| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0183/э/ |
| Дугаар | 194 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Д.Хорлоо,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А,
шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.З-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ...-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын ...-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:............/ Д.З.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газар Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 8 настай иргэн П.М-И-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд адууны эрэлд явахаар мотоциклтой шатахуун түгээх станц руу явсан. Б гэх газраар өнгөрч байхад зам дээр хүүхдүүд тоглож байхаар нь тойроод гарч байхад тоглож байсан хүүхдүүд дундаас нэг нь гэнэт урдуур гүйж гарч ирээд мөргүүлчихсэн. Би тухайн үед зөөлөн явж байсан болохоор тоормослох шаардлагагүй гээд хөлөөрөө газар тулаад гараараа мотоциклоо өргөөд зогссон. Тэгээд хажуу талаас С ирээд хүүхдийг авах гэсэн боловч хөл нь мотоциклийн дугуйнд тээглээд болохгүй болохоор нь би мотоциклоо дээш нь өргөж хүүхдийг гаргаж аваад гэр рүү хүргэж өгөөд, ээжид нь “ ах нь танай хүүхдийг мөргөчихлөө эмнэлэгт аваачиж анхны тусламж үзүүлье “ гээд эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт үзүүлчхээд эмчийн бичиж өгсөн эмийг авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд эхнэртэйгээ тухайн хүүхдийн эмээ, өвөөгийн гэр рүү нь очиж “ танай зээ хүүг мотоциклоор мөргөчихлөө “ гэж хэлэхэд “ хэлж байгаа чинь сайн байна. Хэлэхгүй зугтаагаад явчихдаг хүмүүс байдаг “ гэж хэлсэн. Маргааш нь эмнэлэгт дахиж үзүүлсэн гэхээр нь эм тариаг авч өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өвөө нь хөдөөнөөс над руу утсаар яриад “ Боргио авчирч өг “ гэж хэлэхээр нь дэлгүүрээс нэг пиво аваачиж өгөхөд “ одоо ахад нь ямар нэгэн асуудал байхгүй чи ажлаа бод “ гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хадланд гарсан. Намайг хөдөө хадлан дээр байхад олон нийтийн сүлжээгээр З хүүхэд тайрчихаад зугтсан байна гэж хүмүүс надад хэлсэн. Удахгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Анх 100.000 төгрөг өгсөн. Дараа нь Улаанбаатар хот руу явахад нь 500.000 төгрөг өгсөн. Нийт 600.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед З “ ах нь хүүхдийг чинь мөргөчихлөө, хувцсыг нь сольчих ах нь эмнэлэгт аваачиж үзүүлээд ирье” гээд хүүхдийг маань эмнэлэгт үзүүлчхээд буцаад ирсэн. Тухайн үед толгойн доргисон байдалтай, мөн өмдөндөө шээсэн байсан. Манай хүүхдийн хоёр хөлийн өвдөг, хоёр гарын тохой шалбарсан байсан болохоор нь гайгүй байх гэж бодсон. Дахиж эмчид үзүүлэхэд эмч нь биеийн байдлыг нь харж бай гэж хэлсэн. Тэгээд би бүтэн сайн өдөр эмнэлэг рүү очиж хүүгээ үзүүлэхэд Онгон сум руу юм уу, аймаг руу явж рентгенд харуул гэж хэлсэн. Аймагт ирээд рентгенд харуулахад хүүхдийн чинь эгэм нь хугарсан байсан гэж хэлсэн. Эмч юу болсон талаар асуухаар нь мотоциклтой хүнд дайруулсан гэж хэлсэн. Одоо 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өмнө өгсөн 600.000 төгрөгөөс гадна нэхэмжилж байгаа. Хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ. Манай хүүхдийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Хүүгийн маань эгэмээр өвдөөд байна гэж хэлээд байгаа. Сумаас аймаг руу ирэхэд хүүхэд 10000, том 20000 төгрөгийн зардлаар ирдэг. Аймаг руу нийт 4 удаа ирсэн. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр аймаг руу хүүхдээ үзүүлэхээр ирсэн. Ник-ийн ажилтан нь 2020 оны 08 дугаар сарын 15, 18-ны өдөр гээд ойрхон гаргаж өгсөн байсан. Жолооч нь надад баримт байхгүй гээд Ник-ээс авсан...гэв.
................. дугаартай хэргээс:
- Яллагдагч Д.З-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газар Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 8 настай иргэн П.М-И-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 16-17 цагийн хооронд гэрээсээ өөрийнхөө мотоциклыг унаад шатахуун түгээх станц руу явсан юм. Замдаа Наран сумын ... дугаар багийн нутаг Б гэх газраар өнгөрч байхад зам дээр хүүхдүүд тоглож байхаар нь тойроод гарч байхад тоглож байсан хүүхдүүд дундаас нэг нь гэнэт урдуур гүйж гарч ирээд мөргүүлчихсэн. Би тухайн үед зөөлөн явж байсан болохоор тоормослох шаардлагагүй гээд хөлөөрөө газар тулаад гараараа мотоциклоо өргөөд зогссон. Би хохирогчийн ээж С.А-д аймгийн эрүүл мэндийн төвд үзүүлэх замын зардалд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөг, дараа нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-18-21, 58-59 хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч П.М-И: Би тэр өдөр гэрийн урд талын гудамд хүүхдүүдтэй хамт тоглож байсан. Гэр лүүгээ харих гээд хойшоогоо алхаж байсан. Мотоцикл ирж байхыг хараагүй. Би их сандарчихсан байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Ямартай ч би доошоо хараад уначихсан байсан. Намайг газар унасны дараа ойрхон газар явсан байх. Нэг мэдэхэд хүүхдүүд орилоод С эгч намайг ирээд босгож авч байсан. Тэгээд З ах намайг мотоцикл дээрээ суулгаад манай гэр лүү явсан. Гэрт очоод ээж миний хувцсыг сольж өгөөд З ах бид 2 эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод эмч миний шархыг цэвэрлэж өгсөн. Шархаа цэвэрлүүлчхээд буцаад гэр лүүгээ харьсан. Миний 2 хөлний өвдөг, 2 гарны тохой шалбарсан бас баруун мөрөн дээр шалбарсан. Бас миний эгэмний яс хугарсан...гэх мэдүүлэг /хх-8-12 хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н: 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай хүү П.М-И 14 цагийн үед гадаа тоглохоор гарсан. 17 цагийн үед З гэх хүн “Ах нь хүүхдийг чинь мөргөчихлөө, хувцсыг нь сольчих ах нь эмнэлэгт аваачиж үзүүлээд ирье” гэхээр нь би хүүхдийн хувцсыг сольж өгөөд явуулсан. Буцаад ирэхээр нь би хүүхдээ орон дээр хэвтүүлээд байж байхад З ах “эмнэлэгт үзүүлчхээд ирлээ, ах нь эргээд ирье” гээд гараад явсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа ирж хүүхдийн биеийг асуугаад явсан. Би тухайн үед эгэмний хугаралтай байсныг нь мэдээгүй учраас цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Сүүлд нь аймагт очиж эмнэлэгт үзүүлэхэд эгэмний хугаралтай гэсэн онош тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Баруун эгэм хугаралттай, 2 хөлийн өвдөг, 2 гарын тохой шалбарсан, баруун мөр нь шалбарсан, толгой нь доргисон байсан. Д.З гэх хүн намайг хүүхдээ аваад Баруун-Урт суманд очиж эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг дансаар шилжүүлсэн, сумын эмнэлгээс бичиж өгсөн эмүүдийг авч өгсөн...гэх мэдүүлэг /хх-13-17 хуудас/,
- Гэрч Г.С-н: Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрийнхээ гадуур цэвэрлэгээ хийгээд байж байтал ард хүүхдүүд бужигнаад эхлэхээр нь эргээд хартал нэг хүүхэд мотоциклын доор уначихсан, өмссөн сандаал нь мотоциклд тээглээд гацчихсан байхаар нь би очиж салгаад босгосон. Яг дайрсан мөргөсөн эсэхийг нь бол хараагүй. Хүүхдийн баруун талын мөрөн дээр нь халцарчихсан байсан. Мотоциклыг Д.З гэх хүн жолоодож байсан. Д.З нь хүүхдийг эмнэлэгт үзүүлнэ, аав ээжид нь аваачиж өгнө гээд аваад явсан. Манай гэрийн урд замаар машин мотоцикл хүүхэд хүн дайрчих гээд их ширүүн явдаг. Тухайн үед мотоциклын дуу чимээ ер сонсогдохгүй байсныг бодоход их л зөөлөн явж байсан байх гэж бодож байна. Намайг очиход хүүхэд уйлаагүй байсан. Их сандарсан байсан. Би Д.З гэх хүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, надад тийм зүйл анзаарагдаагүй. Д.З гэх хүн нь ер нь архи уудаггүй байх. Надтай лав согтуу таарч байсныг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-22-23 хуудас/,
- Гэрч Б.Г-н: Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэг дээр хүн үзүүлнэ гээд ирчихсэн байна гэж залгахаар нь очтол Д.З гэх хүн “ би энэ хүүхдийг мотоциклоороо мөргөчихлөө, ээжид нь үзүүлсэн чинь гайгүй гэсэн, гэхдээ би эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байх гэж бодоод ирлээ” гээд орж ирсэн. Би үзэхэд хүүхдийн баруун гарын мөр хавьцаа гүн шалбарсан, 2 хөлийн өвдөг, 2 гарын тохой өнгөцхөн шалбарсан байсан. Хүүхдээс хаана өвдөж байна, гэж асуухад надад юм хэлээгүй болохоор нь би жолоочоос “Хүүхэд яаж унасан, толгойгоор унасан уу” гэж асуухад толгойгоороо унаагүй, 4 хөллөж унасан гэсэн. Би гар хөл, мөрийг нь тэмтрэхэд ил зөрүүтэй хугарал мэдрэгдээгүй. Тийм болохоор нь би “Доргилт одоохондоо мэдэгдэхгүй, Шархыг нь цэвэрлүүлээд 2-3 хоног ажигла, өөр шинж тэмдэг ажиглагдвал мэдэгдээрэй” гэж хэлсэн. Дараагаар нь 07 дугаар сарын 31-ний өдөр үзүүлэхээр ирсэн. Ээжийнх нь үгээр “Хоолонд дургүй, цээжээр өвдөнө, сулбайна, мөр хөндүүртэй ” гэх зовуурьтай байсан. Би эгэм, мөрийг тэмтрэхэд мултрал болон зөрүүтэй хугарал мэдэгдэхгүй байсан. Ээжид нь “Рентгин зураг авхуулах хэрэгтэй, Онгон сумын сум дундын эрүүл мэндийн төвд рентгин зураг авдаг болсон. Тийшээ очиж үзүүл, эгэм нь зөрүүгүй хугарсан байж магадгүй” гэж хэлэхэд С.А гэх хүн “Аймаг руу явж үзүүлнэ” гээд надаас 13а маягт аваад явсан юм...гэх мэдүүлэг /хх-24-25 хуудас/,
- Гэрч Н.БЭ: 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би хөдөө гэртээ байхад Д.З нь эхнэртэйгээ манайд ирээд “би нэг хэрэг тарьчихлаа” гэж хэлсэн. Юу болсон бэ гэж асуухад “ танай ач хүү П.М-И намайг колонк руу явж байхад мөргүүлчихлээ. М-И нь 4 хөллөж унаад 2 тохой, 2 хөлийн өвдөг хэсгээр шалбарсан, өмдөн дээрээ шээчихсэн, би эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмч гайгүй байна” гэж хэлсэн. Би эмнэлэг рүү залгаад болсон асуудлын талаар асуухад Б.Г эмч “Би үзсэн гайгүй байсан” гэж хэлсэн. Намайг орой гэртээ ирээд хүүхдээ харахад мөр, эгэм хавиар эвгүй болчихсон, өмсөж байсан футболк нь мөрөн дээрээ урагдсан байсан. 5 хоногийн дараа манай ач хүүгийн бие улам муудаад байхаар нь Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд баруун эгэм хугарсан гэсэн онош тогтоогдсон...гэх мэдүүлэг /хх-26-27 хуудас/,
- Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.З нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.в Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
Зам тээврийн осолд орсон П.М-И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.д. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна “ гэх магадалгаа /хх-28-29/,
- Шүүх эмнэлгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 431 дугаартай “ П.М-И-н биед баруун эгэмний зөрүүгүй хугарал, баруун мөр, 2 өвдөг, 2 тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-32-33/,
-Яаралтай тусламжийн үзлэгийн тэмдэглэл/хх-35-36/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н Наран сумын цагдаагийн хэсэгт гаргасан гомдол /хх-3/
- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, /хх- 4-6/
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 7 /
-Хохирогч П.М-И-н Төрсний гэрчилгээний хуулбар /хх-34/
-П.М-И-н хүүхдийн дэвтрийн хуулбар /хх-37-39/
-П.М-И-н гэмтлийн зургууд /хх-40-47
-Д.З-н Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-60/
-Д.З-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/
-Д.З-н иргэний мэдээллийн сангаас авсан баримт /хх-62/
-Д.З-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/
-Б.С-н депозит дансны хуулга /хх-67/
-Д.З-н депозит дансны хуулга /хх-68/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.З нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын төв .. дугаар багийн “ Б ” гэх газарт Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож 8 настай иргэн П.М-И-г мөргөж эрүүл мэндэд “ баруун эгэмний зөрүүгүй хугарал, баруун мөр, 2 өвдөг, 2 тохойд зулгаралт “ бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.З-н “ 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд Б гэх газраар өнгөрч байхад зам дээр хүүхдүүд тоглож байхаар нь тойроод гарч байхад тоглож байсан хүүхдүүд дундаас нэг нь гэнэт урдуур гүйж гарч ирээд мөргүүлчихсэн. Би хүүхдийг гэр рүү хүргэж өгөөд, ээжид нь “ ах нь танай хүүхдийг мөргөчихлөө эмнэлэгт аваачиж анхны тусламж үзүүлье “ гээд эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт үзүүлчхээд эмчийн бичиж өгсөн эмийг авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн ” гэх,
хохирогч П.М-И-н “Би гэр лүүгээ харих гээд хойшоогоо алхаж байсан, мотоцикл ирж байхыг хараагүй. Би их сандарчихсан байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Ямартай ч би доошоо хараад уначихсан байсан. Намайг газар унасны дараа ойрхон газар явсан байх. Нэг мэдэхэд хүүхдүүд орилоод Саа эгч намайг ирээд босгож авч байсан. Тэгээд З ах намайг мотоцикл дээрээ суулгаад манай гэр лүү явсан. Гэрт очоод ээж миний хувцсыг сольж өгөөд З ах бид 2 эмнэлэг рүү явсан. Миний 2 хөлний өвдөг, 2 гарны тохой шалбарсан бас баруун мөрөн дээр шалбарсан. Бас миний эгэмний яс хугарсан” гэх,
гэрч С.А-н “17 цагийн үед З гэх хүн “Ах нь хүүхдийг чинь мөргөчихлөө, хувцсыг нь сольчих ах нь эмнэлэгт аваачиж үзүүлээд ирье” гэхээр нь би хүүхдийн хувцсыг сольж өгөөд явуулсан. Сүүлд нь аймагт очиж эмнэлэгт үзүүлэхэд эгэмний хугаралтай гэсэн онош тогтоогдсон. Баруун эгэм хугаралттай, 2 хөлийн өвдөг, 2 гарын тохой шалбарсан, баруун мөр нь шалбарсан, толгой нь доргисон байсан” гэх,
гэрч Г.С-н “...Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний хүүхдүүд бужигнаад эхлэхээр нь эргээд хартал нэг хүүхэд мотоциклын доор уначихсан, өмссөн сандаал нь мотоциклд тээглээд гацчихсан байхаар нь би очиж салгаад босгосон. Яг дайрсан мөргөсөн эсэхийг нь бол хараагүй. Тэгэхэд мотоциклыг Д.З гэх хүн жолоодож байсан. Д.З нь хүүхдийг эмнэлэгт үзүүлнэ, аав ээжид нь аваачиж өгнө гээд аваад явсан” гэх,
гэрч Б.Г-н “ Д.З би энэ хүүхдийг мотоциклоороо мөргөчихлөө, ээжид нь үзүүлсэн чинь гайгүй гэсэн, гэхдээ би эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байх гэж бодоод ирлээ” гээд орж ирсэн. Хүүхдийн баруун гарын мөр хавьцаа гүн шалбарсан, 2 хөлийн өвдөг, 2 гарын тохой өнгөцхөн шалбарсан байсан. Би гар хөл, мөрийг нь тэмтрэхэд ил зөрүүтэй хугарал мэдрэгдээгүй ” гэх мэдүүлгүүд,
мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.З нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Зам тээврийн осолд орсон П.М-И нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12.д. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна “ гэх магадалгаа,
шинжээчийн 431 дугаартай “П.М-И-н биед баруун эгэмний зөрүүгүй хугарал, баруун мөр, 2 өвдөг, 2 тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна “ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар Д.З нь Даюун загварын мотоциклийг жолоодон явахдаа гэнэт мотоциклийн урдуур орж ирсэн хүүхдийг дайрсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тэрээр тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч Д.З-н А ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож П.М-И-г мөргөж осол гаргасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэм хор, хохирлын талаар:
Д.З-н үйлдлийн улмаас хохирогч П.М-И эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчийн эмчилгээний болон замын зардалд баримтгүйгээр 600.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н “Д.З-с одоогийн байдлаар 600.000 төгрөг гаргуулсан” гэх мэдүүлэг, Д.З-н Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-с шүүх хуралдаанд замын зардал буюу шатахууны үнийн 86.976 төгрөгийн 4 ширхэг, эмчилгээний 20.500 төгрөгийн ширхэг 2 баримтыг гаргаж нийт 107.476 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх дээрх нэхэмжлэлээс 37.886 төгрөгийн баримт нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн буюу хэрэг гаргахаас өмнөх үеийн баримт учраас уг 37.886 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.З-с 69.590 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.З нь дээрх нэхэмжлэл болон цаашид гарах хохирол, хор уршгийн нэхэмжлэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь “ хүү П.М-И-д учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, 1.000.000 төгрөг нэхэмжилнэ ” гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх хангах үндэслэлгүй хийгээд харин тэрээр насанд хүрээгүй хохирогч П.М-И-д учирсан гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч Д.З-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хөнгөн хэрэг үйлдсэн, гэмт хэрэн үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээний болон замын зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, Д.З-г мотоцикл жолоодон явахад хохирогч П.М-И-д тоглож сууж байсан хүүхдийн дундаас гэнэт босож мотоциклийн урдуур орж дайрагдсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд тооцогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.2-т энэ хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд уг зохицуулалтыг хэрэглэх нь хуульд харшлахгүй гэж шүүх үзлээ.
Учир нь шүүгдэгч Д.З-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд бүрэн нөхөн төлсөн, энэ тогтоолоор гаргасан хохирлын нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээний болон замын зардлыг нөхөн гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/ нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах “ ял оногдуулахаар тус тус хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хэм хэмжээнд үндэслэн Д.З-н тээврийн хэрэгсэл жолоодох тодорхой эрхийг хасаж шийдвэрлэсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ “ гэх зохицуулалтанд нийцнэ.
Шүүгдэгч Д.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.З-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т
зааснаар шүүгдэгч Д.З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.З-д шүүхээс тэнссэн дээрх хугацаанд “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-с 69.590 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн иргэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-д олгож, түүний 37.886 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Д.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-д 600.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.М-И, түүний хууль ёсны С.А нар нь гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН