Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0395

 

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0395

Улаанбаатар хот

 

О.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ц.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар

Нэхэмжлэгч: О.М

Хариуцагч: УБЕГ, НЗД, ЧГДЗД, ЧГДГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: “ЧГДЗД-ын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, У.Ё-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах” тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0264 дүгээр шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд У.Ё, Ё.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ц.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, гуравдагч этгээд Ц.Д-ийн өмгөөлөгч Ж.У нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0888/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч О.М-аас УБЕГ , НЗД, ЧГДЗД, ЧГДГЗБА-д тус тус холбогдуулан “ЧГДЗД-ын2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, У.Ё-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0264 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ын ЧГДЗД-ын2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, У.Ё-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгч О.М давж заалдах гомдолдоо:

      3.1. ...О.М миний бие 2202005229 тоот гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүргийн 8-р хороо баруун тасганы 10-р гудамжны 105 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 353 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч юм.

      3.2.  Би энэ газар дээрээ 1999-2022 оны 5 сар буюу өнөөдрийг хүртэл 23 жил тогтвор суурьшилтай амьдарч байна. Энэ газарт би 5 ханатай гэрээ бариад гал голомтоо бадрааж, үр хүүхэдтэй өнөр өтгөн болсон, сайхан ээлтэй, өгөөжтэй газар. Гэвч 2019 оны хавар буюу 20 жилийн дараа манай баруун талын хамар хашааны /104тоот/ У.Ё гэдэг хүн ... газрын маань кадастрын зураг давхцалтай байгааг мэдсэн.

      3.3. Мөн энэ даруй У.Ё гэдэг хүн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг өөрт ашигтай байдлаар гаргуулан авсан. Энэ дүгнэлтэд намайг У.Ё-ийн газарт хашаа нэмж барьсан гэж дүгнэсэн байна. ... Би энэ газарт хашаа нэмж барих нь битгий хэл 1ш банз, 1ш шон ч өнөөдрийг хүртэл хөдөлгөөгүй байгаа. Улаанбаатар хотын 2002 оны агаарын зургийг 2003 оны кадастрын зурагтай давхцуулсан зурганд тодорхой байна. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас холбогдох шат дараалсан төрийн үйлчилгээний байгууллагуудаар хүсэлт гомдол гарган үнэнийг тогтоолгохоор хөөцөлдөж эхэлсэн.

Үүнд: Хорооны засаг дарга, Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын алба болон бусад газрууд руу хүсэлт гаргасан. Тэдгээрээс ирсэн хариу нь бүгд хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирж байна. ...

 3.4. Гэвч бүтэн 3 жилийн дараа захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болоход миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийг эрс хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатанд гомдол гаргаж байна. Үүнд:

     3.4.1. Шүүгч шийдвэр гаргахдаа зөвхөн нэг талын эрх ашгийг хангасан. ...

     3.4.2. Гуравдагч этгээдээр оролцож буй Ц.Д-г шүүх өөрөө татан оролцуулсан боловч эрх ашгийг хангаагүй. ...

     3.4.3. Хариуцагчаар оролцож буй ЧГДЗД-ын газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т-ын хариу тайлбарыг хянаж үзээгүй.

     3.4.4. Монгол Улсын иргэдэд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр 2003 онд гарсан. Энэ шийдвэр гарахаас өмнө буюу 2002 оны агаарын зураг болон 2003 оны кадастрын зургийг хянаж үзээгүй.

      Тус нэхэмжлэлд холбогдолтой талууд нь харилцан адилгүй ойлголттой байгаа учраас шүүх хуралдааны үеэр хавтаст хэрэгт байгаа нотлох баримт, мэргэжлийн байгууллагын гаргаж өгсөн кадастрын зургийг флаш ашиглан дэлгэцээр гарган дахин хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.

4. Гуравдагч этгээд Ц.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо:

   4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Мын, хариуцагч ЧГДЗД, газар зохион байгуулалтын алба, НЗД, УБЕГ , гуравдагч этгээд У.Ёндон, Ц.Д нарт холбогдох ЧГДЗД-ын2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг,.........У.Ё-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 05 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа хийлээ.

   4.2. Шүүгч нэхэмжлэгчийн ".... У.Ё-д ....” холбогдох .... шаардлага бүхий уг хэрэгт гуравдагч этгээдээр түүнийг татсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралтай, дурдагдсан актад холбогдох иргэн, хуулийн этгээдийг оролцуулах, шүүхээс гарах шийдвэр нь гуравдагч этгээдийн хувьд эрх зүйн үр дагавартай байх ёстой.

   4.3. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, актад нэр дурдаагүй, шүүхийн шийдвэрийн хувьд ямар ч үр дагаваргүй этгээд Ц.Д-ггуравдагч этгээдээр татан оролцуулж, захиргааны процессын хуулийг зөрчсөн төдийгүй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ирээдүйд маш ноцтой сөрөг үр дагавар бүхий тодорхойгүй дүгнэлтүүдийг хийсэн байна.

   Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “О.М-ын газар газрын кадастрын мэдээллийн санд 352 м.кв хэвээрээ байгаа бөгөөд гагцхүү 191 м.кв хэмжээгээр Д.Долгорсүрэнгийн газартай давхцалтайгаар бүртгэгдсэн байна" гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, гуравдагч этгээд Ц.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хөндсөн зөрчсөн дүгнэлтийг хийсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар "маргаагүй асуудалд дүгнэлт хийгээгүй" гэж дурдсан байх юм.

  4.4. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-04-129/1066 дугаар дүгнэлтэд: "...Ц.Д-ийн /106 тоот/ газар нь иргэн О.М /105 тоот/-ын газрын зүүн талд байршилтай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэсэн байхад шүүхийн дээрх дүгнэлт нь юунд үндэслэсэн нь тодорхойгүй байна.

  4.5. Мөн Ц.Д-г процессын хууль зөрчин гуравдагч этгээдээр татаж, ийнхүү үндэслэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт уг шийдвэр нь түүний эрх ашигт ямар үр дагавартайг огт дурдаагүй байна.

  4.6. Уг нэхэмжлэлийн шаардлага, акт, маргааны үйл баримтад Ц.Д-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь огт хөндөгдөхгүй, зөрчигдөхгүй, хамааралгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт ийнхүү зааж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөлийг шүүх үүсгэлээ.

  Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 0264 тоот дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэр нь гуравдагч этгээд Ц.Д-ийн 000001584 гэрчилгээтэй 191 м.кв газар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хөндөхгүй, сөргөөр нөлөөлөхгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

5.1. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчиж, шүүхэд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэг маргаанд ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зас талаас нь үнэлж үзсэнгүй. Хэт нэг талыг барьж 5 хавтас 1000-аад хуудас нотлох баримтаас зөвхөн 3 ширхэг кадастрын зургийг үндэслэж шийдвэрлэсэн.

5.2. Нэхэмжлэгч О.М болон гуравдагч этгээд У.Ё нарт анх 2003 оны 4 сарын 29-ний өдрийн 52 дугаар захирамжаар газар ашиглах гэрээ буюу цагаан гэрчилгээ олгосон, мөн гуравдагч этгээдийн кадастрын зургийн мэдээллийн санд олон удаа өөрчлөлт орсон талаар ямар ч дүгнэлт өгсөнгүй.

5.2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан үүнээс хойш 16 удаа шүүх хурал болж, 16 удаа шүүх хурал хойшилж холбогдох газруудаас лавлагаа, тодорхойлолт, дүгнэлт, тайлбар, авч маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2 дугаарт нэхэмжлэгч удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно гэжээ. Гэтэл нэхэмжлэгч О.М-ын газар өмчлөх эрх зөрчигдөж маргаан үүссэн. Маргааныг үүсгэсэн гуравдагч этгээд болох У.Ё нь өөрийн ажил албан тушаалаа ашиглаж кадастрын зурганд өөрчлөлт хийлгэх боломж гаргаж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан үүний үндсэн дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй кадастрын зурагт 4 удаа өөрчлөлт орсон талаарх холбогдох газрын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтыг анхаарч үнэлж дүгнэсэнгүй. /1-р хавтаст хэргийн 15-24/

5.2.2. Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт уг дүгнэлттэй хамт гаргаж өгсөн 2002 оны агаарын зураг, 2003 оны кадастрын давхардсан зургууд /1-р хавтаст хэргийн 33-36, 43-46, 48-49/-ыг үнэлж үзэхгүйгээр зөвхөн гуравдагч этгээд болох У.Ё, Ц.Д нарын кадастрын зургийг үндэслэж дүгнэлт өгсөн нь хууль зөрсөн гэж үзэж байна. Шүүх хурал 16 удаа хойшлоход нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч өвдсөн гэсэн шалтгаанаар 2 удаа хойшилсон. Гэтэл  шүүх нэхэмжлэгчээс шалтгаалж шүүх хурал олон удаа хойшилсон мэтээр тодорхойлжээ.

5.3. Шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлийн талаар тодорхой бичсэн атлаа шүүхээс шаардсаны дагуу Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Чингэлтэй дүүргийн газрын албанаас гаргаж өгсөн тайлбар нотлох баримтыг үнэлж үзсэнгүй.

5.4. Шүүх маргаан бүхий газарт үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлтэй дээрх газруудын тайлбар нотлох баримт тохирч байгааг шүүх анхаарч үзсэнгүй энэ талаар шүүхийн үндэслэх хэсэгт дурдаагүй. /1-р хавтаст хэргийн 114-129/

Нэхэмжлэлийг гаргахдаа: 19 жил амьдарсан газрыг нь "миний газар гэж хөөж” маргаан үүсгэсэн У.Ё-ийн хууль зөрчсөн үйлдлийг шийдүүлэхээр шүүхэд хандсан болохоос гуравдагч этгээдээр оролцож байгаа Ц.Д буюу 106 тоотын оршин суугчтай ямар ч маргаан гараагүй эдгээр айлууд анх авсан газартаа ямар ч хөдөлгөөн хийгээгүй, нэг ч хашаа шон татаагүй амьдарч байгаа. Гэтэл шүүх нэхэмжлэлд дурдаагүй хоорондоо маргаангүй амьдарч байгаа 105, 106 тоотыг давхацсан байна гэж дүгнэлт хийсэн атлаа эдгээр өмчлөгч нарын эрх зөрчигдөж байгаа талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.

5.5. Чингэлтэй дүүргийн газрын алба, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар зэрэг холбогдох мэргэжлийн газрын тайлбар хавсаргасан нотлох баримт, оршин суугчдын хаягийн лавлагаа, хүн амын тооллогын бүртгэл, 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 1999 оноос хойш хөрш болон амьдарч байгаа 103, 106 тоот, урд талын хашаа буюу 90 тоотын оршин суугч нарын тодорхойлолт зэргийг үнэлж үзсэнгүй.

5.6. Мөн О.М-ын газартай буюу зүүн талын хөрш 106 тоот гуравдагч этгээдээр оролцож байгаа Ц.Д-ийн тайлбар гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж үзсэнгүй түүний гаргасан гомдлын шаардлагыг шүүх хүлээж аваагүй.

5.7. Шийдвэрийн тогтоох хэсгийн 9-т хариуцагч ЧГДЗД болон газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрбатын шүүхэд гаргаж өгсөн тайлбар, шүүх хурал дээр гаргасан тайлбарыг хүлээж авсангүй.

Хариуцагч "2003 оны кадастрын зураг буруу хийгдсэн оршин суугчдын газар давхцаж байгаа харагддаг. Эндээс У.Ё-ийн газар О.М-ын газартай 128 м.кв-аар давхцаж байгаа тиймээс давхцаж байгаа газрууд болох маргаан бүхий 104, 105, 106 тоотыг одоо байгаа хашаалсан бодит хэмжээгээр нь болговол маргааныг шийднэ” гэж хэлдэг нэхэмжлэгчийн зүгээс үүнийг зөвшөөрч одоо байгаа хашааны хэмжээгээр кадастрын зургаа зөвтгөж болох талаар ярьсан гэтэл шүүх үүнийг огт анхаарахгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан талууд эвлэрч маргааныг дуусгаж болох эсэх талаарх боломжийг олгосонгүй нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

5.8. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-т “... О.Мт 2004 оны 6 сарын 2-ны өдөр олгосон 4707 тоот гэрчилгээгээр 380 м.кв газар олгосон У.Ё-д гэрчилгээжүүлэх 52 тоот захирамжийн дагуу 2004 оны 4 сарын 2-ны өдөр олгосон 3897 тоот гэрчилгээгээр 700 м.кв газар олгосон гэж анх эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо нэг захирамжаар тухайлбал: ЧГДЗД-ын2003 оны 4 сарын 28-ны 52 дугаар захирамжийг үндэслэж авсан.

О.М, У.Ё нарыг газар эзэмших эрхийн гэрчилгээг О.М нь 2004 онд У.Ё нь 2003 онд авсан, өөр захирамжаар авсан юм шиг эргэлзээтэй байдлаар дүгнэлт хийж хууль зөрчсөн.

5.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн: 7,8,9 заалтад нэхэмжлэгч О.М нь: 105 тоотод оршин суугч ах дүү хоёрын хашааны эзэмших эрхийг шилжүүлж авахдаа эхлээд 105 тоотод оршин суугч Н-ийн хүү О-тай тохиролцож тэдний хашаанд амьдарч байгаад дараа нь хүргэн Ганболдоос худалдан авч эзэмших эрхээ баталгаажуулснаар тайлбарлаж хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн дэвтэр, хүн амын тооллогын лавлагаа, худалдах, худалдан авах гэрээ, нотариатчийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй атлаа нэхэмжлэгч О.М-ыг өөрөө кадастрын зураг гаргаад хашаагаа У.Ё-ийн хашаа руу татсан мэтээр үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хууль зөрчиж байгаад үнэхээр гомдолтой байна.

5.10. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан "кадастрын нэгдсэн санд гарсан өөрчлөлтүүдийг зөвтгөх" гэдгийг огт маргаагүй нэхэмжлэлд дурдаагүй 106 тоотод оршин суугч Ц.Д-тэй холбож дүгнэсэн. Энэ дүгнэлтээрээ: нэхэмжлэгч өөрөө бусдын газартаа давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл нэхэмжлэгч О.М-ын эзэмшиж өмчилж байгаа газраа бусадтай давхацсан, У.Ё өөрийн газраа томруулж кадастрын зургийг удаа дараа өөрчлүүлсэн гэдгийг огт мэдэхгүй 19 жил амьдарч байсан байна. Үүнийг шүүх анхаарч нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж бодит байдал, нотлох баримттай зөрүүтэй, эргэлзээтэй дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...

5.11. Хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, дугаарлаагүй, 5 хавтастай 1000-д хуудас хэргийн материалын тал нь 2-оос 3 удаа давхардсан, хэрэгт хамааралгүй баримт ч орсон байдаг. Мөн шүүгч солигдсон талаар нэхэмжлэгч тал мэдээгүй, шүүх хуралдаан болох өдөр гэнэт хурал хойшилсон гэдэг, шүүх хурал болохоос өмнө шүүх хурлын тов өөрчлөгдсөн эсэх, шүүхэд шинээр ирсэн нотлох баримт санал хүсэлт ирсэн эсэх талаар лавлахад шүүгчийн туслах ... сүүлдээ утсаа огт авахаа больсон. ... Шүүгч Л.Ө болон түүний туслах талуудыг хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулаагүй мөн нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй, энэ байдлаас харахад гуравдагч этгээд буюу У.Ё нь шүүгчид нөлөөлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж хардаж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-ийг зөрчсөн:

5.12. Шүүх хурлын явцад гэрч оролцуулах талаар нэхэмжлэгч тал тодорхой тайлбар хийж гэрчийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх санал гаргасан боловч гуравдагч этгээд У.Ё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчийг оролцуулах санал гаргасан. Шүүх энэ зөрүүтэй саналыг харгалзаж үзэлгүйгээр гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны 264 тоот дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
  2. Нэхэмжлэгч О.М-аас “ЧГДЗД-ын2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, У.Ё-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.М-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Баруун тасганы 10 дугаар гудамжны /хөрш залгаа/ 104, 105, 106 тоотын газрын хэмжээ, газрын байршлын кадастрын зураглалууд өөрчлөгдөн бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсчээ.

 4. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Баруун тасганы 10 дугаар гудамжны 104 тоотын талаар;

      4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг байршил, хаягт анх У.Ё-д ЧГДЗД-ын2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 тоот захирамжаар 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрчилгээ 2004 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгогдож, улмаар НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжаар газар өмчлүүлэх тухай шийдвэр, мөн өдөр гэрчилгээ олгогдсон байна.

      4.2. Ингэхдээ У.Ё-ийн өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын  байршил нь “Чингэлтэй дүүргийн 8-р хороо Баруун тасганы 104 тоот хашаа, газрын хэмжээ 688.73 м.кв, газрын байршлын кадастрын зургийг 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэж, нэгж талбарын 18641312126567 дугаарт бүртгэсэн байна[1].

  5. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Баруун тасганы 10 дугаар гудамжны 105 тоотын талаар ;

      5.1. Уг байршлын хувьд 105 а, 105 б  гэсэн бүртгэлтэй байгаад нэхэмжлэгч О.М нь анх ЧГДЗД-ын2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамж, газар эзэмшлийн 4707 тоот гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Баруун тасганы 10 дугаар гудамжны 105 тоотод байрлах амины хашааны зориулалтаар олгогдсон 380 м.кв газраа, хөрш залгаа  М.Ганболдоос 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцлээр Чингэлтэй дүүргийн 8-р хороо Баруун тасганы 105 а тоот хашаа, байшин, газрын хамт худалдан авсан газартайгаа нэгтгэн нийт газрын хэмжээг 352.65 м.кв болгож, НЗД “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар /2132-т/  өмчлүүлж,  2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Г-2202005229 дугаарт бүртгүүлж, 000015066 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

      5.2. Ингэхдээ О.М-ын өмчилж байгаа газрын байршил нь “Чингэлтэй дүүргийн 8-р хороо Баруун тасганы 105 тоот хашаа, газрын хэмжээ 352.65 м.кв, газрын байршлын кадастрын зургийг 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үйлдэж, нэгж талбарын 18641312145562 дугаарт бүртгэжээ[2].

      5.3. Хэрэгт О.М-т НЗД-аас олгогдсон 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр” гэсэн баримт 2 ширхэг авагдсан байх бөгөөд газрын хэмжээ нь 352.65 м.кв, 353 м.кв гэж өөр өөр бичигдсэн, өмчлүүлсэн газрын байршлын кадастрын зургийг 2005 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн, уг кадастрын зураг дээр нэгж талбарын 18641312145560 дугаарт бүртгэгдсэн байна[3].

6. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Баруун тасганы 10 дугаар гудамжны 106 тоотын талаар;

      6.1. Уг байршлын газрын “106 а” тоотыг иргэн Ц.Д нь 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ц.Мягмаржаваас хувийн сууц болон газрын хамт 700000 төгрөгөөр худалдан авсан, Ц.Д-ийн газар өмчлүүлэх хүсэлтийг үндэслэн НЗД 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаар захирамжаар 180 м.кв газрыг өмчлүүлсэн байна.[4]

      6.2. Ц.Д-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг 2005 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн, талбайн хэмжээ 157.34 м.кв, нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн бүртгэлд өөрчлөлт орж, нэгж талбарын дугаар 18641312149563 болж, газрын хэмжээг 191 м.кв гэж, газрын байршлын кадастрын зураг 2007 оны 03 сарын 16-ны өдөр үйлдсэн байна[5].

 7. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл ЧГДЗД болон НЗД нараас гуравдагч этгээд У.Ё-д эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 104 тоот хашаанд байршилтай 688,73 м.кв газар нь нэхэмжлэгч О.М-ын 352.65 м.кв  газартай давхцалгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “ЧГДЗД-ын2003 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, У.Ё-д олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Мөн дээрх авагдсан баримтуудаас нэхэмжлэгч О.М нь 1999 оноос хойш,  гуравдагч этгээд Ц.Д нь  2003 оноос хойш өөр өөрсдийн өмчлөлийн газартаа амьдарч байх бөгөөд нэхэмжлэгч О.М-т ЧГДЗД болон НЗД-ын захирамжаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээ 352.65 м.кв байршил нь хэвээрээ  байхад хариуцагчаас өөрт нь мэдэгдэлгүйгээр өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард газрын хэмжээг 191 м.кв болгон багасгаж өөрчлөлт оруулсан үйлдэл нь Газрын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй ,мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны акт байна.

9. Түүнчлэн захиргаа шийдвэр гаргахаас өмнө захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцогчийн Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй  байна.

10. Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 6 дугаар сарын зурган мэдээллийн 2005-2007 оны сансрын зурагтай давхцуулсан байдлын зураглал[6], Улаанбаатар хотын 2002 оны агаарын зургийг 2003 оны кадастрын зурагтай давхцуулсан зураглал[7]  болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Баруун тасганы 10 дугаар гудамжны /хөрш залгаа/ 104, 105, 106 тоотын газрын байршлын кадастрын зураглалуудыг харьцуулж үзэхэд нэхэмжлэгч О.М, гуравдагч этгээд нарын эзэмшлийн газрын байршил давхцалгүй байна.

11. Архив мэдээллийн санд хадгалагдаж байгаа агаарын зураглалууд, газрын байршлын кадастрын зураглалыг харьцуулан үзэх, газар дээр нь очиж хэмжилт хийж,  алдаатай  бүртгэлийг  залруулах  зэргээр  бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой байтал үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг эрхийг хөндсөн шийдвэр гаргажээ.

12. Мөн Мэргэжлийн хяналтын газар, улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №02-04-129/1066 тоот дүгнэлтээр захиргааны байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд Ц.Долгорсүрэн, нэхэмжлэгч О.М-ын нэгж талбарын дугаар болон холбогдох мэдээллийг устгаж, өөрчлөлт оруулсан байна. 

13. Дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн О.М-ын “өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

14. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04  дүгээр  сарын 07-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ын  “ЧГДЗД-ын 2003 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, НЗД-ын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар захирамжийн У.Ё-д холбогдох хэсэг, У.Ё-д  олгосон Г-2202001541 дугаар өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ЧГДГЗБА-аас О.М-ын өмчлөлийн газрын кадастрын зурагт 2020 оны 5 дугаар сард хэмжээг нь 191 м.кв болгож багасган өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Чингэлтэй дүүргийн газрын албанд даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ  

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                          Т.ЭНХМАА

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 140-142 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 203-206, 215-219 дэх тал

[3] 2 дугаар хавтаст хэргийн 43-45 дахь тал

[4]2 дугаар хавтаст хэргийн 210-215 дахь тал, 127-131 дэх тал,

   3 дугаар хавтаст хэргийн 96-109 дэх тал

[5] 3 дугаар хавтаст хэргийн 96-109 дэх тал

[6] 4 дүгээр хавтаст хэргийн 123, 124 дэх тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 42, 43 дахь тал