Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1033

 

 

 

 

 

 

 

 

 2020           12            15                                    2020/ШЦТ/1033

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.С-,

шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас М овогт С-ын О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005029531689 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... дүүргийн ... дугаар хороо ... байрны 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт С-ын О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 22 дугаар гудамжинд хохирогч Ц.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн чихэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 22 дугаар гудамжинд хохирогч Ц.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн чихэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.С-ын “Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим гэртээ байхад манай эгч С-ын найз гэх О- хоёр хүүхэдтэйгээ ирсэн. О- өмнөх өдөр нь манай эгч С-тай уулзаад явахдаа машин дотор гар утсаа үлдээгээд явсан гэсэн. Тэгээд гар утсаа авах гэж ирсэн байсан. О-, С- нар гэрт пиво ууж байсан. О-ийн нөхөр нь хоёр хоног гэртээ ирээгүй гээд О- согтуу уйлаад байсан.

О- нэлээн согтсон байсан. Би гэрт орж гараад л гадаа гэр барьж байсан юм. Харин О- бие засах гэж гараад гадаа байсан хүмүүст агсан согтуу тавьж, чулуу чидэж, гэрийн тооно өшиглөсөн байсан. Энэ талаар манай дүү Бөртэ хэлсэн. С- эгч бид хоёр гараад О-ийг гэрт оруулах гэхэд О- С- эгчийг нүүр лүү нь цохиод авсан. О- согтуу орилоод байхаар нь С- эгч О-ийг чи одоо ууж идэж чадахгүй гээд нэг алгадаад гэрт ор гээд оруулсан. Орой 17 цаг 30 минутын үед О- хоёр хүүхдээ дагуулаад гараад явсан. Харин С- эгч намайг машинаараа О-ийг 19 дүгээр хороолол руу гэр лүү нь хүргээд өг гэж хэлсэн. Би машинаа аваад гараад гудмаар доошоо явж О-ийг хоёр хүүхдийнх нь хамт авсан. Замд явж байгаад утсаар дарга луугаа залгаад та хаана байна, би гэрээс гарч явна, би эмийг чинь хүргэж өгөх гэсэн юм гэж ярьсан. Харин О- чи хэн болоод манай нөхөртэй ярьдаг юм бэ гэж надад агсан согтуу тавьж эхэлсэн.

О- миний машины ард сууж байснаа хөлөөрөө хаалга жийгээд би буумаар байна гэж орилоод миний гарнаас базаад миний бие рүү цохиод авсан. Би машинаа зогсоосон. О- миний нүүрийг самардах гэсэн. О- миний араас намайг зуураад тавихгүй байсан. Харин нэг танихгүй хүн замд таараад боль гэж хэлээд салгасан. Би машиндаа суугаад утсаар С- эгчид та О-ийг өөрөө хүргэж өг намайг зодоод байна гэж хэлээд утсаа салгасан чинь О- миний нүүр лүү гараараа нэг цохисон. Миний хамраас цус гарсан. Би гар утсаа унагаасан. О- машины хаалга гараараа нүдээд байсан. О- газраас чулуу авч шидэх гээд байхаар нь би машиндаа суугаад зугтаасан. Харин удалгүй С- эгч манай нөхөр Б-ийн хамт ирсэн. Бас цагдаа нар ирсэн. Тэгээд О-ийг аваад явсан.

... Миний хамар дотогшоогоо цөмөрсөн байсан. Томографикт харуулж эмчилгээ хийлгэж гаргуулсан. Надад гомдол санал байхгүй. Миний эмчилгээний зардал 400.000 төгрөг өгсөн. Эмчилгээ хийлгэж хамраа янзлуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/

 

Гэрч Ц.С-ын “... О- согтуу гэрт байсан хоёр хүүхдээ аашилж байгаад явлаа гээд гараад явсан. Би дүү С-ог миний машиныг унаад О-ийг хүргээд өг гэж хэлээд явуулсан. С- гэрээс гараад удалгүй 10 минутын дараа эгчээ энэ хүүхэн чинь намайг аллаа гэж утсаар орилсон. Би гараад очсон чинь гэрээс доошоо Ундрам дэлгүүрийн гүүрний хажууд О- 2 хүүхэдтэйгээ зогсож байсан. Харин С- доороос ирсэн. Нүүр нь нил цус болсон ирсэн. С-о О- намайг зодчихлоо, миний хамар луу цохисон гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирсэн. О- их согтсон байсан. Бараг тасарсан байсан. Би согтоогүй эрүүл шахуу байсан. С- ямар ч пиво уугаагүй эрүүл байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Т.Б-ийн “... Бид хоёр гэрээс гараад гудмаар доошоо 800 орчим метр яваад очиход О- хоёр хүүхэдтэйгээ зогсож байсан. Харин С- машинтайгаа буцаад ирсэн. С-огийн хамраас цус гарсан, нүүр ам нь цус болсон байсан. Би С-огоос юу болсон талаар асуусан чинь С- би утсаар ярьсан чинь О- манай нөхөртэй утсаар ярилаа гээд намайг зодсон гэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11482 дугаартай:

“1.Ц.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, зүүн чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

           

С.О-ийн яллагдагчаар өгсөн “... Би гудам уруудаад явж байсан чинь миний араас С- машинтай ирээд намайг хүргээд өгье машинд суу гэхээр нь би хоёр хүүхдээ суулгаад би өөрөө машины ард суугаад явсан. Харин С- утсаар эрэгтэй хүнтэй одоо очлоо, одоо хүргээд өгье, одоо хүргэж өгөх гээд явж байна гэж яриад байхаар нь би согтуудаа буруу ойлгож манай нөхөр гэртээ ирсэн байгаа юм байна, намайг нөхөр дээр минь хүргэж өгөх гэж байгаа юм байна гэж ойлгоод С-ын араас татаж, чи яахаараа манай нөхөртэй ярьдаг юм бэ гэж хэлээд үл ойлголцол болсон. Тэгээд би машинаа зогсоо гээд машины хаалгыг нь хөлөөрөө жийсэн байсан. Харин С- машинаа зогсоогоод утсаар яриад байсан. Би машинаас нь буугаад С-ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Хамраас нь цус гарч байсан. Харин С- машинаа унаад хөдлөөд явсан. Удалгүй С-, нэг залуутай араас ирсэн. С- удалгүй машинтайгаа буцаад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайшилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч С.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч Ц.С-ын “... эмнэлгийн төлбөр мөнгийг төлж барагдуулсан ба 400.000 төгрөгний эмчилгээг хийлгүүлж өгсөн тул гомдолгүй болсон. ...” гэсэн хүсэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч С.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдтөлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт С-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.О- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ