Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01582

 

Ш , Д , Б ,

Э  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

            2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00671 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

            2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1299 дүгээр магадлалтай,

            Ш , Д , Б , Э  нарын нэхэмжлэлтэй,

             “Ш ” ХХК-д холбогдох

             4000 ам.доллар буюу 9,705,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Бүдханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ш ” ХХК нь “манай компанид хөрөнгө оруулбал мөнгө чинь сар бүр 20 хувь өсч, ашиг олно” гэж тус компанийн захирал Н.Дуламханд тайлбарлаж хэлснээр 2014 оны 10 сарын 29-ний өдөр Ш  би 4000 ам.долларыг өгсөн. Тус компани надаас 4000 ам.доллар авахдаа “чи дахин 2-3 хүн дороо элсүүлбэл авах мөнгө чинь тодорхой хувиар ихэснэ“ гэсэн учраас өөрийн хүү Д , найз Э , бэр Б  нарын нэрсийг өгч бүртгүүлсэн. Надаас 4000 ам.долларыг авахдаа ямар ч баримт өгөөгүй. Би мөнгөө буцаан авахаар компани дээр удаа дараа очиж байсан. Миний хувьд хариуцагчийн тайлбарлаж байгаа ID дугаар, нууц код гэх зэргийг мэдэхгүй, ашиглаж байгаагүй. Иймд “Ш ” ХХК-д хөрөнгө оруулалтаар өгсөн 4000 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ш ” ХХК нь биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бөгөөд уг бүтээгдэхүүнийг борлуулахдаа цахим худалдааны системээр үйл ажиллагаа явуулдаг. Компанид гишүүнчлэл гэж байдаггүй харин уг бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилж борлуулдаг сайн дурын борлуулагч нар ажилладаг бөгөөд сайн дурын борлуулагч нар уг бүтээгдэхүүнийг сонирхож ирсэн иргэдэд хэрэглээний талаар тайлбарладаг. Хэрэв уг худалдаанд оролцох тохиолдолд 300,000 төгрөг компанид тушаах ба уг тушаасан мөнгөний дүнгээр худалдаанд оролцохоор саналаа өгсөн иргэнд цахим дэлгүүр нээж өгдөг. Уг цахим дэлгүүр нь нэг хүнд нэг л байдаг ба тушаасан мөнгө нь уг цахим дэлгүүрт нь оноо хэлбэрээр байршдаг. Цахим худалдааны дэлгүүр нээлгэсэн иргэнд ID дугаар буюу нууц код өгдөг. Уг нууц кодыг хэн ч мэдэхгүй бөгөөд уг иргэн цахим кодоороо нэвтэрч биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулахаас гадна компаниас оруулсан мөнгөний хэмжээндээ тус бүтээгдэхүүнийг авдаг. Иргэдээс мөнгө авч, сүлжээний бизнесийн адил ашиг олох боломжгүй. Тэр хүн өөрөө хүсвэл сайн дурын үндсэн дээр дараагийн хүнээ элсүүлэх зарчимтай. Хүү, бэр найзынхаа нэрсийг өгч бүртгүүлсэн гэж байгаа нь компанийн журмыг зөрчсөн. Ш  нь 3 иргэний ID дугаарыг ашиглаж, цахим дэлгүүрийн үйл ажиллагааг хууль бусаар эзэмшиж ашиглаж байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00671 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш ” ХХК-иас 9,705,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш т олгож, нэхэмжлэгч Б , Э , Д  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,966 төгрөгөөс 170,232 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 1734 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч “Ш ” ХХК-сас 170,232 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш т олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1299 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэнгээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1299 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх “Ш ” ХХК-ийн захирал Н.Дуламхандын тус компанийн олон улсын сайт ашиглалтад ороход Ш , Б , Д , Э  нарын өөрсдийнх нь нууц дугаарыг үндэслэн цахим худалдааны хуулгыг гаргаж өгөхөөр тохирсон тухай бичгийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөнгө хүлээн авсан нотлох баримт гэж үзсэн бөгөөд Ш , Б , Д , Э  нар нь уг мөнгийг тушааж түүнийгээ өөрийн цахим дэлгүүртээ оноо хэлбэрээр байршуулсан тухай болон уг оноо байршиж байгаа цахим дэлгүүрийн хуулгыг шүүхэд гаргаж өгөөгүй. /Компани уг иргэний нууц “ай ди” дугаарыг нээж үзэх бололцоогүй юм/ Үүнээс үзвэл ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.5 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч Ш  нь Б , Э , Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр итгэмжлэл авсан байна. Гэтэл уг итгэмжлэл дээр зөвхөн Б  нь Ш т итгэмжлэл олгосон байхад төлөөлүүлэгчээр Б , Э , Д  нар гарын үсэг зурсан байх ба “шүүх Б , Э , Д  нар нь өөрсдийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөн гарын үсэг зурах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг Ш т 2017 оны 12 сарын 19-ний өдөр итгэмжлэлээр олгожээ” гэсэн байна. Энэ нь Э , Д  нарыг Ш  шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд байхад анхан шатны шүүх шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлал гаргаж хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б , Э , Д  нар нэхэмжлэл гаргасан байхад Ш  миний өөрийн мөнгө гэж байгаа нь үндэслэлгүй байна. Ш  өөрийн мөнгөний эх үүсвэрийг тодорхойлоогүй бөгөөд хэрэв Ш ийн мөнгө байсан бол Б , Э , Д  нар нэхэмжлэл гаргаж Ш т итгэмжлэл олгохгүй байсан. Энэ нь ИХШХШ тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хангагдаагүй байна. Мөн Ш  нэхэмжлэгч Б , Э , Д  нарын мөнгийг хүлээж авсанаа баримтаар нотолдоггүй. Ш  нарын цахим худалдаа эрхлэх эрх нээлгэж, бүтээгдэхүүн худалдан авч борлуулах үйл ажиллагаа нь бусдаас үүрэг болгосон харилцаа бус өөртөө хөрөнгө оруулалт хийж цахим худалдаа эрхэлж, ашиг олох үйлдэл юм. Гэтэл шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн гэж үзсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн сүлжээний бизнес гэж үзэж байгаа нь уг худалдааны зарчмыг нотолсон дүрэм, тусгай зөвшөөрөл, компанийн гэрчилгээ зэрэг гаргаж өгсөн нотлох баримтыг зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Худалдааны сайн дурын зуучлагч болох Г.Оюунбилэг нь Ш ийг цахим худалдаанд хэрхэн оролцсон мөн “Ш ” ХХК-иас бүтээгдэхүүн авч борлуулж байсан тухай сайн мэдэх гэрч тул гэрчээр асуулгахаар шүүх хуралдаан дээр биеэр дагуулж ирэх хүсэлт гаргахад оршин суугаа хаяг байхгүй үндэслэлээр хүлээж аваагүй нь Ш ийг хуурамч нэхэмжлэл гаргаж, шүүхэд бодит үнэнд нийцээгүй тайлбар гарган мэтгэлцэхэд хүргэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн ба Давж заалдах шатны шүүх гэрч асуулгах хүсэлтийн тухай гомдлыг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч нарын цахим дэлгүүрт байршсан мөнгө, хүлээн авсан барааны хөдөлгөөнийг гаргуулах тухай гомдлыг мөн шийдвэрлээгүй. Иймд 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 1299 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангажээ.

Нэхэмжлэгч Ш , Д , Э , Б  нар хариуцагч “Ш ” ХХК-д холбогдуулан 4,000.00 ам.доллар буюу 9,705,080.00 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч “Ш ” ХХК нь нэхэмжлэгч Ш ээс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4000 ам.долларыг авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг “...пирамид тогтолцоотой сүлжээ маягаар явагддаг учир оруулсан мөнгө чинь сар бүр 20 хувь өсч ашиг олно гэж хариуцагч компанийн захирал Н.Дуламхандын хэлсний дагуу 4000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн” гэж тайлбарласан байна.  

Нэхэмжлэгч Ш  нь гадаад худалдаа эрхлэхээр 1000 ам.доллар тушаан бүтээгдэхүүн авч, өөрийн зуучлагчтай хамтран ажиллаж ашиг олсон, мөн 3 иргэний бүртгэлийн дугаарыг ашиглан цахим дэлгүүрийн үйл ажиллагааг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх магадлалтай гэж хариуцагч маргасан боловч тэрээр энэ тухайгаа нотолсон  баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуульд заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэн, хариуцагчаас 9,705,080.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш т олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.

Харин Б , Э , Д  нар “Ш ” ХХК-ийн цахим сайтыг ашиглан цахим худалдаа эрхлэхээр харилцан тохиролцож, тус бүр 1000 ам.долларыг өгсөн гэж үзэх нөхцөл байдал, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч Б , Э , Д  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

              1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00671 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1299 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч “Ш ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,500.00 /нэг зуун далан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН