Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Бт холбогдох 170601893 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овогт .............ын ............., 1992 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хийдэг, Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

Н.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 7-146 тоотод эхнэр Г.Нийг “найзтай бэлгийн харьцаанд орлоо” гэж хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч ............. овогт .............ын .............ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдааны явцад хохирогч Г.Нд 110.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Хохирогч Г.Н нь энэ хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуутын 6-147 тоотод нөхөр Н.Бт зодуулж, түүний найз Ат хүчиндүүлсэн, мөн хадам эгч Н.Пүрэвцэцэгт зодуулсан тухай 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Уг хэргийг 3 сарын хугацаанд шалгасан боловч энэ хугацаанд А болон Пүрэвцэцэг нараас нэг нэг удаа мэдүүлэг авсан бөгөөд уг хэргийг үйлдэж байхад харсан гэрч болох н.Гантулгаас гэрчийн мэдүүлэг аваагүй байсан. Н.Б нь найз Атайгаа хуйвалдаж намайг хүчиндүүлсэнийг огт шалгаагүй. Н.Б, А, Пүрэвцэцэг болон түүний аав ээж болох Нямжав, Цэдэн-Иш Пүрэвцэцэгийг намайг зодохыг харсан боловч тэд нар бүгд худал мэдүүлэг өгсөн. Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, яаралтай “Улаанбаатар-Сонгдо” эмнэлэгт нарийвчилсан тархи, хүзүү, нурууны томографын зураг авахуулах нэхэмжлэлийн 564.000 төгрөгийг гаргаж өгөөгүйн улмаас одоог хүртэл тархи толгой байнга өвдөж, шөнө нойр хүрэхгүй, байнга дотор муухайрч хоол унд идэхээр бөөлждөг болсон. Мөн надаас гарсан бусад хохирлыг бүрэн барагдуулаагүй болно. Мөн өмгөөлөгч О.Отгонбаяраас өмгөөллийн үйлчилгээний хөлс тушаасан баримт, энэ хэргийг улмаас бие махбодь, эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас түр хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж 1 сарын хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн, сарын цалин 700.000 төгрөгтэй холбогдолтой баримтуудыг цуглуулж өгөх гэтэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэв.

Хохирогч Г.Нийн өмгөөлөгч М.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Н нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа өөрийн нөхөр болох Н.Б, түүний төрсөн эгч болох Н.Пүрэвцэцэг нарт зодуулсан, мөн нөхөрийн найз болох Н.Ат хүчиндүүлсэн гэж цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Гэтэл зөвхөн Н.Б түүний биед гэмтэл учруулсан мэтээр хэргийг шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Хавтаст хэргийн хүрээнд Н.Б нь өөрийн эхнэр Г.Нийг шөнө дуудаж босгон өөрийн найзуудтай архи уухыг шаардаж унтаж байхад нь босгож архи уулгасан байдаг. Мөн миний үйлчлүүлэгч анхнаасаа болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж нөхрийн найздаа хүчиндүүлж өөрийн нөхөр болон эгчид нь зодуулсан гэдгээ мэдүүлсээр байхад уг хэрэгт хамааралтай Н.Пүрэвцэцэг, Н.А нарыг хуулийн дагуу шалгалгүй ял завшуулах боломж олгож байна.

Шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт “...зүүн шууны гадна дунд хэсэгт 0.3х0.1 см 4 ширхэг зэрэгцээ байрласан... 1 дэх хэсэгт Г.Нийн биед тархи доргилт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн хонго, бүсэлхийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэжээ. Үүнээс үзэхэд хохирогчийн мэдүүлэгт авагдсан хүүхдээ авах гээд өглөө нь нөхрийнхөө аав ээж дээр очиход эгч нь гарыг нь хазаж, алгадаж зодсон гэх мэдүүлгээс хохирогчийн биед Н.Пүрэвцэцэг нь гэмтэл учруулсан болох нь харагдаж байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Учир нь Н.Б нь анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрдөггүй би зодоогүй гэж мэдүүлэг өгч, үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Мөн хохирол төлбөр дутуу барагдуулсан гомдолтой гээд байхад нь хэргийг шийдвэрлэсэн байна.

Н.Бын мэдүүлэг, хохирогч Г.Нийн мэдүүлгүүдэд Гантулга гэх нэг хашаанд байдаг хүн тухайн хэргийн харсан гол хүнийг гэрчээр байцаалт аваагүй байдаг.

Хохирогч өөрийгөө Н.Ат хүчиндүүлсэн талаар өргөдөл гаргаад байтал хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг баримтлаагүй дутуу шалгасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй зөвхөн яллагдагч гэрч нарын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Г.Нийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 17.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь өөрөө хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон. Энэ шүүх хуралдаанд хохирогч ганцаараа байгаагүй. Түүнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн О.Отгонбаяр гэх өмгөөлөгчийн хамт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн 3 сарын турш оролцохдоо гаргаад байгаа баримт болон гомдлуудыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Хохирогчийн гомдолд дурдаад байгаа “миний толгой өвддөг. Одоо хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа” гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлт өөрөө хөнгөн гэмтэл гэж гарсан байгаа. Энэ нь 14 хоногийн хөдөлмөр эрхлэлт алдалтын хөнгөн гэмтэл гэж үздэг. Тэгэхлээр хэрэг болсноос хойш хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байхад эдгээр гэмтлүүд нь байсаар байна гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн хохирогч нь “баримт гаргаж өгсөөр байхад миний хохирлыг барагдуулсангүй” гэдэг. Гэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд баримтуудыг нэг бүрчлэн судалж үзсэн. Эдгээр баримтууд нь 110.000 төгрөгийн баримт тогтоогдсон. Үүнийг бол шүүх хуралдаан дээр төлсөн. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны өмнө болон дараа нь мөнгө өгөх гэхэд хохирогч нь аваагүй. Харин ял шийтгэлийн хувьд хохирогчид таалагдаагүй учир гомдол гаргаж байна гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр хүчингүй болохгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.5, 33.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд байсан. Энэ үндэслэлүүд нь хангалттай нотлогдсон. Гэрч Гантулга гэх хүн хүчингийн хэргийг хараагүй, үзээгүй. Харин гадаа зодсон талаар гэрчилж магадгүй. Гэхдээ миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас хохирогчийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас энэ асуудал нь хангалттай нотлогдсон. Улсын яллагч торгуулийн ялыг санал болгосон. Үүний дагуу шүүх шийдвэрлэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Г.Н нь анх нөхрийнхөө найзад нь хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан. Тухайн үед Ат холбогдуулан хэрэг бүртгэлийн ажиллагаа хийсэн боловч дээрх хүчиндүүлсэн гэх асуудал нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. Ийм үндэслэлээр гэмтэл учруулсан Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Мөн эгч Пүрэвцэцэцэгтэй нийлж гэмтэл учруулсан гэх асуудлыг шалгасан. Энэ нь хохирогч Г.Нийн мэдүүлэгт “Пүрэвцэцэг нь миний хэвлийн хэсэгт өшиглөж гэмтэл учруулсан...” гэдгийг үндэслэн шинжээч томилж асуусан. Шинжээч эмч Энхбаатарын гаргасан “3.5 сантиметрийн зулгаралтай байсан. Энэ нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн хэвлийн хэсэгт гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авсан. Энэ утгаар дээрх Ат хүчиндүүлсэн болон эгч Пүрэвцэцэгт зодуулсан гэдэг асуудал нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр Н.Бын учруулсан хөнгөн гэмтлийг нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Тийм учраас анхан шатны гаргасан шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэсэг зуур унтаад сэрэхэд гэрийн баруун талд байрлах ор чихраад дугараад байсан.  Би гайхаад сэрсэн чинь манай эхнэр Г.Н дээр нь, доор нь манай найз А хэвтсэн бэлгийн ажил хийгээд нэг нэгнээ үнсээд гинаад байж байхаар нь би эхнэр Г.Нийн гарнаас бариад татсан чинь А босоод зугтаасан. ...Аын дээр нь гарч бэлгийн ажил хийж байсан хүн хүчиндүүлсэн гэж бодохгүй байна. Мөн эхнэр зүүн талын ор, багана хоёрын хооронд хувцасаа эвхээд тавьсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

хохирогч Г.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Аагий бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү оруулаад 1-2 минут хэртэй хөдөлж байхад манай нөхөр Н.Б босч ирээд ширээн дээр байсан төмөр шанагаар миний толгой руу 2 удаа цохиод намайг үсдэж аваад гэрээс гаргасан. Тэгээд манай хашаанд байдаг Гантулга ахын байшингийн цонх руу очоод цонхыг нь тогшиход Гантулга ах гэрч ирээд “юу болж байгаа юм бэ” гэхэд манай нөхөр “энэ миний найзтай манайд янхандаж байна” гэхэд Ганаа ах “юу болж байгаа юм гэр орондоо ор” гэхэд Н.Б намайг үсдээд гэрт оруулаад зүүн талын орон дээр түлхэж хэвтүүлээд аль гараараа цохисоныг нь санахгүй байна миний толгой руу олон удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...найз Н.Б нилээд муудаад бөөлжихөөр нь би эхнэр Г.Нийг нь тоглоод “баруун ор руу очих уу” гэтэл Г.Н “чи өөрөө түрүүлээд очиж бай” гэхээр нь би баруун орон дээр очиж хэвтсэн. Хэсэг зүүрмэглээд байж байтал Г.Н шав шалдан хувцасаа тайлсан хүрч ирээд намайг үнсээд байхаар нь би өмдөө өөрөө тайлаад дээшээ хараад хэвтсэн. Г.Н “дээр чинь гарах уу” гээд миний дээр өөрийнхөө бэлэг эрхтэн рүү миний бэлэг эрхтнийг углаад байж байтал нөхөр Н.Б сэрээд Г.Нийн баруун гарнаас бариад авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

гэрч Н.Пүрэвцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би дүү Н.Бын гэрт ортол бэр Г.Н зүүн орон дээрээ доогуураа шалдан, дээгүүрээ футболктой сууж байсан. Тэгээд би болсон явдлын талаар асуусан чинь манай дүү Н.Б “манай гэрт найз нар маань ирээд 1 шил архи хувааж уугаад унтахаар болоход Г.Н надтай цуг утсан. Хэсэг хугацааны дараа сэрсэн чинь найзтай маань нөгөө талын орон дээр бэлгийн ажил хийгээд байж байсан” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

гэрч М.Цэдэн-Ишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...юу болсон бэ гэсэн чинь хүү Н.Б эхнэр рүүгээ заагаад “энэ хүнтэй миний хажууд бэлгийн харьцаанд орсон” гэж байсан. Тэгэхэд бэр Г.Нийн хүзүү нь улайгаад шимүүлсэн байдалтай, хүү архи уучихсан халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Нийн биед тархи доргилт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн хонго, бүсэлхийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Г.Нийн үтрээнээс авсан арчдас, наалдац, дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна. Г.Н нь АВО системээр В3 дугаар бүлгийн цустай байна. Г.Н нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх 11259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

“...Г.Нийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авахуулсан толгойн компьютерт томографийн зургаар тархи, гавлын ясанд гэмтэл тогтоогдоогүй байна. Г.Нийн биед тухайн үед тархи доргилт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн хонго, бүсэлхийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 1179 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримтууд тогтоогджээ:

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 7-146 тоотод Н.Б нь найз Н.А болон эхнэр Г.Н нартай хамт архидан согтуурч улмаар бөөлжиж, хэсэг хугацаанд унтсан байна. Түүнийг унтаж байхад эхнэр Г.Н болон шүүгдэгчийн найз Н.А нар нь бэлгийн харьцаанд орж байх үед Н.Б сэрж эхнэр Г.Нийг гарнаас нь татан босгож, улмаар түүнийг зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн хонго, бүсэлхийн зүүн доод хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байна. 

Хохирогч Г.Н нь “Нөхөр Н.Б, түүний эгч Н.Пүрэвцэцэг нарт зодуулсан, Н.А гэгчид хүчиндүүлсэн” гэх асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж энэ асуудлыг шалгасан боловч Г.Нийг Н.А хүчиндсэн, Н.Пүрэвцэцэг зодсон гэх байдал тогтоогдоогүй, харин түүнийг Н.Б нь “Бусадтай бэлгийн харьцаанд орсон” гэх асуудлаас болж зодсон нь тогтоогдсон гэж дүгнэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хүрээнд хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасанд нийцэж байна.

Гагцхүү анхан шатны шүүх шүүгдэгч Н.Быг хохирогч Г.Нийг зодсон үйлдэлд гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараахь дүгнэлтийг хийж шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн дээрх заалтуудаас үзэхэд эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хэрэглэдэг төрийн албадлагын арга хэмжээ бөгөөд “Гэм буруутай байх нь” гэмт хэргийн заавал байх шинжид хамаарна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хэдийгээр архи ууж согтуурсан ч эхнэр нөхөр байх, гэр бүлийн нандин харилцааг үл ойшоож бусадтай эр эмийн харьцаанд орж байгааг мэдэж, өөрийн эхнэрийг татан босгож 2-3 удаа цохисон шүүгдэгч Н.Бын үйлдлийг гэм буруутай гэж дүгнэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь бусдын зүй бус үйлдлийн улмаас гэнэт хүчтэй цочрон давчдаж дээрх үйлдлийг хийснийг гэм буруутайгаар хохирогчийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Харин Н.Б нь хохирогч Г.Нд хөнгөн хохирол учруулахдаа түүнд хор уршиг учрахыг бүрэн ухамсарлаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэж заасны дагуу “гэм буруугүйгээр Г.Нд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Н.Бын “гэм буруугүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид тусгагдаагүй байх тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Бын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын гаргасан “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Нийн “Н.Ат хүчиндүүлсэн, Н.Пүрэвцэцэгт зодуулсан” асуудлыг шалгасан боловч тогтоогдоогүй байгаа зэргийг харгалзан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Бын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай

2. Шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ц. ОЧ