Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1034

 

 

 

 

 

 

 

 

 

  2020            12          15                                     2020/ШЦТ/1034

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005021821613 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргиийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр торгох ялыг эдэлж дууссан, Б овогт Д-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лакки 21 нэртэй бааран дотор маргааны улмаас А.Б-ий нүүрэн тус газарт гараараа цохиж биед хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...1 ширхэг best cdr 52x, banana digital гэсэн бичигтэй цагаан алаг өнгийн сидиг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 8 дугаар хуудас/

 

Дискэнд үзлэг хийсэн “... Баарны тек хэсэгт махлаг биетэй үсээ хойш нь эргүүлж самнасан, хар захтай цагаан хүрэм өмссөн /А.Б-/ хүн баруун гарын долоовор хуруугаар нааш ир гэсэн дохио өгч дуудахад тоорцгон дугуй малгайтай цээж нүцгэн, хар өнгийн шилбэ хэсгээ гаргаж өмдөө дээш шуусан хар өнгийн гуталтай /Д.Б-/ хүн хүрч ирээд хоёр тийш биеэ эргүүлж баруун зүүн гараараа зааж зүүн гарын хуруу дарж тоолж байгаад малгайгаа хойш дагзлаад баруун гартаа барьсан зүйлээ хойно байх өндөр ширээн дээр тавиад махлаг биетэй үсээ хойш нь эргүүлж самнасан хар захтай цагаан хүрэм өмссөн /А.Б-/ хүний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохих үед махлаг биетэй үсээ хойш нь эргүүлж самнасан, хар захтай, цагаан хүрэм өмссөн /А.Б-/ хүн хойш ухраад хяналтын камерын тусгалаас гарсан. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Хохирогч А.Б-ий “2020 оны 6 дугаар сарын 19-ний орой би өөрийн найз Г-тай уулзсан. Манай найз Г- надад манай нэг найзын паб байгаа, хоёулаа орж сууж байгаад гаръя гээд бид хоёр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Өргөө кино театрын хойд талд байрлах Лакки-21 нэртэй бааранд очсон. Тухайн бааранд очих үед 3-4 залуучууд сууж байсан. Манай найз надад хэлэхдээ тэр залуучуудыг баарыг ажиллуулдаг залуучууд гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн найз Г-ын хамтаар сууж байгаад Г- ариун цэврийн өрөө орно гээд явчихаад ирэхгүй удаад байхаар нь ардаас нь ариун цэврийн өрөө орсон чинь Г- байгаагүй учир тэр баарыг ажиллуулж байсан гэх залуугаас Г- хаана байна гэж асуусан чинь тэр залуу “пизда минь чи өөрөө ол, би чиний боол юм уу” гэж хэлсэн. Би тэр залууг “чи надтай яагаад ийм муухай харилцаж байгаа юм, би чиний ах Г-ын найз байна” гэж хэлсэн чинь “ална шүү банди минь” гээд над руу дайрч эхэлсэн. Би тэр залууд “чи яагаад хүн алдаг юм зүгээр байгаа хүнийг алвал чи шоронд орно, юм гэдэг чинь хууль дүрэмтэй хариуцлагатай байдаг” гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй миний хамар хэсэгт гараараа цохисон.

... Намайг тэр нэг залуу л гараараа цохиж зодсон. Өөр ямар нэгэн зэвсгийн чанартай зүйлээр зодоогүй. Би дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой гаргах санал байхгүй. Миний эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгийн хохирол учирсан байна. Эмчилгээний зардлыг төлж барагдуулаагүй. Би эмчилгээний зардал учирсан 500.000 төгрөг, хөдөлмөр алдагдуулж сар гаруй ажилгүй байсан учир нэмж 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрч А.Б-ы “... Ингээд байж байтал шөнө 02 цагийн үед тус бааранд үйлчлүүлж байсан бүдүүн залуу Б-тай маргалдаад зодолдсон байсан. Бүдүүн залуугийн хамарнаас цус гарсан байсан. Би яг зодоон болох үед цаана өөр газар байсан болохоор яг Б- цохиж зодож байхыг хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7290 дугаартай:

“1. А.Б-ы биед хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Д.Б-ын яллагдагчаар өгсөн “... Б- гэх эрэгтэй намайг дуудахаар нь би түүн дээр яваад очсон чинь надад хандаж “Ганбаа хаана байна, олоод ир” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандаж “би мэдэхгүй байна, өөрөө яваад хай” гэж хэлсэн. Тэгсэн Б- “ах нь чамайг ганц худагт суулгах юм уу” гэж хэлсэн. Миний уур хүрч ууж явсан шилтэй пивоо ширээн дээр тавиад “чи намайг ганц худагт суулгадаг хэн бэ” гэж хэлээд би Б-ий нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэнд байх Сайханаа, Ганбаа ах, Алтангэрэл нар салгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лакки 21 нэртэй бааран дотор маргааны улмаас А.Б-ий нүүрэн тус газарт гараараа цохиж биед хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч А.Б-ий “...миний бие намайг зодож гэмтээсэн Б- гэх этгээдээс 500.000 мянган төгрөг хохиролд авсан болно. Энэ хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү. Гомдол санал үгүй” гэсэн хүсэлт /хэргийн 142 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгтэд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ