Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0417

 

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0417

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0417

              Улаанбаатар хот

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: ГЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ГЕГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, ГЕГ-ийн харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0325 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ч.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна                

Хэргийн индекс: 128/2021/0275/3

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Д.Б нь ГЕГ-т  холбогдуулан “ГЕГ-ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, ГЕГ-ийн харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 325 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-оос ГЕГ-т  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ГЕГ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б-ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийг ГЕГ-ийн харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Д.Б ид 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газар /ГЕГ-ийн дарга/-т даалгаж, үлдэх хэсэг болох 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгч Д.Б , түүний өмгөөлөгч О.Б нараас давж заалдах гомдолдоо:

  3.1. “...Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын ЗХШХШ хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн байна.

Талуудын хооронд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тухайн хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан гэсэн утга бухий ямар ч нотлох баримт ба мэтгэлцээн явагдаагүй байхад "...13-т Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

3.2. Өмнөговь аймгийн эрүү Иргэний давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/06 дугаартай магадлал гарсан өдрөөс буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн уг магадлал хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шалгагдаж байсан тул энэ хугацаанд эрхэж байсан албан тушаалаас нь түдгэлзүүлж шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсний дараа нэхэмжлэгчийг ажлаас халах эсэх асуудлыг шийдвэрлэх эсхүл харилцан зодолдож ёс зүйн зөрчил гаргасан гэх албан хаагчтай ижил шийтгэл ногдуудлах нь шударга ёсны зарчимд нийцнэ" гэсэн дүгнэлт хийжээ.

3.3. Энэ дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүлгийн хөнгөн гэмтэлтэй хэрэгт авдаггүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарсангүй.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн мэтгэлцэх зарчим 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ" мөн зүйлийн 6.3-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ" 34 дүгээр зүйлийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан бегеед талууд маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг хариуцагч Гаалийн еренхий газар хэзээ ажилд нь эргүүлэн авах хүртэл хугацааны олговор олгох заалтыг нэмж оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг удирдлага болгон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0325 дугаар шийдвэрийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гардан авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. ГЕГ-ийн харьяа Г дахь гаалийн газарт түр томилогдон ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Д.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3, ГЕГ-ийн даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан "Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан үндэслэлээр гаалийн албанаас халсан.

4.2. Өөрөөр хэлбэл төрийн тусгай албан хаагч Д.Б нь Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу “төрийн тусгай албан тушаал" гэж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байдалтайгаар умартан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 заалтад заасан үүрэг, ГЕГ-ийн даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан "Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан

4.3. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 6 дугаар хуудас " нэхэмжлэгч Д.Б нь ажлын бус цагаар, амарч байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ёс зүйн дүрэм болон албан даалгаврыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.” гэж дүгнэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үүргийг “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан.

4.4. ... Д.Б нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан боловч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө тайлбарласаар байтал холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан төрийн байгууллагыг буруутган зөрчил гаргасан иргэнийг хаацайлсан нь хачирхалтай.

4.5. Дээрх үйлдлээс үзэхэд цаашдаа Төрийн алба нь ажлын бус цагаар хилийн зурваст согтууруулах зүйл хэрэглэн бусдад гэмтэл учруулсан ч зөрчил үйлдсэнд тооцогдохгүй, ёс зүйгүй хандлага гаргасан төрийн албан хаагч нь сахилгын шийтгэл хүлээх шаардлагагүй үзэл бодол тогтоож байгаа нь харагдаж байна.

4.6. Нэхэмжлэгч Д.Б-ийн сахилгын зөрчлийн талаар Монгол Улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “төрийн албан хаагч нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусдад гэмтэл учруулсан" талаар мэдээлсэн.

4.7. Энэ талаар ГЕГ-ийн Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгаж, тайлбар авахад нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт нотлох баримтаар нотлогдсон байтал нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй дүгнэсэн.

4.8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0325 дугаар шийдвэр нь нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

           1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Д.Б нь ГЕГ-т  холбогдуулан “...ГЕГ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, ГЕГ-ийн харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ГЕГ-ийн дарга Б.А 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалаар “Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан ...” гэсэн үндэслэлээр Д.Б-ийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон гаалийн алба, эрхэлж байгаа албан тушаалаас нь халах шийдвэр гаргажээ.

4. Гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.5-д зааснаар гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд захиргааны санаачилгаар эрх бүхий албан тушаалтан гаалийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй байна.

           5. Нэхэмжлэгч Д.Б нь 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр /Бямба гаригт/ ажлын бус цагаар, ажилчдын амрах байранд, амралтын өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдлийг захиргааны зүгээс дээрх хуульд заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

6. Мөн эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлээгүй, шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад Д.Б-ийг бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр ажлаас шууд халах сахилгын  шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д заасантай нийцээгүй байна.

7. Дээрх байдлуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Б нь Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг зөрчсөн гэж үзэж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэхэд;

9.1. Анхан шатны шүүхээс төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг тооцохдоо Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхээс ажилд эгүүлэн тогтоосон 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасантай нийцэхгүй байна.

9.2. Иймээс нэхэмжлэгчээс “...Гаалийн ерөнхий газар хэзээ ажилд нь эгүүлэн авах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох заалтыг нэмж оруулж өгнө үү” гэх гомдлын үндэслэлийг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

10. Харин дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу шүүх Д.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг тооцох хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй Нийгмийн даатгалын хууль баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

11. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...гаалийн улсын байцаагч Д.Б-ийг Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг үндэслэн ...гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан үндэслэлээр гаалийн албанаас халсан” гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

11.1. Тушаал болон давж заалдах гомдолд дурдсан “хилийн зурваст” гэх үндэслэлийн талаар;

11.1.1. Монгол улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.” гэжээ.

11.1.2. Үүнээс үзвэл ажлын байранд бус амралтын байранд зөрчил гаргасан байхад зөрчил гаргасан газар, цаг үеэ буруу тодорхойлсон байх бөгөөд улсын хил хамгаалах байгууллага нь Монгол улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-д зааснаар улсын хилийн зурваст хяналт тавьж, шалгалт хийх чиг үүрэгтэй, тухайн үед улсын хилийн зурваст хэрэг зөрчил гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

11.2. Ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлийн талаар;

11.2.1. ГЕГ-ийн даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.5.2.-т “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчил гэж гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ дүрмийн 1.3 дахь заалтаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл”-ийг ойлгохоор заажээ. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч Д.Б нь ажлын бус цагаар, амралтын байранд амарч байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй.

11.3. Сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлийн талаар;

11.3.1. Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.1.-д “Гаалийн улсын байцаагч сахилгын дараахь үндсэн зарчмыг баримтлан ажиллана” гэж зааснаас үзэхэд энэ дүрэм нь Гаалийн байцаагч ажлын байран дээр ажил гүйцэтгэхэд баримтлах зарчмуудыг заажээ.

11.3.2. Гэтэл ажлын бус цагаар гэртээ асуудал гаргасан нэхэмжлэгч Д.Б-ийн үйлдэлд сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

11.4. Бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэх үндэслэлийн талаар;

11.4.1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоолоор Д.Б ид холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ийг цагаатгасан шийдвэр гаргаж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

11.4.2. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж “бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Хэрэгт авагдсан баримтаар тухайн үед 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр /Бямба гариг/ өөрсдийн амьдардаг байрандаа нэр бүхий 9 гаалийн байцаагч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ асуудалд гаалийн байгууллага хэрхэн арга хэмжээ авсан нь тодорхойгүй, харин “бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” ёс зүй, сахилгын зөрчил гаргасан гэж Д.Б ид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан бол харин Б.И-О 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан зэргээс үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг хөндсөн, тэгш бус хандсан гэж үзэхээр байна.

13. Иймд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0325 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1” гэснийг “46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг” гэж, “...нэхэмжлэгч Д.Б ид 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл” гэснийг “нэхэмжлэгч Д.Б-д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                        А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                        Т.ЭНХМАА