Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 23

 

 

                                             Ш.Төрбатад холбогдох эрүүгийн

                                                           хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 765 дугаар магадлалтай, 201625021317 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбатын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жамбал овогт Шагдарсүрэнгийн Төрбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Төрбатыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ш.Төрбатаас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрт олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, прокурор Ц.Бурмаа нарын  саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Төрбатын өмгөөлөгч Д.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Ш.Төрбат нь маш хөдөлмөрч, архи дарс, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эхнэр хүүхэддээ анхаарал халамж сайтай болох нь гэрч Баярцэнгэл, Болортуяа, Одонбилэг, Отгондалай нарын мэдүүлгээр тогтоогддог. Анх хэрэг үүсгэсэн үеэс хойш тэрээр “... гэнэт Биндэръяа Төрбатыг хараад бухимдсандаа ширээн дээр байсан хутгыг авч би үхмээр байна эсвэл чи үх гэж хэлээд хоолой руугаа дүрэх шиг болсон. Ухасхийж очиход Төрбатын нүүр болон нүдний шил рүү цус үсэрсэн, түүнээс хойш яасан, юу болсныг огт санадаггүй ...” гэж тогтвортой мэдүүлдэг. Талийгаач өөрийнхөө барьж байсан утаснаас эгч Тамир, найз О.Сувд, Ш.Төрбат нарын гар утас руу амиа хорлох тухай буюу “хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийг захисан”, эгчдээ болон найздаа “... ээжийнх нь оронд ээж болж хүүгээ авч явахыг захисан” мессежүүдийг 2016 оны 5 дугаар сарын 14-ний орой илгээсэн байгаа нь Төрбатын мэдүүлгийг давхар нотолдог. Шинжээч эмч Энхбаяр “хүзүүний зүүн хажуу хэсгээс баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, төвөнхийн баруун дээд хэсгээр нэвт гарч зүсэгдсэн шархнаас амьсгалын замд цус алдаж, амьсгал цусаар бөглөрч нас барахад хүргэсэн гэмтлийг өөртөө үүсгэсэн байх боломжтой. Харин талийгаачийн хүзүүний ар хэсэгт үүссэн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй ...” гэж мэдүүлснийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Шүүх үхэлд хүргэсэн гэмтлийг Ш.Төрбат л учруулсан мэт хэт нэг талыг баримталж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсгийг зөрчиж байна. Мөн Төрбат нь түүнээс хойш сэтгэцийн цочролд орж цаашид хэрхэн, юу хийснээ санахгүй байх үедээ өөртөө болон талийгаачид үүсгэсэн гэмтлүүдийг хэдэн удаа, яаж гэмтэл учруулснаа мэддэггүй. Гэтэл мөн л энэ байдалд шүүх дүгнэлт өгөөгүй. Хэрэг болохоос өмнөх процессыг шалгаж тодруулах шаардлагатай. Иймд бодит нөхцөл байдал, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, хангалттай биш байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ш.Төрбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлолгүйгээр тогтоол гарахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулахгүйгээр яллах талыг баримтлан намайг хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байгаад гомдолтой байна. Энэ хэрэгт бүрэн нотлоогүй, чухал шаардлагатай гэрч нараас мэдүүлэг аваагүй, нотлох баримтад хуулийн дагуу үнэлэлт өгөөгүй асуудлууд тодорхой байдаг. Тухайлбал талийгаачийн сэтгэл санаа, сэтгэлзүй ямар байдалтай байсан, ямар шалтгааны улмаас амиа хорлох талаар удаа дараа ярьдаг байсан, амиа хорлох хэмжээнд хүртэл сэтгэл гутралд орсон байсан эсэх, Төрбат талийгаачтай ямар байдлаар харьцдаг байсан, талийгаачийг амиа хорлох талаар мессеж явуулсны дараа Төрбат яагаад цагдаад хандах болов гэх зэргийг тодруулалгүй орхигдуулсан. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой бөгөөд амьсгалах тоолонд цус хүчтэй шахагдаж байдаг учраас хутгыг сугалах үед цус үсэрнэ гэж шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Би талийгаачийг хутгатай гараараа өөрийнхөө хоолой руу дүрж байхыг хараад гүйж очоод гарнаас нь таттал нүүрний зүүн доод хэсгээс баруун дээд хэрэг рүү доороосоо дээш чиглэлтэй цус үсэрсэн гэсэн мэдүүлэг шинжээч эмчийн мэдүүлэгтэй тохирдог. Шүүх сэтгэц эмгэг судлалын Ш.Төрбат нь тухайн үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна гэсэн дүгнэлт нь хэрэг болсноос хойш 2 сарын дараа болсон явдлыг яриулж, хэдэн асуулт асуусны эцэст 30 минутын дотор дүгнэлт хийсэн нь бүрэн үндэслэлтэй болж чадах эсэх нь эргэлзээтэй. Миний нүүр лүү цус үсэрснээс хойш би юу ч санадаггүй ба нэг мэдэхэд цээжнээсээ хутга сугалж байдаг. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд талийгаачийн зан ааш, тухайн үеийн сэтгэл санааны байдал зэргийг нотлох баримтуудыг авч үзэлгүй орхигдуулж зөвхөн ар гэрийнхэнийх нь мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Миний бие хамт амьдарч байх хугацаандаа гадагш гаргахгүй, хүнтэй уулзуулахгүй хорьж цагдах нь битгий хэл хатуу ширүүн үгээр доромжилж, уурлаж хашгичаад байдаггүй, асуудал гарвал эв зүйгээр шийддэг байсныг хүмүүс гэрчилнэ. Гуниг гутралд ороогүй, сэтгэл санаа нь хямраагүй тогтвортой хэвийн байдалтай байгаа хүн амьдрах хүсэлгүй болж, амиа хорлох талаар бодож, үүнийгээ хэн нэгэн хүмүүст хэлж, тэр ч байтугай гэрээслэл бичнэ гэдэг эрүүл саруул хүнд төрөх боломжгүй эргэлзээтэй зүйл. Талийгаач нь Баттулгатай уулзаж учирдаг болсноосоо хойш сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон ба байнга санааширч, ялихгүй зүйлд амархан уурлаж бухимддаг болсон. Сэтгэл санаа нь тогтворгүй байсан талаар хадам аав, ээж, эгч нарт мэдэгдэж байсан. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө амьдарч байсан байрныхаа цонхоор үсрэх оролдлого хийж байсныг гэрч Бадамсүрэн болон хамт өрөөнд нь байсан 3 охин мэддэг. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлдэг боловч хэрэгт авагдаагүй байна. 2014 оны 10-11 сарын үед талийгаач амиа хорлоно гэж гарч алга болоод би хадам эгч Тамир, түүний нөхөр Ананд нартай хамт хайж олж авсан бөгөөд энэ талаар тэднээс тодруулаагүй. Дээр дурдсан шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг орхигдуулсан, хавтаст хэрэгт авагдсан боловч тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж хэт нэг талыг барьж намайг хийгээгүй хэрэгт тулган яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүхийн дүгнэлтэд дурдсан шиг хий хоосон хардаж, хэрүүл маргаан хийж, өс хонзон санаж яваагүйг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харж болно. Иймд хэргийг хуулийн хүрээнд, үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн байцаалтад буцааж хэргийг шалгах үндэслэл байхгүй. Хохирогч өөрийгөө боомилсон бол 3 давхраас 1 давхар хүртэл гүйж, жижүүрийн үүдэнд амиа алдах боломжгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Хэрэг гарахаас өмнөх өдрүүдээс илүү хэрэг гарах өдрийн нөхцөл байдал, нотлох баримтад дүгнэлт өгөх ёстой. Хохирогч өрөө рүүгээ орсноос 5-10 минутын хооронд буюу маш богино хугацаанд хүзүү болон бусад биеийн 8 хэсэгт хутгалуулсан. Хутгалуулсныхаа дараа 3 давхраас 1 давхар хүртэл гүйж бусдын тусламж авах гэж яваад жижүүрийн байрны хажууд нас барсан. Хэрвээ амиа хорлох гэж байсан бол ийм үйлдэл хийх шаардлагагүй. Мөн шүүгдэгчийн 5 ширхэг хувцаст үзлэг хийсэн боловч хохирогчийн цус огт илрээгүй. Үнэхээр хохирогчийг амиа хорлох үед нь аврах гэж байсан бол түүний хувцсанд жаахан ч гэсэн цусны толбо үүсэхгүй байх боломжгүй. Хэрэг гарсан өрөөний хаалга нь замган түгжээтэй бөгөөд уг түгжээ бүхэлдээ хохирогчийн цусаар бохирлогдсон байдаг бөгөөд энэ нь хаалга түгжээтэй байхад хохирогч өөрөө онгойлгож зугтаасныг илэрхийлж байна. Эдгээр байдлуудаас харахад “амиа хорлосон” гэх тайлбар үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ш.Төрбат нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа оюутны 5 дугаар байрны 322 тоот өрөөнд Н.Биндэръяагийн хүзүүний зүүн хажуу хэсгээс баруун дээш чиглэлтэй хутгаар нэвт хатган, улмаар төвөнхийг гэмтээж зүсэгдсэн шарх болон бусад олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй болно.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг бөгөөд шүүх Ш.Төрбатын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан “онц харгис хэрцгий аргаар” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж дүгнэнэ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “амиа хорлосон” талаар гомдол гаргасан боловч “хохирогчийн өрөөндөө ороод буцаж гүйн гарч ирэх хүртэлх хугацаа, 3 давхраас 1 давхар хүртэл хүзүүгээ алчуураар дарж гүйсэн, өрөөний хаалганы түгжээ хохирогчийн цусаар бохирлогдсон байдал, шүүгдэгчийн хувцаст шинжилгээ хийсэн дүгнэлтээр хохирогчийн цус илрээгүй шинж байдал, “хүзүүний ар хэсгийн зүсэгдсэн шархыг талийгаач өөртөө учруулах боломжгүй” гэх шинжээчийн мэдүүлэг, хэрэг болсны дараа Ш.Төрбат өөрийнхөө цээжин тус газар хутгалсан үйлдэл, эдгээрийг нотолсон нотлох баримтуудаар талийгаач нь уг гэмтлүүдийг өөртөө учруулж, амиа хорлосон, Ш.Төрбат түүнийг аврах үйлдэл хийсэн болох нь хангалттай үгүйсгэгдсэн байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын “хохирогч амиа хорлосон байдлыг шалгаж тогтоох шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 765 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Төрбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ