| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2015/09581/и |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00019
| 2016 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2017/00019 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хурдгрупп” ХХК-д холбогдох
Хариуцагч: “Хаусгрупп” ХХК-д холбогдох
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байрны хажуу талын гаражны дээврийн налууг зөв гаргаж өгөх, чанартай цементийн цутгалт хийх, сайн чанартай хар цаасан хучилт хийх, гаражийн дотоод засварыг хийх, хөрсний усны хамгаалалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лхагвсүрэн, түүний өмгөөлөгч Т.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хан-Оргил” СӨХ-ны төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэгт 62, 63, 64 дүгээр байрыг “Хурдгрупп” ХХК нь 2008 оны 6 дугаар сард барьж гүйцэтгэн, Улсын мэргэжлийн хяналтын газар болон хяналтын байгууллагууд хүлээн авч, оршин суугчид орцгоосон. “Хан-Оргил” СӨХ нь 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн байрнуудын 165 өрхийн 700 гаруй оршин суугчдын тав тухтай тайван амьдрах нөхцлийг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар тус орон сууцны барилгуудын суурийн блокоос даацын суурийн хана нь хөндийрч барилгын сууринд нь суулт өгч цууралт их гарч байна. Түүнчлэн дээрх гурван барилгын дээвэр болон 63 дугаар байрны гаражийн дээвэр болон сууриас хавар, намар борооны улиралд байнгын дусаал гоождог. Мөн есөн давхарын айлуудын хана, таазны обой нь хууларч, хана таазанд цууралт гарч замаск, эмульс нь ховхорч байна. 63 дугаар байрны гаражийг худалдан авсан оршин суугчид гаражийн дээврээс ус гоождогийн улмаас машин тавих боломжгүй боллоо гэдэг гомдлыг байнга гаргаж байна. “Хурдгрупп” ХХК нь 2010 онд дээрх гурван байруудын дээврийг цемент болон хар цаасаар, 63 дугаар байрны гаражийн дээврийн ус гоожилтыг зогоох талаар 2013-2014 онуудад хүмүүс ирж засварын ажил хийсэн боловч хагас талбайг нь засварлаагүй орхисноос борооны ус байнга дусалж нэвчиж байна. Энэ талаар СӨХ-ны зүгээс 2,094,000 төгрөгийн зардал гарган арга хэмжээг авч 2012-2015 онуудад дээрхи 3 барилгын дээврийн хар цаасыг хэсэгчлэн солих, хар тос, тепсан зэрэг материалуудыг ашиглан гоожилтыг зогсоох талаар ажилласан. Мөн мэргэжлийн байгууллагаар 1.546.200 төгрөгийн засвар хийлгэсэн. Гэвч борооны усны нэвчилт, гоожилтыг бүрэн зогсоож чадахгүй байна. Энэ талаар СӨХ-ны зүгээс 2015 оны 6, 7 саруудад “Хурд групп” ХХК-д байдлыг танилцуулан хандсан боловч бид танайд тусалж чадахгүй гэсэн. СӨХ дээрх засварыг өөрсдийн хүч хөрөнгөөр хийж засъя гэдэг санаа тавин зөвлөлийнхөнтэй ярилцсан боловч оршин суугчдаас байрны гараж, дээврүүдийг засах нэмэлт хөрөнгө хуримтлагдахгүй, зөвхөн өөрсдийнхөө байрны төлбөрийг төлөхөөс хэтрэхгүй байна. Иймд энэ байдлыг мэргэжлийн хяналтын газарт хандаж шалгуулсанаар барилгын чанар стандартыг алдагдуулж барьсан нь тогтоогдсон тул “Хурд групп” ХХК-иар 62, 63, 64 дүгээр байруудын дээвэр 63 дугаар байранд байх нэмэлт гаражийн дээвэр, суурийн хамгаалалт зэргийн засварын ажлыг хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү. Засварын зардлыг СӨХ-ны зүгээс тооцуулж гаргасан боловч бүрэн чанартай засвар хийхэд хүрэлцэх эсэх нь тодорхойгүй. Иймд “Хурд групп” ХХК-иар засварыг чанартай сайн хийлгүүлэх шаардлагатай байна. Хавтаст хэрэгт тусгасан төсөв бол СӨХ-ны зүгээс өөр компаниар засварын ажил хийлгэх гэж гаргасан боловч бага байна гээд тохиролцоонд хүрээгүй төсөв болно. Манайх өөрт байсан 20 сая төгрөг дээрээ мөнгө нэмээд 40 сая төгрөг болгоод гурван байрны дээврийг өнгөрсөн жил засварласан. “Хурд групп” ХХК-д мөнгө төгрөг нь хамаа байхгүй, та нар материалыг нь гаргаад өгөөч, тэгэх юм бол өөрсдөө хийе гэсэн ч одоо болтол арга хэмжээ авч өгөхгүй байгаа. СӨХ оршин суугчдаас авсан үйлчилгээний төлбөрөө урсгал засвартаа зарцуулаад л таардаг. Иймд “Хурд групп” ХХК-ийн хагас дутуу хийж орхисон 63 дугаар байрны нэмэлт гаражийн дээвэрт нэхэмжлэлд дурдсан 5 төрлийн ажлыг хийж засаж өгөхийг даалтгахыг хүсэж байгаа. 62-64 дүгээр байрны дээврийг би өнгөрсөн жил засуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байрны хажуу талын гаражны дээврийн налууг зөв гаргаж өгөх, чанартай цементийн цутгалт хийх, сайн чанартай хар цаасан хучилт хийх, гаражийн дотоод засварыг хийх, хөрсний усны хамгаалалт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “Хурдгрупп” ХХК, “Хаусгрупп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани уг барилгыг бариад улсын комист хүлээлгэн өгөөд, хуульд заасны дагуу барилга байгууламжийн баталгаат хугацаа 2011 оны 5 дугаар сард дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанаас хойшхи засвар үйлчилгээг хариуцахгүй юм. Гэхдээ манай компани энэ асуудалд уян хатан хандаж, 2012 онд 36 сая төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэн Хан-Оргил сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгч, тус холбоо нэр бүхий хүмүүс засварын ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн тодорхойлолтыг “Хурд групп” ХХК-д ирүүлснийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлж байна. Иймд Хан-Оргил СӨХ-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдзын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Хан-Оргил” СӨХ-ны нэхэмжлэлтэй, “Хурдгрупп” ХХК, “Хаусгрупп” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байрны хажуу талын гаражны дээврийн налууг зөв гаргаж өгөх, чанартай цементийн цутгалт хийх, сайн чанартай хар цаасан хучилт хийх, гаражийн дотоод засварыг хийх, хөрсний усны хамгаалалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байр болон түүний хажуу талын гаражийг “Хурдгрупп” ХХК-ийн захиалгын дагуу бариулж, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актын дагуу ашиглалтад оруулсан, мөн “Хан-Оргил” СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 62, 63, 64 дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн урсгал ба их засвар, ашиглалт хамгаалалтын байдлыг хангах, түүнийг зохион байгуулахаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан талаар талууд маргаагүй болно.
Мөн “Хан-Оргил” СӨХ-ны 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар албан бичгээр “Хурд групп” ХХК-д “...63 дугаар байрны гаражийн дээврийн талбайд урьд нь хийгдсэн хар цаас, хавтангуудын хуулалт хийсэн, 5см зузаантай бетон зутгалт, хар тосон түрхлэг хийсэн, хар цаас наасан, 3см зузаантай бетон зутгалт хийсэн, усны хаялга , хоолой тавьсан, тооцоо 36.511.000 төгрөг болсон. Ажлыг чанартай бүрэн гүйцэд хийж өгсөн” гэсэн тодорхойлолт гаргасан болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Иймд дээрх үйл баримтаас дүгнэхэд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.” мөн зүйлийн 14.5-д“...зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно.” мөн зүйлийн 14.6-т “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч “Хан-Оргил” СӨХ нь “Хурд групп” ХХК-иар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байрны хажуу талын гаражны дээврийн ажлыг гүйцэтгүүлэн, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажлыг хүлээн авсан гэж үзэж байгаа бол мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхээр юм.
Дээр дурдсан үндэслэлээр “Хурдгрупп” ХХК, “Хаусгрупп” ХХК-д холбогуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байрны хажуу талын гаражны дээврийн налууг зөв гаргаж өгөх, чанартай цементийн цутгалт хийх, сайн чанартай хар цаасан хучилт хийх, гаражийн дотоод засварыг хийх, хөрсний усны хамгаалалт хийлгэхийг даалгах” тухай Хан-Оргил” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхээс хариуцагч “Хурдгрупп” ХХК, “Хаусгрупп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвжавт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг баримтлан “Хан-Оргил” СӨХ-ны нэхэмжлэлтэй, “Хурдгрупп” ХХК, “Хаусгрупп” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, 63 дугаар байрны хажуу талын гаражны дээврийн налууг зөв гаргаж өгөх, чанартай цементийн цутгалт хийх, сайн чанартай хар цаасан хучилт хийх, гаражийн дотоод засварыг хийх, хөрсний усны хамгаалалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хан-Оргил” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД