Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байранд байрлах “Замчдын Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ..дугаар байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Боржигон ургийн овогт Э.Б-д холбогдуулан гаргасан,

         Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 249,860 /хоёр зуун дөчин есөн мянга найман зуун жаран/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ-ны захирал Ч.Алтантоль оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон захирал Ч.Алтантоль шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн СӨХ-ны хуримтлалын мөнгийг тус СӨХ-нд харъяалагддаг 42 дугаар байрны 97 тоотод оршин суух Э.Б нь 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны 39 сарын 249,860 төгрөгийг удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.

         ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ нь хариуцагч П.А-С дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуусах хүртэл нийт 39 сарын хугацааны төлбөр 249,860 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хариуцагч П.А-Г шүүхийн мэдэгдэх хуудсаар удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1198 дугаар “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд ирж, нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 13-20, 26/

         “Замчдын Хотхон” СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Ч.Алтантолийг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 01 дүгээр тогтоолоор улируулан томилсон байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх 3, 7/

         Хариуцагч Э.Б нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 97 тоотод оршин суудаг болох нь зохигчийн биеийн байцаалтаар тогтоогдсон.

         Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрийг шаардах эрхтэй байна.

         Гэвч шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу 2013 оны 7-10 дугаар сарыг хүртэлх 4 сарын хугацааны 24,320 төгрөгийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

         Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч П.А-С төлбөр төлөхийг удаа дараа шаардсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч …регистртэй, Боржигон ургийн овогт Э.Б-аас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 225,540 /хоёр зуун хорин таван мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,320 /хорин дөрвөн мянга гурван зуун хорин/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,146 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.САРАНТУЯА