| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2036000000250 дугаартай,178/2021/0001/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нутгийн Аз-Од ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын Дэлгэр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах төв цэнгэлдэхийн гадна хохирогч Г.*******г “миний машиныг мөргүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч ******* овогт *******гын *******гийн / 1981.07.27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17-18 цагийн үед ******* сумын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дотор С.*******, Алтаншагай, Мийгаа, Одгэрэл нартай архи уусан. Тэгээд С.*******ын Соната-7 машиныг согтуудаа хөдөлгөж байгаад ухрах араандаа байсныг мэдэлгүй хаазан дээр нь гишгээд хүүхдийн цэнгэлдэхийн хашааны баганыг арын гуперээрээ мөргөсөн.Тэгээд машинаас буугаад хартал машины ар талын гупер тээш голоороо хонхойж орсон байсан.С.*******,Алтаншагай, Мийгаа Одгэрэл нар хашаанаас гарч ирээд машин харчихаад С.******* “машин будаа болгоод хаячихлаа” гээд баруун гараараа миний зүүн хацар луу алгадаад, баруун гараараа миний эрүүний зүүн доод хэсэгт цохисон. Цохиулаад ухрахдаа “ шүд хугарчирлаа” гэж хэлэхэд С.******* тоогоогүй. С.******* дахин намайг цохиход гараараа нүүрээ хааж хамгаалсан. .. гэх мэдүүлэг / хэргийн 12-14-р хуудас/
Гэрч А.*******далайгийн мөрдөн шөлгөх ажиллагаанд өгсөн... Бид нар цэнгэлдэхэд ороод юм ярьж байтал С.******* “ миний машины тоормозны гэрэл асаад хүн унаад байх шиг байна, хараад ирээч” гээд намайг явуулсан. Би гүйгээд цэнгэлдэхийн үүдэнд гартал С.*******ын машиныг Г.******* хөдөлгөөд цэнгэлдэхийн орох хаалгыг ухарч мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгээд “ машины эзэнтэй яринаа “гээд цэнгэлдэх рүү ороход цаанаас нь С.******* гарч ирээд Г.*******г нэг алгадаж харагдсан.... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
Гэрч Ц.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би хамгийн урд алхаж явж байсан ба Г.******* надаас зөртөл С.******* алгадаж сонсогдсон.Би эргээд харахад Г.******* дайвж харагдсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/
Гэрч Г.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.******* “ миний машины ухрах улаан гэрэл асаад байна” гээд А.*******далайг хараад ир гээд явуулахад А.*******далай удалгүй С.******* луу утсаар ярьсан. Тэгээд бид нар цэнгэлдэхийн хаалга руу явж байтал урдаас Г.******* ирж байсан.Тэгтэл С.******* Г.*******гийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохичихоод цааш эргээд машин руугаа явсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Г.******* бид нарын урдаас алхаад иртэл С.******* нэг удаа нүүр лүү нь цохичихоод машин луугаа явсан. Бид нар араас нь очиход С.*******ын машин цэнгэлдэхийн хаалга мөргөсөн байдалтай зогсож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 863 дугаартай шинжээчийн ...Г.*******гийн биед зүүн доод эрүүний хугарал, зүүн талын 37-р шүдний хугарал, бүсэлхий нурууны зүүн хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Г.*******гийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 31-р хуудас/
Шинжээч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Г.*******гийн зүүн талын эрүү хэсгээр хаван хавдартай, ам сайн ангайж болохгүй, бүсэлхий нурууны зүүн хэсгийн зулгаралтууд байсан. Рентгэн зурагны хариу нь зүүн доод эрүү, ясны хугарал, эрүүний булан хэсгээр 37-р шүд дайрсан хугарал гэмтэл тогтоогдсон. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь гадны хүчтэй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой. Гараа атгаж байгаад хүчтэй цохих үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг / хэргийн 34-р хуудас/
Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн...Г.******* нь миний машиныг асааж ухраад цэнгэлдэхийн хаалганы цементэн шон мөргөсөн болохоор миний уур хүрээд цохисон.Би Г.*******гийн зүүн хацар хэсэгт нь алгадаж, цохисон.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Г.*******д хохиролд 110000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Г.*******гийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.*******г өөрийнх нь машиныг ухрааж цементэн шон мөргүүлж, сэв суулгасан гэх шалтгаанаар зодож түүний биед зүүн доод эрүүний хугарал, зүүн талын 37-р шүдний хугарал, бүсэлхий нурууны зүүн хэсгийн зулгаралтууд гэх хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан, түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно.
Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.******* нь хохирлын 1394620 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.******* 110000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-44/ тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар гэрч А.Ганцэцэгийн өгсөн...С.******* нь эцэг эхээс ганцаараа, архи согтууруулах ундааны зүйл хааяа баяр ёслолын үеэр бага зэрэг хэрэглэдэг, 2007-2008 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын 0214-р ангид цэргийн алба хаасан. Одоо Ховд аймаг ******* сум хоёрын хооронд хүн тээвэрлэх ажил хийдэг ... гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/
Гэрч Д.Алтаннисгэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.******* нь шударга, хүнд тусархуу, тогтуун тайван зантай, нийтэч хүн. ******* суманд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ... гэх мэдүүлэг /хэргийн 27-28-р хуудас/, С.*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 110000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлоо төлөхийг илэрхийлсэн, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогч Г.*******д 110000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 110000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн 1284620 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 1284620 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******т тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 110000 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 1.284.620 төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгосугай.
7.Шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС