| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 183/2016/01541/и |
| Дугаар | 964 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 964
2017.4.19 №964
А.Мамырын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00217 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Мамырын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Эрэл” ХХК-д холбогдох
Ажилласан хугацааны цалин олговорт 2 296 502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Асылбек,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Мухийт,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Эрдэнэцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Эрэл” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт газарт төсөвчний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, мөн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчилж, 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Хариуцагч хөдөлмөрийн гэрээний 1.7-д заасан заалтыг биелүүлэхгүй, олгох ёстой цалингаа цаг хугацаанд нь олгохгүй байсан тул 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед, ажилласан хугацааны буюу 2014 оны 12 сар, 2015 оны 1 сарын цалин хариуцагч олгоогүй тул цалингаа шаардаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон үйл баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь бодитоор ажил гүйцэтгээгүй байх тул цалин шаардах эрх байхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 28 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Эрэл ХХК-иас цалин хөлсөнд 2 267 566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мамырт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 231 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй, хариуцагчийг буруу тодорхойлон, хэт нэг талд үйлчилж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 2 267 936 төгрөгийг "Эрэл" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Мамырт олгуулахаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар "Эрэл" ХХК-ийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийг хариуцагчаар татаж, үүнээс цалин 2 296 502 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болоод шүүх хуралдааны явцад ч тэр "Эрэл" ХХК-ийг хариуцагчаар татах, "Эрэл" ХХК-иас цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйл байхгүй билээ. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ямар ч хүсэл зориггүйгээр "Эрэл" ХХК-ийг хариуцагч болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 296 502 төгрөгийг "Эрэл" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар "Эрэл" ХХК-ийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийг тодорхойлсон байхад шүүх "Эрэл" ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар "Эрэл" ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу /иргэний хэрэг үүсгэх, хэргийн харьяалал, зохиогчийн эрх зүйн чадвар, чадамж/ хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эдэлбэл зохих эрхийг зөрчиж, шүүх процесс ажиллагааг буруу явуулсан ноцтой зөрчил гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А.Мамыр нь хариуцагч “Эрэл” ХХК-ийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-д холбогдуулан хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажилласан хугацааны цалин 2 296 502 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.Мамыр болон “Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийн зураг төслийн товчоо нарын хооронд хөдөлмөрийн гэрээ 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулагдаж, “Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийн зураг төслийн товчооны гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот тушаалаар А.Мамырыг төсөвчний албан тушаалд томилон ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 2-6/
“Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийн зураг төслийн товчооны гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тушаалаар А.Мамырыг төсөвчиний үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн ба тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэжээ. /хх-8/
Нэхэмжлэгч А.Мамыр нь ажилласан хугацааны цалин болох 2014 оны 12 дугаар сарын цалин 1 404 200 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын цалин 892 302 төгрөг нийт 2 296 502 төгрөгийг хариуцагч “Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ээс гаргуулахаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэтэл анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5445 дугаар шүүгчийн захирамжаар А.Мамырын нэхэмжлэлд “Эрэл” ХХК-ийг холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж ...нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасныг зөрчжээ. /хх-19/
2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот ажилд авах тухай тушаал, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот жинхлүүлэх тухай тушаал, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот ажлаас чөлөөлсөн тушаал зэргээс үзэхэд “Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт" зураг төслийн товчоо нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тамга тэмдэгтэй хуулийн этгээд болох нь тогтоогдож байна.
Шүүх “Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийн зураг төслийн товчоонд холбогдох бус “Эрэл” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч А.Мамыр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг солих ажиллагаа явуулаагүй атлаа шүүхийн шийдвэрт хариуцагч биш “Эрэл” ХХК-аас 2 267 566 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч А.Мамырын хариуцагч “Эрэл” группийн "Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт"-ийн зураг төслийн товчоонд холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Б.НАРМАНДАХ