Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.З-т холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .. дүгээр баг О-д оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............., О.З.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.З нь 2018 оны өвөл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .. дугаар нутаг “Х” гэх газраас иргэн С.Г-н эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 1.300.000 /нэг сая гурван зууг мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч О.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны хавар манай үхэрт хоёр үхэр нийлсэн. С.Г-н үхэр гэдгийг мэдэж байсан. С.Г-нх манайхаас 3-4 километрийн зайтай байдаг. 2019 оны 01 дүгээр сард Р.Б гэдэг хүнд ягаан зүсмийн гунжийг аваачиж өгсөн. Би хохиролд 1.800.000 төгрөг төлсөн...гэв.

 

..................  дугаартай хавтаст хэргээс:

- Яллагдагч О.З-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх 2018 оны 05 дугаар сард Дарьганга сумыг ... дугаар баг ИБ гэх нэртэй газарт байхад манай үхэрт Г ахын баруун чих урдаасаа зүүн чих араасаа ганзага имтэй улаан бөөрлөг гунж, судалтай хүрэн үнээ буюу 2 тооны үхэр нийлсэн байсан. Тухайн 2 тооны үхрийг ямар нэг хүн асууж сураглаж ирэхгүй болохоор нь би 2018 оны намар 09 сард И, Б нарт өгч явуулаад мал мах авдаг Б-д 400.000 төгрөгөөр өгсөн, 2019 оны 01 дүгээр сард Б гэх хүнд бэлгэнд адуу өгөх ёстой байсан тэр адууны оронд ягаан бөөрлөг гунжийг тус тус өгсөн юм. Би С.Г-н 2 тооны үхрийн оронд 1.300.000 төгрөг өгч гомдолгүй болсон тул одоо ямар нэгэн байдлаар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болсон юм. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

- Хохирогч С.Г-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх 2018 оны хавар Дарьганга сумын ... дугаар багт “Х” гэх газраас улаан бөөрлөг гунж, судалтай хүрэн үнээ баруун чих урдаасаа ганзага зүүн чих араасаа ганзага имтэй 2 тооны үхэр алдсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Н гэх залуу манай хүү Н-д “ танай имтэй улаан бөөрлөг зүсмийн зэрлэг гунж 2018 оны өвөл “ИБ” гэх газрын арын элсэнд модон дотор уяатай байсан “ гэж ярьсан байсан. Тэгээд би тухайн үед тэр хавьцаа өвөлждөг Б гэх залуу руу утсаар залгаж “ 2018 оны өвөл танай ойролцоо уяатай улаан бөөрлөг гунж байсан байна, энэ талаар мэдэх үү “ гэж асуухад Б нь “ З надад адууны оронд улаан бөөрлөг өгсөн, тэр үхэр нь манай гадаа уяатай байж байгаад алдуурч модон дотор орсон байсныг би хөөж ирээд идшинд хэрэглэсэн “ гэж ярьсан. Б-тай хамт улаан бөөрлөг үхрийг нь Б гэх залуу хамт нядалсан гэсэн. Мөн 2018 оны намар З нь Б гэх ченжид миний судалтай хүрэн үнээг мөн И гэх залуугаар заруулсан байна. З нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр надад 1.300.000 төгрөг дансаар өгч, миний хохирлыг барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/,

 

- Гэрч Я.Б-ы: 2018 оны 12 сарын сүүлээр өвөлжөөндөө буучихаад байхад Б ирээд идэш хийлцээд өг гэхээр нь Б-ы гэрт очиход гэрийнх нь гадаа улаан бөөрлөг их маягтай гунж байсан. Уг үхрээ хийж байхад Б З-ээс мөнгөөр авсан гэж ярьж байсан. Би имийг нь ажиглаагүй улаан бөөрлөг зэрлэг үхэр байсан. Г-н үхрийн имийг мэднэ. Зундаа тэний мал манай малтай бэлчээр нэг байдаг. Тэр үхрийн имийг анзаарч хараагүй, З өөрөө малтай учраас санаанд ороогүй. Улаан бөөрлөг үхрийг хийхэд Б бид 2 байсан өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн14-15/,

 

- Гэрч Н.Б-н:2018 оны 09 сарын дундуур сургуулийнхаа хүүхдийг сум руу өгөхөөр явах гэж байхад З манай руу ирээд сум руу 1 үхэр ачаад явчих гэж гуйсан. Г ахын гадаа машины хажууд тушаатай хүрэн судалтай баруун чих урдаасаа зүүн чих араасаа имтэй залуу сувай үнээг миний машин дээр ачиж И цуг явсан. Би тэр үхрийг нь Б-н гадаа буулгасан. Г ахын гадаа үхэр ачихаар ирэхэд З, Ж, И, манай эхнэр бид нар байсан. Би хэний үхэр гэдгийг нь мэдээгүй. Би З-н үхрийн им тамгыг мэдэхгүй, олон айлын мал байдаг болохоор янз бүрийн имтэй. З өөрөө малтай учраас санаанд ороогүй...гэх мэдүүлэг /хх-17-18/

 

-Гэрч Р.Б-ы: 2018 онд манайх гэрийн найр хийсэн үед З манай гэрийг мялааж адуу бэлгэлсэн. 2018 оны өвөл 12 сарын дундуур З манайд ирээд танд адуу өгч чадахгүй боллоо танд үнээ өгье гэсэн. Хэд хоногийн дараа З морьтой улаан бөөрлөг зүстийн зарлаг гунж хөөж ирсэн, би уг үхрийг гаднаа уяж хоноод маргааш нь алдаж гэрийнхээ баруун хойд талын модноос олж аваад Б-тай хамт хийсэн. Манайд үхэр авч ирж өгөхөд манай эхнэр хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Би имийг нь ажиглаагүй улаан бөөрлөг зэрлэг үхэр байсан. Г-н үхрийн имийн мэднэ. Өвөл тэдний мал манай малтай бэлчээр нэг байдаг тэр үхрийн имийн анзаарч хараагүй. З өөрөө малтай учраас санаанд ороогүй...Улаан бөөрлөг үхрийг хийхэд Б бид 2 байсан өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

- Гэрч Х.И-н: 2018 оны 9 дүгээр сарын дундуур З сум руу үхэр оруулж Б-д өгөх хэрэг байна гээд үхрээ Э-н гадаа хөөж ирээд баруун чих урдаасаа зүүн чих араасаа ганзага имтэй судалтай хүрэн үнээ барьж намайг Б-той сум руу аваад явчих, аав ээж харна би явж болохгүй байна гээд намайг үхрээ Б-д өгчих гээд явуулсан. Би Б-д үхрийг нь өгч 600.000 мянган төгрөг авч үхэр ачсан машиндаа 20.000 төгрөгт түлш хийгээд үлдсэн мөнгийг нь Зт өгсөн. Судалтай хүрэн үнээ нь богино эвэртэй номхон нэмэх гунж байсан. З-н үхэр баруун чих дундаас зүүн чих араас ганзага имтэй. З олон алагтай үхэр хөөж ирээд судалтай хүрэн үнээ барьсан. З бид 2 байсан өөр хүн байгаагүй. З нь үхрээ өөрийнхөө мотоциклоор хөөж ирсэн. Надад өгч явуулсан үхрийн им З-н үхрийн имээс өөр байсан. З-н ах дүү нарын үхэр гэж янз бүрийн имтэй олон үхэр байдаг. Би З-с мөнгө авах байсан тэгээд надад 80.000 төгрөг өгсөн. Би хулгайн үхэр гэж сая мэдэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

-Гэрч Т.Б-н: 2018 оны 09 сарын дундуур И над руу залгаж үхэр авч байгаа юу сум руу үхэр аваад орж байна гэж яриад надад судалтай хүрэн зүсмийн үнээ 600.000 мянган төгрөгөөр зарсан. И надад хүн өгч явуулсан гэж яриагүй би хашаандаа буулгаж аваад 600.000 мянган төгрөг бэлэг өгсөн. Им тамгыг нь ажиглаагүй ачааны машин дээр 4 хөлийг нь боогоод ачиж ирсэн байсан. Би урьд нь И, З нараас мал авч байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн “ хязаалан дөнж үхэр 700.000 төгрөг, шүдлэн гунж үхэр 600.000 төгрөг “ гэх дүгнэлт /хх-ийн 24-37/,

 

- О.З-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/,

 

- О.З-н Төрийн мэдээллийн сангаас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан “Оршин суугаа газрын тодорхойлолт” /хх-ийн 51/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .... дугаар багийн Засаг даргын 2020.09.17-ны өдрийн 10/305 дугаартай тоот /хх-52/

 

- О.З-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 /

 

- Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 55-62/

 

- С.Г-н 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Прокурорт гаргасан тодорхойлолт /хх-ийн 67/

 

- Г.О-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №5/103 дугаартай санал /хх-ийн 71/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.З нь 2018 оны өвөл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар нутаг “Х” гэх газраас иргэн С.Г-н баруун чих урдаасаа ганзага зүүн чих араасаа ганзага имтэй улаан бөөрлөг гунж, судалтай хүрэн үнээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

шүүгдэгч О.З-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2018 оны хавар манай үхэрт хоёр үхэр нийлсэн. С.Г-н үхэр гэдгийг мэдэж байсан. С.Г-нх манайхаас 3-4 километрийн зайтай байдаг. 2019 оны 01 дүгээр сард Р.Б гэдэг хүнд ягаан зүсмийн гунжийг аваачиж өгсөн. Би хохиролд 1.800.000 төгрөг төлсөн” гэх,

хохирогч С.Г-н” 2018 оны хавар Дарьганга сумын 3 дугаар багийн “Х” гэх газраас улаан бөөрлөг гунж, судалтай хүрэн үнээ баруун чих урдаасаа ганзага зүүн чих араасаа ганзага имтэй 2 тооны үхэр алдсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Н гэх залуу манай хүү Н-д “ танай имтэй улаан бөөрлөг зүсмийн зэрлэг гунж 2018 оны өвөл “ИБ” гэх газрын арын элсэнд модон дотор уяатай байсан “ гэж ярьсан байсан. Тэгээд би тухайн үед тэр хавьцаа өвөлждөг Б гэх залуу руу утсаар залгаж энэ талаар асуухад Б нь “ З надад адууны оронд улаан бөөрлөг өгсөн тэр үхэр нь манай гадаа уяатай байж байгаад алдуурч модон дотор орсон байсныг би хөөж ирээд идшинд хэрэглэсэн “ гэж ярьсан. Бтай хамт улаан бөөрлөг үхрийг нь Б гэх залуу хамт нядалсан гэсэн. Мөн 2018 оны намар З нь Б гэх ченжид миний судалтай хүрэн үнээг мөн И гэх залуугаар заруулсан байна ” гэх

гэрч Я.Б-ы “ 2018 оны 12 сарын сүүлээр Б “ ирээд идэш хийлцээд өг “ гэхээр нь Б-ы гэрт очиж улаан бөөрлөг их маягтай гунж үхрийг хийсэн.Б З-с мөнгөөр авсан гэж ярьж байсан. Би имийг нь ажиглаагүй улаан бөөрлөг зэрлэг үхэр байсан ” гэх,

гэрч Р.Б-ы” 2018 онд манайх гэрийн найр хийхэд З гэрийг мялааж адуу бэлгэлсэн. 2018 оны өвөл 12 сарын дундуур З манайд ирээд “ танд адуу өгч чадахгүй боллоо танд үнээ өгье “ гэсэн. Хэд хоногийн дараа З морьтой улаан бөөрлөг зүсмийн зэрлэг гунж хөөж ирсэн. Би уг үхрийг гаднаа уяж хоноод маргааш нь алдаж гэрийнхээ баруун хойд талын модноос олж аваад Б-тай хамт хийсэн. Би имийг нь ажиглаагүй улаан бөөрлөг зэрлэг үхэр байсан “ гэх, 

гэрч Н.Б-н” 2018 оны 09 сарын дундуур сум руу явах гэж байхад З “ манай руу ирээд 1 үхэр ачаад явчих “ гэж гуйсан. Г ахын гадаа машины хажууд тушаатай хүрэн судалтай баруун чих урдаасаа зүүн чих араасаа имтэй залуу сувай үнээ миний машин дээр ачиж И цуг явсан. Би тэр үхрийг нь Б-н гадаа буулгасан “ гэх,

гэрч Х.И-н “ 2018 оны 9 дүгээр сарын дундуур З сум руу үхэр оруулж Б-д өгөх хэрэг байна гээд үхрээ Э-н гадаа хөөж ирээд баруун чих урдаасаа зүүн чих араасаа ганзага имтэй судалтай хүрэн үнээ барьж намайг Б-той сум руу аваад явчих аав ээж харна би явж болохгүй байна гээд намайг үхрээ Б-д өгчих гээд явуулсан. Би үхрийг Б-д өгч 600.000 мянган төгрөг авч үхэр ачсан машиндаа 20.000 төгрөгт түлш хийгээд үлдсэн мөнгийг нь Зт өгсөн. Судалтай хүрэн үнээ нь богино эвэртэй номхон нэмэх гунж байсан. Надад өгч явуулсан үхрийн им З-н үхрийн имээс өөр байсан. Би хулгайн үхэр гэж сая мэдэж байна... гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн “хязаалан дөнж үхэр 700.000 төгрөг, шүдлэн гунж үхэр 600.000 төгрөг гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч О.З нь өөрийн үхэрт нийлсэн 2 тооны үхрийг саахалт, ойр нутаглах С.Г-н үхэр болохыг мэдсээр байж бусдад өгч, зарж борлуулсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж амар хялбар аргаар мөнгө олох, хэрэгцээндээ зарцуулахаар бусдын малыг хулгайлж өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна

 

Шүүгдэгч О.З-н иргэн С.Г-н 2 тооны үхрийг авсан дээрх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно“, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгч О.З-н дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан дээрх Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ Бусдын олон тоон олон тооны мал хулгайлсан бол бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэх, мөн зүйлийн тайлбарын “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно ” гэсэн зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “ 2.Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн зүйлийн тайлбарыг “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно ” гэж тус тус хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт тул шүүх Эрүүгийн хуулийн дээрх зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн үйлдэлд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээр тогтоосон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч О.З гэм буруугийн талаар маргаагүй ба гэмт хэргийн улмаас хохирогч С.Гд учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь болох нь С.Г-н  “З нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр надад 1.300.000 төгрөг дансаар өгч, миний хохирлыг барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг, О.З-н аав Г.О-н хаан банкны депозит хуулга зэргээр нотлогдох тул шүүгдэгч О.З-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.З-н бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос О.З-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч О.З-н  үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд О.З-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.З-г мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жил долоон сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.  Шүүхийн шатанд шүүгдэгч О.З-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

4. Шүүгдэгч О.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Г-д учирсан 1.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН