үхрийг 2018 оны 02 дугаар сард завшиж бусдад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сард ээж мөнгөний хэрэгтэй байна гээд хотоос ирэхэд нь хоёр үхэр хийж өгөөд явуулсан. Нэг үхэр нь өөрийн нэг нь С.Ч-н үхэр байсан гэв.

 

Хохирогч С.Ч-н “...Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “БХ” гэх газраас 2018 оны 02 дугаар сард цагаан зүсмийн 2 чих араас ганзага имтэй шүдлэн эр үхэр алдсан. Тухайн үед манай үхрийг миний төрсөн дүүгийн хүү И гэж залуу харж байсан. Энэ үхрийг И үгүй хийсэн байж болзошгүй тул шалгуулмаар байна. Тэр үеэр манай дүүгийн эхнэр  хотоос ирээд И үхэр хийж явуулсан сураг байгаа. Би тухайн үед Иээс үхрээ асуухад мэдэхгүй алга болсон байна. Ааваас асуу гээд байдаг байсан. И-д миний үхрийг захиран зарцуулах эрх байхгүй манайх сумаас баруун хойш С гэх газар байдаг тэнд үхэр нутагшихгүй элс рүү хуучин нутагруугаа гүйгээд байдаг тэгээд Иийг харж байгаарай гэж хэлж үлдээсэн.Тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж байна. И надад соёолон насны эр үхэр өгсөн. Миний хохирлыг барагдуулсан болохоор надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-4-10 дугаар хуудас/,

 

Гэрч О.З-н “...2018 оны өвөл И манайд хоньтойгоо ирж өвөлжсөн 2018 оны өвөл 01 дүгээр сарын дундуур И-н ээж О Улаанбаатар хотоос ирээд 3 хоносон тэгээд явахад нь И үхрээ хөөж ирээд манай гадаа цагаан шүдлэн эр үхэр, охин хар бяруу барьж аваад махалж ээждээ өгч явуулсан. 2 чих нь араасаа имтэй байсан байхаа цагаан шүдлэн насны эр үхэр байсан. Хар бярууг нь би өөрөө барьж өгсөн 2 чих араасаа имтэй И-н өөрийнх бяруу байсан. И манай үхэр гээд өдөр хийсэн болохоор хулгайн мал гэж мэдээгүй. Б ах И бид 3 байсан.” гэх мэдүүлэг /хх-14 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Х-н “...Би 2018 оны өвөл Дарьганга сумын .... дугаар багийн нутаг “БХ” гэх газар өвөлжсөн юм. Манай хүү И 1 бяруу ээждээ өгсөн гэж хэлсэн тэрнээс өөр үхэр өгсөн гэж хэлээгүй дараа нь үхрээ хураахад манай ах Ч-н цагаан эр үхэр байхгүй байсан би өдөржин хайгаад олоогүй сүүлд И ээждээ өгсөн гэдгийг нь мэдсэн. Би гэртээ байгаагүй сумын төвд байсан. И бид 2-т Ч ахын үхрийг захиран зарцуулах эрх байхгүй өвөлдөө хардаг юм.” гэх мэдүүлэг /хх-13 дугаар хуудас/,

 

Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн үнэлгээ /хх-16-25 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Х.И-г ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37/

 

Шүүгдэгч Х.И-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 38/

 

Шүүгдэгч Х.И-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 40/

 

Хохирогч С.Ч-н гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт

 

Шүүгдэгч Х.И-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/75 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 46 /

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 93 дугаартай санал /хх-47/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.И нь Сүхбаатар аймаг Дарьганга сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “БХ” гэх газар 2007 оноос хойш итгэмжлэн хариуцаж байсан  өөрийн аавын ах болох иргэн С.Ч-н эзэмшлийн 1 тооны шүдлэн эр үхрийг 2018 оны 02 дугаар сард завшиж бусдад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “... 2018 оны 02 дугаар сард манай ээж хотоос мөнгөний хэрэг гарлаа гэж ирэхээр нь 2 үхэр хийж явуулсан. Нэг нь манай аавын ах Ч гэж хүний цагаан зүсмийн /хоёр чих араас ганзага имтэй/ шүдлэн эр үхэр байсан. Тухайн үед ахдаа  үхрийг нь алга болсон гэж хэлээд ээждээ өгөөд явуулчихсан юм.  Ч ахын үхрийг 2007 оноос хойш би өөрөө харж юм. Ээжид өөрийн үхэр гэж хэлсэн. Аав болохоор гэртээ эзгүй байсан. Үхрийг ажиллахдаа Б гэж танил ахтайгаа хамт хийсэн ...” гэх,

 

хохирогч С.Ч-н “...Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “БХ” гэх газраас 2018 оны 02 дугаар сард цагаан зүсмийн 2 чих араас ганзага имтэй шүдлэн эр үхэр алдсан. Тухайн үед манай үхрийг миний төрсөн дүүгийн хүү И гэж залуу харж байсан. Энэ үхрийг И үгүй хийсэн байж болзошгүй тул шалгуулмаар байна. Тэр үеэр манай дүүгийн эхнэр  хотоос ирээд И үхэр хийж явуулсан сураг байгаа. Би тухайн үед И-с үхрээ асуухад мэдэхгүй алга болсон байна. Ааваас асуу гээд байдаг байсан. Иэд миний үхрийг захиран зарцуулах эрх байхгүй...” гэх,

 

гэрч О.З-н ... 2018 оны өвөл И манайд хоньтойгоо ирж өвөлжсөн 2018 оны өвөл 01 дүгээр сарын дундуур И-н ээж О Улаанбаатар хотоос ирээд 3 хоносон тэгээд явахад нь И үхрээ хөөж ирээд манай гадаа цагаан шүдлэн эр үхэр, охин хар бяруу барьж аваад махалж ээждээ өгч явуулсан. 2 чих нь араасаа имтэй байсан байхаа цагаан шүдлэн насны эр үхэр байсан. Хар бярууг нь би өөрөө барьж өгсөн 2 чих араасаа имтэй Иийн өөрийнх бяруу байсан. И манай үхэр гээд өдөр хийсэн болохоор хулгайн мал гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг

 

Гэрч С.Х-н “...Манай хүү И 1 бяруу ээждээ өгсөн гэж хэлсэн тэрнээс өөр үхэр өгсөн гэж хэлээгүй дараа нь үхрээ хураахад манай ах Ч-н цагаан эр үхэр байхгүй байсан би өдөржин хайгаад олоогүй сүүлд И ээждээ өгсөн гэдгийг нь мэдсэн...гэх

 

Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  “1 тооны үхрийг 500 000 төгрөг гэж дүгнэж байна” гэх үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Х.И нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Х.И-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  Х.И нь  хөрөнгө завших  гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Х.И-н үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Х.И-г бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

Хохирогч С.Ч-д  учирсан 500 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Х.И-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Х.И-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.И-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.И-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж мөн хугацаагаар оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.И  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч Х.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.И-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.И-д оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.И-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.И-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Х.И энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.И энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР