Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0787/З |
Дугаар | 842 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 842
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, М.А нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ХЭБГ-т холбогдох захиргааны хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Т , нэхэмжлэгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн агуулга
1.1. Нэхэмжлэгч М.А 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :
“Иргэн М.А би “ЕО” ХХК-ийн 49 хувийн хувьцааг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ч.Г-с, 46 хувийн хувьцааг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ хийж, Г.В-с 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.А-с 5 хувийн хувьцааг шилжүүлэн авч “ЕО” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмших болсон.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл нь эрх бүхий этгээдээс гаргасан “өөрчлөлт оруулах тухай хүсэлт” эсхүл “шүүхийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болохоор” заасан. Гэтэл хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь миний зөвшөөрөлгүйгээр миний эзэмшлийн “ЕО” ХХК-ийн 51 хувийн хувьцааг Т.Б-ны нэр дээр бүртгэсэн бүртгэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-ыг бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хийсэн байна.
Зохих журмын дагуу гомдол гаргахад улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу ирүүлсэн тус албан бичигт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/0149 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32017/07512 дугаар “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2017/00688 дугаар “Гүйцэтгэх хуудас”-т үндэслэж тус өөрчлөлтийг хийсэн гэх хариуг өгсөн. Иймээс иргэн би тус шүүхийн захирамжтай танилцахад шүүгчийн захирамжаар иргэн Г.В-с 51 хувийн хувьцааг гаргуулж, Т.Б-нд олгохоор заасан байсан. Өөрөөр хэлбэл М.А-с 51 хувийн хувьцааг гаргуулж, Т.Б-нд олгохоор заагаагүй. Гэтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь миний эзэмшлийн хувьцаанд ямар нэг шүүхийн шийдвэргүй /дурдсан шүүгчийн захирамжаас зөрүүтэй/-ээр халдаж Т.Б-ны нэр дээр шилжүүлсэн хууль бус бүртгэл хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “ЕО” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-ыг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-ыг бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө :
“Иргэн М.А нь “ЕО” ХХК-ийн 49 хувийн хувьцааг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ч.Г-с, 46 хувийн хувьцааг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ хийж, Г.В-с 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.А-с 5 хувийн хувьцааг шилжүүлэн авч “ЕО” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмших болсон.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл нь эрх бүхий этгээдээс гаргасан “өөрчлөлт оруулах тухай хүсэлт” эсхүл “шүүхийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болохоор” заасан. Гэтэл хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь миний зөвшөөрөлгүйгээр миний эзэмшлийн “ЕО” ХХК-ийн 51 хувийн хувьцааг Т.Б-ны нэр дээр бүртгэсэн бүртгэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-ыг бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хийж байсан байна.
М.А-н зүгээс зохих журмын дагуу гомдол гаргахад улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу өгөхдөө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 183/ШШ2017/0149 тоот “хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 183/Ш32017/07512 тоот “шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдрийн дугаар 183/ГХ2017/00688 тоот “гүйцэтгэх хуудас”-т үндэслэж тус өөрчлөлтийг хийсэн гэх хариуг өгсөн. Шүүхийн захирамжтай танилцахад шүүгчийн захирамжаар иргэн Г.В-с 51 хувийн хувьцааг гаргуулж Т.Б-нд олгохоор заасан байсан. Өөрөөр хэлбэл М.А-с 51 хувийн хувьцааг гаргуулж Т.Б-нд олгохоор заагаагүй. Гэтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь М.А-н эзэмшлийн хувьцаанд ямар нэг шүүхийн шийдвэргүй /дурдсан шүүгчийн захирамжаас зөрүүтэй/-ээр халдаж Т.Б-ны нэр дээр шилжүүлсэн хууль бус бүртгэл хийсэн.
М.А-ын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд хандан нэхэмжлэл гаргасны дараагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь М.А-н “ЕО” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх болон гүйцэтгэх захирлын эрхийг сэргээсэн байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн байна.
Иймээс улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хууль бус үйл ажиллагаа /2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “ЕО” ХХК-ийн 51 хувьцаа эзэмшигчээр Т.Б-ыг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-г бүртгэсэн бүртгэлүүд хийсэн нь/ явуулсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа :
“УБЕГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л миний бие М.А-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01419 дүгээр захирамжийн дагуу “ЕО” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-г бүртгэсэн ба уг захирамж нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2018/10017 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Иймд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр М.А-н “ЕО” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх болон гүйцэтгэх захирлын эрхийг сэргээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.А-с УБЕГ-н ХЭБГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, маргаан бүхий бүртгэлийн хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар
Анх нэхэмжлэгч М.А-с гаргасан “УБЕГ-н ХЭБГ-н 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “ЕО” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-г бүртгэсэн бүртгэл, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-г бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу УБЕГ-н ХЭБГ-н т холбогдуулан шүүхээс 128/2018/0787/3 индекстэй захиргааны хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэжээ .
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч М.А-н нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “ЕО” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх болон гүйцэтгэх захирлын эрхийг сэргээн бүртгэжээ.
Уг нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “УБЕГ-н ХЭБГ-н 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “ЕО” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Б ыг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-г бүртгэсэн бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчилжээ.
Хоёр.Маргаан бүхий хуулийн этгээдийн бүртгэлийн үйл баримтын талаар
2.1.“ЕО” ХХК-ийг Н.М үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарч, мөн өдөр гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн 52670.. регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
2.2.“Компанийн эрх шилжүүлэх тухай 2011 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ” болон “Бэлэглэлийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ” -ээр Ц.Х-д “ЕО” ХХК-ийн эрх үүрэг, эд хөрөнгийг бүрэн шилжүүлэн 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргажээ.
2.3.Үүний дараа Ц.Х-с “Бэлэглэлийн болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ” -ээр Ч.Г-т “ЕО” ХХК-ийн бүрэн эрх, эд хөрөнгийг бүхэлд нь шилжүүлсэн болон Ч.Г-н 2013 оны 07 дугаар сарын 03-ны өргөдлийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оржээ .
2.4.Ч.Г-с “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ” -ээр “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцааг Т.Б-д худалдан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” -ээр түүнд шилжүүлсэн болон Ч.Г-н 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өргөдлийг үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-г нэмж бүртгэжээ .
2.5.“Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14/044 дүгээр тогтоол”, Т.Б-ны 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “ТУЗ-ын даргаас чөлөөлөх, гүйцэтгэх захирлаас чөлөөлөх, гүйцэтгэх захирлыг томилох, компанийн дүрмийн шинэчлэлтийг бүртгүүлэх” өргөдлийг үндэслэн компанийн бүртгэлд өөрчлөлтийг бүртгэжээ.
2.5.Үүний дараа Т.Б нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” -ээр “ЕО” ХХК-д өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 51 хувийн хувьцааг Г.В-д худалдан мөн өдрийн 2 дугаар “Эрх шилжүүлэх гэрээ” -ээр шилжүүлсэн байна. Харин Ч.Г нь “ЕО” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” -ээр М.А-д бэлэглэж, мөн өдрийн 1 дугаар “Эрх шилжүүлэх гэрээ” -ээр бүрэн эрхийг шилжүүлжээ. Мөн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №5/568 дугаар “ЕО” ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн тогтоол” -оор тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Г-н хувьцааг М.А-д шилжүүлсэн, Т.Б-ны хувьцааг Г.В-д шилжүүлсэнийг баталж, гүйцэтгэх захирал Т.Т-г үүрэгт ажлаас нь чөлөөлж Н.М-г томилсон байна. Эдгээр шийдвэр, өргөдлийг үндэслэн “М.А 49%-ийн хувьцааг эзэмших, Г.В 51%-ийн хувьцааг эзэмших, гүйцэтгэх захирлаар Н.М-г бүртгэх” зэрэг нэмэлт бүртгэлийг 2015 оны оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийжээ .
2.6.Г.В нь “ЕО” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 51%-ийн хувьцааны 46%-ийг М.А-д 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” , 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” -ээр шилжүүлж, харин 5%-ийг Э.А-т 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” , “Эрх шилжүүлэх гэрээ” -ээр тус тус шилжүүлжээ. Мөн өдрийн №16/04 дүгээр “Хувьцаа эзэмшигчдийн тогтоол” -оор Г.В-н өөрийн эзэмшлийн 51%-ийн хувьцааг М.А, 5%-ийн хувьцааг Э.А нарт шилжүүлсэнийг баталсан, М.А-н өргөдөл зэргийг үндэслэн хувьцааны өөрчлөлтийг бүртгэжээ.
2.7.Э.А нь “ЕО” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 5%-ийн хувьцааг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” , “Эрх шилжүүлэх гэрээ” -ээр М.А-д худалдан, мөн өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр” -ээр тус компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр М.А-г томилон, гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч М.А-г 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлжээ .
2.8.Г.В нь М.А-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “ЕО” ХХК-ийн 69460 ширхэг /46 хувь/ энгийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай бэлэглэлийн гэрээ, түүний үндсэн дээр байгуулсан эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэл гарган тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01260 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Г.В нь тус шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган тус шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1630 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхисон байна.
2.9.Т.Б нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааны төлбөрт авсан 280.000.000 төгрөгийг буцаан өгч, Г.В-с “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцааг буцаан авах тухай” нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01419 дүгээр захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн байна.
2.10.Уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32017/07512 дугаар захирамж, энэ захирамжийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас , Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2/9735 дугаар албан бичиг зэргийг үндэслэн “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-г бүртгэсэн өөрчлөлт бүртгэсэн бүртгэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, компанийн гүйцэтгэх захирлаар Т.Б болсон өөрчлөлтийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр” бүртгэжээ .
2.11.М.А нь дээрх шүүхийн захирамжийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай хүсэлтийг гаргаж, тус шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 183/ШЗ2018/10017 дугаар захирамжаар М.А-н хүсэлтийг бүхэлд нь хангаж “2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01419 дүгээр захирамж”-ийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Дүгнэхэд, дээр дурдсан бүртгэлийн байгууллагын үйлдлээс нэхэмжлэгч талаас “шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-г бүртгэсэн өөрчлөлт бүртгэсэн бүртгэлийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, компанийн гүйцэтгэх захирлаар Т.Б болсон өөрчлөлтийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний оруулсан” бүртгэлтэй холбоотойгоор маргасан бусад бүртгэлтэй маргаагүй байна.
Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар:
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хуулийн этгээдийн бүртгэл нь дараахь төрөлтэй байна: 5.4.3.хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийн; 5.4.9.компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн; 5.4.12.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр, ..” гэж заажээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн шүүх, ... зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийн бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх;” гэж заажээ.
Маргааны үйл баримт, дээр дурдсан хуулийн заалтаас судлан дүгнэхэд, маргаан бүхий бүртгэл нь нэхэмжлэгч М.А-н эзэмшлийн компанийн “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчийн компанийн хувьцаа эзэмшиж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хувьцааны хэмжээ, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлын овог, эцгийн нэр, нэрд орсон” өөрчлөлтүүдийг шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэлтэй холбоотой байна.
3.1.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32017/07512 дугаар захирамж, энэ захирамжийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас , Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2/9735 дугаар албан бичиг зэргийг үндэслэн маргаан бүхий бүртгэлийг хийсэн гэдэг нь тогтоогдож байна. Маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон шүүгчийн захирамжаар “Г.В хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааны төлбөрт авсан 280.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-д буцаан өгч, Г.В-с “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцааг Т.Б буцаан авах”-ыг хариуцагч Г.В зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин энэхүү шүүгчийн захирамж нь нэхэмжлэгч М.А-н эзэмшлийн “ЕО” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт бүртгэлийн өөрчлөлт оруулах, уг компанийн хувьцаа эзэмшиж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хувьцааны хэмжээ, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлын овог, эцгийн нэр, нэрд орсон өөрчлөлтийг бүртгэх, өөрчлөлтийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан, үүрэг болгосон агуулгаар гараагүй гэдэг нь тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн шүүх, ... зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийн бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх;” гэжээ. Хуулийн энэ зохицуулалтын агуулга нь хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн байгууллагад эрх бүхий байгууллагын шийдвэрээр тусгайлан даалгасан, үүрэг болгосон байхыг ойлгоно.
Гэтэл хариуцагч захиргаанаас шүүгчийн захирамж нь “ЕО” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах талаар улсын бүртгэлийн байгууллагад даалгасан, үүрэг болгосон агуулгаар гараагүй бодит нөхцөл байдлыг судлан, нягтлан тогтоохгүйгээр уг шүүгчийн захирамжийг гүйцэтгэх зорилгоор гаргасан гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн тус компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, гүйцэтгэх захирлын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т заасан заалтад нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг буруугаар бодит нөхцөлд байдал, нотлох баримтад үндэслэхгүйгээр хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
3.2. Дээрхээс гадна, маргааны үйл баримтаас үзэхэд анх “ЕО” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгосон 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нар нь өөрчлөгдөж, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ өөрчлөгдөж, компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдсөн талаарх улсын бүртгэлийн өөрчлөлтийг улсын бүртгэгчээс нийт 7 удаа хийжээ. Харин маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон шүүгчийн захирамжид дурдсан “Т.Б болон Г.В нарын хооронд байгуулсан Т.Б-с Г.В-д “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлэх гэрээг үндэслэн тус компанийн 51%-ийн хувьцаа эзэмшигчээр Г.В-г бүртгэсэн” бүртгэлийг 2015 оны оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийсэн, уг бүртгэлээс хойш 2 удаа хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт орсны улмаас энэхүү бүртгэл өөрчлөлт орсон мэдээлэл компанийн бүртгэлийн мэдээллийн хувийн хэрэгт байгаа нь тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий бүртгэлийг хийх үед, улсын бүртгэлийн хамгийн сүүлийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өөрчлөлтөөр “ЕО” компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч М.А-г томилсон бүртгэл өөрчлөгдөөгүй, хувийн хэрэгт байгаа баримтаар мэдүүлэг гаргагч Т.Б нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш гэдэг нь тогтоогдож байна.
Үүнээс гадна М.А бүртгэлд өөрчлөлт оруулах мэдүүлэг гаргаагүй, эрх шилжүүлэх гэрээг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч М.А-с Т.Б-тай байгуулсан баримтыг гаргаж өгөөгүй, М.А нь үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулаагүй, өөрчлөлт оруулах итгэмжлэлийг бусдад олгосонтой холбоотой баримтыг мэдүүлэг гаргагчаас бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй байхад маргаан бүхий бүртгэлийг хийжээ.
Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн уг бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.4, 23.1.5-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл” гэж, мөн хуулийн 23.3.2, 23.3.4-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: “эрх шилжүүлэх тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр”, “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ” гэж тус тус заасныг зөрчжээ.
Түүнчлэн маргаан бүхий бүртгэл нь Улсын бүртгэлийн тухай хууль /2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, ...байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтална.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, “ЕО” гэх хуулийн этгээдийн хувийн хэргийг бүрдүүлэх бүртгэлийн ажиллагаа анх бүртгэгдсэн үеэс эхэлж, уг бүртгэлд орсон өөрчлөлт бүр нь тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын талаарх мэдээллийг багтаасан нэгдмэл байхыг хуулийн этгээдийн бүртгэл явуулах эрх бүхий захиргаанд хуулиар үүрэгжүүлсэн. Гэтэл уг нэгдмэл байх бүртгэлийг шүүгчийн захирамж гарсан гэх үндэслэлээр хувьцаа эзэмшигчийн эрхээ өмнө нь шилжүүлсэн этгээдийн мэдүүлгийг үндэслэн өөрчилсөн нь энэхүү хуулийн этгээдийн хувийн хэрэг нэгдмэл байх үндсэн зарчмыг алдагдуулсан, улмаар хувийн хэрэгт байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, бүртгэлээс үндэслэн тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын эрхийг баталгаажуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна. Хариуцагч байгууллагаас бүртгэлийн мэдээлэлд хамгийн сүүлд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй этгээдийн зөвшөөрөл, итгэмжлэл, мэдүүлэг зэрэг баримт байхгүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тус хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хуульд үндэслэх зарчмын агуулга болох захиргааны байгууллага “хуулиар зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа хэрэгжүүлэх”-ийг хориглох зохицуулалттай нийцээгүй, мөн бүртгэл үндэслэл бүхий болж чадаагүй, бүртгэлийг нотлох баримтыг үндэслэн үйлдээгүй гэж дүгнэхээр байна.
Нэгтгэн дүгнэхэд, маргаан бүхий бүртгэл нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч М.А-н “ЕО” ХХК-ийн хувьцааг эзэмших, компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байсан гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Маргаан бүхий бүртгэлд хариуцагч бүртгэлийн байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/Ш32018/10017 дугаар захирамж -ийг үндэслэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М.А-н “ЕО” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмших эрх болон гүйцэтгэх захирлын эрхийг сэргээсэн бүртгэл -ийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн. Гэвч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “маргаан бүхий бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүхээс нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, энэхүү шийдвэрийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.4, 23.1.5, 23.3.2, 23.3.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-с УБЕГ-н ХЭБГ-т холбогдуулан гаргасан “УБЕГ-н ХЭБГ нь хууль бус үйл ажиллагаа /2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “ЕО” ХХК-ийн 51 хувьцаа эзэмшигчээр Т.Б-г бүртгэсэн бүртгэл, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-г бүртгэсэн бүртгэлүүд хийсэн нь/ явуулсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБЕГ-н ХЭБГ-н “2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “ЕО” ХХК-ийн 51%-ийн хувьцаа эзэмшигчээр Т.Б-г бүртгэсэн бүртгэл, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ЕО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Б-г бүртгэсэн” бүртгэл нь хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ