Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0363/З |
Дугаар | 221/МА2022/0416 |
Огноо | 2022-06-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2022/0416
2022 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2022/0416 | Улаанбаатар хот |
Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч ЗХЖШ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Э.Э нар
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: БХЯ , ЗХЖШ
Нэхэмжлэлийн шаардлага: “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг болон ЗХЖШ-ын цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмжийг олгохоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан нь тус тус хууль бус болохыг тогтоолгож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг даалгах”;
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0363/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М-аас БХЯ, ЗХЖШ-т холбогдуулан “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг болон ЗХЖШ-ын цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмжийг олгохоос 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан нь тус тус хууль бус болохыг тогтоолгож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0296 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М-д нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг болон түүнд нэг удаагийн тэтгэмж олгохоос 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 тоот албан бичгээр татгалзсан ЗХЖШ-ын шийдвэр нь тус тус хууль бус болохыг тогтоож, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг БХЯ болон ЗХЖШ-т тус тус даалгаж” шийдвэрлэжээ.
3. Хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн 128/ШШ2022/0296 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт "Тодруулбал нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан ЗХЖШ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр буюу 2 агуулгаар гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй, нөгөөтээгүүр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангуулаагүй гэж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна." гэжээ.
3.2. Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон гомдлоо 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр БХЯ-д ирүүлж, гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж, яамны Төрийн захиргааны удирдлагын газраас "дэд ахлагч Б.М-ийн гаргасан хүсэлтийн дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх талаар тодруулга, тайлбар ирүүлэх тухай" 59 дүгээр дотоод албан бичгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлж, тус газраас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу гомдлоо ЗХЖШ-ын даргад хандаж шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргагчид хүргүүлэх нь зүйтэй тухай" 17 дугаар дотоод албан бичгийг Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн.
3.3. БХЯ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, Б.М-ийн ирүүлсэн гомдлыг хүлээн авч, бүртгэн холбогдох бүтцийн нэгжид дотоод албан бичгээр хандан бух талаас нь судлан, гомдолд дурдсан асуудал бурийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, холбогдох эрх зүйн зохицуулалтын хүрээнд "гомдлоо ЗХЖШ-ын даргад хандаж, шийдвэрлүүлэх нь хууль тогтоомжид нийцнэ" гэсэн үндэслэл бүхий хариуг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1в/2001 албан бичгээр Б.М-ийн оршин суугаа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 25-44 тоот хаягаар хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүх нэг талд шийдвэр гаргах үүднээс уг асуудлыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулсан гэж үзэж байна.
3.4. Мөн “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн доорх заалтуудыг тайлбарлан хэрэглэвэл нэхэмжлэгчийн "татгалзаж буй үндэслэлд дурдсан журмын заалт нь түүнд хамаарахгүй, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тохиолдолд 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүснэ" хэмээн маргаж буй нь үндэслэлтэй, ..." гэжээ.
3.5. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэх асуудлыг тодорхой заасан байдаг.
Тодруулбал, тус хуулийн 8 дугаар зүйлийн 2-т "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Б.М нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн нь хуульд заасан 10-аас доошгүй жил алба хаасан байх хязгаарт хүрээгүйг шүүх шийдвэрлэхдээ “нэг удаагийн тэтгэмж авах эрх үүснэ гэж маргаж буй нь үндэслэлтэй" гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
3.6. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно." гэж тусгайлан заасан бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т "Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно." гэсэн эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг баримтлах ёстой байсан.
3.7. Тус журмын 4 дэх хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно." гэж зааснаар энэхүү Засгийн газрын баталсан журам нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд батлан гаргасан эрх зүйн акт тул хувь тэнцүүлэн тэтгэвэр авах этгээд нь зөвхөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх үүссэн субъектэд үйлчлэх ёстой юм.
3.8 Иймд Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ын 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгох"-той холбогдсон зохицуулалтыг нарийвчлан заасан байх тул Зэвсэгт хүчинд 6 жил алба хаасан нь Б.М-д биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан түүнд нэг удаагийн тэтгэмж олгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй болно.
3.9. Өөрөөр хэлбэл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх зүйн зохицуулалтыг хэрэглэхдээ Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх хэсгийг хамтад нь хэрэглэх ёстойг шүүх өөрөөр тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн.
Иймд шүүгч хууль, журмын заалтыг хамтад нь тайлбарлан хэрэглээгүй хуульд нийцсэн журмын заалтыг шүүгч хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт болсон байна.
3.10. "Хуулиар хүлээсэн энэ үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх доод шатны байгууллагын татгалзсан шийдвэрт гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,6-д зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлээгүй, үндэслэл бүхий хариу өгөөгүй тул өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацаа хэтэрсний дараа "гомдлоо ЗХЖШ-ын даргад хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу өгснийг өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгсөн гэж үзэхгүй, тэр утгаараа хариуцагч БХЯ-ны "эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М-д нэг удаагийн тэтгэмж олгох" асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байна." гэжээ.
3.11. Дээрх хугацаанд коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, яамны зарим алба хаагчид коронавируст халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зэргээс шалтгаалан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг хуульд заасан хугацаа хожимдуулж хүргүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзэж байна.
БХЯ Б.М-ийн гомдлын хариуг судлан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1в/2001 дүгээр албан бичгээр үндэслэл бүхий хариуг түүний оршин суугаа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 25-44 тоот хаягаар хүргүүлсэн байхад “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан Б.М-д нэг удаагийн тэтгэмж олгох" асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байна." гэж үзэх нь үндэслэлгүй юм.
3.12. Б.М нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус зөрчиж, нэхэмжлэл гаргасан байна.
Мөн Б.М нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр БХЯ-д гомдол гаргаж, шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасныг шүүгч "нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч гомдол гаргаагүй, маргаагүй асуудлыг хөндсөнийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хэт нэг талыг барьж шүүгч шийдсэн гэж үзэж байна.
3.13. "... Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалт нь цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрх үүсэн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгохоор бол хэрэглэх зохицуулалт байна.” гэсэн нь шүүгч нэг талаас “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх хэсгийг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмж олгоход хэрэглэх зохицуулалт мөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд шийдвэрээ үгүйсгэсэн байна.
3.14. “... эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас нэхэмжлэгчийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 халагдсан дугаар зүйлийн 1-д заасан нэг удаагийн тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасан хэмжээгээр авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй." гэсэн нь хариуцагч нэхэмжлэгчийг хууль, журамд заасан алба хаасан байх шаардлагыг хангасан байхад түүнд нэг удаагийн тэтгэмж олгохыг хязгаарлаагүй бөгөөд харин Б.М нь алба хаасан байх шаардлагыг хангаагүй тул түүнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй юм.
3.15. "... түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэсэн нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д "Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж зааснаар төсөв хуваарилах, зарцуулах бүрэн эрхээ шилжүүлсэн эсэхээс үл хамаараад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх үүргээс яам чөлөөлөгдөхгүй” гэсэн байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, олгоно" гэж заасан нь тухайн тэтгэмжийг олгох байгууллагатай холбоотой нийтлэг зохицуулалт болно. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн Төсвийн ерөнхийлөн захирагчаас Төсвийн төвлөрүүлэн захирагчид холбогдох төсвийн эрхийг шилжүүлэн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг ханган ажилладаг бөгөөд Төсвийн төвлөрүүлэн захирагч буюу ЗХЖШ-ын дарга нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2-т заасны дагуу жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор жилийн төсвийн төслөө Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхдээ тухайн жилд шаардагдах цэргийн тэтгэвэр, тэтгэмжид зардлыг тусгасан байдаг.
3.16. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөх тохиолдлыг урьдчилан тооцоолох боломжгүй тул нэг удаагийн тэтгэмжийн зардалд тухайлан “эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөх” гэж заагддаггүй болно. ...
3.17. Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, хуульд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан журмыг хамтад нь хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудлыг хөндөж дүгнэсэн, нөхцөл байдал
нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, зөвхөн нэг талыг барьж дүгнэлт хийсэн, алдаа бүхий, хууль тогтоомж зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч ЗХЖШ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Э.Э нар давж заалдах гомдолдоо:
4.1. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 1-т “Засгийн газар, хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл "захиргааны акт гэж хуулиар гаргана." тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “энэ хуулийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно." гэж заасны дагуу “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг Засгийн газар тогтоосон.
4.2. Гэтэл анхан шатны шүүх нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “... биеийн эрүүл мэндээр халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Цэргийн алба хаагч эрүүл мэндээр халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно." гэж заасан ерөнхий зохицуулалтын дагуу Б.М д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, түүнийг нарийвчилсан зохицуулалт болох Засгийн газрын тогтоосон Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг үгүйсгэсэн, хууль, түүнийг дагаж гарсан захиргааны хэм хэмжээний актыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Учир нь Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4-т "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно." гэж заасан нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай хамтад нь хэрэглэнэ. Тодруулбал,
4.3.1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тохиолдолд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох авах эрх"-ийг шууд заасан хэдий ч энэхүү заалтыг хууль тогтоогч цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газар тогтоохоор хуульчлан тогтоосон.
4.3.2. Засгийн газар нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Цэргийн алба зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, нас хэтэрч халагдсан тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохоор зохицуулж, баталсан.
4.4. Өөрөөр хэлбэл, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, нас хэтэрч халагдах, чөлөөлөгдөж байгаа хүнд олгох нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо 10-аас доошгүй жил алба хаасан байх гэсэн хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан олгохоор зохицуулсан тул Б.М нь цэргийн албыг 6 жил алба хаасан ба түүнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг олгох эрх зүйн үндэслэлгүй юм.
4.5. Нөгөө талаар, Б.М нь ЗХЖШ-т 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөдөл гаргаж, түүний хариуг 01 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр өгсөн байхад 2021 оны 05 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах эрх зүйн зохицуулалтыг, мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус зөрчиж, нэхэмжлэл гаргасан асуудлыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь хууль бус байна.
4.6. Б.М нь ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариуг гардан авснаар, эсхүл тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд, эсхүл БХЯ, Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргаж болох байсан ч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
4.7. Иргэн Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлага болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0296 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар ...нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан атал ... Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзах эрхгүй” гэж, хариуцагч нараас “... нэг удаагийн тэтгэмжийг олгох журмаар тавигдсан цэргийн алба хаасан хугацааны шаардлагыг хангаагүй тул тэтгэмж олгох боломжгүй” хэмээн тус тус маргажээ.
5. ЗХЖШ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.М-г Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн жолооч-зохицуулагч ахлагчийн албан тушаалаас нь биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй гэсэн Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын 2020 оны 38 дугаар магадалгааг үндэслэн чөлөөлсөн байна.
6. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна:”, 3.2.3-т “нэг удаагийн тэтгэмж;”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:”, 4.1.1-т “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны ... ахлагч, ...;”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Цэргийн алба хаагч ... биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.”, 19.7-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно.” гэж,
Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 8-т “"тэтгэвэр" гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;”, мөн зүйлийн 9-т “"тэтгэмж" гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 6-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеийн эрүүл мэндээр” гэдгийг эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно” гэж тус тус заажээ.
7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас халагдсан ба хуульд заасан цэргийн албан хаагчийн эдлэх эрхийн дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн байна.
8. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралт “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-аар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг буюу цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал, мөн цэргийн албанаас чөлөөлөгдөхөд хуульд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгоход дагаж мөрдөхөөр журамлажээ.
8.1. Энэхүү журмын 2-т “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох цалин хөлсөнд дараахь цалин, нэмэгдлийг оруулан тооцно:”, 4-т “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:” гэснээс цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн цэргийн алба хаагчийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхийг зохицуулсан байна.
8.2. Гэтэл нэхэмжлэгч Б.М нь цэргийн алба 6 жилийн хугацаанд хаасан тухайд талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нь “тэтгэвэр тогтоолгох” бус “нэг удаагийн тэтгэмж” авахаар маргаж байна. Энэ талаар анхан шатны шүүхээс “...Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалт нь цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрх үүссэн алба хаагчид бас нэг удаагийн тэтгэмж олгохоор бол хэрэглэх зохицуулалт ... нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
9. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр БХЯ-д холбогдуулан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан, БХЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу Б.М-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул захиргааны хэрэг үүсгэж[1], улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны[2] дагуу шүүх ЗХЖШ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан[3] байна.
9.1. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчээс “нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг ... БХЯ-д гаргасан боловч хариу өгөөгүй, ... ЗХЖШ-аас тэтгэмж олгохоос татгалзсан ...” гэсэн тайлбар, ЗХЖШ-ын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр “...нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдье”, БХЯ-д 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлд тус яамны хариуг тус яамнаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1в/2001 дугаар албан бичгээр “...ЗХЖШ-ын даргад хандаж шийдвэрлүүлэх нь хууль тогтоомжид нийцнэ ...” гэсэн албан бичиг болон бусад баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
9.2. Энэ талаар анхан шатны шүүхээс “...өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй гэж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын “...Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус зөрчсөн ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
10. Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас халагдсан бөгөөд түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА