Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

 

 2020           12            21                                     2020/ШЦТ/1050

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.У- түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Д-ын У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005033041757 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны .. дугаар сарын ... -ны өдөр ..... аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, амжилгүй, ам бүл ..., нөхөр хүүхдийн хамт, ...... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ...  тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ын У-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.У- нь 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энжоё нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.А-ыг зодож биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язралт, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- мэдүүлэхдээ: “11 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Энжоё бааранд орсон. Найзын төрсөн өдөр болж байсан болохоор гарсан. Төрсөн өдрийн эзэн Т- гэх охин нэг охин руу заагаад тэр охин дунд хуруугаа гаргаад байна гэсэн. Тэр дахиад дунд хуруугаа гаргаад гээд байна гэхээр нь асуух гээд очтол намайг мөргөөд мөрлөөд байсан. Тэгээд манай найзтай хэрэлдээд харилцан зодолдсон” гэв.

 

 

Шүүгдэгч Д.У- нь 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.А-ыг зодож биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язралт, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.А-ын “2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө би хоёр найзын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” нэртэй бааранд ороод пиво уугаад байж байсан. Тэгэхэд манай хоёр найз бүжиглэж байсан. Би эргээд харахад манай найзыг нэг танихгүй хүн үстсэн байсан. Би салгах гээд очиход тайрмал үстэй туранхай намхан охин намайг үстээд дараад би тонгойход нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүмүүс салгасан. Би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг цохисон эмэгтэй болон бид нар цагдаагийн газар ирсэн.

... Тухайн үед би найзаа салгах гээд очиход жижиг туранхай биетэй тайрмал үстэй эмэгтэй намайг үстээд дараад нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгээд цагдаагийн газарт ирэхэд уг эмэгтэйг У- гэдэг гэж нэрийг нь мэдсэн. ... Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч А.Т-гийн “... Тэгэхэд нэг танихгүй эмэгтэй У-гийн нөхөр лүү дунд хуруу гаргаад байсан. Тэгээд У- уг эмэгтэй дээр очоод “чи яагаад манай нөхөр лүү дунд хуруу гаргаад байгаа юм бэ” гээд уг эмэгтэйтэй маргасан. Тэгээд салаад уг баарнаас бөөнөөрөө гарсан. Тэгэхэд У- “куртикээ мартсан байна” гээд буцаад баар луу У- бид хоёр хамт орсон. Тэгээд куртикээ аваад гарах гэж байхад уг эмэгтэйчүүд байсан ширээний хажууд бүжгийн талбай дээр уг У-гийн нөхөр лүү дунд хуруугаа гаргаад байсан эмэгтэй У-г “чи яагаад байгаа юм бэ” гээд түлхсэн. Тэгээд маргалдаад У- уг эмэгтэйг үстсэн. Тэгэхэд цаанаас нь найз нь гээд эмэгтэй нь салгах гээд ирсэн. Тэгэхэд У- уг эмэгтэйг үстэж дараад өвдөглөөд өшиглөөд байсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-21 дүгээр хуудас/

 

Гэрч Б.О-ийн “... Тэгээд би баарнаас гарахад А- гарсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад А- надад “чамайг үстсэн охин намайг үстээд өшиглөсөн” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-32 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12893 дугаартай:

“1. С.А-ын биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. / хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Д.У-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгэхэд Т- надад нэг эмэгтэйг заагаад манай ширээ рүү дунд хуруу гаргаад байна гэсэн. Тэгээд би очоод “яаж байгаа юм бэ” гээд уулзахад намайг мөрлөсөн. Тэгээд би уг эмэгтэйтэй харилцан зодолдсон. Тэгээд араас нэг нь үстсэн. Тэгэхэд намайг хэн үстсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд бид нар салаад гарсан. Гараад байж байхад харилцан зодолдсон эмэгтэй бид хоёр учраа олоод байж байхад цагдаа ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.У-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч С.А-ын “... Би У-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. Миний хохирлыг барагдуулсан. Надад одоо санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.У- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдтөлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.У- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарД.У- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.У- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.У- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ