| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0197/э/ |
| Дугаар | 195 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Д” ОНӨҮГ-ын дулааны станцад ээлжийн машинист ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дүгээр баг .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:................/ М.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед иргэн С.П-н толгойн тус газарт шилээр цохиж биед нь зулайн хуйханд язарсан шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр П ах бид хоёр Эрдэнэцагаан сум руу хүмүүс гаргаж өгөх гээд зээрийн хөшөөн дээр 0.75 граммын 2 шил архи хувааж уусан. 16 цагийн үед гэртээ орж ирээд эхнэртэйгээ маргалдаад байж байхад П ах гаднаас орж ирээд намайг хоёр удаа цохисон. Эхнэртэйгээ маргалдлаа,адилхан цуг ууж ирчхээд юунд нь томроод байгаа юм гээд намайг цохисон. Тэгээд би П ахын толгойн тус газар нь стаканаар цохисон. Миний хувьд тодорхой хэмжээний хохирол төлсөн. Хохирогчтой эвлэрсэн, одоо гомдол байхгүй гэсэн. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй..гэв.
- Яллагдагч М.Г-н яллагдагчаар өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед манай ажлын П ах бид хоёр Эрдэнэцагаан сум руу хүмүүс гаргаж өгөх гээд аймгаас зүүн урагш байдаг зээрийн хөшөөн дээр 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр такси дуудаад гэрийн гадаа хүргүүлсэн. Гэрийн гадаа ирэхэд П ах манай баруун талд айдаг хашаа руу орж би гэр рүүгээ орсон. Тэгээд гэрт эхнэр А-тай юм яриад сууж байтал П ах орж ирээд юм яриад сууж байтал намайг шанаа руу гараараа хоёр удаа цохихоор нь би уурлаад орны хажууд сууж байсан шилэн стаканыг аваад түүний толгой руу нь цохин хагалсан. Тэгсэн П ах намайг орон дээр унагаагаад дээрээс цохих гээд дайраад байсан ба манай эхнэр бид хоёрыг салгаад П-н толгойноос гарсан цусыг цэвэрлээд сууж байтал гаднаас П-н ээж орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Би П-н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
- Хохирогч С.П-н: 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед манай ‘'Д” ОНӨҮГ-ын дулааны станцад ээлжийн машинист ажилтай Г бид хоёр Эрдэнэцагаан сум руу найз Э-н 2 ахыг гаргаж өгөхөөр Баруун-Урт сумын зүүн урд байдаг зээрийн хөшөөн дээр дөрвүүлээ 2 шил 0,75 литрийн Х нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд архи ууж дуусахад тэр хоёр ах унаандаа суугаад Эрдэнэцагаан сум руу хөдлөхөд нь Г бид хоёр такси дуудаад Баруун-Урт сумын 1 дүгээр баг .......... тоот Г-н хашааны үүдэнд хоёулаа буугаад Г гэр рүүгээ орсон, би ч мөн тэдний баруун талын 613 тоотод байх гэр рүүгээ орсон юм. Гэтэл Г нь удалгүй эхнэр А-тайгаа маргалдаад чанга чанга бархираад байхаар нь тэдний гэр рүү явж ороод Г-т хандан “чи адилхан архи уучхаад битгий томроод бахираад бай ” гэж хэлээд зүүн гараараа түүний шанаа руу 2 удаа шанаадсан чинь тэрээр орны дэргэд байсан шилэн стаканыг аваад миний тархин дээр хагалчихсан юм. Тэгэхээр нь Г-г орон дээр дарж унагаад байж байтал Г-н эхнэр А бид хоёрыг салгаж одоо болио гэхээр нь би гэр рүүгээ явж очоод толгойноос гарсан цусаа цэвэрлэсэн боловч цус тогтохгүй байхаар нь эмнэлэг явж оёдол тавиулъя гээд байж байтал манай ээж Ж ирээд та нар чинь юу болоод байгаа юм бэ гэж байсан. Тэгэхээр нь бид хоёр зүгээрээ битгий цагдаа дуудаарай гэж хэлчхээд би ганцаараа аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж дээр очиж эмчид үзүүлээд толгойдоо 3 оёдол тавиулсан юм ...Тухайн үед миний тархи хагарсан, зүүн нүд хөхөрч хавдсан өөр учирсан гэмтэл байхгүй юм. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дөрвүүлээ 0.75 литрийн архийг хувааж уусан байсан болохоор би дунд зэргийн согтолттой байсан. Харин Г нь нэлээн согтсон байсан болохоор эхнэр А-тайгаа маргалдаад байсан юм. Би урьд өмнө Г-тай маргалдаж муудаж байгаагүй. Намайг М.Г-с өөр цохиж зодсон хүн байхгүй. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед намайг Г-н зүүн шанаа руу 2 удаа шанаадах үед миний хуруунд байсан 2 бөгжинд түүний хацар 4 хэсэг газар зурагдсан байсан. Мөн дээрх Эрдэнэцагаан сум руу явдаг 2 ахыг сайн танихгүй болохоор нэрийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-2-5 дугаар хуудас/,
-Гэрч М.Ж-ы: Гэр рүүгээ очиход манай хүү С.П-н толгой нь хагарсан бөөн цус гоожуулсан байдалтай байж байсан юм би юу болсон юм бэ гэж хүүгээсээ асуухад манай зүүн хашааны Г гэх залуу манай хүүгийн толгой руу аягаар цохисон гэж хэлсэн. Би эмнэлэг дуудаад хүүхдээ явуулаад цагдаад мэдэгдсэн юм. Би юунаас болж маргалдаж муудсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-6 дугаар хуудас/,
- Гэрч Б.А-гийн: Намайг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Баруун-Урт сумын 1-р баг .......... тоотод гэртээ байж байхад гаднаас манай нөхөр М.Г согтуу байдалтай орж ирэхээр нь би архи уулаа гээд загнасан юм. Тэгсэн чинь тэрээр биеэ өмөөрөөд “ П ахтай хамт Эрдэнэцагаан сум руу хүн гаргаж өгчхөөд ирлээ” гээд маргаж байтал манай баруун талын хашаанд байдаг П ах мөн согтуу байдалтай орж ирээд шууд л Г-г “чи юу гэж томроод байгаа юм бэ” гэж хэлээд л нүүр рүү нь ганц хоёр цохисон юм. Тэгсэн чинь Г орны ойролцоо байсан цагаан стаканыг аваад П ахын толгой руу цохисон чинь стакан хагарчихсан. Тэгэхэд П ахын толгойноос цус гараад байсан. Тэгээд л тэр хоёр орон дээр нэг нэгнийгээ дарж ноцолдоод байхаар нь би болио гээд салгасан. Тэгэхэд П ах гэр рүүгээ яваад өгөхөөр нь би П ахын толгойноос гарч шалан дээр гоожсон цусыг цэвэрлээд, хагарсан стаканаа түүж аваад гарч хогийн цэг дээрээ хаясан юм. Удалгүй П ахын ээж Ж ирээд цагдаа дуудахад цагдаа нар ирээд манай нөхөр Гыг авч яваад эрүүлжүүлсэн юм. Би тухайн үед хагарсан стаканыг түүж гадаах хогийн цэг дээрээ хаясан. Тэр өдөр хогийн машин ирээд хог ачаад явсан болохоор одоо байхгүй юм. Г-н зүүн хацар нь П-г цохих үед бөгжинд нь зурагдсан байсан. П-н тархи хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх-8 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 515 дугаартай “...М.Г-н биед зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн хацарт үүссэн зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-16/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 514 дугаартай: С.П-н биед зулайн хуйханд язарсан шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-12-13/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1263 тоот тодорхойлолт /хх-31/
- Хохирогч С.П-н “С.П миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, М.Г нь надаас уучлалт гуйж надтай эвлэрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэх хүсэлт /хх-43/
-Яллагдагч М.Г-н “ миний бие хохирогч С.П-гээс уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт /хх-44/
- 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Сүхбаатар аймгийн прокурорын газрын “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-45/
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-46/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 1 дүгээр багийн .......... тоот дахь өөрийн гэртээ иргэн С.П-н толгойн тус газарт шилэн аягаар цохиж биед нь “ зулайн хуйханд язарсан шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: М.Г-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ” эхнэртэйгээ маргалдаад байж байхад П ах гаднаас орж ирээд “ эхнэртэйгээ маргалдлаа,адилхан цуг ууж ирчхээд юунд нь томроод байгаа юм “ гээд намайг цохисон. Би П ахын толгойн тус газар нь стаканаар цохисон ” гэх,
хохирогч С.П-н “...эхнэр А-тайгаа маргалдаад чанга чанга бархираад байхаар нь тэдний гэр рүү явж ороод Гт хандан “чи адилхан архи уучхаад битгий томроод бахираад бай” гэж хэлээд зүүн гараараа түүний шанаа руу 2 удаа шанаадсан чинь тэрээр орны дэргэд байсан шилэн стаканыг аваад миний тархин дээр хагалчихсан юм....” гэх,
гэрч Б.А-н “манай нөхөр М.Г согтуу байдалтай орж ирэхээр нь би архи уулаа гээд загнасан юм. Тэрээр биеэ өмөөрөөд маргаж байтал П ах мөн согтуу байдалтай орж ирээд шууд л Гыг “чи юу гэж томроод байгаа юм бэ” гэж хэлээд л нүүр рүү нь ганц хоёр цохисон юм. Тэгсэн чинь Г орны ойролцоо байсан цагаан стаканыг аваад П ахын толгой руу цохисон чинь стакан хагарчихсан ” гэх,
гэрч М.Ж “манай хүү С.П-н толгой нь хагарсан бөөн цус гоожуулсан байдалтай байж байсан юм би юу болсон юм бэ гэж хүүгээсээ асуухад зүүн хашааны Г гэх залуу манай хүүгийн толгой руу аягаар цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд,
Яаралтай тусламжийн 6167 дугаартай хуудас,
Шинжээчийн 514 дугаартай “...С.П-н биед зулайн хуйханд язарсан шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг баримтууд болно.
Хэргийн баримтаар шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нь С.П-н толгойн тус газарт шилэн стканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг шилэн аягаар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.Г, хохирогч С.П-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
М.Г-н үйлдлийн улмаас хохирогч С.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй талаар хохирогч С.П Прокурорын газарт гаргасан хүсэлтэндээ “ С.П миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, М.Г нь надаас уучлалт гуйж надтай эвлэрсэн ” гэж дурджээ.
Иймд шүүгдэгч М.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Г-н хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, тухайн хэрэг гарахад хохирогч С.П-н “ эхнэртэйгээ маргалдлаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан М.Г-г эхэлж цохиж, биед нь халдсан зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Прокуророос М.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч М.Г-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ гомдол саналгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд М.Г-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шатанд шүүгдэгч М.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч С.П гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН