Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00401

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 3 дугаар гудамж 26 тоотод оршин суух …регистртэй Зуутраг овогт Ц. Э-н

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 7, өөрийн байранд байрлах “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Э нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багшийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 40 дугаар тушаал, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот “арга хэмжээ авах тухай” тушаалыг тус тус 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр надад үзүүлсэн.  

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас халах тухай” 40 дугаар тушаалаар миний биеийг ажлаас халсан бөгөөд энэ шийдвэртээ намайг ямар зөрчил гаргасны улмаас ажлаас халах болсныгоо тодорхой заагаагүй. Уг “Ажлаас чөлөөлөх тухай” 40 дугаарт тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан намайг ажлаас халсан бөгөөд тухай үед яагаад ажлаас халагдсан талаар асуухад “чи ёс зүйн зөрчил гаргасан учраас чамайг ажлаас халсан гэж хэлсэн” ба энэ нь ямар ч үндэслэлгүй, миний зүгээс уг шалтгааныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль бусаар намайг ажлаас халлаа.

Миний бие хариуцагч байгууллага болох “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн удирдлагад шүүхэд хандахаа илэрхийлэхэд “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаа надаас авчихаад буцааж өгөхгүй байгаа билээ.

“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 40 дугаар тушаалаар миний цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсугай гэх боловч ямар сахилгын зөрчил, ямар гэм буруутай үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа тул даарх шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэг өдөр 2 арга хэмжээ авч байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Иймд:

1.“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг тус сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж,

         2.Хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ:

Хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Ч.Жанчин гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Зуутраг овогтой Цэнд-Аюушийн Энхцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захиралын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 40 дугаар тоот тушаалыг тухайн үед нь хүчингүй болгож ажид эргүүлэн авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байна. Ц.Эийг ажилд авсан тухай тушаалыг шүүхэд ирүүлнэ гэжээ.

Хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Ч.Жанчин шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Зуутраг овогт Цэнд-Аюушийн Энхцэцэгийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд хандаж гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

 1.Багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн тухайд

- Нэг ч өдөр хийдүүлэхгүйгээр Ц.Эийг багшийн ажилд эгүүлэн авч бичилт хийсэн тул энэ шаардлагыг биелүүлсэн болно. Ц.Эийг ажилд авсан тухай тушаалыг шүүхэд хүргүүлсэн. Энэ тушаал нь Ц.Эийн шүүхэд хандахаас өмнө буюу 2017 оны 01 сарын 02-ны өдөр хангасан байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан.

2.Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг мөн хүлээн зөвшөөрч байна. Ц.Эт ногдуулсан сахилгын шийтгэлийг захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалаар хүчингүй болгосон болно. Тушаалыг хүргүүлэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Э нь ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулиас гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Ч.Жанчин нь Ц.Эийн нэхэмжилсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Ч.Жанчин нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Эийг башийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийж, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар хүчингүй болгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Э-ийн хариуцагч “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА