Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00013

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.М-д холбогдох “Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.М-ын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0032537 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-13-07 тоотод оршин суух иргэн Б-ийн Б нь цахим иргэний үнэмлэхний 16, 25, 45 насны сунгалтыг хийлгэх шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх хугацаа хоцроосон гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0032537 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 30 нэгж буюу /гучин мянга/ төгрөгний шийтгэл оногдуулсан байна. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан хуулийн заалт нь үндэслэлтэй боловч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25 нэгж буюу /хорин таван мянга/ төгрөгний торгох шийтгэл оногдуулахаар заасанг баримтлаагүй шийтгэлийн хуудсанд торгуулийн үнийн дүнг 30 000 төгрөг гэж буруу бичсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б.М-ын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0032537 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-13-07 тоотод оршин суух иргэн Б.Б-д шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх хугацаа хоцроосон гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу /хорин мянган төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан боловч  2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0032537 дугаартай шийтгэлийн хуудсанд 30 нэгж буюу /гучин мянган төгрөг/ гэж буруу бичсэн тул 0032537 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б-ийн Б-д иргэний үнэмлэх сунгах хугацаа хоцорсонд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас үйлдэж, иргэн Б-ийн Б-ийг 30 000 төгрөгөөр торгожээ.

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М-ын үйлдсэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0032537 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

   Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0032537 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б-ийг 30 000 /гучин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн

112.4.3-т заасныг тус тус удирдлаг болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М зөвшөөрснийг баталж, Б.Б-д холбогдох 31 дугаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН