Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Г.Лхагвасүрэн,­

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл .., хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар хороолол ............ тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн тус  шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, регистрийн дугаар ............., А.Б.

              

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  А.Б нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Мөнххаан сумын ... дугаар багийн “Ц” гэх газарт иргэн Д.О-н нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний ухархайн дотор ялтасны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын хэлсэн бүгд үнэн. Ээжтэйгээ маргалдаж байхад Д.О орж ирсэн. Тэгээд би Д.О-н нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, ялын талаар маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч А.Б-ы яллагдагчаар өгсөн: 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Мөнххаан сумаас хойш байх дүү Б-нд би найз нарынхаа хамт унага тамгалах гээд очсон байсан. Унага тамгалж байгаа гээд жаахан архи дарс ууцгаасан юм. Гаднаас О гэдэг нутгийн залуу жаахан халамцуу орж ирсэн. Би ч нэлээн халамцуу байсан. Тэгээд намайг ээжтэйгээ юм ярьж байтал хажуугаас орж ирээд “ та ээждээ юу гэж хэлээд байгаа юм “ гэхээр нь “ чамд ердөө хамаагүй чи цаашаа бай “ гэсэн. Тэгээд гэрээс гараад холдож байгаад хөдөө О-г нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Надтай хамт явсан Э гээд манай найз дундуур орж салгасан. Э бол О-г цохиж зодсон зүйл байхгүй....би эмчилгээний зардалд нь зориулж 1.500.000 төгрөгийг О-д бэлнээр өгсөн. О Хэнтий аймаг очиж эмнэлэгт хэвтсэн байна лээ. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй болсон...гэх мэдүүлэг /хх-4-8, 27-28 /,

 

- Хохирогч Д.О-н: 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15-16 цагийн орчим гэрээсээ адуугаа эрж явж байгаад Б гэдэг айлынд очтол тэднийд Б-н ах Б нь согтуу байсан. Б ах ээж А-рүүгээ агсан тавих маягтай “ та миний найзуудыг загнадаг хэн бэ? Энэ тэр “ гэж байхаар нь би Б ахад хандаж “та өдий хүртэл өсгүүлчхээд ээждээ агсан тавьдаг буруу даа” гэж хэлээд гарсан юм. Б ах араас гарч ирээд “ унага тамгална чи араас нь хөдөлчих “ гэхээр нь би Монгол хүн байна нэг унага ч гэсэн барьж өгье гэж бодоод араас нь хөдөлтөл гэрээс зүүн хойшоо 2 км гаруй газар яваад зогсож машинаас буугаад Б ах намайг нүүр рүү баахан цохиж зодсон. Э гээд хамт явж байсан хүн нь согтуу бас намайг хөлөөрөө өшиглөж дэвссэн. Миний толгой өвдөж байсан. Тухайн үед хамраас цус гарч жаахан хөхөрсөн байсан. Тухайн үед хөл нурууны орчимд жаахан хөхөрсөн байсан. ...Би Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвд 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн юм. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвд толгой компьютерт томографын шинжилгээ өгсөн юм. 2020 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр эмнэлгээс гараад Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ХЗ” гэх газар байх гэртээ ирээд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвийн толгой компьютерт томографын шинжилгээний бичгийг авдартаа хийсэн юм. Тэгээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа тухайн бичгээ хайгаад олохгүй болохоор нь Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж эмчийн бичиг хийлгэж тухайн бичгээ цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн юм.  Миний хамрын яс зүүн талдаа хугарсан мөн зүүн, баруун нүдний ухархайн дотор цөмөрсөн хугаралтай зэрэг гэмтэл учирсан.

 ...А.Б 2020 оны 09 дүгээр сарын 15-ны үед намайг хамраа, нүүрээ эмчлүүлээрэй гээд 1.500.000 төгрөг өгсөн. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд ор хоногийн мөнгө 484.000 төгрөг, тархи толгойны эмчилгээнд 350.000 төгрөгийн тариа, үлдсэн мөнгийг унааны зардал, хоол унд, бусад шаардлагатай эм тарианд хэрэглэсэн ...Одоо миний биеийн байдал ямар нэгэн зовуурьгүй хэвийн байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-21-26, 31/,

 

- Гэрч Г.Э-н: 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай найз Б Улаанбаатар хотоос унага тамгалах ажилтай ирсэн. Тэгээд би Мөнххаан сумаас хойш тэдний дүү Б-нд унагаа тамгалах гээд очсон байсан юм. Б надтай уулзахдаа жаахан халамцуу байсан. Б дүүгийндээ орчхоод байхад нь О гэрээс нь гарч ирээд Б ах ээждээ агсам тавиад загнаад байна гэсэн. Би орох гэтэл Б гараад ирсэн. Тэгээд машинтай гэрээс холдоод хөдөлтөл О ардаас ирсэн. Тэгтэл Б О-г “ чамд ямар хамаатай юм бэ “ гээд нүүр рүү нь 2-3 удаа цохичихсон. Би машинаас буугаад тэр хоёрыг салгаад Б-г аваад явсан. Миний хувьд О-г цохиж өшиглөсөн зүйл байхгүй. О-н ээжийн ээж нь манай аавын төрсөн эгч юм. Бид хамаатны хүмүүс. Урьд өмнө нь бол ингэж муудалцаж байгаагүй. Тухайн үед машинд унага тамгалахаа хотоос ирсэн 2 залуу байсан... гэх мэдүүлэг /хх-29-30/,

 

  • Мөнххаан сумын их эмч Б.Э-н тодорхойлолт /хх-15/

 

  • Толгойн компьютерт томографын шинжилгээний хариу /хх-34/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаартай “Д.О-н биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний ухархайн дотор ялтасны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-35-38/

 

-А.Б-ы  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/

 

-А.Б-ы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/

 

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-45/

 

-Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-46-47/

 

- А.Б-ы Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан “А овогтой Б миний бие нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахин ийм хэрэгт орооцолдохгүй. Д.О-д 9 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг өгсөн. Одоо бид 2 хооронд гомдол тэмцэл байхгүй болсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-56/

 

-Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-58/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн “ Ц ” гэх газарт иргэн Д.О-н нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “ хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний ухархайн дотор ялтасны цөмөрсөн хугарал бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь А.Б-ы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Ээжтэйгээ маргалдаж байхад Д.О орж ирсэн. Тэгээд би Д.О-н нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, ялын талаар маргаан байхгүй ” гэх,

хохирогч Д.О-н “ Б ах араас гарч ирээд унага тамгална чи араас нь хөдөлчих гэхээр нь би Монгол хүн байна нэг унага ч гэсэн барьж өгье гэж бодоод араас нь хөдөлтөл гэрээс зүүн хойшоо 2 км гаруй газар яваад зогсож машинаас буугаад Б ах намайг нүүр рүү баахан цохиж зодсон ” гэх,

гэрч Г.Э-н “Б дүүгийндээ орчихоод байхад О гэрээс нь гарч ирээд “ Б ах ээждээ агсам тавиад загнаад байна”  гэсэн. Тэгэхээр нь би орох гэтэл Б гараад ирсэн. Тэгээд машинтай гэрээс холдоод хөдөлтөл О ардаас ирсэн. Тэгтэл Б О-г “ чамд ямар хамаатай юм бэ “ гээд нүүр рүү нь 2-3 удаа цохичихсон. Би машинаас буугаад тэр хоёрыг салгаад Б-г аваад явсан.” гэх мэдүүлгүүд,

Мөнххаан сумын их эмч Б.Э-н тодорхойлолт,

Шинжээчийн 510 дугаартай “...Д.О-н биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний ухархайн дотор ялтасны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч А.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нь хохирогч Д.О-н “ ээждээ агсан тавилаа” гэж хэлсэн үгнээс буюу үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч А.Б-ы, хохирогч Д.О-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

А.Б-ы үйлдлийн улмаас хохирогч Д.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй талаар хохирогч Д.О хэрэгт “А.Б 2020 оны 09 дүгээр сарын 15-ны үед намайг хамраа, нүүрээ эмчлүүлээрэй гээд 1.500.000 төгрөг өгсөн. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн бөгөөд ор хоногийн мөнгө 484.000 төгрөг, тархи толгойны эмчилгээнд 350.000 төгрөгийн тариа, үлдсэн мөнгийг унааны зардал, хоол унд, бусад шаардлагатай эм тарианд хэрэглэсэн ...Одоо миний биеийн байдал ямар нэгэн зовуурьгүй хэвийн байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч А.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Б-ы гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос А.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч А.Б-ы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд А.Б-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН