Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0232/з |
Дугаар | 329 |
Огноо | 2016-10-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 329
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Е.Е.Рудолфовна, түүний орчуулагч Х.Нэмүүнзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсүрэн, Д.Лхагвадулам, гуравдагч этгээд Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхамжав нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 528 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, онцгой албан татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргуулахыг даалгах, Гааль, Татварын ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй байсан онцгой албан татварт төлсөн 640.094.154 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 528 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсүрэн, Д.Лхагвадулам, Д.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүхэд "Улаанбаатар төмөр зам" ХНН нь анх нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 2015 оны 1 дүгээр сард Монгол Улсын хилээр оруулж ирсэн 39 цистерн дизелийн түлшний онцгой албан татварын тухай бус өөрийн хэрэгцээнд импортолсон дизелийн түлшний онцгой албан татвараас чөлөөлөгдөх тухай захиргааны актыг гаргахыг даалгах шаардлага гаргасан байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэг /6 дугаар хуудас дээрээсээ 4 дэх догол мөр/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 528 дугаар магадлалын хянавал хэсэг /8 дугаар хуудас дээрээсээ 3 дахь догол мөр/-т тус тус "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Монгол Улсад импортоор оруулж ирсэн дизель түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд ...." гэж тэмдэглэгдсээр байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хэргийг шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй гэж үзэх нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам. Д.Энхтуяа нар нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бичгээр, 8 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд өөрсдийн биеэр оролцох үед дараах хүсэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Хүсэлтэд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Гааль, татварын ерөнхий газрыг хариуцагчаар татан оролцуулж байсан. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр батлагдаж, Гааль, татварын байгууллага тусдаа бие даасан агентлаг болохоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан хариуцагч тал нь Гаалийн байгууллага эсхүл Татварын байгууллага болох нь тодорхой бус байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 зүйлийн 19.1 дэх заалтад заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан улсын байцаагч нар нь хариуцагчийн олгосон итгэмжлэлээр төлөөлөн оролцох эрх зүйн чадамжгүй болсон бөгөөд дахин итгэмжлэлээр оролцох эсэх нь тодорхой бус байх тул 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийг тодорхой болгож өгнө үү." гэж дурдсан болно.
УИХ-ын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, мөн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" УИХ-ын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт Гааль, татварын ерөнхий газар нь нэрээр дурдагдаагүй, "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 3-т "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар... татан буулгасугай." гэж заасан бөгөөд Гааль, татварын ерөнхий газар гэх байгууллага хариуцагчийн эрх зүйн чадамжтай буюу шүүх хуралдаанаас гарсан аливаа шийдвэрийг биелүүлэх, шүүхийн өмнө эрх эдэлж, үүрэг хүлээх оролцогч мөн эсэхийг шинжлэн судлаагүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг харгалзан авч үзээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн буюу энэ хуулийн зохицуулалтыг хэлэлцэх болон шийдвэр гаргах шатанд орхигдуулсан гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг зөв үнэлээгүй, илт үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК нь Гааль, татварын ерөнхий газарт холбогдуулан онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах, төлөх ёсгүй татварт төлсөн 640094154 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчээс “1949 оны хэлэлцээрийн дагуу өөрийн хэрэгцээнд зориулан импортолж байгаа автобензин, дизель түлшний онцгой албан татварыг төлөх үүрэггүй” гэж маргасан байна.
Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулжээ.
БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “ж”-д зааснаар Монгол Улсын Засгийн газар нь “төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль, татвар хураахгүйгээр Монгол Улсад нэвтрүүлэн оруулж байх үүргийг хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл, уг хэлэлцээрт заасан ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материал гэдэг нь төмөр замын объектэд холбоотой эд хөрөнгө хамаарах болохоос маргаан бүхий төмөр замын тээврийн ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа дизель түлш холбоогүй гэж үзлээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “төмөр замын объект” гэдэгт төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ойлгохоор заажээ.
Маргаан бүхий дизель түлш нь “бараа” гэх ангилалд хамаарч, Монгол Улсын хувьд онцгойлон авч үзсэн, онцгой албан татвар ногдох бараа байх тул төмөр замын объектын ашиглалтад чухал хэрэглэгдэх бараа гэхээс илүүтэйгээр Монгол Улсын хувьд онцгойлон авч үзсэн, онцгой албан татвар ногдох бараа байх тул хэлэлцээрийн дээрх заалтаас тусдаа зохицуулах харилцаа болно.
Түүнчлэн уг хэлэлцээрийн Аравдугаар зүйлд “...төмөр замын орлого хийгээд заасан гол мөрнүүдээр ачаа, тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон төмөр замын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болох ямар нэгэн татварыг үл ногдуулна...” гэж заасан байна.
Маргаан бүхий хилээр оруулж ирсэн гэх дизель түлшинд ногдуулсан онцгой албан татвар нь дээрх заалтад хамаарахгүй буюу төмөр замын орлогод ногдуулаагүй, газар, үл хөдлөх ногдуулсан төлбөр биш тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Иймээс 1949 оны хэлэлцээрт маргаан бүхий дизель түлшнээс татвар тооцохгүй талаар тусгайлан заагаагүй, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар дизелийн түлшинд онцгой албан татвар ногдох тул нэхэмжлэгч хуулийн этгээд нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу онцгой албан татвар төлөх үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, уулзалтаар яригдсан асуудлын шийдвэрлэлтийг тодруулах, хэргийн оролцогчийн тайлбарын үндэслэлийг тодруулахаар” хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь маргааны үйл баримтад шууд ач холбогдолгүй, хэргийн оролцогчид “онцгой албан татвар төлөх” эсэх талаар маргасан, энэ хүрээнд холбогдох хуулийг хэрэглэн, хэргийг нэг мөр шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
“Хэлэлцээрийн асуудлаарх уулзалт ярилцлагатай” холбогдох нотлох баримтыг цуглуулах нь нэгэнт батлагдаж, хүчин төгөлдөх үйлчилж эхлээгүй байгаа хэлэлцээрт холбогдох нотлох баримт нь энэхүү хэргийг хянан хэлэлцэхэд нөлөөлөхгүй юм.
Анхан шатны шүүхээс “...гаалийн байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэдэг, ашиг олох зорилгогүй байсан гэдгээ нотолж чадаагүй...” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, маргааны үйл баримтыг зохицуулаагүй хууль буюу Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлүүдээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 528 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах, төлөх ёсгүй татварт төлсөн 640094154 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ