Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01627

 

Л.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1353 дугаар магадлалтай,

Л.Х-ын нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүү мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х-, өмгөөлөгч Э.Нямжав, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Хан-Уул дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаар Хүүхдийн шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, үндсэн цалинг нь ТҮ6-5 шатлалаар 563.430 төгрөгөөр цалинжуулахаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Б/07 дугаар тушаал хэрэгт авагдсан. Ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сар 15 хоногийн олговор шаардах үндэслэлтэй. Иймд 6.487.558 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэл төлөх үүрэгтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэжээ.                      Хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг 6 сар 15 хоногоор тооцсон, харин хариуцагчийн зүгээс 2017 он 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг нийтдээ ажлын 136 хоног гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас цалин хөлстэй холбоотой маргааныг анх удаа гаргаж шүүх хэлэлцэж байгаа учраас шинээр нотлох баримт бүрдүүлж өгсөн. Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлд зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого, унаа, түлш, байр хоолны үнийг хөнгөлөлт ажилтны цалин хөлсийн хөнгөлөлтөд оруулахгүй, 2016 оны 12 дугаар сард Л.Х-ад 202.835 төгрөгийн тэтгэмжийг эмчилгээнд зориулж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын цалингаас унаа хоолны мөнгийг хасахад 845.145 төгрөг, 12 дугаар сарын 690.202 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 811.202 төгрөгийн дундаж цалин хөлсийг бодоход 741.850 төгрөг гарсан. Үүнийг 136 хоногоор тооцоход 4.585. 920 төгрөгийг шаардах үндэслэлтэй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 6.192.669 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Х-ад олгож, үлдэх 294.889 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 114.033 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1353 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.660 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 1353 дугаартай магадлалд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Х- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “ажилгүй байсан хугацааны цалинд 11.121.528 гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн” шаардлага гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсан атлаа шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ 11.121.528 төгрөгөөс 6.192.669 төгрөгийг хангаж шийдвэрлэн үлдэх хэсгийг хэрхэн яаж шийдвэрлэснээ дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх багасгах, өөрчлөх эрхтэй болохоос биш өмгөөлөгчийн хувьд энэхүү эрх хязгаарлагдмал юм. Тэгтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бууруулсан, өөрчилсөн шаардлага байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг бууруулж шийдвэрлэхдээ шийдвэртээ тодорхойлж заагаагүй нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ тухай ярьж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, зөвтгөж байж шүүх хуралдааныг хуулийн дагуу хийхийг санал болгож мэтгэлцэж оролцсон байхад хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрт огт тэмдэглээгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Л.Х-ын урьд нь шийдвэрлэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой иргэний хэрэгт нотлох баримтыг буруу үнэлж 1 сарын болон 1 өдрийн цалинд хоол, унаа, нэг удаагийн тэтгэмж зэргийг оруулж бодсон байгаа нь бодит байдал дээр нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн үндсэн цалин нь ТҮ 6-5 зэрэглэлээр сар бүр 563.430 төгрөг түүн дээр зохих нэмэгдэл ороод байхад 741.850 төгрөг байхад, нэмэгдэх ёсгүй нэмэгдэл зэргийг буруу нэмж сарын үндсэн цалин нь 926.794 төгрөгөөр тооцогдсон байсан ба энэхүү Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаартай шүүхийн шийдвэрээ хөдөлшгүй нотлох баримт гэж үзэж шүүхэд өндөр үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүх дээр харилцан мэтгэлцэж тайлбараа хэлж оролцсон. Өөрөөр хэлбэл цалин, тэтгэмжийн хуулийн хүрээнд үнэн зөв бодолт хийвэл нэхэмжлэгчийн нэхэмжилбэл зохих сарын цалин 741.850 төгрөг болж 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 136 ажилгүй байсан хоногоор үржвэл 4.585.920 төгрөг болж байна. Тэгтэл нэхэмжлэгч сарын цалинг 926.794 төгрөгөөр тооцож 6.192.669 төгрөгийг цалинг бодож шийдсэний улмаас 1.606.749 төгрөгийн зөрүү гарч байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1353 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Ажилгүй байсан хугацааны олговорт 6.487.558 төгрөг гаргуулах, эрүүл мэнд,  нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Л.Х-ын нэхэмжлэлийг хариуцагч Хан-уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс эс зөвшөөрч, маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 1538 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Х-ыг тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон, шийдвэр  хүчин төгөлдөр байна /хэргийн 7-16 дугаар тал/.

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгчид ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо сарын дундаж цалин хөлсийг 926.794 төгрөгөөр тооцжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, ажил олгогч нэхэмжлэгчийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажилд томилсон байна /хэргийн 24 дүгээр тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан  өдрөөс ажилд томилсон өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 6 сар 15 хоногоор тооцож, нэхэмжлэлээс 6.192.669 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан, шүүх  уг хэмжээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1353 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 40.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ