Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Г.Лхагвасүрэн,­

хохирогч У.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн .............. дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

          Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр, хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг ........ тоотод оршин суух хаягтай,

          урьд Сүхбаатар аймгийн шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлд зааснаар 12 жилийн хорих ял,

          Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Н.Э /РД: ............./  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Н.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн ..... замын уулзвар дээр Ланд-100 маркийн ........... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Даюунг маркийн ..... СҮЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, жолооч У.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч: 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр машинтайгаа явж байгаад баруун талаас ирсэн мотоциклтой хүнийг хараагүй мөргөсөн хэрэг болсон. Тухайн үед төв замаас ирж байсан машиныг огт хараагүй. Буруу талдаа үрүүлтэй байсан учраас хараагүй. Мөн шороон замаас засмал руу ороход харах боломжгүй хэсэгтэй байсан. Тухайн үед 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Хохирогчид Эмчилгээний зардалд нийт 2.800.000 төгрөг өгсөн. Ор хогийн мөнгө 347.000 төгрөг, мотоциклийн засварт 345.000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгчид 1.500.000 төгрөг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй, миний буруу. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..гэв.

 

- Хохирогч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай охин Хэнтий аймагт бариулж байгаа. Миний хувьд өглөө бүр гараа боолгож байгаа. Гомдол санал байхгүй. Мотоциклийн хохиролд 345.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг авсан. Сүүлд Улаанбаатар хот руу явахдаа эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр авсан, хотод очиж охиноо бариулсан, гоо судлалд очиж гарынхаа төмрийг солиулсан. Ор хогийн мөнгө 347000 төгрөгийг өгсөн. Одоо өглөө бүр боолт хийлгэж байгаа...гэв.

 

- Яллагдагч Н.Э-н: Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед хадам дүү Б.Б-н эзэмшлийн Ланд круйзер-100 маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Далангийн гудамжаар хойшоо явж байгаад дөрвөн замын уулзвар нэвтэртэл гэнэт баруун талаас мотоциклтой хүн ирээд миний машины зүүн урд крилог мөргөөд ойчсон юм. Тэгэхэд мотоциклын жолооч нь ардаа өөрийнхөө охиныг сундлаад явж байсан юм билээ. Тэр үед би яаралтай түргэн тусламж дуудахад удалгүй эмч ирж үзээд тэр хоёрыг эмнэлэг рүү аваад явсан юм. Би тухайн үед 40-50 орчим км цагийн хурдтай явсан. Би В, С ангиллын №.... дугаартай жолооны үнэмлэхтэй. Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ер нь архи пиво хэрэглэдэггүй юм. Зам тээврийн ослоос шалтгаалан миний биед учирсан гэмтэл байхгүй. Би дөрвөн замын уулзвар руу орохдоо зам тавьж өгнө гэсэн замын тэмдгийг хараагүй шууд явсан. Тэгэхэд гэнэт л мотоциклтой хүн машин мөргөх үед нь л зогсоох арга хэмжээ авсан” гэх мэдүүлэг /хх- 80-81/,

 

- Хохирогч У.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зүүн тийш Б-ы газар руу явсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклтой ардаа төрсөн охин А-г сундалдаад Баруун-Урт сумын 3-р баг Ч..... тоот гэрээсээ засмал замаар зүүн тийш Б-ы газар руу явж байсан юм гэтэл далангийн гудамжинд байх 4н замын уулзвар руу урдаас хойшоо явж байсан цагаан өнгийн жийп авто машин гэнэт гарч ирэхээр нь тоормосоо гишгэсэн боловч явсаар байгаад цагаан өнгийн жийп машиныг мөргөөд ойчсон. Тэр үед би ухаан алдаж нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр яаралтай түргэн тусламж дээр ирсэн байсан. Миний баруун гарын шууны яс хугарч зүүн хөмсөг язарч гэдэс зулгарч хоёр хөл бага зэрэг зулгарсан гэмтэл учирсан байсан: Манай охины биед ил харагдах гэмтэл байхгүй тархи доргилттой байсан. Тухайн үед миний мотоцикл миль ажиллахгүй байсан учир сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 40 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би 2019 оны 06 дугаар сард согтуугаар мотоцикл жолоодсон гээд нэг жилийн хугацаатай эрхээ хасуулсан боловч эрхээ сэргээлгэж аваагүй болохоор мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байсан. Тухайн осол гардаг орой 17 цагийн үед цаг агаар тогтуун, цэлмэг, нартай байсан. Мөн замын нөхцөл эвдрэлгүй, хуурай, тэгш хэвийн байсан.

 ...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед хөрш айлын Б гэдэг хүнтэй 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн Б пиво хувааж уугаад унтсан. Тэгээд 16 цаг өнгөрөөгөөд босоход уусан архи пиво гарчихсан байсан. Би Э гэдэг хүнийг зүс танина тэрээр “ММ” дэлгүүрт ажилладаг.Би дээрх Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай мотоциклыг 2013 онд 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ослын улмаас урд дугуйны хайлсан хэсгээрээ хоёр нь хугарснаас дугуй хагарсан, арын дохионы гэрэл хагарсан, баруун гар далийсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан. Мотоциклын гэрчилгээ одоо надад байна. Тухайн үед өөрийн улаан өнгийн хамгаалалтын малгайг өмсөж явсан. Харин охин Г.А-нд хамгаалалтын малгай өмсүүлээгүй явсан

...Э нь эмчилгээтэй холбоотой зардлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Мөн мотоциклын эвдрэлийн хохиролд 347.000 төгрөгийг төлсөн. Би 2020 оны 09 дүгээр сарын 16-аас 28-ны хооронд 12 хоног аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хугарсан гарандаа мэс засал хийлгүүлж хадуулсан. Үүнийг 2 жилийн дараа авхуулна гэсэн. Тийм болохоор тэр үед нь эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-19-24/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Б-н: Миний нэр дээр Ланд круйзер-100 маркийн .... УНЛ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байдаг юм. Уг тээврийн хэрэгслээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байдаг хүргэн ах Н.Эод 2020 оны 07 дугаар сарын 15-ны үед үлдээгээд би өөрөө Сүхбаатар аймгийн С сумын ... дугаар баг Х гэдэг газарт хөдөө мал руугаа явсан юм. Гэтэл Н.Э ах миний дээрх машиныг унаж явж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж мотоцикл мөргөхдөө машины урд салхины шилийг хагалж, зүүн урд талын крилог чихэж, зүүн талын толийг хугалж, зүүн талын хаалганд сэв гаргасан байна лээ ...Н.Э ахаар машиныхаа эвдрэлийг янзлуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

- Насанд хүрээгүй гэрч Г.А-гийн: 2020 оны 09-р сарын 10-ны өдрийн 17.00 цагийн үед аавтай хамт малын бой руу Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай мотоциклтой явсан юм. Гэтэл зам дээр гэнэт ойчоод өгсөн. Тэр үед аавыг тэврээд нүдээ аниад явж байсан болохоор юу ч болсон мэдэхгүй. Мөн тэр үед зам дээр толгой эргэж нүд харанхуйлаад юм харагдахгүй байсан, нэг мэдэхэд эмнэлэг рүү авч яваад тархиа хийж байсан. Аав бид хоёрыг гэр лүү явуулсан, маргааш нь бид хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Ямар ч байсан хэвийн, нээх хурдан биш явж байсан, километрийн заалтыг хараагүй. Аав хамгаалалтын улаан малгайгаа өмсөж явсан. Харин би малгай өмсөөгүй явж байсан. Аавын архи пиво уусныг мэдэхгүй байна. Тархи толгой өвдөөд хамаг бие хөндүүртэй зүүн нүд бүрэлзээд юм сайн харж чадахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-32/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/,

- Зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/,

 

- Замын цагдаагийн газрын тодорхойлолтууд /хх-10-11/

 

-..... СҮЗ мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-13/

 

- Н.Э-н “Жолооны үнэмлэхийн хуулбар, .....УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ” /хх-15/

 

- Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...Даюунг маркийн ..... СҮЗ улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан У.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.  Зорчигч У.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.1 б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, гэсэн заалтыг зөрчсөн байна. Ланд-100 маркийн .....УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа /хх-68-70/

 

- Шүүх химийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай “Н.Э-н биеэс авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-38-41/,

 

- Яаралтай тусламжийн 5953 дугаартай хуудас /хх-108-109, 131-132/

 

- У.Г-н  өвчний түүх /хх-102-125/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 504 дугаартай “...У.Г-н биед тархи доргилт, баруун гарын шууны далд хугарал, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны зулгаралт, няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-48-50/,

 

- Шүүх химийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай “У.Г-н биеэс авсан гэх цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-43-46/,

 

  • Г.А-н өвчний түүх /хх-127-130, 133-139/

 

          - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 503 дугаартай “...Г.А-н биед тархи доргилт, дунд зэрэг бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-34-35/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай мотоциклын үнэлгээг 346.500 төгрөгөөр тогтоосон” дүгнэлт /хх-52-58/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Ланд-100 маркийн ....УНЛ улсын дугаартай автомашины үнэлгээг 1.390.400 төгрөгөөр тогтоосон” дүгнэлт /хх-60-67/,

 

- Н.Э-н “Иргэний үнэмлэхийн хуулбар” /хх-83/

 

- Н. Э-н “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-84/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 7/586 дугаартай тодорхойлолт /хх-97/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай  “Шийтгэх тогтоол” /хх-86-88/

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-90-95/

 

  • Хохирлын баримтууд /хх-146-149/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн 4 замын уулзвар дээр Ланд-100 маркийн .....УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч У.Г-н эрүүл мэндэд “ тархи доргилт, баруун гарын шууны далд хугарал, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны зулгаралт, няцралт “ хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.

 

          Үүнд: хохирогч У.Г-н “...Би тухайн үед өөрийн эзэмшлийн Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклтой ардаа төрсөн охин А-г сундалдаад Баруун-Урт сумын 3-р баг Ч..... тоот гэрээсээ засмал замаар зүүн тийш Б-ы газар руу явж байсан юм гэтэл далангийн гудамжинд байх 4н замын уулзвар руу урдаас хойшоо явж байсан цагаан өнгийн жийп авто машин гэнэт гарч ирэхээр нь тоормосоо гишгэсэн боловч явсаар байгаад цагаан өнгийн жийп машиныг мөргөөд ойчсон. Миний баруун гарын шууны яс хугарч зүүн хөмсөг язарч, гэдэс зулгарч, хоёр хөл бага зэрэг зулгарсан ” гэх,

насанд хүрээгүй гэрч Г.А-н “...16 цаг өнгөрөөгөөд аавтай малын бой руу Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай мотоциклтой явсан. Гэтэл зам дээр гэнэт ойчоод өгсөн. Тэр үед зам дээр толгой эргэж нүд харанхуйлаад юм харагдахгүй байсан, нэг мэдэхэд эмнэлэг рүү авч яваад тархиа хийж байсан.  Ямар ч байсан хэвийн, нээх хурдан биш явж байсан, километрийн заалтыг хараагүй. Аав хамгаалалтын улаан малгайгаа өмсөж явсан. Харин би малгай өмсөөгүй явж байсан ” гэх,

Яаралтай тусламжийн 5953 дугаартай хуудсууд, У.Г, Г.А нарын  өвчний түүх,

Шинжээчийн 504 дугаартай “...У.Гын биед тархи доргилт, баруун гарын шууны далд хугарал, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны зулгаралт, няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх,

          мөрдөгчийн “...Даюунг маркийн ..... СҮЗ улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан У.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.  Зорчигч У.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.1 б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, гэсэн заалтыг зөрчсөн байна. Ланд-100 маркийн ..... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн газрын тодорхойлолтууд зэрэг хамаарна.

 

Хэргийн баримтаар, Н.Э нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гол замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Даюунг маркийн ..... СҮЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, мотоцикл жолоодож явсан У.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд тэрээр хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

Тэрээр “ Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Н.Э-н, хохирогч У.Г-н Даюунг маркийн ..... СҮЗ улсын дугаартай мотоциклыг мөргөсөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах ”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч Н.Э-н үйлдлийн улмаас хохирогч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд 346.500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд түүний зүгээс хохирогчид эмчилгээний, замын зардал, мотоциклийн хохиролд нийт 2.800.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд хохирогч У.Г-н зүгээс шүүх хуралдаанд хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Харин хохирогч нь “ Одоо гараа боолгож байгаа. Би хугарсан гарандаа мэс засал хийлгүүлж хадуулсан. Үүнийг 2 жилийн дараа авхуулна гэсэн. Тийм болохоор тэр үед нь эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ “ гэж мэдүүлэх бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Г нь гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1.390.400 төгрөгийн хохирол учирсныг тэрээр нэхэмжлэхгүй талаараа “Н.Э нь ..... УНЛ маркийн Ланд 100 авто тээврийн хэрэгслийг унаж яваад мотоцикльтой мөргөлдөж гэмтэл учруулсан боловч гэмтлийг зассан тул Б.Б миний бие нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Миний бие нь шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Н.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч У.Г-н эзэмшлийн Даюунг загварын мотоциклд учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Даюунг маркийн .....СҮЗ улсын дугаартай мотоциклын үнэлгээг 346.500 төгрөг ” гэх,

иргэний нэхэмжлэгч Б.Б-д машинд учирсан хохирлыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Ланд-100 маркийн ....УНЛ улсын дугаартай автомашины үнэлгээг 1.390.400 төгрөг” гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоосон хийгээд шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс үнэлгээний талаар маргаагүй байна.

Тодруулбал, дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Шүүгдэгч Н.Э-н гэмт хэргийн улмаас бусад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Н.Э-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд бүрэн нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

           

          Шүүгдэгч Н.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, тэрээр эд хөрөнгөнд учирсан хохирлын дүгнэлт гаргахад зарцуулсан шинжээчийн зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 85.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Э-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Э-д буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

   5. Шүүгдэгч Н.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, тэрээр шинжээчийн зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 85.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн хохирогч У.Г, иргэний нэхэмжлэгч Б.Б нарт учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Г нь гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН