Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00065

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00065

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 33 дугаар байр, 38 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9015002038, регистрийн дугаар 5476658/

 

            Хариуцагч: Тамжид овогтой, Галсаннамжилын Алтанцэцэгт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон, 208 дугаар байр, 101 тоотод оршин суух, регистрийн дугаар ЕЙ64091201/

                                               

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 118.226.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунаа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-ийн төлөөлөгч З.Билэгдэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Буман дусал” ББСБ нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Г.Алтанцэцэгийн хүсэлтийн дагуу 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000  төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээл олгож, мөн өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 140068 тоот нэг хүний өмчлөл бүхий барьцааны гэрээ байгуулсан. Г.Алтанцэцэгийн тухайд зээлийн гэрээний үндсэн төлөлт хийгдээгүй бөгөөд тодорхой хэмжээний хүү төлж байсан. Үндсэн хүүнд 5.888.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 131.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойших хугацааны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс Г.Алтанцэцэгт зээл төлөх талаар тодорхой санал тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжгүй байсан. Тийм учраас уг зээлийн гэрээний дагуу нийтдээ 118.226.300 төгрөгийг Г.Алтанцэцэгээс гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний дагуу хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэв.

           

Хариуцагч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Алтанцэцэг миний бие “Буман дусал ББСБ” ХХК-тай байгуулсан ЗГ14/0068 тоот гэрээгээр авсан 60.000.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу өөрийн компанийн үйлчилгээний барилгын ажилд зарцуулсан болно. Эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын ажил удааширч барилгынхаа 6 давхараас бусад давхарыг ашиглалтанд өгсөн боловч борлуулалт муугаас шалтгаалан түрээслэгч нарын зүгээс түрээсийн төлбөрөө бууруулсан бөгөөд энэ нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн. Дээрх хугацаанд 6.019.000 төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс хасагдаагүй, зөвхөн зээлийн хүүд 5.888.000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 131.000 төгрөгийг хасч тооцсон байна. Одоо нэхэмжилж байгаа зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 73.507.500 төгрөг болсон байна. Дээрх байдлыг харгалзан үзэж, надаас нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү 48.832.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.394.300 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулаад зээл авсан нь үнэн. Гэхдээ зээлийн хүү хэт өндөр байна. 6.000.000 төгрөг төлсөн тохиолдолд тэр нь зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцогддог. Үүнийг хувь тэнцүүлсэн байдлаар тооцуулмаар байна. Банк бус санхүүгийн байгууллага нэг  талыг баримталж, зөвхөн өөрсдийн эрх, ашгийг бодож байна. Шүүхээс аль алиных нь эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                         

            “Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Алтанцэцэгт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 118.226.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-ийн төлөөлөгч З.Билэгдэмбэрэлийн “...Г.Алтанцэцэгээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 48.832.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.394.300 төгрөг, нийт 118.226.300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү. Г.Алтанцэцэг нь зээлийн хүүд 5.888.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 131.000 төгрөг төлсөн” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Алтанцэцэг “...60.000.000 төгрөгийн зээ  л авсан нь үнэн. Зээлийн хүүд 5.888.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 131.000 төгрөг төлсөн. Санхүүгийн хямралтай байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

“Буман дусал ББСБ” ХХК, Г.Алтанцэцэг нар 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь 60.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 3.2 хувийн хүүтэй Г.Алтанцэцэгт зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

Зээлдэгч Г.Алтанцэцэг нь зээлийн гэрээний графикийн дагуу зээлийн хүүд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1.854.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2.050.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1.984.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 64.900 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 66.100 төгрөг, нийт 5.888.000 төгрөгийг зээлдүүлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д төлсөн ба Г.Алтанцэцэг нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй талаар талууд маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл 60.000.000 төгрөг, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлээ хугацаандаа төлөөгүй тул 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны зээлийн хүүд 48.832.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9.394.300 төгрөг, нийт 118.226.300 төгрөгийг хариуцагч Г.Алтанцэцэгээс шаардах эрхтэй юм.

 

            Мөн Г.Алтанцэцэг нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан БГ/14/0068 дугаар “Барьцааны гэрээ”-ний дагуу Г.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 3 дугаар байр, 89 тоот 102.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Алтанцэцэгээс 118.226.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгож, Г.Алтанцэцэг нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 3 дугаар байр, 89 тоот 102.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Алтанцэцэгээс 118.226.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д   заасныг баримтлан хариуцагч Г.Алтанцэцэгүүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054850 дугаарт бүртгэлтэй, Г.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 3 дугаар байр, 89 тоот 102.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 749.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтанцэцэгээс 749.082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.СЭМЖИД