Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Хөвсгөл аймгийн Ц суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эцэг, дүү, хүү нарын хамт Хөвсгөл аймгийн Ц сумын .. дүгээр баг ГС гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..............., Б.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг ....... тоотод оршин суух иргэн Ц.Б-н “Ц.Б” Фейсбүүк хаягт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар нэвтэрч Б.У-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 50.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр фэйсбүүк хаяг руу орж 50.000 төгрөг зээлж авсан. Би Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байхдаа Б           эгчтэй танилцсан. Б эгч тэр үед утасгүй байсан учир миний утсаар өөртөө “ facebook ” хаяг надаар нээлгэсэн юм. Ар гэрийн зүгээс туслах боломж байхгүй. Би 50.000 төгрөгөөр хүүдээ эм авсан. Миний хүү төрөхдөө тархиндаа судалтай төрсөн. Тэгээд тархины саажилттай болсон. Хүүхдийн 100.000 төгрөг, хүүхэд асаргааны 50.000 төгрөг, хүнсний талоноор хүнсээ авч амьдардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч Б.А-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт төрөөд 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хот орж эх нялхаст хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байхдаа цуг нэг өрөөнд байсан Ц.Б гэх эмэгтэйтэй танилцсан юм. Тухайн үед Ц.Б гэх эмэгтэй надаар Фейсбүүк хаяг нээлгэж миний утсаар орж байсан. Ц.Б эгчийн фейсбүүк хаяг миний утсан дээр хадгалагдсан байсан тул 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б эгчийн фейсбүүк хаягаар орж BN гэсэн фейсбүүк хаяг руу “ яаралтай мөнгөний хэрэг болоод байна, хэд хоногоос өгнө “ гэж хэлээд 20.000 төгрөг, UU гэсэн хаяг руу мессеж бичиж 30.000 төгрөг нийт 50.000 төгрөг хаан банкны ........... гэсэн А.Э гэж өөрийн төрсөн хүүхдийнхээ данс руу шилжүүлэн аваад өөрийнхөө .................. данс руу авсан. Өөр хүнээс мөнгө төгрөг аваагүй ээ. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэг өгсөн ба тэр мэдүүлэг дээрээ бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Б гэх хүнд 50.000 төгрөгийг буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-21/

 

- Хохирогч Б.У-н: 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед манай төрсөн дүү Н утсаар над руу залгаад “ эгчээ 20.000  төгрөг байна уу, дүү нь хүнд өглөгтэй “ юм гээд над руу данс мессежээр явуулсан тухайн үед нь би өөрийн ................ гэсэн данснаас дүүгийн өгсөн .................. гэсэн дансанд хийсэн юм. Тэгээд гэртээ байж байхад манай бэр эгчийн хамаатан болох Б эгчийн Ц.Б гэх Фейсбүүк хаягаас миний чат руу “ сайн уу, би сайн, би эмнэлэгт байна хүү ханиад хүрээд, би танай баг чинь үү, Б надад мөнгөний хэрэг байна маргааш банк нээхээр аваад өгнө, 30.000 төгрөгөөр эм тариа авах гэсэн юм, энэ данс руу хийчих “ гэсэн чат ирсэн.  .................. өгсөн дансаар нь гүйлгээ хийхэд өмнө 20.000 төгрөг хийсэн хүний данс байхаар нь гайхаад дүүгээсээ асуухад “ Б эгч надаас мөнгө зээлсэн юм, маргааш аваад өгнө “ гэсэн гэж хэлсэн. Би бэр эгчээсээ Б эгчийн дугаарыг авч залгаад “ та мөнгө авсан уу” гэж асуухад “ юу мөнгө би мөнгө аваагүй “ гэсэн. Тэгээд очиж уулзаад залилуулсан болох талаараа мэдсэн юм...гэх мэдүүлэг /хх-5-7/,

 

- Гэрч  Ц.Б: 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед манай эгчийн охины хадам дүү У гэх охин над руу утсаар залгаад таны фейсбүүк хаягаас дараах чат ирсэн гэсэн “мөнгө зээлээч хүүхэд эмнэлэгт хэвтчихээд байна эм тариа авах гэсэн юм гэж” хэлээд 30.000 төгрөг авсан байсан. Дараа нь У-н дүү Н гэх хүн рүү дээрх утгаараа чат бичсэн гэсэн тухайн үед нь Н Угоос мөнгө зээлж 20.000 төгрөгийг У-н данснаас уг данс руу хийлгэсэн байсан. Мөнгө авсан данс нь ............... гэсэн А.Э гэсэн данс байсан. 2019 оны 12 дугаар сарын 27-28-ны хооронд Улаанбаатар хот Их нялхас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад надтай нэг өрөөнд байсан А гэх охин уг хаягийг нээж өгөөд өөрийнхөө ............... дугаараар нууц үгийг нь хийж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-10-11/,

 

  • Б.Б-ы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28/

 

-  Б.У-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх29/

 

-  А.Э-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30/

 

  • Б.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/

 

  • Б.А-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-23/

 

  • Б.А-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/

 

- Б.А-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие нь Ц.Б “Ц.Б” фэйсбүүк хаягт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар нэвтэрч Б.У-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, 50.000 төгрөгийг залилж авсан төлбөрөө төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-36/

 

-Хохирогч Б.У-т хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-31/

 

-Шүүгдэгч Б.А-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-32/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай санал /хх-38/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 03 дугаар баг ....... тоотод оршин суух иргэн Ц.Б “ Ц.Б ” Фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч Б.У-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж 50.000 төгрөгийг залилж авсан болох нь:

шүүгдэгч Б.А-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Би тэр фэйсбүүк хаяг руу орж 50.000 төгрөг зээлж авсан. Би Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байхдаа Б эгчтэй танилцсан. Б эгчтэй тэр үед утасгүй байсан. Миний утсаар өөртөө “ facebook ” хаяг надаар нээлгэсэн юм. Ар гэрийн зүгээс туслах боломж байхгүй учир би 50.000 төгрөгөөр хүүдээ эм авсан. Миний хүү төрөхдөө тархиндаа судалтай төрсөн, тархины саажилттай юм.. Хүүхдийн 100.000 төгрөг, хүүхэд асаргааны 50.000 төгрөг, хүнсний талоноор хүнсээ авч амьдардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх,

хохирогч Б.У-н “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  оны 14 цагийн үед манай төрсөн дүү Н утсаар над руу залгаад эгчээ 20.000  төгрөг байна уу, дүү нь хүнд өглөгтэй юм гээд над руу данс мессежээр явуулсан. Би өөрийн ................ данснаас дүүгийн өгсөн ................. гэсэн дансанд хийсэн юм. Гэнэт манай бэр эгчийн хамаатан болох Б эгчийн “ Ц.Б “ гэх фейсбүүк хаягаас “сайн уу, хүү ханиад хүрээд би эмнэлэгт байна, надад мөнгөний хэрэг байна. Маргааш банк нээхээр аваад өгнө, 30.000 төгрөгөөр эм тариа авах гэсэн юм. ................ данс руу хийчих “ гэсэн чат ирэхээр нь өгсөн дансаар гүйлгээ хийхэд өмнө 20.000 төгрөг хийсэн хүний данс байхаар нь гайхаад дүүгээсээ асуухад “ Б эгч надаас мөнгө зээлсэн юм маргааш аваад өгнө “ гэсэн гэж хэлсэн. Би Б эгчийн дугаарыг авч залгаад та мөнгө авсан уу гэж асуухад юу мөнгө би мөнгө аваагүй гэсэн. Тэгээд очиж уулзаад залилуулсан болохоо мэдсэн юм.гэх,

гэрч  Ц.Б “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн манай эгчийн охины хадам дүү У гэх охин над руу утсаар залгаад таны фейсбүүк хаягаас “мөнгө зээлээч хүүхэд эмнэлэгт хэвтчихээд байна эм тариа авах гэсэн юм” гэсэн чат ирээд 30.000 төгрөг авсан. Дараа нь У-н дүү Н гэх хүн рүү дээрх утгатай чат ирэхээр нь тухайн үед нь Н нь У-с мөнгө зээлж 20.000 төгрөгийг У-н данснаас уг данс руу хийлгэсэн байсан. Мөнгө авсан данс нь ............. гэсэн А.Э гэсэн данс байсан. 2019 оны 12 дугаар сарын 27-28-ны хооронд Улаанбаатар хот Их нялхас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад надтай нэг өрөөнд байсан А гэх охин уг хаягийг нээж өгөөд өөрийнхөө ............... дугаараар нууц үгийг нь хийж өгсөн юм.” гэх мэдүүлгүүд,  

Б.Б, Б.У, А.Э нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн Б.А-н хувьд иргэн Ц.Б-той эмнэлэгт нэг тасагт хэвтэх явцдаа түүнд “ Ц.Б” гэх фэйсбүүк хаяг нээж, уг хаягт орох эрхийг өөрийн утасны дугаараар хийж өгсөн бөгөөд улмаар дээрх “Ц.Б” гэх фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч иргэн Ц.Б-той ураг төрлийн хамааралтай Н-н фейсбүүкийн хаягт “ мөнгө зээлээч хүүхэд эмнэлэгт хэвтчихээд байна эм тариа авах гэсэн юм” гэсэн зурвас илгээснээр Н нь эгч Б.У-н данснаас 20.000 төгрөгийг, мөн Б.У-н мессенжерт “мөнгө зээлээч хүүхэд эмнэлэгт хэвтчихээд байна эм тариа авах гэсэн юм” гэж зурвас бичсэнээр Б.У нь 30.000 төгрөгийг тус тус түүний хүү А.Э-н ХААН банкны дансанд шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогдсон хийгээд тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тодруулбал, Б.А нь амар хялбар аргаар мөнгө олохоор буюу бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.А-н цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч мөнгө авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан 50.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн талаар хохирогч Б.У “2020 оны 08 сарын эхээр Б.А нь миний өөрийн ................. данс руу 50000 төгрөг шилжүүлсэн. Мөн надаас уучлалт гуйсан. Миний зүгээс гаргах гомдол, санал гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.А-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Б.А-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.А-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, мөн тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокуророос сонгосон хорих ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ авах тухай саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд Б.А-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

              

Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.                     

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А-д дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан Б.А-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.У-т учирсан 50000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН