Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 347 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Пүрэвсүрэнгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Н.Бд холбогдох 1708029190052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овогт ...........ийн ..........., 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...........” ХХК-ийн үйлчилгээний төвийн үйлчлэгчээр ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .........../,

Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37-29 тоотод иргэн Д.Сог нөхөртэйгээ хардсаны улмаас зодож биед нь “хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, хонго, шилбэ, ташаанд цус хуралт, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн яллагдагч Н.Бд холбогдох хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, дээрх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцэж, яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэв. Үүнд:

1. Хохирогч Д.С мөрдөн байцаалтад 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “...Баяраагийнд орж болсон асуудлыг хэлж “намайг хүмүүс зодоод байна” гэтэл Н.Б араас орж ирээд “яадаг муу янхан бэ, чамайг хаана байсан ч ална” гэж хэлээд дахиж миний үснээс зулгааж дарж, мөн хөлөөрөө миний гуя, бөгс, гэдэс, хөл орчимд өшиглөж зодсон. Гэтэл Н.Бгийн төрсөн эгч гэх Н.Алимаа гэдэг эмэгтэй орж ирж “айл гэр бүл үймүүллээ” гэж мөн л намайг үсдэж, гараараа базаж хөл, гар руу өшиглөсөн. Тэр хоёр хоёулаа намайг үсдэж цохиж, зодсон. ...тэр хоёрын хэн, хэн нь миний аль хэсэгт ямар байдлаар өшиглөж зодсон эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй. ...тухайн гэмтлийг Н.Б учруулсан. Харин сүүлд түүний төрсөн эгч гэх Н.Алимаа нь орж ирж мөн л намайг цохисон боловч тухайн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би Н.Б, Н.Алимаа хоёрт адилхан гомдолтой байгаа...” гэж

2. Гэрч П.Баярсайхан мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр: “...Солонго нь намайг хүн аллаа гээд орилоод ороод ирсэн, тэгэхээр нь би гэрлээ асаагаад “яасан бэ” гээд хартал Д.Согийн баруун нүдний доод хэсэгт маажуулсан байсан, тэгтэл араас нь гаднаас нэг махлагдуу эмэгтэй орж ирээд “чи манай нөхрийг шкафандаа нуудаг хэн бэ” гээд чарлаад Д.Сог үсдээд авсан, би болиулсан. Тэгтэл араас нь нэг туранхай эмэгтэй орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд нөгөө туранхай, бүдүүн хоёр эмэгтэй Д.Сог ахин үсдээд газар унагаагаад тэр хоёр хүүхэн нийлээд өшиглөөд, цохиод байхаар нь би тэр хоёр эмэгтэйгийн гарыг нь салгаад болиулсан...” гэж тус тус мэдүүлжээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 365 тоот дүгнэлтэд “...Д.Солонгийн биед хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, хонго, шилбэ, ташаанд цус хуралт, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.  Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл хохирогч Д.Солонгийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухай тусгай мэдлэгийн шинжээч дүгнэсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид учирсан олон тооны гэмтлийг хэн учруулсан эсэх, өөрөөр хэлбэл хохирогчийг нийлж зодсон гэх Н.Б, Н.Алимаа нарын хэн нь учруулсан эсэх, эсхүл тэд үйлдлээрээ бүлэглэж учруулсан уу гэдгийг ялган тогтоох ажиллагааг огт хийгээгүй, нарийвчлан шалгаагүй атлаа яллагдагч Н.Б нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээ бүхий байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос хохирогчийг илүү их зодсон хүн нь яллагдагч Н.Б юм гэж тайлбарласан. Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Н.Б, Н.Алимаа нар нь хамтдаа хохирогчийг үсдэж, хөл, гар уу нь өшиглөсөн талаар мэдүүлжээ. Хохирогч Д.С нь Н.Б, Н.Алимаа нарт адилхан гомдолтой, Н.Алимаагийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн байх ба хохирогчид учирсан гэмтлүүдийг хэн нь яаж учруулсан эсэх, эсхүл бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын шинж чанарт шууд нөлөөлөхөөр байх тул яллагдагч Н.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хангаагүй буюу тус зүйл, заалтад заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзсэн. Н.Алимаад Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан тухай баримтыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор шинэ нотлох баримтаар гаргасан хэдий боловч Н.Алимаагийн үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудал байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр Н.Бд холбогдох 1708029190052 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Пүрэвсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-т заасан  асуудлыг хэлэлцэж, яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг 6.1-6.17-т заасан асуудлыг хэлэлцээд дээрх 17 зүйл хэсэгт заасан заалтууд зөрчигдөөгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Шүүхээс хохирогч Д.С нь Н.Б, Н.Алимаа нарт адилхан гомдолтой, Н.Алимаагийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн байх ба хохирогчид учирсан гэмтлүүдийг хэн нь яаж учруулсан эсэх, эсхүл бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын шинж чанарт шууд нөлөөлөхөөр байна гэж гэм буруугийн талаархи дүгнэлтийг шүүгч өөрөө хийж хэргийг буцаасаныг хүлээн авах боломжгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч хохирогч Д.Сос асуулт асуухдаа Болормаа, Алимаа нар нь хоёулаа таныг зодсон уу гэж хэргийн үйл баримтын талаар тулгасан асуулт тавьж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-д “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсвэл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга шүүгчид хандан эсэргүүцэн санал гарсан болох нь хуралдааны бичлэгээс харагдана. Энэ талаар хуралдааны тэмдэглэлд засвар оруулах гэсэн боловч 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тэмдэглэл нь бэлэн болсон ба хуульд заасан 7 хоногийн дотор гарган хэргийн оролцогч нарт 5 хоногийн дотор танилцуулах хуулийн хугацааг 6 хоногоор хэтрүүлж хуралдааны тэмдэглэлтэй танилцах хуульд заасан эрхийг хязгаарласанаас шалтгаалж прокурор миний бие хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтээ гаргаж чадаагүй болно. Мөн Н.Алимаад Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан тухай баримтыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Н.Апимаагийн үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудал байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэлт хийж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь уг хэргийг шалгах явцад Н.Алимаагийн үйлдлийг хангалттай шалгаж, энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай баримт нотолгоо тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол” гэсэн зүйл заалтаар хариуцлага ногдуулсан байхад огт шалгаагүй мэт үндэслэл зааж хэрэгт хууль зүйн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг дутуу үнэлж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.17 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцсэн гэж яллагдагч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг 6.1-6.17-т заасан асуудлыг хэлэлцээд дээрх 17 зүйл хэсэгт заасан заалтууд зөрчигдөөгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Н.Алимаагийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн байх ба хохирогчид учирсан гэмтлүүдийг хэн нь яаж учруулсан эсэх, эсхүл бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын шинж чанарт шууд нөлөөлөхөөр байна гэж гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүгч өөрөө хийж хэргийг буцаасныг хүлээн авах боломжгүй байна гэж прокурор дүгнэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч хохирогч Д.Сос асуулт асуухдаа “Болормаа, Алимаа нар нь хоёулаа таныг зодсон уу” гэж хэргийн үйл баримтын талаар тулгасан асуулт тавьж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-д “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсвэл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ талаар хуралдааны тэмдэглэлд засвар оруулах гэсэн боловч 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тэмдэглэл нь бэлэн болсон ба хуульд заасан 7 хоногийн дотор гарган хэргийн оролцогч нарт 5 хоногийн дотор танилцуулах хуулийн хугацааг 6 хоногоор хэтрүүлж хуралдааны тэмдэглэлтэй танилцах хуульд заасан эрхийг хязгаарласнаас шалтгаалж прокурор миний бие хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтээ гаргаж чадаагүй болно. Н.Алимаагийн үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудал байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэлт хийж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь уг хэргийг шалгах явцад Н.Алимаагийн үйлдлийг хангалттай шалгаж, энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай баримт нотолгоо тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол” гэсэн зүйл заалтаар хариуцлага ногдуулсан байхад огт шалгаагүй мэт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 347 дугаар захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Н.Бд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг заавал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгасан нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд шуурхай явуулж байх зорилгыг агуулсан байгааг энэ хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор, хэргийг хянан шийдвэрлэх шүүхэд анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 347 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ц. ОЧ