Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 809

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “ЗБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС-дхолбогдох захиргааны хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.АӨ , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 

“Манай “ЗБТ” ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БОНХАЖС-н 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Б******* дүүргийн ******* газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З******* аманд 0.5 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах гэрчилгээ авсан. Энэхүү гэрчилгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэл болгон олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасан байна.

Улмаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас БЗДЗД Д.П, ******* газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш болон “ЗБТ” ХХК-ийн захирал М.Н******* хооронд “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай №2016/128 дугаар гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт, БОАЖС-ын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмыг тус тус үндэслэн байгуулагдсан. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан байна. 

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаан болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасан байна.

“ЗБТ” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай №2016/128 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2016, 2017, 2018 оны газрын төлбөрт 4,039.200 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байгаагийн дээр холбогдох хууль тогтоомжуудыг мөрдлөг болгон ажиллаж, өөрийг ашиглаж буй газар дээрээ 400 орчим зулзган мод, суулгац суулган, түүнийг арчлан хамгаалахад багагүй зардал гаргаж, мөн бусад байгууллагуудтай хамтран байгалийг унаган төрхөөр нь байлгах, хадгалах, цэвэрлэх ажилд удаа дараа хамтран ажиллаж ирсэн болно.

“ЗБТ” ХХК-ийн хувьд Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүс нутгийн ирээдүйн төлөвлөлттэй уялдуулан цаашдаа өөрийн ашиглаж буй З******* аман дахь 0.5 га газар дээрээ дугуйн аялалын дэд өртөө, задгай театрын зураг, төсөл хийлгэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“ЗБТ” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” №2016/128 дугаар гэрээний нөхцөлийг биелүүлж, ашиглаж буй газраа зориулалтын дагуу, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглаж ирсэн бөгөөд гэрээнд заасанчлан гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй байхад БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Б******* дүүргийн З******* аман дахь 0.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь манай “ЗБТ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа тул БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын 1 дэх заалтын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа : 

“ЗБТ” ХХК-ний нэхэмжлэлтэй БОАЖС-дхолбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113” дугаар тушаалын 1 дэх заалтын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай’ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

БОНХАЖС-н 2016 оны 06 дугаар сарын 03-ны А/179 тоот тушаалаар “ЗБТ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, З******* аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.5 га газрыг хүсэлтийн дагуу олгож, 2016/238 тоот гэрчилгээг олгосон байна. 

Нэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт “Байгаль орчны .... төлөвлөгөөний хэрэгжилтэд .... төрийн захиргааны төв байгууллага ... хяналт тавина” гэж заасны дагуу хяналт тавихад “ЗБТ” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж батлуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, холбогдох байгууллагаас санал аваагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр тогтоосон журмын дагуу батлуулан тайлагнаагүй нь 9.2 дахь хэсэг “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.” 9.8 дахь хэсэг “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.”, “Байгаль орчны нөлөөллийн 1 үнэлгээний журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2.4 дэх хэсэг “... тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүс болон ой, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд үнэлгээ хийж байгаа мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас санал авна.” 5.7 дахь хэсэг “Төсөл хэрэгжүүлэгч нь нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулан батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан тухайн жилд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг боловсруулан, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.” 5.11 дэх хэсэг “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны Менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй ... төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй.” 5.12 дахь хэсэг “Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.”, 5.13 дахь хэсэг “Тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсаны дараа байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрнө.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Хоёр. Түүнчлэн тухайн байршилд аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах эрх эрх олгосон нь Усны тухай хуулийн  22.2 дахь хэсэг “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. 22.2.1 дахь заалт “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” 22.6 дахь хэсэг “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.”, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг зөрчин газар олгосон байсан.

Гурав. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Туул гол дагуу олгосон газруудын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дагуу МУЕС У.Х-д 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 7/4111 тоот албан бичгээр чиглэл хүргүүлж, БОАЖСН.Ц-д 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7/4116 тоот хамтран ажиллах албан бичгийг ирүүлсэн.

Яармагийн гүүр-Б*******ийн товчоо чиглэл, Туул голын урд талын хэсэгт газар ашиглах эрх олгогдсон газруудын судалгааг гарган мэдэгдэл хүргүүлсэн.

“ЗБТ” ХХК-д Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10/2199 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг мэдэгдсэний дагуу БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний А/113  дугаар тушаалаар “ЗБТ” ХХК-ийн эрхийг дуусгавар болгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ.” гэсэн зорилт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт туссан аялал жуулчлалын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах үүднээс газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухайн байршлууд дээр автомашин болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, сүүдрэвч, отоглох цэг, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөлт хийж, “Хамтран ажиллах тухай” 10/1988 тоот албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А-т хүргүүлэн хамтран ажиллаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын I тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.” 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговор тойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.” гэж заасан.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд авсан, дархан цаазат газрын ангилалтай газар нутаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасан үндэслэлээр л ашиглуулахаар хуульчилсан бөгөөд усан сан бүхий газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа “ЗБТ” ХХК-ний газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-иас БОАЖС-д холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий актын тухайд:

Нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-иас тус компанид олгосон 0.5 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагч БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын 1 дэх заалтын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүхээс 128/2018/0462/3 индекстэй захиргааны хэрэг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүсгэжээ .

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үеэр гаргасан эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эвлэрэх хүсэлтийг өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч эвлэрэн хэлэлцэх боломж олгон шүүх хуралдааныг хойшлуулсан, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан зэрэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5, 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Маргаан бүхий акт болох БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын  үндэслэлээс дүгнэхэд “1.Туул голын усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх; 2.Голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй.” гэсэн 2 үндэслэл, шалтгаанаар нийт 24 иргэн, байгууллагын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ. 

Хоёр.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-иас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай  хамгаалалттай нутгийн удирдлагын газарт З******* аманд байрлах 0.5 га газрыг ашиглах хүсэлтийг  2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргажээ. Энэ хүсэлтийн дагуу БОНХАЖС-н 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 тушаалаар  нэхэмжлэгч компанид 0,5 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын З******* ам нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын даргаас 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “ЗБТ” ХХК-д Б******* дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын З******* ам нэртэй газарт 0,5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар 2016/238 дугаар гэрчилгээг  олгожээ. Улмаар БЗДЗД, БХУДЦГ-н ХЗД болон “ЗБТ” ХХК-ийн захирал нарын хооронд 2016/128 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” -г 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулжээ.

Нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газрыг ашиглаж эхэлснээс хойш газрыг тойруулан хашаа хатгаж, 400 гаруй чацарганы мод, суулгац тарьсан, харин барилга, байгууламж бариагүй гэдэг нь газрын үзлэг , нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Маргаан бүхий актын үндэслэл, хариуцагч талын тайлбарт “Голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” нөхцөл байдалд нэхэмжлэгч компанийг буруутгажээ. Гэвч нэхэмжлэгчээс “Туул голын бургас модыг сүйтгэсэн, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горим”-ыг зөрчсөн зөрчлийг гаргасан нөхцөл байдлыг хариуцагч байгууллагаас шалган тогтоосон үйл ажиллагаа явуулаагүй, зөрчлийг шалган тогтоосон акт эрх бүхий этгээдээс гараагүй, маргааны бүхий актын үндэслэлд дурдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирүүлсэн жагсаалтад  нэхэмжлэгч компани багтаагүй, нэхэмжлэгч компанийг ийнхүү зөрчил гаргасан гэх баримт, тайлбарыг хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй байна. 

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий актад дурдсан “Голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгч компанид хамааралгүй байна. 

Гэтэл маргаан бүхий актаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;” гэж заасныг, 40 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 2 дахь заалт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэн, “голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэсэн нөхцөл байдалд нэхэмжлэгч компанийг буруутган түүний ашиглаж байсан газрыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь маргаан бүхий захиргааны акт (БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаал) нь нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-д тусгай хамгаалалттай газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт (БОНХАЖС-н 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 тушаал)-ыг хүчингүй болгосон шийдвэр байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж үзвэл хүчингүй болгох тохиолдлыг зохицуулжээ. 

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч компанид хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг зөрчил гаргасан мэтээр буруутган түүний ашиглалтын газрыг бүхэлд хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасантай нийцээгүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “ захиргааны шийдвэр бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэхгүй байна. 

Энэхүү хуульд нийцээгүй маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, нэхэмжлэгч компани ашиглалтын газар дээрээ мод, суулгац тарьж ургуулахад зарцуулсан эд хөрөнгийн хувьд  хохирол учирсан үр дагавар бий болсон гэж үзэхээр байна. 

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

Харин маргаан бүхий газар нь 107.96 м.кв талбайгаар Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн давхцлын мэдээлэл , НГА-с ирүүлсэн давхцлын мэдээлэл , газрын үзлэг зэргээс тогтоогдож байна. 

Хавтас хэрэгт хэргийн 81, 142 дахь талд байгаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 18, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдийн зурган мэдээллээр  “ЗБТ” ХХК-ийн 0.5 га газрыг Туул голын онцгой хамгаалалтын 50 метрийн бүсэд хамааралгүй, Энгийн хамгаалалтын 200 метрийн бүстэй зарим хэсгээрээ давхцалтай, ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай” гэсэн  нөхцөл байдал нь дээр дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн давхцлын мэдээлэл , Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн давхцлын мэдээлэл -үүдээр үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй. 

Дээрхээс гадна нэхэмжлэгч талаас газар ашиглах хүсэлт гаргах үедээ ашиглалтын газраа “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт аялал жуулчлалын цогцолбор барих” зориулалтаар ашиглахаар хөтөлбөр, төсөл  боловсруулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад (хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх асуудлыг ярилцахдаа) “Эко аялал жуулчлалын дугуйн дэд өртөө, задгай театрын төсөл”  болгон өөрчилжээ. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж байгаа тайлбарт  “ашиглаж буй газрынхаа 70 хувийг дугуйн дэд өртөөнөөс гадна мод бут сөөг тарих, ногоон байгууламж, зуны театр бий болгоно, онцгой хамгаалалтын бүсэд спорт талбай байгуулах, дугуйн өртөө байгуулах боломжийг хуулиар хязгаарлаагүй” гэжээ.  

Гэтэл Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно.” гэжээ. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэжээ. Энэ хуулийн дагуу эрх олгогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” -ийн 2.4.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно: “нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих”” гэжээ. 

Эдгээр хууль, журмын зохицуулалтаас дүгнэхэд “усны онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах” зэргийг хоригложээ. Иймээс маргаан бүхий газар нь 107.96 м.кв талбайгаар Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа тул энэ давхцалтай талбайн хэсэгт нэхэмжлэгчийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөлд тусгагдсан зуны байгууламж барих, дугуйн өртөө байгуулахыг хуулиар хориглосон гэж үзнэ. 

Үүний учир маргаан бүхий актаар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн ашиглаж байсан газраас Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай 107.96 м.кв талбайг хүчингүй болгон шийдвэрлэсэн хэсгийг захиргааны байгууллагаас хуулийг хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн харж, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хуульд нийцүүлэх, хариуцагч захиргаанд хуулиар хүлээлгэсэн усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хүчингүй болгосон хуульд нийцсэн үйлдэл гэж үзэхээр байна. 

Нэгтгэн дүгнэхэд, маргаан бүхий актаар нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-д тусгай хамгаалалттай газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус байх бөгөөд харин маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч компанийн ашиглалтын газраас Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа талбайн хэсгийг хүчингүй болгосон хэсэг нь хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна.     

 

             3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-ийн “БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын 1 дэх заалтын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсгийг хангаж, БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын 1 дэх заалтын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгээс Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа 107.96 м.кв талбайн хэмжээтэй хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ хариуцагч байгууллагаас маргаан бүхий газарт хэмжилт хийн Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа хэсгийг бодит байдал дээр тогтоон, зааглах ажлыг хийж гүйцэтгэх замаар БОАЖС-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын 1 дэх заалтад талбайн өөрчлөлт хийх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,200 (гучин таван мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                            А.САРАНГЭРЭЛ