| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0203/э/ |
| Дугаар | 198 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх,
улсын яллагч Д.Хорлоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар баг Хайлаастын .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......., Ч.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан зодолдож Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “Я” гэх нэртэй караокед иргэн Б.Н-н биед баруун доод зовхи, хамрын баруун хэсэгт зулгаралт, дух, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н-тай Я гэдэг нэртэй караокед орсон, гарахдаа муудалцсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Н эм, тариа авсан гээд надаас 74,000 төгрөг нэхэмжилсэн, хохирлыг барагдуулсан, уучлалт гуйгаад эвлэрсэн. Н-тай хэд хоногийн өмнө гудамжинд таарсан. Нэмж хохирол нэхэмжлээгүй. СО гэдэг хүний малыг хөлсөөр харж сардаа 250,000 төгрөгийн цалин авдаг . Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна, миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэв.
- Яллагдагч Ч.Г-н яллагдагчаар өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед өөрийн нөхөр болох Ө, найз Н, Н нарын хамт ГТ байх Н-н найз З гэх айлынхаас гарч шууд Я гэх бааранд орж бид дөрөв 0.5 Э нэртэй архи 1 ширхэг, 0.75 л Э нэртэй архи 1 ширхэг тус тус хувааж уугаад дуусгасан. Тэгээд тооцоогоо хийх үедээ Н намайг гуйлгачин, гичий янхан гэх мэтээр доромжлоод байхаар нь бид хоёр хоорондоо муудаж бие биеийнхээ үснээс зулгаасан, Н нь гараараа миний нүүр лүү 1 удаа цохисон, харин би Н-н үснээс зулгааж гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон тухайн үед тэнд байсан баарны зөөгч, үйлчлэгч нар бид хоёрыг салгасан. Тухайн үед Н-н хамраас цус гарч байгаа харагдсан. Би бөгжтэй гараараа хамар руу нь цохисноос болж хамар нь муруйсан гэж бодож байна. Би Б.Н-н нэхэмжилсэн 74.000 төгрөгийг өгсөн. Одоо ямар нэгэн байдлаар гомдол саналгүй болсон. Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна ” гэх мэдүүлэг /хх 31-32 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Н-н: Би 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цаг өнгөрөөгөөд өөрийн найз болох Н, Г, түүний нөхөр Ө-н хамт Я гэх нэртэй бааранд орж 0.75 литрийн Э нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Э нэртэй архи 1 ширхэг архийг тус тус авч уусан. Тэгээд орой 21 цагийн орчим караокены цаг дуусаж тооцоо хийхээр болсон. Нийт 80.0000 төгрөг болсноос Н нь 30.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг би хийх гэсэн боловч надад мөнгө байхгүй болохоор Н-г хийчих дараа нь мөнгийг чинь өгчихье гэхэд Н зөвшөөрөөд үлдсэн 50.000 төгрөгийг хийчихээд яваад өгсөн. Н-г явсны дараа Г бид хоёр зүүн хойд талын ширээн дээр суугаад юм ярьж байтал Г нь чи тооцоогоо өөрөө хийчихгүй гээд байхаар нь уур хүрээд Г-тэй тооцоон дээрээсээ болж маргалдаж муудан, эхлээд Г миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж Г-н үснээс зулгаасан. Тэгээд Г шалан дээр унагаан миний дээр гарч миний нүүр рүү 2-3 удаа цохисон мөн хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. тухайн үед Я баарны ажилчид бид хоёрыг салгасан. Би текний тэнд байж байтал Г нь намайг текний зүүн тал руу түлхэх үед газарт унасан ба удалгүй миний хамраас цус гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.. Би Ч.Г гэх хүнд зодуулсныхаа дараа эмнэлгийн ард байх А гэх хүнээр толгой барьдаг хүнээр толгойгоо 10 хоног бариулсан. Өдрийн 5000 төгрөгөөр бариулсан гэж бодохоор 10 хоногийн 50.000 төгрөг болсон. Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монос эмийн сангаас 24.000 төгрөгийн эм авсан. Өөрөөр бол эм тариа авсан асуудал бол байхгүй. Тийм учраас би Ч.Г-с 74.000 төгрөг нэхэмжилж байна. Ч.Г нь надад нэхэмжилсэн 74.000 төгрөгийг бэлнээр өгсөн учир нь одоо надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-5/,
- Гэрч Б.Э-н: Би Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “Я” нэртэй караокед зөөгч ажилтай юм. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед шиг санаж байна. Б.Н нь өөрөөсөө гадна 2 эмэгтэй 1 эрэгтэй хүнтэй орж ирээд 0.75 л Э 1 ширхэг, 0.5 л Э нэртэй архи 1 ширхэг, мөн ус ундаа аваад караокед орж 2 цаг 30 минут авсан. Би Б.Н-тай цуг явж байсан хүмүүсийг бол танихгүй. Тэгээд караокены цаг 21 цагийн орчим дуусаад Б.Н нь цуг явж байсан Г болон Н гэх хүмүүстэй тооцоогоо хийх гээд манай цуг ажилладаг Д гэх хүн дээр очоод нийт тооцоо нь 80.000 төгрөг болсноос Н нь 30.000 төгрөгийг өгсөн, тэгсэн Г нь Б.Н-г чи үлдсэн мөнгийг өгчих би маргааш чамд өгчихье гэхэд Н нь карт аваад ир гээд дээшээ 2 давхар руу Г-н нөхрийг гаргасан тэр хооронд Н нь хүн рүү яриад үлдсэн 50.000 төгрөгийг нь хийчхээд караокеноос гараад явсан. Тэгээд Г, Н хоёр нь нэг давхарт зүүн урд талын булангийн ширээн дээр очиж сууж байгаа харагдсан. Тэгсэн тэр хоёр гэнэт муудаад бие биеийнхээ үснээс зулгааж байгаа харагдахаар нь би очиж салгах гэсэн боловч салгаж чадаагүй, тухайн үед гаднаас Г-н нөхөр орж ирэхээр нь энэ хоёрыгоо салгаарай гэж хэлсэн боловч нөхөр нь мөн салгаж дийлэхгүй байсан бөгөөд Г нь Б.Н-н дээр нь гараад хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж байгаа харагдсан тэгэхээр нь манай зөөгч болох Д, үйлчлэгч О бид нар тэр хоёрыг салгаад Н-г үүд рүү аваачихад араас Г нь ирээд текний тэнд тэр хоёр мөн хоорондоо дахин муудсан. Яг зодолдож бие биенийгээ цохисныг нь бол хараагүй. Тэгэхээр нь би Гийг хаалга руу аваад явах үед Д нь Б.Н-н хамраас цус гарчихлаа гэж надад хэлж байсан. Тэгээд Д нь Н-н хамраас гарсан цусыг ариун цэврийн цаасаар цэвэрлэсэн. Тэгсэн Н нь би гоо сайхандаа гомдолтой би цагдаа дуудна гээд дуудлага өгсөн. Ч.Г нь хөлөөрөө Н-н хөл рүү өшиглөж байгаа харагдсан. Тэрнээс өөрөөр бол толгой болон нүүр рүү нь цохиж байгааг нь бол би хараагүй. Гэхдээ ямар ч байсан тэр хоёр муудаад Н-н хамраас их цус гарсан нь бол үнэн юм. Б.Н нь өөр хүнтэй бол манай караокед муудсан асуудал бол байхгүй...гэх мэдүүлэг /хх 8 дугаар хуудас/,
-Гэрч С.Д-н: Би Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “Я” нэртэй караокед бармен ажилтай. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цуг ажилладаг Э гэх хүний найз Н нь 18 цагийн орчим 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй манай караокед орж ирээд 0.5 л Э нэртэй архи нэгийг авч дараа нь 0.75 л мөн Э архи авч тэрийгээ ууж дуусгаад тухайн хүмүүс тооцоогоо хийх гээд ирсэн. Тэгээд нийт 80.000 төгрөг болсноос 30.000 төгрөгийг нь Н-тай цуг явж байсан Н гэх нэртэй эмэгтэй хийсэн. Үлдсэн мөнгийг Н нь Г гэх найзтайгаа хувааж хийнэ гэсэн боловч тэр хоёр дансанд мөнгө байхгүй байна гэхэд Н нь хүн рүү яриад үлдсэн 50.000 төгрөгийн нь хийчхээд гараад явсан. Харин Г, Н нар нь зүүн хойд талын ширээн дээр очиж сууж байгаа харагдсан. Тэгсэн нэг мэдсэн тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад хоорондоо зодолдож байгаа харагдсан ба манай үйлчлэгч Ц салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан ба намайг очиход Г нь Н-н дээр гарчихсан үснээс зулгааж байгаа харагдсан тэгээд бид нар тэр хоёрыг салгаад Н-г текний тэнд аваачих үед Н-н хамраас нь цус гарч байгаа харагдсан цусыг нь арчиж арилгах үед нүднийх нь доор нь шалбарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх -9 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаартай: 1. Б.Н-н биед баруун доод зовхи, хамрын баруун хэсэгт зулгаралт, дух, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын муруйлт гэмтэл тогтоогдлоо, 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-16-17/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаартай “ Ч.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй “ гэх дүгнэлт /хх-11/
-Ч.Г-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/
-Ч.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/
-Ч.Г-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/
- Ч.Г-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “... Миний бие Ч.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Я” гэх нэртэй караокед 2020 оны 10 дугаар сарын 08-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Н-н биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх хүсэлт /хх-43/
- Хохирогч Б.Н-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-38/
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 106 дугаартай санал /хх-45/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Я” гэх караокед хувийн асуудлаар иргэн Б.Н-той маргаан үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “ баруун доод зовхи, хамрын баруун хэсэгт зулгаралт, дух, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын муруйлт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Н-той Я гэдэг нэртэй караокед орсон, тооцоогоо хийх үедээ Н намайг гуйлгачин, гичий янхан гэх мэтээр доромжлоод байхаар нь бид хоёр хоорондоо муудаж бие биеийнхээ үснээс зулгаасан, Н нь гараараа миний нүүр лүү 1 удаа цохисон, харин би Н-н үснээс зулгааж гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна, миний буруу ” гэх,
хохирогч Б.Н-н “ Г нь чи тооцоогоо өөрөө хийчихгүй гээд байхаар нь уур хүрээд маргалдаж муудан, эхлээд Г миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж Г-н үснээс зулгаасан. Тэгээд Г шалан дээр унагаан миний дээр гарч миний нүүр рүү 2-3 удаа цохисон мөн хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Г нь намайг текний зүүн тал руу түлхэх үед газарт унасан, удалгүй миний хамраас цус гарсан....” гэх,
гэрч Б.Э-н “ Г, Н хоёр гэнэт муудаад бие биеийнхээ үснээс зулгааж байгаа харагдахаар нь би очиж салгах гэсэн боловч салгаж чадаагүй, Гийн нөхөр мөн салгаж дийлэхгүй байсан. Г нь Б.Н-н дээр нь гараад хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж байгаа харагдсан. Тэрнээс өөрөөр бол толгой болон нүүр рүү нь цохиж байгааг нь бол би хараагүй. Гэхдээ ямар ч байсан тэр хоёр муудаад Н-н хамраас их цус гарсан нь бол үнэн юм ” гэх
гэрч С.Д-н “нэг мэдсэн Г, Н хоёр бие биеийнхээ үснээс зулгаагаад хоорондоо зодолдож байгаа харагдсан. Манай үйлчлэгч Ц салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан ба намайг очиход Г нь Н-н дээр гарчихсан үснээс зулгааж байгаа харагдсан. Бид тэр хоёрыг салгаад Н-г текний тэнд аваачих үед Н-н хамраас нь цус гарч байгаа харагдсан цусыг нь арчиж арилгах үед нүднийх нь доор нь шалбарчихсан байсан ” гэх мэдүүлгүүд,
Яаралтай тусламжийн 6489 дугаартай хуудас, шинжээчийн 535 дугаартай: “1. Б.Н-н биед баруун доод зовхи, хамрын баруун хэсэгт зулгаралт, дух, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын муруйлт гэмтэл тогтоогдлоо, 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч Ч.Г, хохирогч Б.Н нар караокед хамт согтууруулах ундаа хэрэглэж, төлбөр тооцооноос болж харилцан маргалдан, зодолдож, улмаар Ч.Г нь хохирогч Б.Н-г цохих, түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсны улмаас ялимгүй зүйлээр шалтаглан харилцан зодолдох явцдаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ч.Г, хохирогч Б.Н-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Ч.Г-н үйлдлийн улмаас хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй талаараа тэрээр хэрэгт “ Би Ч.Г гэх хүнд зодуулсныхаа дараа эмнэлгийн ард байх А гэх хүнээр толгой барьдаг хүнээр толгойгоо 10 хоног бариулсан. Өдрийн 5000 төгрөгөөр бариулсан гэж бодохоор 10 хоногийн 50.000 төгрөг болсон. Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монос эмийн сангаас 24.000 төгрөгийн эм авсан. Өөрөөр бол эм тариа авсан асуудал бол байхгүй. Тийм учраас би Ч.Г-с 74.000 төгрөг нэхэмжилж байна. Ч.Г нь надад нэхэмжилсэн 74.000 төгрөгийг бэлнээр өгсөн учир нь одоо надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй ” гэж мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Ч.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч Б.Н нь тус шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд “би шүүх хуралдаанд суухгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ” гэх тайлбар гаргажээ.
Хохирогч Б.Н нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Г-н хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Ч.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Ч.Г-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нь “ гомдол саналгүй ” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ч.Г-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд түүнд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН