| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0171/э/ |
| Дугаар | 168 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х.Хд холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эцэг, эх, .. дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .. дугаар баг, Б гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........../ Х.Х
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Х нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай “А” гэх газар зөвшөөрөлгүй галт зэвсэг ашиглан “Бор гөрөөс” агнаж 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 09 цагийн үед Дарьганга сумын .. дугаар багийн иргэн Х.Х нь Тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг ашиглан Бор гөрөөс агнасан гэмт хэрэг үйлдсэн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдэд нөхөн төлүүлнэ. 37.2 Амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг эм Бор гөрөөс нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор экологи-эдийн засгийн үнэлгээ нь 400.000 төгрөг байдаг 2 дахин өсгөж төлөхөөр 800.000 төгрөгийн хохирол учруулсан. Х.Х нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 800.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, / хх-ийн 27-28 х /
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед С-той хамт Б-ынд очиход Ц ирсэн байсан тэгээд тэр 2 тарваганд явах гэж байгаа гэхээр нь хамт явахаар болж Х намайг гэрээсээ буугаа авчих гэхээр нь би өөрийн тоз-8 маркийн бууг аваад харанхуй байхад 3 мотоциклтой Х, Ц, Б, С бид 5 Шилийн богд яваад шөнө 23 цагийн үед Шилийн богдод очиж уулан дээр гарчхаад Шилийн богдын баруун талын А уулын зүүн суганд бид нар хоноод бид хэдийг унтаж байхад Х, Ц 2 буугаа аваад явсан байсан. С, Б бид 2-ыг өглөө 7 цагийн үед босоорой гэж хэлээд С уул руу явсан тэгээд Б бид хоёр босож А уул руу гарч нөгөө 2 хаана байгааг харах гэж уулан дээр гараад зогсож байхад бид хэдийн унаж ирсэн мотоцикл дээр хамгаалалтын захиргааны эргүүл ирсэн байхаар нь бид 2 уулнаас бууж очиж байхад нөгөө хүмүүс яваад өгсөн тэгээд Б бид хоёр мотоциклоо асаах гэхэд сэвчиний толгойг авч явсан байсан тэгэхээр нь сэвчиний утсаа шууд залгаад А уулын зүүн талаар тойроод явж байхад уулын зүүн хойд доор хамгаалалтын захиргааны З бид хоёрыг хараад дуудахаар нь очиход та нар яагаад Бор гөрөөс алсан гэж асуусан бид нар ямар нэг амьтан алаагүй гэж хэлсэн чинь араас дагаад ир гэж дагуулж явсан тэгээд Ц, Х, С нар дээр дагуулж ирэхэд бор гөрөөс алсан байсан. Б бид хоёр уг нь Ц, Х хоёрыг хаана хэвтэж байгааг харах гэж уулан дээр гарсан боловч эргүүл ирэхээр нь буцаж буусан хаана байгааг нь мэдэхгүй. Буун дуу сонсоогүй. С, Б бид хоёрыг сэрээгээд 8 цагийн үед түрүүлээд Ц, Х хоёр дээр очно гэж явсан. Бид 2 С-с хойш 30 орчим минутын дараа араас нь явсан. Манай аав хэрэглэж байгаад надад өгсөн буу бичиг баримт байхгүй тусгай хамгаалалттай газар ан гөрөө хийж болохгүй гэж мэдээгүй миний буруу. Миний буугаар урьд нь Х буудаж байгаагүй би тэр өдөр буугаа бариагүй Х авч явсан. Надад гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дээрх бууг устгуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-39 х /
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Г-н хамт Б-н гэрээр хэсэх гэж очиход Ц, Х, Б нар байсан тэгээд тэр хэд Шилийн богд руу тарваганд хамт явъя гэхээр нь хамт явахаар болж Би гэр лүүгээ явж дээлээ өмсөөд мотоциклдоо бензин хийж ирнэ гээд гэртээ ирээд явахаа болиод унтах гэж байхад 20 цагийн үед Б манай гэрийн утас руу залгаж бид нар бэлэн болчихсон чамайг хүлээгээд байна гэхээр нь 21 цагийн үед очоод бид хэд Шилийн богд руу яваад шөнө 23 цагийн үед Шилийн богдод очиж уулан дээр гарчхаад Шилийн богдын хажууд их байсан болохоор Шилийн богдын баруун талын А гэх уулын зүүн суганд бид нар хоноод бид хэдийг унтаж байхад өглөө Х, Ц 2 буугаа аваад явсан байсан тэгээд би тэр хоёрыг явсны дараа 07 цаг 30 минутын үед А уулан дээр гарч хархад Ц А уулын баруун хойд талын царамд тарваганы 3 нүх сахиад хэвтэж байсан Х А уулын зүүн хойд мөрөн дээр тарваганы нүх сахиад хэвтэж байсан. Х арай ойр байсан болохоор уулнаас бууж Х дээр алхаж очоод Ц-г гараар даллаж дуудаад Х-н хэвтэж байсан газар бид 3 уулзсан тэгээд Х би сая гөрөөс буудсан унасан үгүйг нь мэдэхгүй гэж ярьсан тэгээд бид хэд гэр лүүгээ буцахаар болоод Х бид 2 мотоциклоо авч ирэхээр болж Ц бид хэдийг иртэл сахиж байсан доошоо сахиад хэвтэж бай гэж үлдсэн тэгээд Х бид хоёрыг мотоцикл дээрээ ирэхэд хүн байгаагүй мотоциклоо асааж явах гэсэн боловч Г, Б хоёр 3 мотоциклын түлхүүрийг нь авч явсан байсан тул Ц-н мотоциклын кундагторын утсыг нь салгаж Ц дээр очиход араас хамгаалалттай захиргааны З, Ш нар мотоциклтой ирээд та нар хавх тавьсан бол гаргаад ир гээд бид хэдийн 2 бууг хурааж авна гээд байж байхад Хамгаалалттай захиргааны З А уулан дээрээс явган бууж ирээд та нар бор гөрөөс буудсан байна гэхээр нь Ц би буудаагүй миний буунаас сум гараагүй гэж хэлсэн Х би буудаагүй гэж байсан тэгээд бид хэдийг дагуулаад алсан бор гөрөөс дээр очсон тэгээд Х би зээртэй андуураад буудсан гэж хэлж байсан. Намайг уулан дээрээс хархад Ц А уулын баруун хойд царанд хонхор газар хэвтэж байсан болохоор уг бор гөрөөсийг харж буудах боломжгүй Х А уулын зүүн хойд мөрөн дээрээс буудсан байх би хараагүй буун дуу сонсогдоогүй Х дээр очиход өөрөө би гөрөөс буудсан унасан үгүйг мэдэхгүй гэж байсан. Би өглөө Ц, Х хоёрын араас явахдаа Б, Г хоёрыг сэрээгээд уул руу алхсан буцаад мотоциклоо авах гэж ирэхэд тэр хоёр байгаагүй дараа нь бид хэдийг баригдчихаад байж байхад Б, Г нар 2 мотоциклоо унаад З-т баригдаад ирсэн. Ц Г нар буутай явсан бичиг баримт байдаг талаар мэдэхгүй би тусгай хамгаалалттай газар ан гөрөө хийж болохгүй гэж мэдээгүй миний буруу. Би буугаар буудаж үзээгүй.” гэх мэдүүлэг.” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33 х /
Гэрч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхдаа найз Б-тай утсаар ярихад чи хүрээд ир Шилийн богд руу тарвага агнахаар явъя гэж хэлэхээр өдөр 14 цагийн үед өөрийн тоз-8 буугаа аваад сумын төвөөс 40 км “Ө” гэх газар Б-н гэрт ирэхэд Х, Б 2 цуг байж байсан тэгтэл Г, С 2 мотоциклтой ирээд цуг тарваганд явах болсон. Ингээд Г гэр лүүгээ явж буугаа аваад шөнө 23 цагийн үед бид нар 3 мотоциклтой Шилийн богд руу явж очоод шөнө Шилийн богд дээр гарчхаад богдын баруун талын А уулын зүүн суганд бид нар хоноглоод өглөө 04 цагт Х бид хоёр А уулан дээр гарч нар харчхаад тарваганы нүх сахихаар бид 2 буугаа аваад явсан Х, Г-н бууг аваад А уулын зүүн хойд сугар уу орсон би өөрийнхөө бууг аваад А уулын баруун хойт царанд тарваганы нүх сахиад 3 цаг гаран хэвтэж байхад Х уулын хойд талын өндөр дээр сууж байгаа харагдаж байсан тэгтэл С уулан дээрээс Х рүү явж очоод намайг гараараа даллаж дуудахаар нь очиход Х би сая нэг гөрөөс буудсан гэхээр нь тоглож байгаа байх гээд тоогоогүй тэгээд бид хэд гэр лүүгээ буцахаар болоод Х, С 2 мотоциклоо авч ирнэ гэхээр нь би иртэл сахиж байна тарваганы нүх рүүгээ очоод хэвтэж байхад 30 орчим минутын дараа С, Х 2 над руу мотоциклтой ирээд зогсож амжаагүй байхад араас нь байгаль хамгаалагч З, Ш нар мотоциклтой ирсэн тэгээд хавхаа гаргаад ир гээд бид хэдийн бууг хураана гэж байхад араас нь А уулын орой дээрээс З бууж ирээд бид нарыг Бор гөрөөс алсан байна гэхээр нь би ямар нэгэн буун дуу гаргаагүй гэж хэлсэн Х бас юм алаагүй гэж хэлсэн чинь бид хэдийг мотоцикл дээрээ сундлаад алагдсан гөрөөс дээр авч ирэхэд шинээр алсан цус нь урсаж байсан тэгээд Х буудсан гэдгээ өөрөө хүлээсэн. Тэгээд цагдаа дуудсан. Бид хоёр хоорондоо 1 км орчим зайтай байсан. Буун дуу сонсоогүй. Г, Б 2 мотоциклоо хараад үлдсэн байсан С, Х бид 3-ыг баригдсаны дараа мотоциклоо унаад бид хэд дээр ирсэн. Би хэвтэж байсан болохоор Х Бор гөрөөс буудсан талаар хараагүй С-г ирэхээс өмнө Х буудсан гэсэн тэгээд намайг дуудаад бид 3 А уулын хойд өндөр дээр уулзаад буцаж явсан надад гөрөөс буудсан гэхэд нь би итгээгүй. Би тусгай хамгаалалттай газар гэдгийг нь мэднэ тарвага агнах гэж байсан нь бидний буруу би энэ бууг 2019 оны өвөл Д.Б гэж хүнээс авсан бичиг баримт байхгүй буу. Би буугаараа буудаагүй надад 5 ширхэг сум байсан 2 ширхэг сумаа Хд өгсөн өөрөө 3 сумтай байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-36 х /
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц 16 цагийн үед манай хөдөө гэрийн утас руу залгаж надтай ярьсан тэгээд Ц-с чи манайхаар ирэхгүй юм уу гэхэд Ц танай тэр хавиар тарвага байна уу гэхээр нь байдаг хүрээд ир гэхэд мотоциклтой 18 цагийн үед Ц буугаа аваад ирээд тухайн үед манай Х манайд байсан тэгээд бид 3 юм яриад сууж байхад С, Г 2 манайд мотоциклтой ирсэн тэгээд бид хэд тарваганд хамт явахаар болсон тэгээд Х, Г хоёр гэрээсээ буугаа авах гэж явж ирээд бид хэд Шилийн богд руу явсан. Шилийн богд шөнө 23 цагийн үед очиж уулан дээр гарчхаад хойд царанд хонох гэсэн боловч хүмүүс байсан тул Шилийн богдын баруун талын А уулын зүүн урд суганд бид нар хоносон. Өглөө Х, Ц 2 тарваганы нүх сахина гэж ярьсан. Өглөө 06 цагийн үед Г бид 2-ыг С бид хоёрыг босоорой гэж хэлээд С А уул руу явсан тэгээд Г бид ах хоёр унтаж байгаад 7 цаг өнгөрч босоод А уул руу гарч нөгөө 3 хаана байгааг харах гэж уулан дээр гараад зогсож байхад бид хэдийн унаж ирсэн мотоцикл дээр хоёр мотоциклтой хүн ирээд мотоциклын банкны хажууд юм оролдоод байхаар нь бид хоёр уулнаас бууж очиж байхад нөгөө хүмүүс уулын хоёр талаар салаад явсан тэгээд Г бид хоёр бууж ирээд мотоциклоо үзэхэд сэвчиний толгойг нь авч явсан байсан тэгэхээр нь сэвчиний утсаа шууд залгаад А уулын зүүн талаар тойроод явж байхад уулын зүүн хойд доор хамгаалалтын захиргааны З бид хоёрыг хараад дуудахаар нь очиход та нар яагаад Бор гөрөөс алсан гэж асуусан бид нар ямар нэг амьтан алаагүй гэж хэлсэн чинь араас дагаад ир гэж дагуулж явсан тэгээд Ц, Х, С нар дээр дагуулж ирэхэд Бор гөрөөс алагдсан байсан. Г бид хоёр Ц, Х хоёрыг хаана байгааг харах гэж уулан дээр гарсан боловч ангийн эргүүл явж байна гэж нөгөө хэдэд хэлэх гэж буусан. Ц, Х, С нар хаан байгааг нь мэдээгүй. Буун дуу сонсоогүй. Г, Ц хоёр буу авч явсан хэний буу гэдгийг нь мэдэхгүй тусгай хамгаалалттай газар ан гөрөө хийж болохгүй гэж мэднэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42 х /
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 182 тоот албан бичиг /хх-ийн 08-р хуудас /
- ................. дугаартай хэрэг холбогдсон газрын байршлын зураг /хх-ийн 9-р хуудас /
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын тамгын газрын орон тооны зөвлөлийн устгалын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11-р хуудас /
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 23-р хуудас /
- Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/39 дугаартай тогтоол /хх-ийн 48-р хуудас /
- Линзийн Өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-61, 66-79, 80-90-р хуудас/
- Шүүгдэгч Х.Х-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 109-р хуудас/
- Прокурорын эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/15 дугаартай тогтоол,
-Шүүгдэгч Х.Х-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 119-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 86 дугаартай санал /хх-ийн 121-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай “А” гэх газар зөвшөөрөлгүй галт зэвсэг ашиглан “Бор гөрөөс” агнаж 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Х-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Э.Ө, гэрч Б.Г, Г.С, Х.Ц, Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Х.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан...гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Х-г “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол хор уршигийн талаар: 2020 оны 07 сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр бор гөрөөс экологи, эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр 400 000 төгрөг байна... гэх дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/ Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэсний дагуу шүүгдэгч Х.Х нь бор гөрөөс нөхөн төлбөр болох 800 000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Байгаль хамгаалах сангийн ............ дугаартай дансанд төлсөн нь хавтаст хэргийн 23-р хуудас дахь “ мөнгөн шилжүүлэгийн “баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Хг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Х нь иргэний нэхэмжлэгч Э.Ө-т хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/39 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-н эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг Б.Б-т буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Х-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Тоз-8 маркийн гол төмрийн дугаар 6621, замаг 10560 дугаартай галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Х.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Х-г Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.Х-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Х-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ болох 1.473.750 төгрөгийг шүүгдэгч Х.Х-с гаргуулж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/39 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Б-т буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн гол төмрийн дугаар 6621, замаг 10560 дугаартай галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Э.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР