| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0186/э/ |
| Дугаар | 189 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Н.Баярбаатар, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Иргэдийн төлөөлөгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Л.Батаа, Б.Энхтүвшин,
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Бт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр, ... хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:..........., Ө.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн хашаанд байрлах уурын зуухны хажууд Р.Э-ы толгойн тус газарт дэвсэж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний урд өдөр хөдөөнөөс С-тай хамт аймаг руу орж ирсэн. Учир нь С-ыг туслах малчнаар авсан бөгөөд С аймаг руу орж тамхи тариагаа бэлдье гэж намайг гуйсан. 08 сарын 01-ний өдөр С-тай төв рүү гарсан. Тэгэхэд С танихгүй 3 хүнтэй архи уугаад сууж байсан. Тэд нартай хамт 2 шил архи уусан. Тэгээд архи уугаад согтсон. Согтуудаа ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би согтуу байсан учраас сайн санахгүй, орж гараад л байгаа. Бид нар бага зэрэг маргалдсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна. С-г л танина. Нөгөө хүмүүсийг танихгүй. Намайг тэд нар руу очиход дундаа 1 шил архи тавьчихсан ууж байсан. Би тэд нар руу очихдоо архи уугаагүй, эрүүл байсан. Би архи уухаараа амархан согтох гээд байдаг. С-тай жаахан маргалдсан. Би болсон зүйлийн зарим зүйлийг санахгүй байгаа. Надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Манай гэр бүлийн хүмүүс 2.000.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн. Бусад байдлаар тусалсан гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд надад дарамт, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Миний бөөр нуруу их өвдөж байгаа, одоо эм ууж байгаа. Би 2016 онд мотоциклиос унаж нуруу хугарч, дал цуурч байсан. Үүнээс болж нуруу их өвддөг. Би эмнэлэгт үзүүлнэ гэж бодож байсан боловч ийм хэрэгт холбогдчихоод байна...гэв.
Эрүүгийн ................. дугаартай хэргээс:
- Яллагдагч Ө.Б-н: Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б, С, Э, Г гэх хүмүүстэй СХТ-н урд байх уурын зуухны баруун талд 12 цагийн орчим архи хувааж уусан. Тухайн архийг дуусгасны дараа С-г хөдөө гэр рүүгээ явъя гэхэд С нь явахгүй бид хоёр маргалдаж С-г нүүр рүү нь 1-2 удаа цохисон тэгээд тухайн үед талийгаач Э нь газарт хэвтэж байхаар нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн санаж байна. Би Э-ы амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байна. Манай ар гэрийн зүгээс талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын зардал болон бусад зардлыг бүрэн төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байгаа учраас ял шийтгэл бага оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-145-148 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: Талийгаач Р.Э нь миний төрсөн ах байгаа юм. Талийгаач ахын минь хувьд эхнэр хүүхэдгүй, ганцаараа амьдардаг байсан. Талийгаач ах маань уг нь манай ах Э-н мал дээр байж байгаад энэ оны 5 дугаар сард аймгийн төвд орж ирсэн. Энд ирээд манайд хүү бид хоёртой хамт амьдардаг байсан. Ах маань ер нь архи уудаг, энд ирээд нэлээн архи ууж байгаа, ер нь өдөр алгасахгүй шахуу ууж байна. Өчигдөр өглөө би 07 цаг 30 минутын үед сэрсэн, тэр үед ах босоод гараад явчихсан байсан. Өдөр гэртээ ирээгүй, орой нь 21 цагийн үед цагдаа нар ирж манай ах Э-г эмнэлэг дээр ухаангүй хэвтэж байгааг хэлсэн. Эмнэлэг дээр очиход эмнэлгийн хүлээн авахын өрөөнд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмчилгээ хийгдэж байгаад үүрээр 03 цаг өнгөрч байхад нас барсан. Талийгаач Р.Э-ы хувьд архины хамааралтай, 1994 оноос хойш архи хэрэглэсэн ба албан ёсны эхнэр хүүхэд байхгүй, ажил хийдэггүй, архи уухаараа агсам согтуу тавиад, аав болон намайг гөлөг нохойгоор нь дуудаж ална гэх зэргээр доромжилдог, харин хүнд гар хүрч зодож цохидог асуудал бол байхгүй, айлын хуучин нойтон юм олж ирээд зарж архи ууна гэж ярьдаг. Архины эмчилгээнд 2-3 удаа явсан боловч нэмэргүй, эмчилгээнээсээ ирээд удахгүй уучихдаг, эмчилгээнд явууллаа гээд аавыг загнадаг, архинаас гаръя гэсэн ямар нэг бодолгүй сүүлийн үед ер нь өдөр өнжихгүй архи уусан. Биеийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн суурь өвчин гэхээр зүйл байхгүй, олон жилийн өмнө хөлөө хөлдөөж байсан. Ер нь сүүлийн үед үхнэ гэх зэргээр агсан тавьдаг болсон. Талийгаачийн ажил явдлын үеэр Баатар гэх хүний ээж, ээжийнх нь төрсөн дүү, Ө.Б-н эхнэр, Ө.Б-н дүү нь гэх 4 хүн ирээд ажил явдалд нь өөрсдөө биеэрээ оролцож, хэрэгтэй бүх зүйлийг бэлтгэн өгсөн, ажил явдлын мөнгө гэж 2.000.000 төгрөг, мөн гурав хоног дээр нь хэрэглээрэй гээд 50 бэлэг, зулын тос, мах, сүү, гэх мэт хэрэгтэй бүх зүйлээр тусалсан, манай ар гэрийн зүгээс гаргах ямар нэгэн санал гомдол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-13-18, 21-22 дугаар хуудас/,
- Гэрч П.Г-н: Би өчигдөр өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан, би өөрөө архины хамааралтай, ер нь жоохон уучихдаг хүн байгаа юмаа. Архи олоод уучих санаатай гарч байгаа нь тэр. Өдөр 11 цагийн үед үдийн үед СХТийн тэнд Э-тай таарсан. Тэгж байтал удахгүй С /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Э болон бас нэг танихгүй залуутай хамт ирцгээж СХТийн тэнд юм ярьцгааж сууцгаасан. Юм яриад сууж байхад тэр танихгүй залуу өөрийгөө Б гэж танилцуулж байсан. Б гэж залуу надад 20.000 төгрөг өгөөд “ах хүү яваад ганц шил архи, тамхи аваад ир” гэж хэлсэн. Би мөнгийг нь аваад ЭШ дэлгүүр лүү очиж 1 шил 0.75 литрийн Х архи, 2 хайрцаг УШ тамхи аваад буцаад СХТ-н тэнд нөгөө хэд дээрээ очсон. СХТ-н урд талбайд байдаг уурын зуухны баруун талд очиж сууцгаагаад архиа 5-лаа хувааж уусан. Архи дууссан чинь С надад 13.500 төгрөг өгөөд архинд явуулсан. Би мөн ЭШ дэлгүүр лүү очиж 1 шил 0.75 литрийн Х архи худалдаж авсан. Архиа аваад очиход нөгөө хэд намайг хүлээгээд сууж байсан газраа байж байсан. Тэгээд архиа мөн бүгдээрээ хувааж ууж дуусгасан. Энэ архи дууссан чинь С надад 5.500 төгрөг өгөөд архинд явуулсан. Би ЭШ дэлгүүр лүү очиж 1 шил 0.5 литрийн Их монгол гэдэг цэнхэр шошготой архи худалдаж аваад нөгөө хэд дээрээ очсон. Архиа мөн хувааж ууж дууссан. Тэгсэн С явлаа гээд сууж байсан газраасаа босоод мотоцикл зогсдог газар луу алхсан, би мөн босоод СХТ-н урд талын цэцгийн мандал дээр очиж суусан. Уурын зуухын хажууд Э, Э, Б 3 үлдсэн, энэ 3 гурвуулаа согтоод газар хэвтчихсэн байсан.
Би тэр гурвыг Х-д сууж байтал Б нь босож ирээд Э, Э хоёрыг газар хэвтэж байхад өшигчөөд байсан. Тэгээд уурын зуухны тэндээс над руу чиглээд ирэхээр нь би “энэ нөхөр чинь бас намайг барьж аваад зодчих байх” гэж босоод хойшоо гараад явчихсан. Б мотоцикл зогсдог газрын хажуугаар гараад урагшаа чиглээд явсан, бодвол мангасын амаар урагшаа нэвт гарсан байх. Би буцаад СХТ-н урд талд очиж суусан. Тэгсэн пянгаа Б над ирээд “Э наранд наршаад байгаа юм биш биздээ, жоохон сүүдэр лүү болго доо” гэж хэлэхээр нь би тэр хоёр руу очтол Э-ы хамраас нь цус гарчихсан дээшээ Х-д хөдөлгөөнгүй хэвтэж байсан, харин Э мөн хэвтэж байсан. Э-н аль билээ өрөөсөн нүд хавдчихсан байсан. Би тэр үед согтоод тасарчхаад хэвтэж байна л гэж бодоод тэр хоёрыг оролдоогүй. Хэсэг хугацааны дараа Баруун-Урт сумын тамгын газраас ус гуйж аваад вокзал дээр ирсэн чинь Э сэргээд ирчихсэн тэнд сууж байсан. Би уснаасаа өгсөн, тэгсэн Э “тасарчихсан байна, нүд бүр тагларчхаж, хэн цохисон бэ” гэж асууж байсан. Би Э-д “Э та хоёрыг хэвтэж байхад нөгөө Б чинь өшиглөөд байсан ш дээ ” гэж хэлсэн. Тэгээд би вокзал дээр сууж байгаад 17 цагийн шуудан явуулчхаад мангасын амаар урагшаа гараад явж байтал цагдаа нартай таарсан. Ийм л асуудал болсон. Э жижиг хананы цаад талд цаасан хайрцаг дэвсээд хэвтэж байсан, тийм болохоор Э-г Б өшиглөж байгаа нь тэр хананы цаанаас бол яг харагдаагүй, гэхдээ пид пад гээд байсан. Харин Э болохоор Э-н зүүн талд ил харагдах хэсэг дээр хэвтэж байсан. Тэгэхэд яах аргагүй Б нь Э-г хэвтэж байхад толгой руу өшиглөөд авсан. Ямар нэг юм яриагүй, би тэр хоёрыг тасраад л хэвтэж байна гэж бодсон. Тэр үед Э-ы хамраас нь цус гарсан байсан. Харин Э-г нь сайн анзаараагүй. Сүүлд нь харахад аль билээ нэг нүд нь хавдсан байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-23-25 дугаар хуудас/,
- Гэрч Г.С-н: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ..-р багийн нутаг “Ш” гэдэг газар зуншиж байгаа Л гэдэг айлын малыг малладаг, малыг 1 сар хариулж байна. Миний байсан айлаас баруун тийшээ Б-х байдаг юм. Уржигдар хөдөөнөөс Б-тай мотоциклтой нь аймаг руу гараад шөнө 02 өнгөрөөд 3 цаг болж байхад аймгийн төвд ирсэн. Би төвд орж ирээд бид хоёр Г /нэрийг нь сайн мэдэхгүй/ гэдэг айл руу очсон, тэндээ мотоциклоо үлдээгээд би таксигаар дүү Д-даа хүргүүлсэн. Өглөө би босоод төв рүү алхаж байтал “Х-Э” дэлгүүрийн баруун талд Э ахтай таараад Э ах бид 2 төв рүү орж шуудан явдаг зогсоол дээр ирсэн. Тэр үед урдаас Э, Г 2 ирж бид хоёртой уулзалдаад юм яриад тамхи татаад зогссон. Тэгээд ганц нэг шил архи авч уух санаатай У дэлгүүр лүү очсон чинь нээгээгүй байсан. Тэр хавиар эргэлдэж байтал Б намайг сураад явж байгаатай таарсан. Бид 5 нийлээд би 20.000 төгрөг Г-д өгч архинд явуулсан. Г 1 шил 0.75 литрийн Х архи, бас УШ тамхитай ирсэн. Бид хэд СХТ-н талбайд байдаг уурын зуухны баруун талд нь суугаад нөгөө архиа хувааж ууцгаасан. Энэ архинаас өмнө Э Г-г архинд явуулж Х монгол гэдэг архи авч ирсэн юм байна.Тэрийг нь ууж дуусаад би архинд явуулсан юм байна. Архи ууж байхад Б намайг “ хөдөө авч явж хонь малаа харуулна “ гээд байсан, би тэр үед дэлгүүр хоршоо нээхээр тамхи тариа, хувцас хунар аваад явъя гэж хэлж байсан юм. Архи дуусаад бид хэд уурын зуухны баруун талд сууж байтал манай төрсөн дүү Д машинтайгаа ирээд “эхнэрийг ажилд нь хүргэж өгөөд явж байна, та яагаад гудамжинд архи уугаад байгаа юм бэ” гээд намайг аваад явсан. Би сууж байсан газраасаа босоод дүүтэйгээ цуг алхаж байтал араас миний дагз руу нэг тас гээд явчихсан, эргээд хартал Б гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байсан. Тэгээд дүү бид хоёр бушуухан тэндээс явсан. Эргэж би тэр хэдтэй нийлээгүй. Э ах миний хуурай ах байгаа юм, нөгөө хэдтэй танилууд. Садан төрлийн холбоо бол байхгүй. Архи ууж байхдаа хэрэлдэж маргалдаагүй, хоорондоо зодолдоогүй. Харин манай дүү намайг аваад явах үед Б араас ирээд архины шилээр миний дагз руу цохиод авсан. Ямар учраас цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Б намайг хөдөө авч явна гээд байсан, бодвол хөдөө явахгүй дүүтэйгээ яваад өгөхөөр уурлаад намайг цохисон байх гэж бодож байна. Өөр бол ямар нэгэн маргаан, шалтгаан байхгүй. Дагзанд язарсан байсан, толгой бас жоохон өвдөж байна. Өөр бол гэмтэл байхгүй. Урьд энэ Б-тай архи ууж байгаагүй, өчигдөр л анх удаа Б-тай архи ууж байна. Э, Э, Г нартай бол урьд нь архи зөндөө л ууж байсан, тэгэхдээ бол бид хэдийн хооронд бол маргаан муудалцаан бол огт болж байгаагүй, ууж идээд согтохоороо явах нь яваад унтах нь унтаад л үлддэг...гэх мэдүүлэг /хх-26-28 дугаар хуудас/,
- Гэрч Х.Э-н: би яах вэ олон жил архи ууж байгаа, үүнийгээ нууж хаах зүйл байхгүй, тэгээд ер нь жоохон уугаад согтчихдог болчхоод байгаа юм. Нэг мэдсэн нүд рүү тас гээд явчихсан, согтчихсон байсан болохоор хэн цохисон гэдгийг нь бол мэдээгүй. Тэгээд нэг мэдсэн нөгөө Э-с авсан тогоогоо тэвэрчихсэн Дөрвөлжийн ард талд гэр лүүгээ алхаж байсан. Уусан архиндаа согтоод тасраад явж байсан нь тэр байх. Би ер нь уугаад тасрахаараа юмаа санадаггүй юм... гэх мэдүүлэг /хх-29-31 дүгээр хуудас/,
- Гэрч Г.Д-н: Би өчигдөр 12 цагийн үед л байх гэж бодож байна, У дэлгүүр лүү очиж эхнэр Н-тэйгээ уулзчихаад худалдааны төвийн зүүн талын мотоциклын зогсоол дээр зогсож байтал манай ах С баруун урдаас дэлгүүрийн булан тойроод манай нэлээн согтуу гарч ирсэн.Тэр үед ахын ар дагзнаас нь цус гарчихсан, дагз хэсэгт бас жоохон язарчихсан байсан.Тэгтэл араас нь нэг залуу гарч ирээд ахын толгой руу хүүе хаая гэх зуургүй гараараа цохиод авсан. Би салгаад ахыгаа бушуухан аваад явсан, замаараа У дэлгүүр лүү орж тамхийг нь аваад харьсан. Тийм ээ мөн /гэж Ө.Б-н зургийг заав/. Энэ хүн манай ахыг цохисон. Энэ хүнийг салгаад явж амар гэхэд “ май чи, амжихгүй шүү “ гээд над руу салаавч өгөөд байсан. Өөр ямар хүн байсан гэдгийг мэдэхгүй байна, би анх ахыг таниагүй юм. Саяны зураг дээрх залуу нэг хүний араас цохиод байхаар нь хартал манай ах байсан. Тэгээд би очиж салгаад, аваад явсан. Өчигдөр бол яасан ийсэн талаар нь согтуу байсан учраас асуугаагүй. Өчигдөр орой л гэнэт цагдаа сэргийлэх болоод явчихсан. Өнөөдөр өглөө ахаас яасан талаар нь асуухад хамт архи уусан нэг хүнийх нь бие муу байна гэнэ гэж хэлсэн. Би ахаас та зодоон цохион хийсэн юм биш биз дээ гэж асуухад ах надад “Үгүй ээ, ах зодоон цохион хийгээгүй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-32-33 дугаар хуудас/,
- Гэрч Б.Э-н: Би явах гээд байж байтал тэд нартай цуг архи уусан танихгүй залуу Сыг гараараа нэг удаа цохиж унагаасан. Би С-г хоёулаа явъя гээд дагуулаад явж байтал Б-ын баруун талд нөгөө танихгүй залуу араас ирээд С-г гараараа толгойных нь ар хэсэг рүү цохихоор нь би тэр хүнийг хориод цаашаа нь явуулсан. Тэгээд би дахиж уурын зуухны тийшээ очоогүй. Харин С-г дүү нь болох Д нь аваад явсан юм. Би цэнхэр өнгийн фудболктой, саарал өнгийн малгайтай, хар өмдтэй явж байсан. Харин Г цагаан эрээн өнгийн цамцтай, Э нь улаан өнгийн цамцтай, саарал малгайтай байсан. Цуг байсан танихгүй залуу нь улаан өнгийн цамцтай байсан юм...гэх мэдүүлэг /хх-34 дүгээр хуудас/,
-Гэрч М.А-гийн: би СХТийн харуулаар ажилладаг ба 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. 17 цагийн үед худалдааны төвийн урд талд манай харуул болох Э, таксины жолооч хүн /нэрийг нь мэдэхгүй/ бид гурав машинд сууж байгаад Э болон таксины хүн тэр хоёр “ зуухны баруун талд нэг хүн хэвтээд нэлээн удчихлаа, чи цагдаад дуудлага өгөөч “ гэхээр нь би 7051102 дугаарын утас руу залгаад согтуу хүн хэвтэж байна гэж дуудлага мэдээлэл өгсөн. Би тэр хүнийг очиж Хгүй, согтуу тасарсан унтаж байна гэж л бодсон...гэх мэдүүлэг /хх-35-36 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Э-н: СХТийн урд уурын зуухны баруун талд нэг хүн хэвтээд унтаж байх шиг болохоор нь А-д “ цагдаад дуудлага өгвөл яасан юм “ гэж хэлсэн юм. Өөрөөр бол надад мэдэх зүйл байхгүй юм. Ганцаараа дээшээ харчихсан унтаж байгаа харагдсан бид нар бол очоогүй... гэх мэдүүлэг /хх-38-39 дүгээр хуудас/,
- Гэрч Н.Б-н: Би Ө.Б гэх хүнтэй 2002 онд гэр бүл болсон ба 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. 2002 онд манай хамгийн том хүү Б.Ө нь төрсөн. Дараа нь 2004 онд хүү Б.М, 2008 онд хүү Б.Э нь тус тус мэндэлсэн. Хамгийн том хүү болох Б.Ө нь ХААИС-ийн 1 дүгээр курст орно. Б.М нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр арван жилийн 11 дүгээр ангид, хүү Б.Э нь Баруун-Урт сумын .. дугаар арван жилийн 7 дугаар ангид тус тус элсэн суралцах юм. Би өөрөө нөхрийнхөө хамт ихэнхдээ хөдөө гэр болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр баг Ү гэх газарт нутагладаг бөгөөд хичээл орох үед Сүхбаатар аймгаар ирж очоод байдаг. Манай 3 хүү хичээл орохоор Баруун-Урт суманд Ө.Б-н ээж болох Т-Ө-д байдаг. Манайх Сүхбаатар сумын .. дүгээр багийн харьяат айл юм. 2020 оны 07 дугаар сард манайх Сүхбаатар сумын .. дүгээр баг Ү гэх газарт нутаглаж байсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчим Ө.Б нь С гэх хүнийг Сүхбаатар аймагт байх гэрээр нь оруулж өгчхөөд ирье гэж хэлээд өөрийн эзэмшлийн Хаужа маркийн мотоциклтой Сүхбаатар аймаг руу явсан. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Улаанбаатар хотоос ирж байгаа ах дүү нараа тосох ажлаар Баруун-Урт сумын ... дүгээр ... айлд 22 цагийн орчим очиход манайд хотоос ирсэн ах дүү нартай 0.75 л архи ууж дуусаж байсан санаж байна. Тэгээд бид нар амарцгаасан. Маргааш нь 08 цагийн үед цагдаа ирж Ө.Б-г аваад явсан ба бид нар ямар учиртай аваад явсныг нь бол мэдээгүй ...Ө.Б нь ерөнхийдөө дуугүй, хүнтэй айхавтар юм яриад байдаггүй, найз нөхөдтэйгөө эвтэй, хүнд тусархуу ажилч хичээнгүй, 2010 онд Сүхбаатар сумын мянгат малчин, 2018 онд сумын сайн малчин болж байсан юм. Мөн олон айлуудыг малжуулж тусад нь гаргаж байсан суманд хэд хэдэн удаа хандив тусламж өгсөн байсан. Архи согтууруулах ундааны зүйл бол нээх их хэрэглээд байдаггүй хааяа найз нөхөдтэйгөө уулзахаараа хэрэглэдэг юм. Ө.Б нь биеийн байдлын хувьд нуруу бөөр нь өвддөг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-43-44 дүгээр хуудас/,
- Гэрч Н.С-н: Би Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 20 минутын орчим 103 дуудлагаар эмч авч ирсэн бөгөөд биеийн байдал маш хүнд, ухаангүй байдалтай ирсэн. Миний бие үзээд анхан шатны тусламж үзүүлж компьютер томографын шинжилгээ хийж гэмтлийн эмч болон мэдрэлийн эмч нарыг дуудан хамтдаа үзсэн. Тухайн үед тавьсан онош нь тархины няцрал, хүнд хэлбэр, гавал тархины баруун чамархай хатуу хальсны дээрх, зүүн талд бөмбөлгийн эдийн цусан хураа, аалзавчин бүрхүүлийн цусан хураа, тархины оврого оношоор мэс заслын тасагт яаралтай хэвтүүлэн цусны дэлгэрэнгүй, био хими, цусны бүлэгнэлтийн шинжилгээнүүдийг бүгдийг бүрдүүлж ар гэрт өвчтөний биеийн байдлыг танилцуулж яаралтай журмаар хагалгаанд орох зөвшөөрөл авсан боловч үйлчлүүлэгч биеийн байдал улам хүндэрсээр амьсгал зүрх судасны хурц дутагдлаар 2020 оны 08 дугаар сарын 02-ны 03 цагийн үед нас барсан. Тухайн үед шууд хагалгаанд орох ямар ч боломжгүй учир нь биеийн байдал нь хүнд байсан бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авсан боловч биеийн байдал сайжрахгүй нас барсан юм. Р.Э нь тархины няцралт, аалзавчин бүрхүүлийн цусан хураа гэсэн оноштой байсан тул цаг тухайд нь эмчилгээ хийсэн ч амь насыг нь аврах боломжгүй гэж ойлгож болно...гэх мэдүүлэг /хх-46-47 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай “...Ө.Б-н биед зүүн хөмсөг, баруун гарын тохой, баруун хөлийн өвдөг шилбэ, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэх дүгнэлт /хх-48-51 дүгээр хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай “...Ө.Б-н биеэс авсан гэх цусанд 1.0 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-52-56 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 400 дугаартай “.Х.Э-н биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэх дүгнэлт /хх-57-61 дүгээр хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай “...Х.Э-н биеэс авсан гэх цусанд 1.4 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-62-57 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай “...Г.С-н биед толгойн үстэй хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэг, дээд уруул, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэх дүгнэлт /хх-68-72 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай “...Г.С-н биеэс авсан гэх цусанд 1.8 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-73-78 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаартай “...Р.Э-ы биеэс авсан гэх цусанд 2.4 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх-96-100 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай “...Р.Э-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины далд гэмтэл, баруун чамархайн болон Суурь ясны шугаман хугарал, баруун талын зулай чамархай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Р.Э нь баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, баруун талын зулай чамархай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас баржээ. Р.Э-д үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Р.Э нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан тул цусанд спиртийн агуулга тодорхойлох боломжгүй. Р.Э-ы гэх цус нь АВО системээр 0(I) бүлгийн цустай байна. Р.Э-д учирсан гэмтлүүд нь эмнэлгийн анхны тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-89-95 дугаар хуудас/
- Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн: Р.Э-ы цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины далд гэмтэл баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлхий чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тархины 2 тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл учирсан ба дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба Р.Э нь баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, баруун талын зулай чамархай хэсгийг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тархины 2 тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан. Р.Э-ы цогцсоос авсан эдийн шинжилгээ авсан ба тархины эдээс авсан цусны бүлэг үүссэн хугацааг нь тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эд эсийн лабораторид хүргүүлсэн. Уг хариунд: Бүлэнгийн ихэнх хэсэгт улаан эс наалдсан, бүдэг будагдсан /задарч эхэлсэн/ Фибрин үүссэн, фибрин дагасан шигүү нейтрофилийн нэвчдэстэй, фибрин илрүүлэх МSB будагт улаан эс шараар, ихэнх фибрин улбар шар /6-12 цаг/, зарим хэсгээр тод улаан ягаан /12-18 цаг/ өнгөөр будагдсан гэж гарсан. Тархинд үүссэн цусан бүлэн нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Цусан бүлэнгүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсдэггүй, гэмтэл авснаас хойш харилцан адилгүй хугацаанд үүсдэг учир зарим бүлэн нь 6-12 цаг, зарим нь 12-18 цаг гэж хугацаа гарсан байна...гэх мэдүүлэг /хх-45 дугаар хуудас/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын:Ө.Б нь ямар нэг сэтгэцийн эмгэггүй, Ө.Б нь болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Ө.Б нь одоогоор хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хх-123-125 дугаар хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-4, 6 дүгээр хуудас/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...тус хүн нь уурын зуухны баруун талд ирээд газарт юм саваад хашлаганы зүүн талд ирж баруун хөлөөрөө газарт байх үл харагдах зүйлийг хүчтэй дэвсэж гартаа цамцаа бариад Бт-ын баруун талаар зүүн хойш чигтээ явж цагаан Истана маркийн тээврийн хэрэгслийн араар гарч харагдахгүй болов” гэх тэмдэглэл /хх-7-10 дугаар хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-80-81 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-82-88 дугаар хуудас/,
- Р.Э-ы өвчний түүхийн хуулбар, яаралтай түргэн тусламжийн хуудас зэрэг хуулбар хувь /хх-101-122 дугаар хуудас/
- СХТ-ийн баруун урд талд байх хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/
- СХТ-ийн зүүн урд талд байх “Бт” хоолны газрын камерын бичлэг хадгалах төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-10/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол 1-4 гэж дугаарласан DVD /хх-11/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол Е нэртэй 0.75 литрийн архины шил /хх-12/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “Ө.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хх-133-135/
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаартай албан бичиг /хх-152/
- Ө.Б-н бүрэн бус дунд боловсролын үнэмлэх, диплом, талархал, баярын бичиг, сумын сайн малчны тэмдэг, дурсамж, хүндэтгэлийн гэрчилгээ /хх-158-161, 166-168/
- Ө.Б-н хүү Б.Э-н 30, хүү Б.М-н .............. дугаартай гэрчилгээ, хүү Б.Ө-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-162-163/
- Р.Э- иргэний үнэмлэхийн хуулбар, ........... дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-171/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-172/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-176-180/ баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг СХТ-н хашаанд байрлах уурын зуухны хажууд Р.Э-ы толгойн тус газарт хөлөөрөө дэвсэж, өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ө.Б-н “ Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б, С, Э, Г гэх хүмүүстэй СХТ-ийн урд байх уурын зуухны баруун талд 12 цагийн орчимд архи хувааж уусан. Тухайн архийг дуусгасны дараа С-г хөдөө гэр рүүгээ явъя гэхэд С нь явахгүй бид хоёр маргалдаж С-г нүүр рүү нь 1-2 удаа цохисон.Тэгээд тухайн үед талийгаач Э нь газарт хэвтэж байхаар нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн санаж байна. Би Э-ы амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байна “ гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Д-н “орой 21 цагийн үед цагдаа нар ирж манай ах Э-ыг эмнэлэг дээр ухаангүй хэвтэж байгааг хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд эмнэлгийн хүлээн авахын өрөөнд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмчилгээ хийгдэж байгаад үүрээр 03 цаг өнгөрч байхад нас барсан ” гэх,
гэрч П.Г-н “...Э жижиг хананы цаад талд цаасан хайрцаг дэвсээд хэвтэж байсан, тийм болохоор Э-г Б өшиглөж байгаа нь тэр хананы цаанаас бол яг харагдаагүй, гэхдээ пид пад гээд байсан, харин Э болохоор Э-н зүүн талд ил харагдах хэсэг дээр хэвтэж байсан. Тэгэхэд яах аргагүй Б нь Э-г хэвтэж байхад толгой руу өшиглөөд авсан. Ямар нэг юм яриагүй, би тэр 2-г тасраад л хэвтэж байна гэж бодсон. Тэр үед Э-ы хамраас нь цус гарсан байсан. Харин Э-г нь сайн анзаараагүй. Сүүлд харахад аль билээ нэг нүд нь хавдсан байгаа харагдсан ” гэх,
гэрч Г.С-н “....би сууж байсан газраасаа босоод дүүтэйгээ цуг алхаж байтал араас миний дагз руу нэг тас гээд явчихсан, эргээд хартал Б гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байсан. Тэгээд дүү бид 2 бушуухан тэндээс явсан. Эргэж би тэр хэдтэй нийлээгүй ” гэх,
гэрч Х.Э-н “...Нэг мэдсэн нүд рүү тас гээд явчихсан, хэн цохисон гэдгийг нь бол согтчихсон байсан болохоор мэдээгүй ” гэх,
гэрч Г.Д-н “...худалдааны төвийн зүүн талын мотоциклын зогсоол дээр зогсож байтал манай ах С баруун урдаас дэлгүүрийн булан тойроод нэлээн согтуу гарч ирсэн. Тэр үед ахын ар дагзнаас нь цус гарчихсан, дагз хэсэгт бас жоохон язарчихсан байсан. Араас нь нэг залуу гарч ирээд ахын толгой руу хүүе хаая гэх зуургүй гараараа цохиод авсан. Тэхээр нь би салгаад ахыгаа бушуухан аваад явсан. Энэ хүн манай ахыг цохисон” гэх,
гэрч Б.Э-н “ тэд нартай цуг архи уусан танихгүй залуу С-г гараараа нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би С-г хоёулаа явъя гээд дагуулаад явж байтал Бын баруун талд нөгөө танихгүй залуу араас ирээд С-г гараараа толгойных нь ар хэсэг рүү цохихоор нь би тэр хүнийг хориод цаашаа нь явуулсан. Цуг байсан танихгүй залуу нь улаан өнгийн цамцтай байсан юм” гэх,
гэрч М.А-гийн “ 17 цагийн үед худалдааны төвийн харуул болох Э, таксины жолооч хоёр зуухны баруун талд нэг хүн хэвтээд нэлээн удчихлаа чи цагдаад дуудлага өгөөч гэхээр нь би 7051102 дугаарын утас руу залгаад согтуу хүн хэвтэж байна гэж дуудлага мэдээлэл өгсөн. Би тэр хүнийг очиж Х-гүй, согтуу тасарсан унтаж байна гэж л бодсон ” гэх,
гэрч Ж.Э-н “...СХТ-ийн урд уурын зуухны баруун талд нэг хүн хэвтээд унтаж байх шиг болохоор нь А-д цагдаад дуудлага өгвөл яасан юм гэж хэлсэн юм. Ганцаараа дээшээ харчихсан унтаж байгаа харагдсан бид нар бол очоогүй” гэх,
гэрч Н.С-н “...Р.Э-г 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 20 минутын орчим 103 дуудлагаар эмч авч ирсэн. Яаралтай журмаар хагалгаанд орох зөвшөөрөл авсан боловч үйлчлүүлэгч биеийн байдал улам хүндэрсээр амьсгал зүрх судасны хурц дутагдлаар 2020 оны 08 дугаар сарын 02-ны 03 цагийн үед нас барсан. Р.Э нь тархины няцралт, аалзавчин бүрхүүлийн цусан хураа гэсэн оноштой байсан тул цаг тухайд нь эмчилгээ хийсэн ч амь насыг нь аврах боломжгүй гэж ойлгож болно ” гэх,
шинжээч эмч А.Болор-Эрдэнийн “ Р.Э нь баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, баруун талын зулай чамархай хэсгийг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тархины 2 тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан. Тархинд үүссэн цусан бүлэн нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Цусан бүлэнгүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсдэггүй, гэмтэл авснаас хойш харилцан адилгүй хугацаанд үүсдэг учир зарим бүлэн нь 6-12 цаг, зарим нь 12-18 цаг гэж хугацаа гарсан байна” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай “...Р.Э-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины далд гэмтэл, баруун чамархайн болон Суурь ясны шугаман хугарал, баруун талын зулай чамархай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Р.Э нь баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, баруун талын зулай чамархай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас баржээ. Р.Э-д учирсан гэмтлүүд нь эмнэлгийн анхны тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй гэмтлүүд байна” гэх дүгнэлт,
2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай “...Ө.Б-н биеэс авсан гэх цусанд 1.0 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.Б гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрхэд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний толгой руу өшиглөснөөр гэмтэл авах, хүний амь нас хохирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Р.Э-ы толгой руу өшиглөж амь насыг нь хохироожээ.
Шүүгдэгч Ө.Б-н, хохирогч Р.Э-ы толгойн тус газарт өшиглөж амь насыг нь хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор зохицуулсан бөгөөд
шүүгдэгч Ө.Б-н зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой эдийн хохирлыг нөхөн төлсөн болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Д-н “Талийгаачийн ажил явдлын үеэр Б гэх хүний ээж, ээжийнх нь төрсөн дүү, Ө.Б-н эхнэр, Ө.Б-н дүү нь гэх 4 хүн ирээд ажил явдалд нь өөрсдөө биеэрээ оролцож, хэрэгтэй бүх зүйлийг бэлтгэн өгсөн, ажил явдлын мөнгө гэж 2.000.000 төгрөг, мөн гурав хоног дээр нь хэрэглээрэй гээд 50 бэлэг, зулын тос, мах, сүү гэх мэт хэрэгтэй бүх зүйлээр тусалсан, манай ар гэрийн зүгээс гаргах ямар нэгэн санал гомдол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлгээр тогтоогдоно.
Иймд шүүгдэгч Ө.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч Ө.Б-н гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “ Ө.Б нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Мөн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү ” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.4-т энэ хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ө.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд энэ зохицуулалтыг хэрэглэх нь хуульд харшлахгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.
Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд энэ тохиолдолд шүүх амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан хохирол төлөгдсөн эсэх асуудлыг дүгнэх юм.
Тухайн хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Р.Д “манай ар гэрийн зүгээс гаргах ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх тайлбарыг хэрэгт гаргажээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, үүнийг нөхөн сэргээх боломжгүй боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг нөхөн төлсөн тохиолдолд дээрх зохицуулалтыг хэрэглэхийг хориглоогүй тул шүүх хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх заалтанд нийцнэ.
Иймд шүүгдэгч Ө.Б-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, энэ асуудалдаа “Согтуудаа ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна” гэж дүгнэлт хийж, гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Б-г 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр баривчилж, тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Б.Б-н энэ хэргийн улмаас нийт 68 хоног цагдан хоригдсон хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “0.75 литрийн Е нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн дуу-дүрсний бичлэгтэй I, II, III, IV /5:50 минутанд дэвссэн бичлэг/ дугаар, нэр бүхий 4 ширхэг цагаан саарал компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтооно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б-т оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Ө.Б-н цагдан хоригдсон 68 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “0.75 литрийн Е нэртэй архины шилийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Э-д мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Хэрэгт ирүүлсэн дуу-дүрсний бичлэгтэй I, II, III, IV/5:30 минутанд дэвссэн бичлэг/ дугаар, нэр бүхий 4 ширхэг цагаан саарал компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төөлөгч Р.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
ШҮҮГЧИД Х.САНЖИДМАА
Н.БАЯРБААТАР